Эмч нар МОНГОЛ ГЭРТ хагалгаа хийж, 900 гр хүүг өлгийдөн авчээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах тангараг өргөсөн цагаан нөмрөгт эмч нарын талаарх чихэнд чимэгтэй сайхан мэдээгээр уншигч таны шинэ өглөөг эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ сарын 7-ны өдөр Ховд аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвд /БОЭТ/ холын дуудлага ирсэн аж. БОЭТ нь нийслэл хотоос 1500 гаруй километр алслагдсан баруун бүсийн иргэдэд эрүүл мэндийн оношилгоо, тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

Дуудлага өгсөн газар аймгийн төвөөсөө 230 километрийн зайтай байсан учир эмч нар шөнийн 00.00-00.00 цагийн үед Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн зүг нэн даруй хүлгийн жолоо залсан байна. Үүрийн 06.05 цагт нутгийн малчин айлын хотонд очиход 28-29 долоо хоногтой төрөх дөхсөн эмэгтэйн эхэс нь ховхорч, цус их хэмжээгээр алдсаны улмаас эх болон ургийн амь нас хором бүрээр хэмжигдэж байжээ. Тиймээс отрын дөрвөн ханатай гэрт гар утаснуудыхаа гэрлийг тусган, кесарово хагалгаа хийж, өглөөний 07.15 цагт 900 гр жинтэй хүү мэндэлсэн байна. Ховд аймгийн Дөргөн сумын харъяат гэр бүл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багт отроор нүүдэллэн нутаглаж байсан аж. Бид Ховд аймгийн БОЭТ-ийн мэдээгүйжүүлэгч эмч Т.Энхцэцэгтэй холбогдож, хагалгааны талаар тодрууллаа.

-ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД САЙН БАЙГАА ГЭВ-

-Танай эмнэлгийн хамт олон амралтын өдрөөр малчны гэрт дуудлагаар очиж кесарово хагалгаа амжилттай хийж, эх хүүхдийн амь насыг аварсанд талархал илэрхийлье. Хагалгаа хийхэд нөхцөл байдал хүнд байв уу?

-Баярлалаа. Манай төвийн эмч нар Ховд аймгийн төвөөс 230 километрийн зайтай байдаг Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багт холын дуудлагаар очиж кесарово хагалгааг амжилттай сайхан хийлээ. Сэтгэл хангалуун байна. Сумын төвөөсөө нэлээд хол, 20-30 километр мөсөн дээгүүр явж дуудлага өгсөн газарт үүрийн 06.00 цагт хүрсэн. Жирэмсэн эмэгтэй их хэмжээгээр цус алдсан учир тээвэрлэх боломжгүй эх, хүүхдийн амийг аврахын тулд хагалгаа хийхээс аргагүй болсон. Хагалгаа маш хүнд нөхцөл байдалд хийгдсэн. Эндээс явахдаа мотортой явсан хэдий ч гэрэл нь хангалттай хүрэлцэхгүй, гар утасныхаа гэрлийг тал талаас нь тусгаж байгаад кесарово хагалгаа хийлээ.

-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг явсан бэ?

-Жолоочтойгоо нийлээд долоон хүний бүрэлдэхүүнтэй баг холын дуудлагад явсан. Бидэнд жирэмсэн эмэгтэй цус алдсан гэх дуулага өгсөн учраас хагалгаа хийж магадгүй гэж бодон мэдээгүйжүүлэгч эмч нэг, сувилагч нэг, эх барих эмэгтэйчүүдийн эмч хоёр, хагалгааны сувилагч нэг, цусны станцын сувилагч нэг гэсэн бүрэлдэхүүнтэй явсан.

-Эх, хүүхдийн эрүүл мэндийн байдал сайн байгаа юу?

-Бид бүтэн сайны өглөө Дөрвөлжин сумын эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Сая утсаар холбогдож асуухад эх, хүүхдийн эрүүл мэнд сайн байгаа гэдгийг хэллээ. Хүүхэд дутуу төрсөн учир одоо шаардлагатай эмчилгээг сумын эмнэлэгт хийж байна.

-Сая кесарово хагалгаагаар төрсөн эмэгтэйн хэд дэх төрөлт вэ?

-37 настай н.Солонго гэх эмэгтэйн тав дахь төрөлт байсан. Төрөх хугацаа нь болоогүй учраас Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багт отроор нүүдэллэн явсан юм билээ.

-Өмнө нь хөдөө орон нутагт иймэрхүү хагалгаа хийгдэж байсан болов уу?

-Олон нийтэд ил болсон нь энэ удаагийн хагалгаа. Ер нь хөдөө орон нутагт ийм хагалгаа мэр сэр хийгддэг л дээ. Ховд аймагт он гарснаас хойш анх удаагаа ийм хагалгаа хийгдэж байна.

-Та эрүүл мэндийг байгууллагад хэдэн жил ажиллаж байна?

-Би 10 дугаар сард сургуулиа төгссөн. Ховд аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвд ажилд ороод долоо л хонож байна. Энэ дуудлага миний анхны холын дуудлага байсан юм. Надаас бусад эмч нар эрүүл мэндийн салбарт 10-20 жил ажилласан туршлагатай хүмүүс. Анхны минь хагалгаа амжилттай болж эх, хүүхдийн амь насыг аварч чадсандаа үнэхээр их баяртай байна.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:54


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.