Монгол эрдэмтэд эх орондоо эсийг мөнхжүүлэн судалж эхэллээ

Д.Тулга / Эрүүл мэнд

-СУДЛААЧИД ЯЛААНЫ НҮДЭН ДЭЭРХ БАКТЕРЫГ ХАРАХ ЧАДАЛТАЙ БОЛОВ-

Монголд өвчтэй хүмүүсийг генийн түвшинд оношлох боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, өвдсөн хүний удмын тогтолцоонд гажиг бий эсэхийг тодруулж, эмчлэх арга замыг эрэлхийлнэ гэсэн үг. Монголд оношлуулаад, Солонгост очоод үзүүлэхээр оношийн зөрүү 60 орчим хувьтай гардаг талаар эмнэлгийн салбарынхан өгүүлэв. Иймд монгол эрдэмтэд энэхүү зөрүүг бууруулах зорилготой ажиллаж эхэлжээ.

2014 онд гарсан шинэ технологи, дэлхийд тав байдаг тоног төхөөрөмжийн зургаа дахь нь боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан “Цөм” лабораторид суурилуулагдаад байгаа аж.

Монгол судлаачдын үнэ цэнийг дээшлүүлэх, Монгол хүний эх орондоо хийсэн судалгааг хүлээн зөвшөөрүүлэхэд тус лабораторийн үйл ажиллагааны зорилго оршиж буй аж. “Цөм” лабораторид хүний эрүүл болон өвчтэй эсүүдийг мөнхжүүлэн судалж эхэлжээ.

АШУҮИС-ийн судлаачид ялааны нүдэн дээрх бактерийг харах чадалтай болсноо онцолж буй юм. Өөрөөр хэлбэл, амьд эсийн бүтцийг алдагдуулахгүйгээр нэг нано метрийн нарийвчлалтай буюу мм-ийг сая хуваасантай тэнцэх хэмжээгээр харах боломжтой болжээ.

Даралт ихдэх, чихрийн шижин, хавдар өвчний генийг нөхцөлдүүлэх ямар ген давамгайлж байгааг тодорхойлчихвол хожим ямар өвчинд өртөх эрсдэлтэйг нь хэлэх боломж бүрдэх нь.

Гепатит В, С-гийн ачааллыг тооцдог байсан бол халдвар авсны дараа вирус идэвхжиж байгаа эсэхийг ялгаж чаддаг аппараттай болжээ. Мөн эсийн банктай болж, эсийг гүн хөлдөөж хадгалж байна.

Цөм лабораторид мэдрэлийн эс, арьсны эсүүдийг тусад нь ялгаж аван эмийн бодис хэрхэн үйлчилж байгааг судалж буй юм билээ. Цаашид генийн дарааллыг уншиж, хавдар болон чихрийн шижингийн эсүүдийг судалж зөв эмчлэх аргыг олох юм байна.

-ЗАЛУУ ЭРДЭМТЭД ХАРЬД СУРСНАА ЭХ ОРОНДОО НУТАГШУУЛАХААР ИРЖЭЭ-

АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНХАУ, Австрали, Тайвань зэрэг гадны өндөр хөгжилтэй орнуудад орчин үеийн судалгаа шинжилгээний арга аргачлал, шинэ технологи эзэмшин, эрдмийн зэрэг хамгаалсан 20 гаруй залуу багш, судлаач сурсан мэдсэнээ эх орондоо нутагшуулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэхээр ажлаа эхлүүлжээ.

АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар энэхүү лабораторид хийж гүйцэтгэх шинжлэх ухаан технологи, инновацийн төслүүдийг жил бүр төсөв санхүүжилтийн хувьд хөхүүлэн дэмжих зорилгоор АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан Технологийг Дэмжих Сан байгуулсан байна. Улмаар 2015 онд дөрвөн төсөл шалгаруулж, сангаасаа нийт 500 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.

Эрүүл мэндийн дэвшилтэт технологи, инновацийн төслийн удирдагч, Анагаах ухааны доктор Б.Дамдиндорж хэлэхдээ “Өнөөдөр хавдрын эсрэг эм гаргаад авчихсан гэдэг. Хавдрын эсэд яг ямар эм бэлдмэл яаж нөлөөлөөд, тэрхүү хавдрын эсийн ургалтыг зогсоогоод байгаа талаар баримт бидэнд хэрэгтэй. Тиймээс бүх төрлийн өвчнийг эсийг шинжлэн тодорхойлоод, энэ үйлчилгээтэй байна, энэ дарангуйлж байна гэх зэргийг тодорхойлж чадна гэсэн үг. Энэ нь Монгол улсын судалгаа шинжилгээнд маш том алхам, дэвшил авчирч буй технологи болж байна. Энэ технологи дэлхий дээр тавхан газар суурилагдсан, зургаа дахь нь Монгол Улс болж байгаа. Суурилуулахад БШУЯ-наас бодлогоор дэмжсэн” хэмээн онцлов.

Тус технологийн ач холбогдлын талаар хэлэхдээ, Харвард ч юм уу, Япон, АНУ, барууны орнуудын судалгааны багуудтай эн зэрэгцэн судалгаа хийж, өрсөлдөх боломж олдож буй гэсэн үг. Залуу эрдэмтэд, судлаачид шинэ санаа гаргаж, шинэ технологи нэвтрүүлэх бүрэн боломжтой болж байна. Төслийн хувьд АНУ, Герман, баруун европын орнуудын их сургуулиудад энэ технологийг эзэмшсэн 20 гаруй залуу эрдэмтэн судлаач ажиллаж байгаа. Энэ хүмүүс маань тэнд сурсан технологио Монголдоо авчирч суурилуулаад, судалгаагаа хийх гэж байгаа нь маш том давуу тал” хэмээн хэллээ.

-ТУРШИЛТЫН АМЬТДАА ЯПОНООС САРЫН ДАРАА АВЧИРНА ГЭВ-

Өнгөрсөн сарын сүүлээр дээрх лабораторийг Монгол улсын Засгийн газар, БСШУЯ-ны 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, АШУҮИС-ийн өөрийн төсвийн I тэрбум төгрөг, нийт 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Монгол улсын хэмжээнд орчин үеийн эрдэм шинжилгээ, судалгааны өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон анагаахын судалгааны анхны лаборатори болсон байна.

Ийнхүү анагаах ухааны салбарт эсийн өсгөвөр, молекул биологи, нуклейн хүчил, уургийн болон химийн анализ, эмгэг судлал, амьд эсийн дүрслэл, туршилтын амьтны лаборатори гэсэн үндсэн 6 чиглэлээр олон улсын жишигт хүрэхүйц эрдэм шинжилгээ, инновацийн судалгааны ажлыг хэрэгжүүлэх бүрэн боломж нээгджээ.

Тэнд өндөр хүчин чадал бүхий шингэний хромотограф, масс спектрометр, нуклейн хүчлийн дараалал тодорхойлогч, бодит хугацааны полимеразын гинжин урвалын машин, электрон конфокал микроскоп, ялангуяа амьд эсийн дүрслэлийн Live cell Imaging технологийг Монгол улсад анх удаагаа нэвтрүүлэн ашиглахад бэлэн болсон байна.

Энэхүү лабораторид хулгана, харх зэрэг амьтад ашиглан туршилт явуулах аж. Туршилтын 2-3 төрлийн амьтдаа сар гаруйн дараа Япон, Хятад улсаас нэг бүрийг нь 400-650 ам.доллараар тооцон авчирч, судалгааны ажлаа хийх юм байна. Иймд био аюулгүй орчныг олон улсын стандартын дагуу бүрдүүлжээ. Туршилтын амьтдыг нутагшуулан үржүүлэх, туршилтын таатай орчин бүрдүүлэн, био анагаахын судалгаанд ашиглах ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллахаа судлаачид хэлж байв.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:49


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.