Эрээнийг хөгжүүлэх төлөвлөгөө биелж, Улаан-Үүдийг цэцэглүүлэхээр хошуурцгааж эхлэв бололтой

Д.Тулга / Эдийн засаг

Монголд эдийн засгийн болоод бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд огтоос хэрэгждэггүй, зүгээр л цаасан дээр тунхаг төдий үлддэгийн бэлээхэн жишээ Чөлөөт бүсийн асуудал болоод байна. Бид эдийн засаг, худалдааны чөлөөт бүстэй болохоор сүүлийн хорин жил ярилаа. Эрх баригчдын хэлж ярьж ирснээс үзвэл Замын-Үүд, Алтанбулаг танигдахын аргагүй болтлоо хөгжинө, тэдгээр бүс нутгуудад дэлхийн жишиг бүхий худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулж, бичил хотын хэмжээний статустай болно гэсэн. Гэвч өнөөдөр Замын-Үүд, Алтанбулагийн боомтууд бахь байдгаараа навсайчихаад, хаврын салхинд уруудаад хариугүй өеөдөх дөхсөн нэмнээтэй бяруу шиг тийм л зэврүүн өрөвдмөөр дүр төрхтэй байж байна.

Замын-Үүдэд юун дэлхийн жишигт нийцсэн худалдааны төвүүд сүндэрлэх, бүтээн байгуулалт өрнөх вэ. Алжааж ядарсан зочид ороод амарчихаар ганц аятайхан буудал, үйлчилгээний газар алга байгаа шүү дээ. Хилийн боомт дагаж хэлхэлдсэн, хоорондоо хэрэлдэж хэмлэлдсэн хэдэн навсархай “69”-ийн жолооч, Эрээн рүү гарч яваа наймаачдад банштай цайгаа борлуулчих санаатай зам дагаж гүйлдсэн хэдэн авгай нар л байгаа. Өөр тэнд хүний нүдэнд харагдаж, гарт баригдахуйц нэг ч шинэ зүйл байхгүй байсаар өнөөдрийг хүрэв. Харин 20 жилийн турш Замын-Үүдийн чөлөөт бүс гэж ярьсны үр дүнд Эрээн хот л цэцэглэн хөгжлөө.

Манай төр засгийн түшээд “Чөлөөт бүсийг танигдахын аргагүй болтол хөгжүүлнэ” гэж ам бардам хэлээд байсан нь Эрээн хотыгоо хэлээд байж л дээ. Эрхгүй ингэж хардахад хүргэж байгаа юм. Тэгээд монголчуудыгаа Эрээн рүү замчлан түүчээлж, Хятадын шавар тагз бүхий хэдэн байшинг дэлхийн жишиг хот болгоод өгсөн хэрэг.

“Ху Яобан” Хятад Монголын хил олон жилийн турш энх тайван найрамдлын хил болж байна. Хоёр орон хилийн худалдаагаа хөгжүүлэх хэрэгтэй” гээд “Эрлянийг Монгол Зөвлөлтийн хил дээрх нээлттэй хот болгоно” гэж айлджээ. Ху Яобаны тэрхүү айлдвар бүр давж хэрэгжлээ. Монголчууд бид тэр жижиг гацааг орчин үеийн хот болгожээ. Эрээн рүү тасралтгүй 20 жил хөрөнгө оруулалт хийлээ. Харин оросууд хөрөнгө бэл оруулсан бол тэр нь манайхны дэргэд тун өчүүхэн дойл эзлэх байх” гэж олон улс судлаач Д.Баярхүү бичсэн нь бий.

Эрээнд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс бол манай төр засгийн түшээд юм. Энхбаярын Засгийн газрын үед Их хурлын гишүүд өөрсдөдөө 10 сая төгрөг хуваарилж баталсан. Тэрхүү мөнгөө хармаалж аваад бүгд Эрээний захыг зорьдог байв. Хөдөө сумдын соёлын төвд өгөх цахилгаан хөгжмөөс аваад хэрэгтэй хэрэггүй баахан хог цуглуулж ирээд сонгогч олондоо тараана. Ингэж Монголын эрх баригч түшээд Эрээнийг төрийн бодлогоор дэмжиж байгаа юм шиг цэцэглүүлэн хөгжүүлсэн юм.

20 жилийнх нь мастер төлөвлөгөө шувтарч байгаа юм даг уу даа. Сүүлийн үед “Эрээн рүү явж байгаа наймаачдын хөл татарлаа” гэх мэдээлэл гарах болж.

Энэхүү мэдээлэл гарсан даруйд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Алтанбулагийн боомт руу албан томилолтоор очсон. ОХУ, Монгол Улс хоёрын хооронд визгүй зорчиж эхэлсэнтэй холбоотойгоор Алтанбулаг-Хиагтын боомт дээр ачаалал их байгаа гэнэ. Ачаалал хүндрэлийг төрөөс зохицуулахаар Гадаад хэргийн сайд өөрийн биеэр очсон нь тэр. “Хоёр улсын хилийн боомт дээр үүсч байгаа хүндрэл, нөхцөл байдлыг маш хурдан шийдвэрлэх алхам хийнэ. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг оруулна. Иргэдийг Улаан-Үүд рүү ямар ч чирэгдэлгүй шуурхай нэвтрүүлнэ” гэж сайд хэлсэн байна.

Энэ нь юмны учир ойлгож, наад цаад нарийн ширийнийг мэдэх хүмүүст “Улаан-Үүдийг монголчууд цэцэглүүлэн хөгжүүлэх гэж байхад юунд ингэж чирэгдэл учруулна вэ. Бушуухан нэвтрүүл л дээ. Хоёр улсын хооронд визгүй болчлоо. Өөр юу хэрэгтэй юм” гэсэн үг.Оросууд яахав, монголчуудыг бөөс хуурс, хачиг хувалзтай мэтээр үзэж хилийн боомт дээр чирэгдэл учруулан хуучны дээрэнгүй“соц” сэтгэлгээгээрээ хандаж байгаа нь дамжиггүй. Бас одоохондоо шинэдээдсүүлчийнхээ хэдэн төгрөгийг рубль болгоод очиж байгаа манайхныг голонгуй байгаа хэрэг л дээ. Хэрэв тэд ийм монголчууд Эрээнийг ямар болгосныг ойлгоод ирэхлээрээ яана гээч. Худалч хүнд гэртээ байхад нь хүчээр ачиж аваад Улаан-Үүдэд хаях байлгүй. Энэ бол гайхаад байхаар зүйл биш. Харин манай Гадаад харилцааны бодлогыг зангидаж яваа эрхэм Эрээний хилээр зорчигчдын хөл эрстатарсан гэх мэтээр сайрхахын сацууУлаан-Үүдийг зорьсон нь сэжиг төрүүлж байгаа юм. Шуудхан хэлэхэд, урдах хөршийнх нь 20 жилийн мастер төлөвлөгөө амжилттай өндөрлөж, хойд хөршийг хөгжүүлэх дараагийн төлөвлөгөө эхэлж байна уу даа гэх хардлагыг төрүүлээд байна.

Сэлэнгийн Алтанбулаг сумыг Ази Европыг холбосон худалдааны чөлөөт бүс болгох шийдвэр 2002 онд Их хурлаас батлагдсан байдаг. Сибирийн төмөр замаар Ази Европыг холбосон эдийн засгийн коридор үүсгэх газарзүйн таатай байршил гэж судлаачид анх үзэж байсан. Мөн Орос болоод Хятадтай хил залгаа оршдог гуравдагч зах зээлд чөлөөтэй нэвтрэх чухал гарц гэдгийг ч судлаачид тооцоолж байлаа. Хууль батлагдсан даруйгаас Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс рүү хөрөнгө оруулалт хийж эхэлсэн.

Н.ГАНТУЛГА

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.