Хорих ял биечлэн эдлэхийг багасгана гэв

Д.Тулга / Улстөр

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.

Үүнд “Хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, өсвөр насны хүнд оногдуулах ял гэсэн шинэлэг заалтыг оруулсан. Ингэснээр хорих ял биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулахын зэрэгцээ ялын үр нөлөө дээшилнэ гэж үзэж байгаа” гэсэн юм. Мөн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийн түгээмэл шүүмжилдэг, хэрэглэхэд бэрхшээлтэй, зүйлчлэхэд эргэлзээ учруулдаг гэмт хэргийн бүрэлдэхүүн, түүний шинж байдлын ялгааг гаргах үүднээс гэмт хэргийн бүлгийг шинээр эрэмбэлж оруулсан гэдгээ тэрбээр хэллээ. Манай улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II дугаар Протоколд нэгдэж орсонтой холбогдуулан цаазаар авах ялыг бүрмөсөн халсантай холбогдуулан Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг хасчээ. Энэ ялын оронд бүх насаар хорих ялыг хуулийн төсөлд тусгаж, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал хугацаатай хорих ялаар сольж болох талаарх зохицуулалтыг шинээр тусгасан байна. Мөн Шүүгчийн цалингийн асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан ч тодорхойгүй шалтгаанаар уг асуудлыг хэлэлцсэнгүй. Олон нийтийн дунд шүүгчийн цалин өндөр, эмчийн цалин бага байна гэсэн шүүмжлэл багагүй гараад байгаа. Байнгын хорооны гишүүдээс уг асуудлаар тодруулахыг хүссэн боловч тодорхой хариулт хэлсэнгүй.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.