ОХУ Монголд Усан цахилгаан станц барихыг эсэргүүцэв

Д.Тулга / Эдийн засаг


ОХУ-ын Байгаль орчны яамнаас энэ сарын 6-ны өдөр Байгал нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барихаар төлөвлөсөн талаар тайлбар авахаар Монголын засгийн газар болон Дэлхийн банкинд хандах болно гэж мэдэгдсэнийг “Рио Новости” уламжилжээ.

Тус улсын Байгаль орчны яамны цахим хаягт, сайд Сергей Донской Монгол улсын засгийн газарт хандаж Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн” гэх УЦС босгох төлөвлөгөөнийх нь талаар тайлбар хүссэн албан бичиг бэлтгэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн гэж мэдээлжээ.

Өмнө нь ч Сергей Донской Орос улс Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн”-гийн цахилгаан станц барьж байгуулах Монголын төсөлд түгшиж байна гэж Орос-Монголын засгийн газар-хоорондын комиссын хуралдааны дараа мэдэгдэж байсан удаатай.

Тус яамны тэмдэглэснээр, өнгөрсөн оны аравдугаар сард Орос-Монголын Засгийн газар хоорондын комисс хуралдах үеэр Монголын тал УЦС-ын төслийг зогсоосон тухай мэдээлж, орос мэргэжилтнүүдийн саналыг авалгүйгээр уг төслийг урагшлуулахгүй гэжээ.

Өмнө нь Буриадын эрх баригчид Байгал нуурын усны түвшин 2013 оныхоо 40 см-ээр унасан гэж нуурын эргийн бүс нутагт онц дэглэм зарласан юм.

Оросын Онцгой байдлын яамны мэдээгээр нууранд цутгах усны хэмжээ багассан, Байгал нуур дөнгөж 67 хувиар усан хангамжаа авсан байна. Оросын албаны мэргэжилтнүүдийн оролцоогүйгээр УЦС-ын ажлын талаар ярилцаж эхэлсэн нь Оросын талыг түгшээжээ.

“Үүнтэй холбоотойгоор Сергей Донской сайд Дэлхийн банкинд захидал илгээхээр шийдэж, Дэлхийн банкнаас дэлхийн соёл, байгалийн өвийг хамгаалах конвенцийг зөрчиж байгаа уг төслийг санхүүжүүлэх үндэслэлээ тайлбарлахыг хүсч байна” гэж Оросын Байгаль орчны яам мэдээлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.