“19-хөн настай охин минь юу бодож амиа хорлох вэ дээ”

Д.Тулга / Хууль

Энэ сарын 13-нд буюу наадмын өдөр 19 настай охин галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Оюутан хүүхдүүд л хойно зуны амралтаараа ажиллаж, аав ээждээ тус дэм болж, сургалтын төлбөрөө биш юм аа гэхэд өмсөх хувцасаа авах гэж ажил хийцгээдэг. Амиа алддаг охин ч энэ л жишгээр Хүүхдийн паркт ажилд орсон байдаг. Түүний ажил шөнийн 23-24 цагийн үед тардаг байсан гэх бөгөөд алга болдог өдрөө ажлаа тараад явсан байна. Гэтэл маргааш өглөө нь гэрийнхэн нь сэрэхэд охин нь гэртээ ирж хоноогүй байжээ.

Гадуур нэг ч хонож үзээгүй охин нь гэртээ ирж хоноогүй, холбоо барьж болохгүй байсан учир айж сандарсан тэд цагдаагийн Шуурхай удирдлага, мэдээллийн төв, 102 дугаарын утсанд “Хүн алга боллоо” хэмээн дуудлага мэдээлэл өгч, тэмдэглүүлжээ. Гэтэл хариуд нь “72 цагийн дараа эрэн хайх ажиллагаа эхлүүлнэ. Тэрнээс өмнө хүрээд ирж магадгүй” гэх утгатай хариулт өгч, энэ хэрэгт төдийлөн ач холбогдол өгөөгүй байна.

Энэ хугацаанд хөөрхий ар гэрийнхэн нь тайван сууж, хүлээж чадалгүй хамт ажиллаж байсан найз нөхдөөс нь асууж сураглахад “Хар өнгийн таксинд суугаад явсан” гэх утгатай зүйл хэлжээ. Ингээд тэд хувийн шугамаараа охиноо хайсаар гурав хоносон бөгөөд 17-ны орой хайрт охиноо моорогт харахын эцэсгүй болтлоо вагонд дайруулж, нүүр царай нь ч танигдахгүй болсон байхыг олж харжээ. Охиноо хайж арга мухардсан эцэг эх эцэс сүүлдээ амьд байгаад нь эргэлзэж, үхсэн хүмүүсийн дундаас хайж эхэлсэн нь энэ бөгөөд өмсөж явсан хувцасных нь өөдсөөр охиныхоо цогцсыг таньсан байна.


-АМИА ХОРЛОСОН ХЭМЭЭН ХЭРГИЙГ НЬ ХААНА ХЭМЭЭЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн 14-ний өдөр охины цогцос моорогт хүргэгдэн иржээ. Гэтэл энэ цогцосны мэдээлэл нь Төмөр замын цагдаагийн хэлтэст л бүртгэгдэж, нэг ёсондоо гурав хоног “хав дарагдсан” байсан аж. Тухайн үед баяр наадмын өдрүүд үргэлжилж, цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгаалалтад гарч, дээрээс нь 94 жилийн ойн баяртаа бэлдээд ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсанаас ийм эмгэнэлт байдалд хүрсэн гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн нь хэлж буй юм.

Тус цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Гурвалжингийн гүүрний орчим галт тэргэнд дайрагдаж нас барсан байдалтай байсан. Охиныг мөргөсөн машинист анхан шатны мэдүүлгээрээ замын хажууд алхаж байсан охин гэнэт галт тэрэгний урдуур орж дайруулсан гэж мэдүүлсэн. Тэгэхээр энэ хэргийг амиа хорлолт гэж үзэж, хэргийг нь хаана гэх утгатай зүйл ярьсан байна.

Ар гэрийнхэн нь үүнийг эсэргүүцэж, холбогдох газрууд нь энэ хэрэгт анхаарлаа хандуулж, үнэн мөнийг нь заавал олж өгөөсэй хэмээн хүсч буй юм. Тэд хэн нэгэн өөдгүй этгээд гэмт үйлдлээ нуух гэж охиныг амиа хорлосон мэт харагдуулахаар галт тэрэгний зогсоолд аваачиж вагонд дайруулсан гэж хардаж буй юм. Ямартаа ч уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж буй юм билээ. Бид талийгаач охины ааваас цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.


-ЦАГ ХУГАЦАА АЛДСАН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД МАШ ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА-

-Охиноо харамсалтайгаар алдсанд эмгэнэл илэрхийлье. Та бүхэн цагдаагийн байгууллагад яг хэзээ дуудлага мэдээлэл өгсөн бэ?

-13-ны өглөө ажилдаа явсан хүүхэд 14-нийхөө өглөө гэртээ ирээгүй. Шөнө ажилладаг хүүхэд л дээ. Ингээд бид 14-ндөө 102, Шуурхай удирдлагын төвийн 102 утсанд, 15-ндаа хороо, хэсгийнхээ цагдаад мэдэгдсэн. Гэвч төдийлөн анхаарал хандуулахгүй, алга болсон гэх дуудлага мэдээллийг 72 цагийн дараанаас хайж эхэлдэг гэсэн. Ингээд бид өөрсдөө хувиараа гадуур эрж хайсан ч олдохгүй байсан. Гэтэл гурван хоногийн дараа моорогт цогцос нь байж байхад нь бид өөрсдөө олсон. Энэ хооронд бүхэл бүтэн гурав хоног цагдаагийн байгууллага ажилласангүй. Уг нь цагдаагийн байгууллагад нас барсан зураг хөрөг нь очсон, бүртгэгдсэн байсан юм билээ. Гэтэл огт хөдлөхгүй, эрэл хайгуулын ажиллагаа шуурхай явуулаагүй, хоног, цаг хугацаа алдсанд цагдаагийн байгууллагад маш их гомдолтой байна. Цагдаагийн байгууллага хүний үгийг маш хөшүүн, хойрго хүлээж авдаг юм байна.

-Охин тань хаана ажилладаг байсан юм бэ?

-Соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркад. Тэр ажилд ороод удаагүй байсан юм. Тэр хүүхдийн паркийн захиргаа ч гэсэн дандаа 19, 20 настай охидыг шөнө орой 23:00 цаг өнгөртөл ажиллуулчихаад байгууллагын унаа унашаар дөхүүлж өгөх боломж яагаад байдаггүй юм. Тэд зөвхөн өөрсдийн ашиг орлогоо бодож, айлын нялх хүүхдүүдийг ажиллуулаад, шөнө оройн цагаар ямар ч хараа хяналтгүй явуулчихдаг юм байна. Тэр айлын жаахан хүүхдүүд гадуур гэмт хэрэгт холбогдож, гэмт хэргийн золиос болвол яах вэ. Ямар ч хариуцлага алга. Энэ урин дулаан цаг ирсэн үед эмэгтэй хүүхдүүд шөнө орой гадуур явахад хэчнээн хэцүү нөхцөл байдалтай болсныг хүн бүр мэднэ. Надад энэ золгүй явдал тохиолдсон болохоор би ард иргэддээ сэрэмжлүүлэх гэж энэ мэдээллийг өгч байгаа юм.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт хэзээ гарна гэсэн бэ?

-14 хоногийн дараа гарна гэсэн.

-Талийгаач охин ямархуу хүүхэд байсан бэ?

-Манай хүүхэд гэр орноосоо дайждаггүй, гадуур дотуур хэсч, айл амьтнаар хонож өнжиж үзээгүй, үгэнд оромтгой, сурлага сайтай, хоёрдугаар курсын оюутан байсан. Хаа байсан “Ард” кинотеатрын тэндээс унаанд суугаад гурвалжингийн гүүрний тийшээ очиж галт тэрэгний урдуур орно гэж юу байх вэ. Энд заавал гадны нөлөө байгаа. Түүнээс биш миний 19-хөн настай охин юу бодож амиа хорлох вэ дээ(уйлав.сурв). Тийм хүмүүжил, сэтгэлзүйтэй хүүхэд биш. Гадны нөлөө, дарамт шахалт, хүчинд автсан л гэж үзэж байна. Нэг өмгөөлөгч авсан. Өмгөөлөгчтэйгээ өчигдөр байцаалтад хамт очсон. Энэ хэргийг заавал илрүүлэхийн төлөө явна гэж бодож байна. Цэл залуухан, 19-хөн настай охиноо алдсандаа үнэхээр гомдолтой байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.