Өмгөөлөгч Ц.Баасандорж: Л.Гансүхийг цагаатгах байр сууринаас шүүх хуралд оролцоно

Д.Тулга / Хууль

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Гансүхийг их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр АТГ-аас жилийн өмнө шалгаж эхэлсэн. Үндэсний аудитын газраас 2012-2014 оны хооронд “Нүүрс” хөтөлбөр хэрэгжсэнээрээ улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн дүгнэлт гаргаж байв. Наадмын өмнөхөн дахин мөрдөн байцаалтад буцсан тус хэргийг прокуророос шалгаад, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ. Одоогоор шүүх хурал товлогдоогүй байна. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой энэ талаар ярилцлаа.

-Хэргийн мөрдөн байцаалт хэт нэг талыг барьж, холбогдох зарим хууль тогтоомжийг зөрчсөн гэж та өмнө нь хэлж байсан. Чухам ямар хууль тогтоомжийг зөрчсөн юм бэ?

-Нэгдүгээрт, өмгөөлөгчийг үйлчлүүлэгчтэй нь уулзуулах ёстой. Гэтэл АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр өмгөөлөгчийг уулзуулж болохгүй гэсэн үүрэг өгсөн байдаг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан энэхүү хууль бус үйлдлийг илчилсний хүчинд би саатуулагдаад байсан үйлчлүүлэгчтэйгээ уулзсан. Хоёрдугаарт, хэргийг дөнгөж шалгаж эхлэнгүүтээ АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат, АТГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын хэлтсийн дарга Ө.Энхтөр нар хэвлэлийн бага хурал хийж Л.Гансүх гэдэг хүн 3.6 тэрбум төгрөг идэж уусан гэж олон нийтэд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Л.Гансүхийг саатуулагдсаны маргааш энэ мэдэгдлийг хийсэн. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хүний гэм буруутайг шүүхээс тогтоодог.

Шүүхээс тогтоогоогүй бол хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж хэлж болохгүй. Гуравдугаарт, Үндэсний аудитын газрын байцаагч н.Ичинхорлоогийн дүгнэлтийг надад танилцуулахгүй гурван сар болсон. Үйлчлүүлэгчийг маань үндэслэлгүй цагдан хорьж, хорьсон хойноо байцаалт авдаггүй байсан. Байцаалт авахаараа хэрэгт ямар ч холбогдолгүй зүйл-сээр байцаалт авдаг гэх мэт зөрчлүүд гарсан. Огт хэрэгжээгүй тогтоолыг үндэслэн хоёр тэрбум гаруй төгрегийн зохиомол алдагдал бий болгосон. Тэгэхээр Л.Гансүх гэдэг хүнийг хэрэгт ямар нэг аргаар холбогдуулах гэж яаж улайран дайрч байгаа нь харагдаж байна. Дээр нь Аудитын тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчсөн.

-Аудитын тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн юм бэ?

-Төрийн хяналт шалгалтын хамгийн том эрх мэдэл бүхий байгууллага гэх утгаараа Үндэсний аудитын газар бол хоёр компанийн хооронд хийгдсэн гэрээн дээр дүгнэлт гаргах субъект биш. Гэтэл Багануур компани болон “МGLSBD” компанийн хоорондын иргэний эрх зүйн гэрээнд дүгнэлт гаргаж байгаа нь өөрөө төрийн аудитын тухай хуулиа зөрчиж байгаа хэрэг. Хоёрдугаарт, төрийн аудитын тухай хуулийн ил тод, бодитой байх зарчим алдагдсан. Төрийн аудитын байгууллага нийцлийн, гүйцэтгэлийн, санхүүгийн гэсэн гурван төрлийн аудит хийдэг атал байцаагч н.Ичинхорлоогийн хийсэн дээрх аудит энэ гурван төрлийн алинд нь ч хамааралгүй. Мөн Аудитын тухай хуулийн 3.1-д зааснаар аудит хийлгэсэн байгууллагад тайлангийн төслийг өгч, 10 хоногийн дотор саналаа өгөх ёстой. Өөрөөр хэлбэл “МGLSBD” компани болон Багануур компанид дүгнэлтээ урьдчилан өгөх ёстой байсан гэсэн үг. Үүний дүнд дээрх компаниуд тайлан дээр нэмэлт зүйл тусгах өөрийн саналыг өгдөг. Энэ саналыг үндэслэн эцсийн дүгнэлтээ гарах ёстой атал Үндэсний аудитын газрын Ш.Ичинхорлоо байцаагч дүгнэлтээ “МGLSBD” болон “Багануур" компаниудад өгөөгүй. Төрийн аудитын байгууллага хүсэлт ирүүлсэн хүмүүст төрийн болон байгууллагын хувийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хэвлэмэл хэлбэрээр өгөх ёстой. Гэтэл би Үндэсний аудитын газраас энэ тайлангаа өг гэж гурав, дөрвөн сарын хугацаанд хүсэлт гаргасан ч өгөөгүй. Энэ нь ямар нэгэн зүйлийг нууцлаад байна гэсэн үг.

-Л.Гансүхэд эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаад одоо ганцхан зүйл анги буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Одоо шалгагдаж буй зүйл ангийг та ямар шалтгааны улмаас үндэслэлгүй гэж үзэж байгаа вэ?

-Анхлан эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд хувьдаа завшсан болон 263 дугаар зүйл анги буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиудаар буруутгасан. Дээрээс нь мөнгө угаасан гэсэн хэрэгт холбогдуулан шалгасан. Харин өнөөдөр ганцхан албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа. Тухайн үед Л.Гансүх Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэсэн л албан тушаалтай байсан. Засгийн газрын тухай хуульд Ерөнхий сайд зөвлөхтэй байж болно гэж зааснаас бус зөвлөх ийм эрх мэдэлтэй байна гэж огт заагаагүй. Энгийнээр бол: Д.Гансүхэд урвуулаад ашиглаад байх эрх мэдэл гэж байхгүй. Хуулиар ямар нэг эрх мэдэл олгоогүй атал эрх мэдлээ урвуулан ашигласан гээд байгааг ойлгохгүй байна.

gansuh-Гэтэл “Багануур” компанийн зарим удирдлагууд “Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхийн шахалтаар нүүрсээ нэг тонныг нь 27500 төгрөгөөр худалдаалах гэрээ хийсэн” гэх утга бүхий мэдэгдэл өгсөн байдаг шүү дээ?

-Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ганц үндэслэл нь энэ. Түүнд ТӨХ, “Багануур” компанийн ТУЗ, Эрчим хүчний яаманд нөлөөлөх эрх мэдэл хуулиараа байхгүй гэдгийг би өмнө нь хэлсэн. Тэгэхээр энгийн нэг иргэн “Багануур” компани дээр очоод “Наад нүүрсээ тонныг нь 27500 төгрөгөөр өгөхгүй бол хохь чинь шүү” гэнгүүт удирдлагууд нь айсандаа хэлсэн үнээр нь худалдсантай яг ижил болж байгаа юм. Тэдний хэлснээр үнэхээр 27500 төгрөгөөр нүүрсээ зар гэж дарамталсан бол хуулиар олгосон эрх мэдэлгүй юм чинь энгийн иргэний хувиар “дарамталсан” болж таарч байгаа биз. Тэглээ ч энгийн иргэнд ч бай, албан тушаалтанд ч бай дарамтлуулсан гээд байгаа бол хууль ёсны дагуу зохих байгууллагад гомдлоо гаргах ёстой. Гэтэл “Багануур” ХК-ийн удирдлагуудаас өнгөрсөн хугацаанд хэн нь ч ийм гомдол гаргаагүй. Тэгсэн хэрнээ Багануурын өндөр үнээр зарагдаж байсан нүүрсийг 27500 төгрөгөөр буюу маш хямдаар худалдаж авсан мэт ойлголтыг нийгэмд төрүүлээд байгаа. Бодит байдал дээр Багануурын уурхай тухайн үед иргэдэд нүүрсээ нэг тонныг нь 25 мянган төгрөгөөр, цахилгаан станцуудад бүр өөрсдөдөө алдагдалтай үнээр буюу 20500 төгрөгөөр худалдаалж байсан.

Хамгийн инээдтэй нь Л.Гансүхээс айсандаа хэлсэн үнээр нь зарсан юм чинь та нар буруугүй гэж АТГ, прокуророос үзсэн байгаа юм. Энэ хэрэгт “Багануур” компанийн удирдлагууд татагдаагүй. Зүй нь нүүрсээ зарсан хүн энэ хэрэгт хамгийн түрүүнд татагдах ёстой. Тэгэхээр АТГ тэднээс Л.Гансүхийг буруутгасан мэдүүлэг аваад, оронд нь хариуцлагаас чөлөөлсөн ч байхыг үгүйсгэхгүй.

-“МGLSB” компанийн захирлаар Л.Гансүхийн туслах н.Эрдэнэбулган хэсэг хугацаанд ажилласан. Тендерийн шалгаруулалтгүйгээр энэ компанид хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх олгосон гэж АТГ-аас мэдээлээд байсан?

-Үндэсний аудитын газраас “МGLSB” компани “Багануур” ХК-д 3.6 тэрбум төгрөг төлөх ёстой гэж дүгнэсэн. Л.Гансүх гэдэг хүн энэ компанитай ямар нэг сэжмээр холбоотой учраас дээрх хохирлыг учруулсан гэж үзээд байгаа юм. Тендерийн хуулиар төрөөс мөнгө гарч байвал сонгон шалгаруулалт зарлах ёстой. Гэтэл энэ хөтөлбөрт төрөөс мөнгө гараагүй учраас тендер зарлах шаардлагагүй байсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжүүлэх саналыг олон компанид тавьсан ч “200 мянгаар зарагдаж байгаа нүүрсийг 80 мянгаар зарах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Ингээд “МGLSВ” компани сайн дураараа тус хөтөлбөрийг нэг жил хэрэгжүүлээд, алдагдалд орсон учраас “МGLSBD” компани үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн юм.

-Үндэсний аудитын газрын байцаагч “Багануур” ХК-д 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Үүнийг та ямар шалтгааны улмаас үндэслэлгүй гэж үзсэн бэ?

-2013 оны зун Багануурын ТУЗ-өөс шигшиж ангилсан нүүрсээ 39 мянган төгрөгөөр худалдаалахтогтоол гаргасан. Харин “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компанийн хувьд Улаанбаатарт буюу өөрийнхөө талбайд, өөрийн тоног төхөөрөмжөөрөө шигшдэг байсан. Тэр утгаараа энэ тоггоол “Нүүрс” хөтөлбөртэй огт хамааралгүй. Тэгээд ч Эрчим хүчний яамнаас энэхүү 39 мянган төгрөгийн үнийг үндэслэлгүй гэж үзсэн учраас хүчингүй болгосон. Гэтэл Үндэсний аудитын газрын байцаагч Ш.Ичинхорлоо хэрэгжээгүй тус тогтоол дээрх үнийг барьж дүгнэлт гаргачихсан. Өөрөөр хэлбэл тогтоол дээрээ 39 мянган төгрөгөөр худалдаална гэж заасан ч 27500 төгрөгөөр худалдан авч, тонн тутмаас 11500 төгрөгийг хувьдаа завшсан гэж үзсэн. Ингээд тооны машин барьж зогсож байгаад хөтөлбөрийн хэрэг-жих хугацаанд зарагдсан бүх нүүрсний хэмжээг 11500 төгрөгөөр үржүүлээд хоёр тэрбум гаруй төгрөг гэсэн тоог гаргаад ирсэн. Дахин хэлье. Энэ бол хэрэгжээгүй тогтоолыг үндэслээд гаргаад ирчихсэн бодит амьдрал дээр огт байгаагүй мөнгө. .Хэрэв гэрээн дээр 39 мянган төгрөгөөр худалдаална гээд .заачихсан байхад “Багануур” ХК-д 27500 төгрөгөөр тооцож мөнгийг нь олгосон бол жинхэнэ хоёр тэрбум гаруй төгрөгийг завшсан гээд заргалдах үндэслэлтэй болно.

Харин үлдсэн нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол гэж гаргаж ирсэн байцаагч Ш.Ичинхорлоогийн дүгнэлт дээр юу гэж байдаг вэ гэхээр, “Багануур” компани нийслэл рүү нүүрсээ ачуулаад нэг грамм ч дутаалгүй шуудайлж зарсан гэж үзсэн. Гэтэл бодит байдал дээр ачигдсан нүүрс замдаа хаягдана, хулгайлагдана, багагүй хэсэг нь доороо хөлдөж чингэлэгтээ үлдэхээс гадна чулуу ч гарч ирдэг. Дээрээс нь гурваас дөрвөн тонн нунтаг нүүрс ялгарна. Ингээд чингэлэгт ачигдсан 64 тонн нүүрс 60 тонн болж багассан. “Багануур” ХК болон “МGLSBD” компанийн хоорондын байгуулсан гэрээ ёсоор нунтаг нүүрсийг “Багануур-Илч” компани цахилгаан станцуудад худалдаалж, мөнгийг нь авдаг байсан. Энэ мөнгө “МGLSBD” болон “МGLSB” компанид огт хамаагүй. Тус компани дээрх нунтаг нүүрсийг худалдаалдаг байсан тухайгаа өгсөн тайлбар хүртэл надад бий. Гэтэл дээрх нүүрсийг тонн тутмыг нь 27500 төгрөгөөр үнэлээд төсөл хэрэгжүүлэгч компаниуд зарж, ашиг олж, “Багануур” ХК-д тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан мэтээр гаргаад ирчихсэн. Тэглээ ч гэрээ ёсоор худалдан авагч вагоноос буусан нүүрсийг шуудайлсны дараах жигнэсэн жингээр тооцож төлбөрөө хийнэ гээд заачихсан.

-Үндэслэлгүй аудитын дүгнэлт гаргасан байцаагчид хариуцлага тооцуулах хүсэлтээ гаргасан уу?

-Ш.Ичинхорлоог төрийн аудитын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагаас Ш.Ичинхорлоог байцаах гэсэн боловч аудитын газраас “Энэ хүнээр байцаалт өгүүлэхгүй” гэсэн хариу илгээсэн. АТГ-аас өөрийн дүгнэлтээ илгээхийг шаардахад “Дүгнэлтээ танайд өгөхгүй” гэдэг. Ингээд Ш.Ичинхорлоод цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч прокуророос нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хэргийг хаачихсан. Нотлох баримт цуглуулъя гэхээр АТГ дүгнэлтээ өгдөггүй.

-Уурхайгаас 27500 төгрөгөөр худалдаж авсан нүүрсээ 80 мянга болтол өсгөж зараад, дундаас нь бас ашиг олсон гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй шуугисан. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?

-“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн “МGLSB болон “МGLSBD” компаниуд Багануурын нүүрсний уурхайгаас нүүрсээ худалдан авсан. “МGLSB" компани 2012-2013 онд, “МGLSBD” компани 2013-2014 оны хооронд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээн дээрээ нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдахаар тусгасан. Мөн “Багануур” ХК-ийн ТУЗ-өөс энэ үнээр тус хөтөлбөрт нүүрсээ худалдахыг үүрэг болгосон. Нүүрсийг худалдаж авсан компани нүүрсээ Улаанбаатар руу тээвэрлэж, маш том хэмжээний талбай түрээсэлж аваад тэндээ буулгадаг байсан. Тэндээсээ шигшиж шуудайлна. Шуудайлчихаад амыг нь оёно. Үүний дараа ачааны машин дээр ачаад нүүрс түгээх 160 гаруй цэгт хүргээд, тэндээс нь иргэд 80 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан. Багануураас нэг тонныг нь 27500 төгрөгөөр худалдан авсан нүүрс яахаа-раа иргэдийн гар дээр 80 мянган төгрөг болоод ирчихдэг билээ гэж гайхах хүн цөөнгүй бий. Зарим нь бүр 80 мянгаас 27500 төгрөгийг хасаад зөрүү болох 52500 төгрөгийг Л.Гансүх гэдэг хүн бусадтай нийлээд завшсан мэтээр ташаа тайлбарлах гэж оролддог. Нүүрс өөрөө тээвэрлэгдэж, шуудайлагдаад иргэдийн гар дээр очоогүй. Энэ бүх ажлыг мэдээж хүн хийнэ. Тэгэхээр тэднийг цалинжуулна гэсэн үг биз. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 800-аад ажлын байр бий болсон. Ажилчид дунджаар 800 мянгаас нэг сая төгрөгийн цали1н авч байоан. Цэргүүдэд 600 мянган төгрөгийн цалин өгсөн. Ажилчдын цалин хөлс, тээврийн зардал зэргийг хамгийн доод түвшинд барьж байсан учраас нэг тонн нүүрсыг 80 мянгаар худалдаалсан. Гэтэл тухайн үед Цайз зах дээр Налайх болон Алаг толгойн нүүрс 200-250 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан.

Нүүрсхөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт Л.Гансүхээс гадна хэд хэдэн хүнийг саатуулан шалгасан байдаг. Тэдний хэрэг ямар шатанд явж байгаа вэ?

-Л.Гансүхтэй хамт “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн “МGLSB” компанийн захирал, нягтлан нарыг татвар нуун дарагдуулсан гэх үндэслэлээр шалгаж хэргийг нь шүүх рүү шилжүүлэн. Харин М.Тулга, Төмөрбаатар нарыг мөнгө угаасан гэх үндэслэлээр тусад нь шалгаж байгаа.

-Шүүх хуралд Л.Гансүхийг цагаатгах байр суурьтай оролцоно гэсэн байх аа?

-Холбогдуулан шалгаж байгаа хэрэг өөрт нь огт хамаар алгүй гэдэг нь хөдөлшгүй баримтаар тоггоогдчихож байгаа учраас шүүх хуралд Л.Гансүхийг цагаатгах байр сууринаас оролцоно. Гагцхүү шүүх хурлыг нээлттэй хийлгэх ёстом. Л.Гансүхийн ямар үйлдлийг гэмт хэрэг гээд байгааг олон нийт мэдэх ёстой. Ямар нэг асуудал хаалттай, бөөн хүн оролцох тусмаа булхайтай болдгийг хэн бүхэн мэднэ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.