АЙЛЧЛАЛ: Эхний ээлжинд 8 тэрбум иений зээл олгоно

Д.Тулга / Нийгэм

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон улсад хийж буй анхны ажлын айлчлал амжилттай үргэлжилж байна. Түүний айлчлал “Номура Шокэн” компанийн ерөнхийлөгч К.Нагаитай уулзсанаар эхэлсэн. Тэрээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч К.Яжиматай уулзсаны дараа “Эн Эйч Кэй” телевизэд ярилцлага өглөө. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалд “Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөлийг гардуулав.

Энэхүү ажлын айлчлалын зорилго өмнө нь нэгдсэн үнэт зүйлс хуваалцдаг Монгол Улс, Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Японы Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллагатай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцлоо.

-ГАДНЫХАН ЯПОН, МОНГОЛЫН ХАРИЛЦААГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА-

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Японд албан ёсоор айлчилсан. Айлчлалын хүрээнд Монгол, Япон улсын харилцаа стратегийн түншлэлд шилжиж, хоёр улс ойрын таван жилийн үйл ажиллагаагаа тодорхойлсон билээ. Монгол Улсын Хөгжлийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хооронд санамж бичиг байгуулж, хоёр талын төлөөлөл гарын үсэг зурсан нь чухал үйл явдал байсныг тухайн үед хоёр талын хэвлэлүүд онцолж байв.

Мөн Санамж бичигт Японы Олон улсын хамтын ажиллагааны банк манайд зээлжих эрх нээх, Засгийн газрын бондод баталгаа гаргах зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусгасан юм. Тэдгээрийн үр дүнд “Самурай” бонд гаргаж, нийт 600 сая орчим ам.доллартай тэнцэх хэмжээний иенийг манай улс одоогоор ашиглаж буй.

Тун удахгүй УИХ-ын дарга З.Энхболд тус улсад айлчлах юм. Монгол төрийн өндөрлөгүүд ийнхүү Япон улстай дотно харилцаагаа гүнзгийрүүлж, төрийн айлчлалууд тогтмолжиж байгаад олон улс анхаарлаа хандуулж буй. Дотоодын иргэд төдийгүй гадны хөрөнгө оруулагчдын хувьд ч Ч.Сайханбилэгийг ганзага дүүрэн ирж, эдийн засгаа эрчимжүүлнэ гэсэн хүлээлт үүсчээ.

-ЭХНИЙ ЭЭЛЖИНД 8 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛ ОЛГОНО-

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны дэд Ерөнхийлөгч К.Яжиматай уулзсан. Энэ үеэр хэлэлцээ нь гурван жил гаруй үргэлжилсэн “Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурахаар төлөвлөсөн. Цаашид “Монгол Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, тухайлбал, цахилгаан станц, төмөр зам барих, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, мөн хурдны зам, метро барих зэрэгт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхлоо Ерөнхий сайд илэрхийлэв.

Тэрээр “Таван толгойн стратегийн ордыг ашиглах олон улсын консерциумд Японы “Сумитомо” корпораци оролцож буйг Монголын тал өндрөөр үнэлж байна. Монгол Улс уул уурхайн салбарын үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй, Японы дэвшилтэд техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд цаашид ч Японы дэмжлэгийг авч, харилцан ашигтай хамтран ажиллах чиглэл баримтална” гэлээ.

Ноён К.Яжима уулзалтын үеэр Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурах гэж буйд талархаж байгаагаа илэрхийллээ. Монгол улс 2013 оны 6 дугаар сард JBIC-тай экспортын зээлийн шугам байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд Японы экспортлогчдын бүтээгдэхүүнийг худалдан авах, Монголын импортлогчдод дэмжлэг үзүүлэх, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарын төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд 8 тэрбум иенийн зээл олгох бөгөөд энэ төслийг бодит ажил болгохын төлөө хамтарч ажиллахыг хүсчээ. Туршилтын энэ төсөл хугацаандаа амжилттай хэрэгжвэл, дараагийн шатны хөтөлбөрийг дэмжин ажиллахад бэлэн гэж ноён К.Яжима хэллээ.

Найман тэрбум иенийн экспортын зээлийн шугамыг хугацаанд нь багтаж авч ашиглах, хувийн хэвшилдээ дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Төслийн хэрэгжилтэд Ерөнхий сайдын хувиар анхаарал тавьж ажиллах болно гэдгээ мэдэгдээд энэхүү төслийн үргэлжлэл болгон шинээр 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам нээх хүсэлтийг Ерөнхий сайд уулзалтын үеэр тавьж, энэхүү боломжийг судлан үзэхийг хүслээ.

-МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЭВ-

Японы бараа бүтээгдэхүүнийг гадаадад таниулах, гадаад орнуудаас Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бүтээгдэхүүнийг судлах, тэдгээр бараа материалыг үзэсгэлэн яармаг хэлбэрээр сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) тус улс дахь Монголын Элчин сайдын яамтай хамтран бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд 150 хүн оролцохоор бүртгүүлсэн ч 200 гаруй бизнес эрхлэгч оролцсон нь хоёр орны халуун дотно харилцааны илэрхийлэл гэж дүгнэх хүн олон байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ уулзалтад оролцож, Японы бизнес эрхлэгчидтэй уулзах боломж олгосон, уулзалтыг зохион байгуулсан хүмүүст, Монголд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож буй бизнес эрхлэгчдэд талархаж байгаагаа хэлээд, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар улс төр болон бизнесийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллаж байна. Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны бизнес эрхлэгчдэд таатай боломж олгох болно. Бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд Засгийн газар ажиллаж байгаа гэлээ.

Монголын уул уурхай, цахилгаан станц, төмөр зам барих, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, хурдны зам, метро барих зэрэг томоохон төслүүд шинэ хөрөнгө оруулагчаа хүлээж байна. Төрийн өндөр дээд түвшний айлчлалууд тогтмолжиж, хоёр орны улстөрийн харилцаа сайн хөгжлөө. Иргэд хоорондын харилцаа ч өндөр хэмжээнд хөгжиж байна. Энэ харилцаагаа бид өнөөдөр эдийн засаг, худалдааны салбарт ашиглах цаг иржээ гэж Ерөнхий сайд хэллээ.

-МОНГОЛЫН ААН, КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙГЭЭ ХЭЛЛЭЭ-

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Номура шокэн” компанийн захирал, “Номура Холдингс”-ийн гүйцэтгэх захирал Кожи Нагаи нар бараалхаж, Японы Засгийн газартай Чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ.

“Номура холдингс” нь Азид төвтэй, 28 000 гаруй ажилтантай, олон улсын түвшинд хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулдаг, Лондон, Токиогийн хөрөнгийн биржийн арилжаанд тэргүүлэх байр суурьтай оролцдог, Азийн хувьцаа болон бондын зах зээлийн тэргүүлэгч компани юм.

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулах чиглэлд Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа гэж Ерөнхий сайд уулзалтын үеэр хэлээд Монголын аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллахыг хүслээ.

“Номура шокэн” нь “Номура холдингс” компанийн охин компани бөгөөд Японы үнэт цаасны тэргүүлэгч компани юм. Монгол руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана гэдгээ ноён Кожи Нагаи илэрхийллээ.

-“СҮМИТОМО” ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН АСУУДЛАА ШИЙДЭЖ ӨГӨХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭВ-

Манай улсад сүүлийн 20 гаруй жил бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч К.Накамура Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа. Тус корпораци нь 1995 онд Мобиком компанийг байгуулсан, манай улс дахь гадаадын анхны хөрөнгө оруулагчдын нэг юм. Таван толгойн стратегийн ордыг ашиглах олон улсын консерциумд тус корпораци оролцож буй.

Монголын үүрэн холбооны хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ улам дээшлүүлэх саналтай байна, иймд тусгай зөвшөөрлийн асуудлыг хурдан шийдэж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг ноён К.Накамура Ерөнхий сайдаас хүслээ. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх боломжтой гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

Уулзалтын гол сэдэв Таван толгойн ордын талаар байлаа. Тус корпораци нь консерциум дотроо гадаад зах зээл дэх маркетинг болон санхүүжилтийн асуудлыг хариуцдаг талаараа Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч ярив.

Монголд анх хөрөнгө оруулсан гадаадын компаниудын нэг тус корпорацийн хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд илэрхийлээд өөр бусад аж ахуйн нэгжтэй хамтран Монгол дахь хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхийг хүслээ. Ерөнхий сайдын энэ хүсэлтийг хүлээж авч, ажил хэрэг болгох бүрэн боломжтой, энэ салбарт хуримтлуулсан туршлага байгаа гэж корпорацийн ерөнхийлөгч хэллээ.

Монголд хийж байгаа хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтын ажиллагаа чухал гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа. Ерөнхий сайдын Ч.Сайханбилэгийн Япон улсадд хийж буй ажлын айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.