Т.Санчир: Хожигдож сурах нь урагшлахын эхлэл

Д.Тулга / Спорт

Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын хоёр дахь дугаарт Олон улсын хэмжээний мастер, Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир уригдан оролцлоо. Энэ удаагийн “Залуу хүн” лекц сонирхолтой асуулт хариултын дор ярилцлага маягаар явагдсан юм. Гэхдээ сагсан бөмбөг, спортын амьдрал гэхээсээ илүү Санчир гэдэг хувь хүнийг илэрхийлсэн илэн далангүй болсон. Түүний “Боломж бүрээ ашигла” нээлттэй ярилцлагыг хүргэж байна.

-Хүүхэд насны тань гэгээн сайхан дурсамжаар яриагаа эхэлье. Бага насаа хаана өнгөрөөв. Ямархуу зан характертай хүүхэд байсан бэ?

-Миний бага нас Хан-Уул дүүргийн 19-р хороололд өнгөрсөн. Багадаа хүүхэд их шоглодог байлаа. Ангийнхнаа их шоглоно. Том биетэй болохоор бас жоохон дээрэлхэх гэж үздэг байсан юм шиг байгаа юмаа. Цэцэрлэгт байхдаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хэрэг төвөг тарихаар шатны доор хорьчихно. Хүүхдүүд унтаж байхад шатны дор л зогсож байдаг байлаа. (инээв.сурв) Бараг долоо хоногт хоёр удаа тийшээ ордог байсан. Нэг удаа тэрнээсээ шантраад цэцэрлэгээсээ оргоод, эмээ дээрээ гүйгээд оччихсон. Тэгсэн гэрийнхэн алга болчихлоо гэж айгаад цагдаа дуудаад тэр хавиар оройжин юм болсон гэсэн. Сургуульд ороод арай даруухан болсон л доо. Гэхдээ өндөр болохоор хамгийн хойно суулгачихдаг байсан. Ер нь хойгуур суудаг хүүхдүүд багш нарын нүдэнд хичээл хийдэггүй юм шиг харагддаг, би бас тэгж харагддаг байсан байх. (инээв.сурв)

-Арван жилдээ онц сурдаг байв уу?

-Тэгтлээ онц сурч байгаагүй ээ. Бага ангидаа гайгүй хүүхдүүдийнхээ тоонд ордог байсан. Ээж, эгч хоёр зодоод, хичээл хийлгүүлдэг байлаа. Зодуулаад л, уйлаад л хичээлээ хүчээр хийдэг байсан даа. Ер нь бол алтан дундаж л сурч байсан юм байна. Тэгээд ахлах ангид ороод спортыг түлхүү сонирхох болсон.

-Арван жилдээ хочтой байсан байх, ямар хочтой байсан бэ?

-Би өөрөө хүүхдүүдэд их хоч өгдөг байсан. Тэгээд хүүхдүүд надад хоч өгөхөөсөө айдаг байсан байх. Эргүүлээд хоч өгчихнө гэж бодоод.(инээв.сурв). PC тоглоом их тоглоно, тэгэхдээ “якуза” гэдэг нэрээр тоглодог байсан. Тэр нэрээр маань хүүхдүүд их дуудна. Цонхон дор ирээд “якуза” гээд л орилдог байлаа.

-Таныг их царайлаг сагсчин гэдгийг бүгд мэднэ. Арван жилд охид хэр их өддөг байв?

-Ёстой ярьж байгаагүй сэдэв байна.(инээв.сурв) Арваннэгдүгээр ангид байхад манай ангийн хоёр охин надад их сайн байдаг байлаа. Миний хичээлд их тусалдаг, анхаарал тавьдаг байсан. (инээв.сурв)

-Анхны хайрынхаа тухай яриач?

-Тавдугаар ангид байлуу даа. Манай хажуу айлд нэг охин ирсэн юм. Тэр охинд анхны харцаар л дурлаж билээ. Сэтгэл алдарсэн гэх үү дээ.(инээв.сурв) Тэгээд маргааш нь байх танилцах гээд хоёр найзтайгаа орцонд хүлээгээд зогсож байсан чинь нөгөө охин чинь ашгүй гараад ирлээ. Шатаар буух гэхээр нь буулгахгүй гээд хөлөөрөө таглаад зогсчихсон. Яах гэж байгаан гэхээр нь танилцах гэж байна гэж хэлэх гэсэн чинь амнаас үг гардаггүй таг хөшчихсөн. Их эвгүй байдал орсон. Нөгөө охин чинь танилцах нь битгий хэл уурлаад өвчтэй, солиотойгоор нь дуудаад алга болсон.(инээв.сурв) Дахиж тэр охинтой таараагүй ээ. Угаасаа тэгж бүдүүлэг загнаж, уурлуулж, гомдоосон юм чинь яаж ч таархав.

-Охид хэр их захидал бичдэг байв, анхны захиагаа хэддүгээр ангидаа бичиж байсан бэ?

-Би бичгийн хэв их муутай. Захидал бичихээр угаасаа гаргахгүй, өөрийнхөө бичгийг өөрөө л уншдаг байсан юм. Яагаад бичгийн хэв муутай болсон гэхээр бага ангид байхад настай багштай байсан, тэгээд том бич гаргахгүй байна гээд, тэгсэн дараа нь манай ангийг залуу багш аваад яасан том бичдэгийн жижиг бич гээд, тэгээд л жижиг ч биш том ч биш нэг ийм бичигтэй болчихсон. Тиймээс захиа бол нэг их бичиж байгаагүй. Тэр үед гар утас гарч байсан болохоор мессэж их бичдэг байсан даа.

-Чөлөөт бөхөөр барилддаг байсан гэж сонссон. Хэр их амжилт үзүүлж байв?

-Гуравдугаар ангид байхдаа “Хангай” клубд бараг нэг жил шахуу хичээллэсэн. Өндөр болохоор 52 кг барилддаг байлаа. Миний жинд барилдаж байгаа хүмүүс доод тал нь тав зургаан насаар ах хүмүүс байсан учир нэг их амжилт үзүүлж байгаагүй ээ. Нэг удаа улсын аваргад Дархан руу манай клубээс арваад тамирчин явсан юм. Бүгд медальтай ирсэн, харин би ганцаараа медальгүй ирж билээ. Дараа нь спортын төв ордонд болсон нэг тэмцээнд өөртэйгээ чацуу хүүхэдтэй барилдаж ялалт авч байлаа. Тэр үед маш их баярлаж байснаа санадаг юм.

-Санчир гэдэг хүн айл гэрийн ноён нуруу өрхийн тэргүүн болсон. Аав болох тэр мэдрэмж ямар байсан бэ?

-Аав болох их сонин байдаг юм билээ. Өөрийгөө л бодоод, хөгжүүлээд, зугаацаад явж байтал гэнэт өөрчлөгдөөд өөрөөсөө гадна хоёр гурван хүнийг бодно. Хүүхэд өвдөнө, шөнөжин уйлна. Нэг хэсэг жоохон шоконд орсон л доо. Одоо бол дасчихсан. Ер нь бол бэлтгэлтэй байх хэрэгтэй юм билээ.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна вэ?

-Одоо чөлөөт цаг бараг байхгүй болчихоод байна. Бүх юм шахуу хувааритай. Өглөө ажилдаа явна, орой ажлаа тараад бэлтгэлтэй, эсвэл тэмцээнтэй тэгээд ирээд унтана. Хагас бүтэн сайн өдөр аль болох гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхийг боддог. Байнга сагс бодож байхаар хааяа ч гэсэн өөр юм сонирхож толгойгоо сэргээхийг хичээдэг.

-Санчир гэдэг хүнд хүмүүсийн мэдэхгүй сагснаас өөр нууцлагдмал ямар авьяас байна вэ?

-Сагснаас өөр шальтай юм байхгүй байх аа. Гэхдээ аливаа юманд их дөртэй. Сайн биш юмаа гэхэд муу биш. Бүгдийг чадаад байдаг. Оролдоогүй, үзээгүй спорт гэж байхгүй. Бас урлагт нэлээн сонирхолтой, гитар жоохон тоглоно оо.

-Олны танил байхын сайн бөгөөд муу тал нь юу вэ?

-Сайн, муу гэж хэлж мэдэхгүй юм аа. Гэхдээ зөв үлгэр дууриалал үзүүлэхийг боддог. Жоохон хүүхдүүд хараад “Санчир ах ингэж байна” гээд л дуурайна. Тэд бол бичгийн цаас шиг л цагаанхан. Тиймээс тэдэнд буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүйн тулд тамирчин хүн ямар байх ёстой, бие яаж авч явж байх ёстой, олны дунд ямар байр суурьтай байх вэ гэдэг тал дээр их санаа зовдог.

-Залуу хүн байхын утга учир, залуу хүний эрхэм чанар юу вэ?

-Залуу байна гэдэг маш том хариуцлага. Өмнөө тавьсан зорилготой, хийсэн бүтээсэн юмтай, үргэлж тэмүүлж, дайчин байхыг хэлнэ. Бас залуу хүн ялагдаж, хожигдож сурах хэрэгтэй. Шантарч байж хүн эргээд эрч хүчээр цэнэглэгдэж урагшладаг. Хожигдож сурах нь урагшлахын эхлэл гэж боддог. Миний хувьд сагсан бөмбөгийн хувьд маш том зорилго тавьчихаад тэрэндээ хүрэхийн төлөө тэмүүлж явна.

-2014 он таны хувьд хэр их олз омогтой жил байв аа?

-Өнгөрсөн жил маш их үр өгөөжтэй жил байлаа. Хүүтэй болсон, Лигийн аварга гэдэг нэр хүндтэй цол авлаа, Азийн олимпид багаараа шилдэг наймд шалгарлаа, Азийн шилдэг гурван сагсчны нэг боллоо гэх мэтчилэн миний хувьд хүсч мөрөөдөж байсан зүйлийнхээ үзүүрээс атгасан сайхан жил байсан.

-Таныг Азийн наадамд яваад ирсний дараахан Японоос санал ирсэн гэж байсан, тэр санал юу болсон бэ?

-Японоос Д.Дагвадорж аваргаар дамжуулаад санал ирсэн. Энэ жил “Баянгол” багтай гэрээ хийчихсэн учир яваагүй. Бид хоёр ярилцаж байгаад ирэх зунаас хариуг нь өгөхөөр болсон. Бас нэлээд нарийн юм билээ. Бэлдэх юм ч их юм билээ. Мөн Филиппиний лигт тоглох санал ирсэн, аль нэгийг нь сонгоно.

-Явах нь тодорхой юм байна гэж ойлгож болох уу?

-Том лигт очих юм бол өрсөлдөгчид нь их хүчтэй багууд байна. Түүнийгээ дагаад тамирчин хүн бас хөгждөг. Эргээд Монголдоо ирэхэд шал өөр болчихсон, илүү сайжирчихсан байна. Монголынхоо сагсан бөмбөгт их хөрөнгө оруулалт болж чадах байх.

-Таны туйлын зорилго юу вэ?

-Би одоо “Голомт банк”-нд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Сагсан бөмбөг бол залуу насны спорт, хэдий болтол тоглохоо би мэдэхгүй. Тиймээс маш сайн банкер болно гэж бодож байгаа. Сүүлийн хэдэн жил сагс тоглохоо болихоор юу хийх вэ гэж маш их боддог болсон. Хамгийн сайн хийж чаддаг хоёр зүйл минь энэ хоёр.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.