З.Энхболд: Ер нь мөнгө босгохгүйгээр Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй

Д.Тулга / Улстөр

enhboldzУИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдтой ярилцлаа.

-УИХ төсвийн тодотголыг баталлаа. Цалин, тэтгэврийг яаж нэмэх вэ, хувьчлах уу, тэгштгэж нэмэх үү?

-Засгийн газар бол цалинг нэмэхгүй гэж төсөл оруулж ирсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дээр хэлсэн л дээ. Арван мянга хүртэл орон тоо цомхотгоод цалин, тэтгэврээ нэмэх боломж байна. Ид өвлийн хүйтнээр цомхотгол хийлтэй биш, тэрний оронд цомхотгол хийхгүйн тулд цалин, тэтгэврээ нэмэхгүйгээр явъя гэж. Харин чуулганы хэлэцүүлгийн явцад гишүүд цомхотгол ч хийхгүй, цалин тэтгэврээ ч нэмье, яаж нэмэхийг Засгийн газар өөрөө мэд гэсэн. Бүх хүнийг жигд нэг процентоор нэмэх хувилбарыг УИХ сүүлийн жилүүдэд сонгоогүй. Энэ удаа ч бас бага цалин тэтгэврээ дээш нь татах байдлаар нэмэх байх.

-2015 онд шинээр хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийх үү. 21 шинэ сургууль барих сураг гарсан.

-Шинэ бүтээн байгуулалтыг зогсоосон. Өмнө нь хийгээд дуусчихсан бүтээн байгуулалтын өрийг эхлээд төлж дуусгая гэж шийдсэн. Тэгэхгүй бол зээл авч ажил хийчихээд улсаас мөнгөө олж авч чадахгүй эргээд банкныхаа өрөнд орж байгаа олон компани бий боллоо. Тэдний мөнгийг эхлээд өгнө. Харин дуусаагүй байгаа бүтээн байгуулалтын ажлуудаа дуусга гэдэг байдлаар хөрөнгө оруулалт хийгдэнэ. Шинэ сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн тухайд БНХАУ-аас авах тусламжийн мөнгөөр барина. 92 орчим тэрбум төгрөг болж байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр бол ямарч шинэ барилга эхлэхгүй байхаар баталсан.

-Тусламжийн мөнгө гэдэг нь Хятадын даргын амласан нэг тэрбум доллар уу?

-Үгүй, тэр бол хөнгөлөлттэй зээл. Хятадын тал жил бүр 300 сая юанийн тусламжийг таван жилийн турш үзүүлэхээр болсон юм. 2014 онд ногдох 300 саяыг 2015 онд зарцуулах юм. Хаана эмнэлэг, сургууль барих жагсаалтыг одоо Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо гаргаж өгнө.

-Жишээ нь, аймгуудыг автозамаар холбох ажил явахгүй юу, энэ жил…

-Тэр бол явна, энэ жил үлдсэн бүх аймгийг нийслэлтэй автозамаар холбож дуусна. Мөнгийг нь Чингис бондоос гаргана.

-Бондын мөнгийг дэд бүтцийн төсөлд биш, бизнесийн төсөлд оруулж байж ашиг олно. Одоо 2017 онд төлж эхэлнэ, төлбөрөө яаж олохоор төлөвлөсөн бэ?

-Бондын мөнгийг анхнаасаа дэд бүтцийн төсөлд оруулна гэж зээлж авсан. Тийм учраас энд хуулийн зөрчил байхгүй. Харин төлөх тухайд 500 сая, нэг тэрбум гэж хоёр хувааж төлнө. Нэг тэрбум долларыг нь 10 жилийн дараа төлнө, тэр үед эдийн засаг угаасаа томорчих учраас асуудалгүй төлж чадна. Харин 500 саяыг нь 2017 онд төлнө. Аймгууд руу тавьсан замаас ашиг олохгүй нь үнэн л дээ. Тэгэхээр өөр эх үүсвэр л бодож олох хэрэгтэй.

-Бондын мөнгө, улсын төсөв хоёроо нэг болгохгүй бол нэг улс байж хоёр төсөвтэй яваад байна гэсэн шүүмжлэл байдаг. Тодотголоор нэг болгож чадсан уу?

-Нэг болгосон. Нэг болгосон учраас улсын төсөв дээр Чингис, Самуурай бонд зэрэг Хөгжлийн банкны эх үүсвэрийг нэмэхээр хоёр хувьтай байсан төсвийн алдагдал таван хувьтай гарч байгаа юм. Одоо нэг төсөвтэй, бүх юм ойлгомжтой болсон.

-Төсөв, бонд хоёрыг ингэж нэг “малгай”-тай болгочихоор алдагдлаас гадна ДНБ-д эзлэх өрийн хэмжээ нэмэгдэж, өрийн тааз бас өөр болно биз дээ?

-Тэгнэ. Өмнө нь хуульд зааснаар 40, бас 50 хувь гэдэг байсан бол одоо 58.3 хувь байхаар хуульчилсан. Гэхдээ одооны аргачлалаар. Энэ нь дэлхийд байхгүй аргачлал шүү дээ. Энэ нь яадаг гэхээр төсвийн болон хувийн хэвшлийн тавьсан бүх өр, баталгааг бүгдийг нь өнөөдөр төлнө гээд тооцчихдог. Маш бүдүүн тоймын аргачлал. Гэтэл бодит байдал дээр авсан зээлийн төлөх хугацаа наад тал нь 10, цаад тал нь 20 жил гээд янз бүр байдаг. Боловсон орнуудад бол тавьсан өрөө төлөх хугацаагаар нь ангилдаг. Баталгаа гэдэг бол бүгд 100 хувьд ногдох баталгаа байдаггүй. Хувийн хэвшлийнхэн авсан зээлээ муугаар бодоход хамгийн багадаа 30-50 хувийг өөрөө төлчихнө. 100 компанид баталгаа гаргаж өглөө гэхэд ядаж 50 хувь нь зээлээ төлчихнө. Гэтэл манай баталгаа бол зээл авсан бүх компани төлж чадахгүй буюу 100 хувь улс төлнө гэж үздэг, тэгээд бүр өнөөдөр төлнө гэж тооцдог, аргачлал л даа.

-УИХ өрийн таазыг 58.3 хувь гэж тогтоолоо. Засгийн газар хувийн хэвшилтэйгээ нийлээд энэ тааз хүртэл хэдий хэмжээний зээлийг гаднаас авах болоцоотой вэ?

-Энэ нь дахиад тодорхойлолтоос хамаарна. УИХ одоо Өрийн удирдлагын хуулийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Тэр хуулиар эргэн төлөх хугацаатай уялдсан ангиллуудыг дэлхийн санхүүгийн байгууллагуудын хэрэглэдэг стандартад оруулна. Жишээ нь, баталгааг 100 хувиар тооцохгүй, улсын үйлдвэрийн газруудын зээлийг улс хариуцлахгүй гэх мэтээр ялгаа заагтай болгоно. Ингэхээр таазтай харьцуулдаг өрийн хэмжээ багасч зай гарч ирнэ гэж тооцож байгаа. УИХ-д суудалтай намууд, Засгийн газар ч сая тэгж ойлголцсон.

-Бодит өр, тааз хоёрын дунд одоо байгаагаас илүү зай гарч гаднаас мөнгө босгох бололцоо бүрдэнэ гэж ойлголцсон юм байна, тийм үү?

-Тэгсэн. Ер нь мөнгө босгохгүйгээр Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй. Монголчууд бид өртэй хүн өөдөлдөггүй гэж ярьдаг. Энийг би их буруу үг гэж боддог. Монголыг хөгжүүлэхгүй гэсэн улсууд л ийм үг хэлдэг байх. Чадал, чансаанд нь тааруулаад хэнд хэдий хэмжээний зээл өгөхөө мөнгөтэй хүн нь мэдэхээс биш, мөнгөгүй нь хүссэнээрээ зээл авахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, зээл, зээлийн хэмжээ бол өгч байгаа хүний асуудал болохоос биш, авч байгаа хүний асуудал биш. Бид нарт Чингис, Самуурай бондыг өгч байна гэдэг нь Монгол Улс энэ мөнгөө буцаагаад төлчихөж чадах юм байна гэдэг гаднынхны үнэлгээ.

Монгол Улс зээл авахгүй, өр тавихгүйгээр хөгжиж болно. Хэрвээ тэгнэ гэвэл жишээ нь, бид татвараа цуглуулж төсвийнхөө илүү гарснаар барилгажуулаад утааг 10 жилийн дараа арилгана. Гэтэл зээлээр мөнгө босгоод хоёр жилийн дотор утаагаа арилгаад цэвэр агаараар амьсгалах бас нэг хувилбар байна. Тэгэхдээ мэдээж зээлдээ хүү төлнө. Ийм хоёр сонголт байхад нийслэлийнхэн мэдээж, зээлээ аваад утаагаа хурдан арилгая л гэнэ биз дээ. Бас мөнгөтэй болохоороо бүх аймгаа хоттой автозамаар холбоно гэж хүлээх, эсвэл зээл авч барьчихаад замаараа явж байя гэж асуувал монголчууд хурдхан замтай болохыг нь сонгоно. Бид чинь мөнгөтэй болохоороо зам тавина гэж 1921 оноос хойш 90 жил хүлээлээ шүү дээ. Гэтэл сүүлийн хоёр жилд, А.Гансүхийг сайд байх хугацаанд хамгийн урт автозам барьж, хэд хэдэн аймгийг нийслэлтэй холболоо. Одоо үлдсэн аймгуудыг нь ирэх жил холбож дуусна.

Эгийн голын цахилгаан станцын асуудал байна. Мөнгөтэй болохоороо барина гээд бид хойш тавиад л байгаа. Гэтэл зээл аваад 2-3 жилийн дотор барьж болж байна. Энэ станц 10 жилийн дараа өртгөө өөрөө нөхчих юм. 11 дэх жилээсээ эхлээд үнэгүй болно. Байгаль нуурт цутгадаг цорын ганц нь Сэлэнгэ мөрөн. Байгаль нуураас гардаг нь Ангар. Ангар мөрөн дээр барьсан ганц станц манай Эгийн гол дээр барихаас хэд дахин том байгаа. Тэрний цахилгааны өртөг нь монгол төгрөгт шилжүүлбэл ердөө хоёрхон төгрөг. Өөрөөр хэлбэл, Эгийн голын станцыг барьчихвал ашиглалтад орсноосоо хойш 11 дэх жилээсээ хоёр төгрөгөөр цахилгаан гаргана гэсэн үг. Тэнд Тэрхийн цагаан нуураас хоёр дахин том нуур үүсгэнэ. Тэгэхээр Эгийн голын станцаа мөнгөө цуглуулж байгаад барина гэж хүлээх үү, эсвэл барьчихаад өртгөө нөхөж байг, хямд цахилгаан хэрэглэх 11 дэх жил рүү нь явж байх уу гэдэг сонголт бидэнд байна. Зээлээр хийвэл хөгжил түргэснэ. Зээл, өрнөөс айгаад мөнгөтэй болохоо хүлээж болно л доо, хамгийн гол нь улсын хөгжил удаашрах гээд байгаа юм. Энэ хоёр замын алийг сонгохыг Монголын ард түмэн бидэнд шийдэж өгөх хэрэгтэй. Бид уг нь сонгуулиар эрхээ авсан. Гэтэл МАН зээл авч болохгүй гэдэг. Тэгэхээр одоо чуулганы завсарлагаар ард түмэн дээрээ очиж яръя, тэднээсээ асууна.

-Гол нь хамгийн их мөнгөтэй байсан өнгөрсөн хоёр жилд утаанаасаа салах нь битгий хэл, улам дордчихсон шүү дээ?

-Авсан зээлээ зөв, буруу зарцуулсан уу гэдэг бол дараагийн асуудал. Жишээ нь, бондын мөнгөөр зам барихыг зөвшөөрсөн. Гэхдээ нэг км зам барих мөнгөөрөө нэмж хоёр км-ийг бариарай гэсэн. Зам барих компани хоёр км-ийг нь зээл аваад илүү урт зам бариарай гэсэн зорилт биелэгдээгүй. УИХ-ын гишүүдийн олонхи нь “хэрвээ зөв зарцуулж чадвал өрийн таазыг нэмж болноо” гэж байгаа. Зарим хүн ганц цахилгаан станц бариад л утаанаасаа салчихна гэдэг. Энэ хүмүүс яагаад Y цахилгаан станц баригдахгүй байгаа шалтгааныг мэдэх хэрэгтэй л дээ.

-Яагаад барихгүй байгаа юм бэ?

-Тарифын хүндрэл байгаа юм. Хөрөнгө оруулагчид бидэнд зүгээр л буян үйлдэж цахилгаан үйлдвэрлэж өгөхгүй. Станцаас гарах тог нь одоо манай хэрэглэж байгаа цахилгаанаас хоёр дахин өндөр үнэтэй болоод байгаа юм. Үнэ хамаагүй гээд гэрээ хийчихвэл нөгөө талдаа хэрэглэгчдэд хүргэх цахилгааны үнийг нэмэх хэрэг гарна. Нэмсний дараа хүмүүс тийм өндөр үнэтэй цахилгаанаар дулаан үйлдвэрлэж гэр орноо халаах уу, үгүй юү гэдэг асуудал байгаа юм. Энэ хол явахгүй арга. Хамгийн найдвартай гарц бол усан цахилгаан станц, Ангарскийн жишгээр л явах хэрэгтэй.

-Гэхдээ л өнгөрсөн хугацаанд авсан зээлээрээ түүнтэйгээ дүйцэх бүтээн байгуулалт хийгээгүй, эхлүүлээгүй, бондын мөнгө байгаа байхгүй нь мэдэгдэхгүй яваа сөрөг мэдээлэл зэрэг нь өр зээлээс болгоомжлох сэдлийг олон хүнд төрүүллээ, тийм үү?

-Тийм тал бий бий. Гэхдээ мөнгө нь бол байгаа шүү дээ. Хөгжлийн банк бондын мөнгийг бизнесийн төсөлд өгөх гэж үзсэн. Гэхдээ цөөхөн, гарын таван хуруунд багтана, тэрнийх нь эргэн төлөлт ч найдвартай. Өнгөрсөн хугацааны ихэнх мөнгийг замд өгсөн. Зам өөрөө мөнгө олдоггүй учраас тэнд зарцуулсан 500 саяыг яаж олох вэ гэдгээ УИХ одооноос бодохгүй бол төлж эхлэх 2017 он хаяанд ирлээ. Сая УИХ Гацууртын ордыг ашиглахыг зөвшөөрлөө. Энэ бол 70 тонн алт. Зах зээлийн өнөөдрийн үнэлгээгээр 70 тонн алт бол 2 тэрбум 100 сая доллар. Хэрвээ ганц Гацууртыг ордыг л бүтнээр нь ашиглачихвал Чингис бондын мөнгөө бүтнээр нь төлнө гэсэн үг. Гэхдээ 70 тонн алтыг хоёр жилийн дотор бүгдийг нь гаргаж чадахгүй л дээ. Цаашид энэ мэтээр “Алт хөтөлбөр”-өө сайн явуулбал 500 сая долларын өр бол нэг их хүндрэл биш, төлчихнө.

-Яг өнөөдөр бол заавал зээл гэж байхаар Тавантолгой, Оюутолгойгоо хөдөлгөөд мөнгө олж болохгүй байна уу. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг дээ?

-Нүүрсний үнэ унасны улмаас хүндрэл учирч байна. Алтны үнэ гайгүй байна. Зэс бас унасан, гэхдээ 1997 оных шиг нэг тонн нь 1200 доллар хүртэл унаагүй, харьцангуй гайгүй байна.

-Тавантолгойн хөрөнгө оруулагчид урьдчилсан байдлаар шалгарлаа. Ажлын хэсгийнхэн бол манай үндэсний компани, нүүрсийг маань авах гол зах зээлээс “Шинхуа”, манай нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх “Сумитомо” гээд мөрөөдлийн баг орж ирлээ гэж байна. Харин та юу гэж харж байгаа вэ?

-Би бол өөр бодолтой байгаа. Асуудлыг борлуулах зах зээлээсээ эхэлж харах хэрэгтэй. Түүнээс бус, угаах үйлдвэртэй учраас “Энержи ресурс”-ийг оруулъя гэж хандах нь буруу. Саяхан БНХАУ-ын даргыг Монголд ирэхэд төмөр замын гэрээгээ байгуулж авсан. Энэ гэрээгээр уурхайгаас хил хүрэх манай талын төмөр замын цариг нарийн байвал Хятадын нутгаар явах транзит тээврийн хөнгөлөлт дээрээ олон улсын төмөр замын тарифаас тодорхой хувийн хямдрал эдлэх эрхтэй болсон. Тийм учраас Монгол Улс энэ хөнгөлөлтөө 100 хувь ашиглахын тулд Тавантолгойн нүүрснийхээ 30 хувийг Номхон далайн, үлдсэн 70 хувийг нь Хятадын зах зээлд зарах нь хамгийн үр дүнтэй, ашигтай бизнес болно. Хятадын зах зээлд нүүрснийхээ 70 хувийг зарна гэвэл “Шинхуа”-тай урт хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй. Дэлхийн нүүрсний хоёр дахь том компани бол АНУ-ын Пибоди. Сая Пибоди өрсөлдөөд Тавантолгойн тендерийн гадна үлдсэн. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Харин ч “Пибоди”-г оруулаад Номхон далайн боомтоор дэлхийн зах зээлд хүргэх 30 хувиа гэрээлэх хэрэгтэй. Ингэж байж нүүрсээрээ илүү ашиг олно, транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцөлөө бүрэн ашиглана. Үүний дараа олборлогчийнхоо гэрээг хийх хэрэгтэй. Харин тээвэрлэлтийг Монголын тал өөрөө хийх ёстой. Яагаад гэвэл Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бол хамгийн ашигтай. Есөн жил, таван сарын дараа өртгөө нөхөх тооцоотой төмөр зам байгаа юм. Ер нь төмөр замыг богино хугацаагаар ч хамаагүй аль нэгэн нүүрсний компанид эзэмшүүлж болохгүй.

-Уг нь бол монополь үүсгэхгүйн тулд төмөр зам, тээвэрлэгч хоёр нь тусдаа байдаг гэж мэргэжлийн хүмүүс хэлэх юм билээ.

-Тусдаа явахгүй бол болохгүй. Тусдаа яваагүйгээс ямар алдаа гардаг гэхээр, Тавантолгойгоос хил хүртэлх автозамыг “Энержи ресурс” бариад өөрийнхөө машиныг үнэгүй явуулж, бусдын машинд өндөр тариф тогтоосон учраас сая арга ядаад төр худалдаж авдаг шиг л юм болно. Одоо бүх машин төлбөрөө төлөөд явдаг болсон. Төмөр зам өөрийнх нь мэдэлд байвал өөрийнхөө барааг явуулаад бусдын тээврийг явуулдаггүй, явууллаа ч өндөр тариф тогтоодог. Австралид “BHP” компани ганцаараа монополь төмөр зам тавьчихаад бусад компаниа явуулахгүй хорь гучин жил заргалдаад засаг нь дийлэхгүй, арга ядаад хажуугаар нь дахиж шинээр төмөр зам тавьсан байгаа юм. Ингэж хоёр төмөр зам тавих нь улсын эдийн засагт нөхөгдөхгүй хортой. Тийм учраас олон улсад “нийтэд нээлттэй” гэдэг зарчмаар төмөр замыг бариулдаг, ашиглуулдаг. Энэ тухай манайд төмөр замын хууль бий. Суурь бүтцийн 51 хувь нь төрийн мэдэлд байна, бүх хүнд нээлттэй, нэг тарифаар үйлчилнэ гэсэн хуультай учраас Тавантолгойн төмөр замыг “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шинхуа”-гийн хослолд эзэмшүүлж болохгүй. Хуулиас давсан тийм эрх ч Засгийн газарт байхгүй. Хоёрдугаарт, “Энержи ресурс”-ийг би үндэсний компани гэж харахгүй байгаа. Энэ бол офшор бүст бүртгэлтэй “ММС” гэж Хонгконгийн биржид гарсан компанийн 45 хувийн хувьцааг нь л “MCS” авсан. Энэ компани нүүрсний үнийг үргэлж өндөр, 200-300 доллар байна гэдэг тооцоогоор их хэмжээний зээл аваад одоо зээлээ төлж чадахгүй яваа. Ийм тохиолдолд том Тавантолгойг өгөх нь тэр компанийн өрийг төлөхөд хэрэгтэй болохоос Монголын нүүрсийг боломжийн үнээр борлуулах сайн партнёр болж чадахгүй. Тийм учраас л Тавантолгойн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” компани Тавантолгойн нүүрсээ Хятадын зах зээлд борлуулах эрхийг дэлхийн номер нэг “Шинхуа”-д, харин номер хоёр “Пибоди” компанид Номхон далайн зах зээлээ даатгасан гэрээ хийх хэрэгтэй.

-Гэтэл М.Энхсайхан сайд ч, салбарын шинэ сайд Н.Төмөрхүү ч Тавантолгойн төмөр замыг Хятадын мөнгөөр бариулаад тэдэнд тодрхой хугацаанд эзэмшүүлнэ гэж мэдэгдсэн ш дээ?

-Энхсайханы ярианд болохгүй юм ч_ эргэж буцсан юм ч маш их байгаа. Саяхан АН-ын бүлэгт мэдээлэл хийхэд нь наад төмөр замын бүтэц, эзэмшил та нарын хэлснээр явахгүй ээ, хууль ийм байгаа гээд саяын миний хэлдгийг олон гишүүн хэлсэн. Тэгэхэд өнөөдөр ч өөрийнхөөрөө зүтгээд л байгаа. Үгэнд орохгүй засаг, үгэнд сайдад УИХ арга хэмжээ авч болно доо. УИХ-аас баталсан тодорхой хуулиуд байхад түүнээс давсан, хууль бол юу ч биш гэж явж болохгүй л дээ.

-Тавантолгойн хэлэлцээрийг УИХ баталж байж хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох уу?

-Зуун сая доллараас дээш хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж өөрөө хүсвэл хөрөнгө оруулалтын гэрээг нь УИХ батлах эсэхийг Засгийн газарт зөвшөөрөх ёстой юм. Тавантолгойд 100-гаар тогтохгүй олон сая долларын хөрөнгө оруулах юм. Тийм учраас парламентаар батлуулж баталгаатай болгуулах нь тэдэнд өөрт нь хэрэгтэй. Дараагийн Засгийн газар нь гарч ирээд өөрчилчихгүйн тулд шүү дээ.

-Тухайлбал, Тавантолгойн одоогийн явж байгаа хэлэлцээрийг УИХ-аар оруулах уу, оруулахгүй юу?

-Оруулах нь хөрөнгө оруулагчдад л хэрэгтэй. Гэхдээ одоогийн Энхсайханы ярьж яваа хэлбэрээр гэрээ байгуулахыг УИХ зөвшөөрөхгүй гэдэгт би итгэлтэй байна. Хууль баталдаг хүмүүс хуулиа зөрчихгүй шүү дээ. Ард түмний Тавантолгой ард түмэндээ хамгийн ашигтай хувилбараар л явах ёстой.

-УИХ-ын оролцоогүйгээр батлаад явуулчих эрх Засгийн газарт бий юү?

-Байхгүй.

-Оюутолгойгоо хөдөлгөж чадах нь уу. 34 хувиа зарна зарахгүй гэсэн маргаан л яваад байх юм.

-Хэрвээ 34 хувиа зарна гэж шийддэг юмаа гэхэд зардаг цаг нь өнөөдөр биш. Тухайн үедээ нэгж нь 20 хүрч байсан хувьцаа өнөөдөр бараг хоёр доллар 80 цент ч хүрэхгүй байхад хувиа зарах тухай яриад ч хэрэггүй. 34 хувийг зөв, буруу гэж үргэлж л маргана. Гэхдээ Монгол Улс нэгэнт өрөнд орсон нь үнэн. Одоо энэ өрнөөсөө цэвэрхэн л гарах хэрэгтэй. Үүсээд байгаа гацааны тухайд 34 хувьдаа биш, “Рио Тинто” компанидаа асуудал байгаа юм. “Рио Тинто” компани Монголын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Монголын Засгийн газар бол гэрээгээр хүлээсэн бүх үүргээ биелүүлсэн. Одоо “Рио Тино” ажлаа л хийх ёстой. Яах вэ, сонгуулийн дараа 34 хувь бага байна, нэмэгдүүлнэ гэж шинэ Засгийн газар гэрээ өөрчлөх санал явуулсан. Тэд “үгүй” гэсэн. Одоо бидний зүгээс тавьж байгаа тээг байхгүй. Харин “Рио Тинто”-гийн зүгээс “бид нар энэ гэрээг байгулахдаа алдсан байнаа, Монголд ашигтай гэрээ болчихсон учраас ингэж ингэж өөрчилье” гээд баахан санал тавьчихаад байгаа юм. Тэрийг нь Н.Алтанхуягийн ч, Ч.Сайханбилэгийн ч Засгийн газар зөвшөөрөөгүй. Гэрээ бол гэрээ, та нар ажлаа хий, далд уурхайн санхүүжилт бид нарт хамаагүй, бид нарт баялаг байна, та нарт мөнгө технологи байна гэсэн, одоо гэрээгээр хүлээсэн ажлаа л хий гэж байгаа. Хэрвээ тэд ажлаа хийхгүй бол Монголын Засгийн газар олон улсын арбитрт хандаж “Рио Тинто” гэрээгээ биелүүлэхгүй байна гэсэн гомдол гаргах эрх үүсэх боломжтой. Товчхон хэлэхэд асуудал бидэнд биш, тэд нарт байгаа юм.

-Тэгвэл муу гэрээ хийлээ гээд шүүмжлүүлээд байсан С.Баярцогт нар чинь харин ч Монголдоо ашигтай гэрээ хийчихсэн юм биш үү?

-“Рио Тинто”-гийн нүдээр харахад өөртөө ашиггүй гэрээ гэж харж байгаа юм билээ. Манай талаас харахад зарим нэг хүн л шүүмжлээд байгаа болохоос энэ гэрээгээр цаашаа явахад болохгүй юм ерөөсөө байхгүй.

-Мөнгө олох өөр нэг эх үүсвэрийг Эдийн засгийн өршөөлийн хууль гэж Засгийн газар харж байх шиг байна. Таны тооцоогоор далд эдийн засгийн хэдэн хувь нь ил гарах бол.

-Би тэрэнд итгэдэггүй юм. Яагаад гэвэл Монгол хамгийн өндөр хүүтэй улс. Манай банкууд жилийн 16 хувийн хүү өгдөг, энэ бол маш өндөр хүү. Дэлхийд Монгол шиг өндөр хүүтэй улс байхгүй. Тэгэхээр өндөр хүү өгдөг газраа мөнгөө байршуулах уу, хүүгүй шахуу Америк, Японд мөнгөө хадгалах уу гэдэг нь сонголтын асуудал. Өнөөдөр Дорлигжав сайдаас бүлгийн хурал дээр бид нар асуусан “яг татвараа нуусан хэргээр хэдэн хүн ял эдэлж байна вэ” гэхэд “зургаа” гэж хариулж байна лээ. Тэгэхээр зургаахан хүнийг шоронгоос гаргахын тулд хууль гаргаж болохгүй л дээ.

-Тэгвэл Эдийн засгийн өршөөлийн хууль бас гарч чадахгүй нь ээ?

-Асуудал нь мөнгө олж ирэх гээд байгаадаа биш юм. Одоо мөрдөж байгаа манай хуульд болохгүй заалт олон байгаа. Ийм хийдлийг далимдуулж хууль хяналтынхан, татварынхан очиж компаниудыг дарамтлаад байна. Тэднийг айдсаас нь салгая, татвараа төлчихвөл эрүүгийн хариуцлагаас нь чөлөөлье гэж байгаа юм билээ. Татварын хуулийг ерөнхийдөө хоёр янзаар зөрчөөд байгаа. Нэг нь НӨАТ-ын падааныг хуурамчаар хийж зөрчөөд байгаа. Энэ бол гэмт хэрэг, өршөөгдөхгүй. Нөгөө нь болохоор татвараа төлж чадахгүй зайлсхийж явсаар хуримтлагдаад замбараагүй их өртэй болчихсон хүмүүс байна. Ийм хүмүүсийг өрөө төлчих л гэж байгаа. Ер нь өршөөлийн хуульд хэд хэдэн зарчим байх ёстой. Нэгд, өр бүрэн барагдсан байх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газрын оруулж ирсэн төсөл дээр УИХ зүйл заалт нэмэхгүй байх ёстой. Тэгэхгүй бол 76 гишүүн бүгд өөр өөрийнхөө эрх ашигт хөтлөгдөөд хэн нэгэн хамаатнаа сулруулахын тулд баахан заалт нэмээд бантан болгоно. Гуравт, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг өршөөж ерөөсөө болохгүй. Энэ бол хүний тэтгэвэр болохоос татвар биш. Тухайн хүний нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага нь төлөөгүй бол иргэн л тэтгэвэргүй болж хохирно. Эдгээр зарчмуудыг заавал баримтлах ёстой. Тэгээд айдсыг алга болгоод бизнесийн орчноо ойлгомжтой, нэг дүрэмд оруулнаа л гэж байгаа. Түүнээс бус, нуугдсан олон тэрбум төгрөг гарч ирнэ гэсэн баталгаа энд байхгүй.

-Одоо ял эдэлж байгаа, шалгагдаж байгаа хүмүүсийг өршөөх үү?

-Төслөөр бол өршөөгдөхгүй гэж яваа.

-Эдийн засгийн өршөөлөөр улстөрчид өөрсдийн ил далд байгаа компаниа л татварын өрөөс чөлөөлөх гэж байна гэсэн хардлага байна.

-Тийм хардлага байхыг үгүйсгэхгүй. Байх ч ёстой. Тийм учраас энэ өршөөлд улстөрчид өөрсдөө хамрагдах нь өөрөө өөртөө тааруулж хууль хийсэнтэй агаар нэг л дээ. Гэтэл энэ хуулийн зорилго нь өөр. Хуулийн байгууллагууд хууль ярьж төрийн нэрээр жирийн иргэн Доржийг дарамтлаад байгаа бол тэрийг нь алга болгоё, үүнээс хойш дарамталдаг далимыг нь алга болгоё л гэж байгаа. Засгийн газар энийгээ сайн тайлбарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол Худалдаа аж үйлдвэрийн танхимын захиалгаар нэг хууль гаргачих гээд л, гаргачихаар нэг их мөнгө орж ирчих гээд байгаа ч юм шиг хоосон горьдлого төрүүлэх хэрэггүй.

-Хэрвээ Эдийн засгийн өршөөлийн хууль гарвал дагаад эдийн засгийн бус гэмт хэргүүдийг өршөөх хууль гаргах уу?

-УИХ гаргана. Гэхдээ арай өөр логикоор. УИХ Эрүүгийн болон Зөрчлийн тухай шинэ хууль батлахаар гэмт хэрэгт тооцож байгаа өнөөдрийн зарим зүйлчлэлийг гэмт хэрэгт тооцохгүй болох юм. Тэгэхээр тэдгээр үйлдлээр ял эдэлж байгаа болон шалгагдаж байгаа хүмүүс өршөөгдөнө. Ер нь өршөөлийн хуулийг ойр ойрхон гаргах нь буруу. 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл УИХ зургаан удаагийн өршөөлийн хууль гаргасан байна. Давтамж нь ингэж ойртохоор хүмүүс татвараа төлөх нь багасах гэх мэтээр сөргөөр ашиглах үйлдэл нь ихэсдэг юм байна. 2002 онд Эрүүгийн шинэ хууль гарсан. 1990 оноос хойш эрүүгийн шинэ хууль гарч байгаа учраас өршөөл үзүүлсэн. Өнөөдөр 12 жилийн дараа дахиад эрүүлгийн хуулиа өөрчлөх гэж байна. Энийг дагаад өршөөл үзүүлэх нь өөрөө логиктой юм.

-Саяын таны ярьдаг Эрүүгийн болон Зөрчлийн хууль гэдэг нь Тэмүүжин сайдын эхлүүлсэн шинэчлэлийн үргэлжлэл, өргөн барьсан төсөл нь үү, эсвэл Дорлигжав сайд огт өөр бодлого оруулж ирэх гээд байна уу?

-Тэмүүжингийн өргөн барьсан төслүүдийг татаж аваад дахиж өргөн барихад бэлэн болж байгаа. Ер нь нэг хүний толгойд ороод л явдаг шинэчлэл гэж байхгүй. Шүүх, прокурор гээд хуулийн системийн бүх байгууллага 2002 оны хуулиар ажиллаж болохгүй байна, өөрчилье, шинэчилье гэдэг хүлээлтээс л үүссэн шинэчлэл л дээ. Тэмүүжингийн өргөн барьсан төслүүд үнэхээр сайн байсан бол батлагдаад л явчих байлаа ш дээ. Гэтэл тэгсэнгүй, УИХ дээр бараг нэг жил болоход батлагдахгүй байна гэдэг нь бас л болохгүй байнаа л гэсэн үг.

-Одоо улстөрийн сэдэвтэй арай өөр зүйл асууя. Засагт УИХ-д суудалтай бүх нам хамтарсан. Өнөөдрөөр харвал ингэж хамтарсны үр дүн харагдаж эхэлж байна уу, бодлого явж байна уу?

-Засагт хамтарсны хүчинд төсвийн тодотголоо баталж чадлаа, өрийн таазаа шинэчилж чадлаа, одоо өрийн удирдлагын хуультай болох гэж байна. Бид “шинэ баян цээж өвчтэй” гэдэг хийрхлээ одоо л нэг юм ойлгож хөрсөн дээрээ бууж байна. Энэ өвчин 2006 оноос эхэлсэн. Зэсийн үнэ гэнэт өсөөд, нүүрс гэдэг шинэ экспорт гарч ирээд, хавтгайрсан халамж тараагаад, ерөнхийдөө төсвөө бид нар “алж” хаясан л даа. Цаашид хүн ам, улам л өсөх юм чинь шавхагддаг байгалийн баялаг, түүхий эдийн үнэ буухгүй юм байна, тэгэхээр бид баялагтай учраас мөнгөөр тасрахгүй нь гэсэн оптимизм байсан. Ганц Монголд ч биш, дэлхий даяар тийм байсан. Гэтэл 2008, 2009 онд түүхий эдийн үнэ унаснаар энэ оптимизм дууссан. Сая, 2012 онд бүрэн дууслаа. Хэзээ ч унахгүй, баррель нь 100 доллараас байнга дээш байна гэж бодож байсан түүхий нефтийн үнэ 50 болчихлоо. Дэлхийн эдийн засаг буурдаг юм байна, Хятадад байр зарагдахаа болихоор коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурдаг юм байна гэдгийг мэдэрлээ. Гэтэл бид 68 хувийн татвар авсан үеэс эхлээд хоёр дахин тэлээд хаячихсан улсын төсвөө бууруулж чадахгүй хоёр жил явлаа. Харин сая Сайханбилэгийн Засгийн газар 903 тэрбум төгрөгөөр орлого, зарлагаа аль алийг нь хасч, гадна байгаа бүх төсвөө нийлүүлж нэг болгож чадлаа. Энэ бол хамтарсны хүч. УИХ ямар ч гэсэн байхгүй орлогыг байгаа юм шиг худлаа төлөвлөгөө хийж хувийн хэвшлийнхнээр сургууль бариулчихаад мөнгийг нь өгдөггүй явдал энэ төсвөөр дуусгавар боллоо. Одоо санхүүгийн сахилга баттай болсон, байхгүй орлогоо бичихээ больсон. Энэ бол хамгийн эрүүл үзэгдэл. Энэ бол хамтарсны хүчинд хийж чадсан төсвийн шинэчлэл. Мэдээж, Сайханбилэг Ерөнхий сайдын хүссэн бүхэн бүтсэнгүй. Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгтээ өгье гэдэг бүтсэнгүй. Одонтой эхчүүдийн мөнгийг хамгийн бага хүүхэд нь 18 нас хүрсэн бол өгөхөө болъё гэсэн нь бүтсэнгүй. Гэхдээ эцсийн дүндээ 828 тэрбум төгрөгөөр орлого, зарлагаа хасна гэдэг бол хөөсөө буулгаж байна гэсэн үг, бодитой хөрс рүүгээ очиж байна гэсэн үг.

-Одоо цаашид засагт хамтарсны гол зорилго болсон Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийж чадах уу. УИХ, Засгийн газар хоёрыг зааглахын тулд таныхаар ямар өөрчлөлт хийх ёстой вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулсан. Өөрчлөх, үгүйгээ энэ ондоо багтааж шийдье гэж байгаа. Өөрчиллөө гэхэд сонгодог парламентынхаа зарчим руу дөхсөн өөрчлөлт хийнэ. Тэндээс гажсан заалтуудыг өөрчилнө. Жишээ нь, Ерөнхий сайд нь сайдаа мэддэггүй. УИХ өнөөдөр бүх сайдыг томилж байна, энийг болиулахад л Засгийн газар нь УИХ-ын халааснаас гараад явчихаж байгаа юм. Сайдыг ажилд авдаг хүн нь УИХ биш, Ерөнхий сайд өөрөө байх учиртай. Харин УИХ эцсийн хариуцлагыг зөвхөн Ерөнхий сайдтай л ярина. Тийм маягийн өөрчлөлтийг хийхийн тулд хамтарсан. Энэ зорилгоо биелүүлж чадах байх л гэж найдаж байна. Харин Улс төрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн хуулиа наадмаас өмнө батлах төлөвлөгөөтэй байгаа.

-Найдаж байна гэж дээ, хэрвээ Үндсэн хуулиа л өөрчилж чадахгүй юм бол өрийн таазыг нэмэхийн тулд 26 кнопыг нь ашиглах гэж МАН-ыг засагт багтаасан мэт харагдаж байна шүү дээ?

-Чи тодотголоор хийсэн төсвийн шинэчлэлийг үнэлэх хэрэгтэй л дээ. Энэ бол хамтарсны эхний үр дүн. Цаашид хамтарсан бусад зорилгодоо хүрэхийн тулд миний зүгээс УИХ-ын даргын хувьд боломжит бүх гарцыг ашиглана.

-Таныхаар Ч.Сайханбилэгийн Засгийн газар хамтарсаны хүлээлтэд дүйцэж ажиллаж чадаж байна уу?

-Монголчууд бид их яаруу хүмүүс л дээ. Сайханбилэгийг өнөөдөр Ерөнхий сайд болголоо, маргааш нь үр дүн нэхдэг. Гэтэл амьдрал тийм биш. Шууд гарах үр дүн байхгүй. Бүх юм цаг хугацаагаараа болно.

-Өнөөдрийн Ерөнхий сайдад улстөрийн эрх мэдэл дутах юм байна уу. Уг нь ялсан намын дарга нь Ерөнхий сайд байдаг байхад УИХ-ын дарга нь намын дарга байна шүү дээ?

-Намын дарга нь УИХ-ын дарга байсан хэд хэдэн тохиолдол бий. 1996-2000 онд Р.Гончигдорж, тэрний дараа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр УИХ-ын дарга байсан. Тэгэхээр энэ шинэ үзэгдэл биш. Бид Сайханбилэгийн Засгийн газрыг маш тодорхой зорилготойгоор л байгуулсан. Эдийн засгийн хүндрэлтэй тэмц, улстөрөөс ангид бай гэж. Улстөрийг нь парламент дотроо хийе, та нар сонгууль бодохгүйгээр ажиллаад эдийн засгийн хямралыг даван туул л гэсэн даалгавартай байгуулсан Засгийн газар.

-Таны нэр Ерөнхий сайдад нэлээн яригдсан. Яагаад татгалзсан юм бэ, энэ нь таны хувийн шийдвэр байв уу?

-Ер нь гүйцэтгэх засаглалын ажил нэг утгатай байх учиртай. Гэтэл аль ч нам нь олонхи болоогүй тохиолдолд засагт орсон бусад намын дарга нь Ерөнхий сайд хийж байгаа намын даргадаа захирагдаж явах нь хамтарсан засгийн үед байж болохгүй модель юмаа гэж үзсэн. Өмнө нь Баяр гэж Ерөнхий сайд АН-ын Алтанхуягт үүрэг өгөөд, тэр үеийн МАН нь АН-ыг захираад байсан шиг сонин ойлголтыг давтах хэрэггүй гэж үзсэн. Гэтэл Засгийн газар бол Ерөнхий сайдаасаа сумын Засаг дарга хүртлээ цэргийн хүн шиг тушаалаар явах нь юу юм, ямарч гэсэн нэг утгатай, нэг амтай, шийдвэр нь шууд хэрэгждэг байх ёстой гэдэг үүднээс хандсан. Түүнээс бус, энд Энхболд гэдэг хувь хүний сонголт, сонирхлын тухай яриагүй. Засгийн газар танхимын зарчимтай учраас өөр намын дарга нь Ерөнхий сайдтайгаа зөрчилдөх, үгнээс зөрөх тухай ойлголт байж болохгүй. Энэ онцлогийг хадгалахын тулд л би татгалзсан. Харин нэг нам дангаараа олонхийг бүрдүүлж байгаа тохиолдолд намын дарга нь Ерөнхий сайд байх нь зөв.

-Засгийн газрын бүтцээс гадна төрийн байгууллагууд нэг амтай, нэг бодлоготой байх ёстой юм биш үү. Тухайлбал, сүүлийн үед хямралыг давах арга, мөнгөний бодлого дээрээ Засгийн газар, Монголбанк хоёр санал зөрөөд байгаа.

– Монголбанкны ерөнхийлөгч Золжаргалыг Алтанхуягийн халаасанд орлоо, төв банк хоёр дахь Сангийн яам боллоо гэж Ардын намынхан сүүлийн хоёр жил шүүмжилсэн. Ер нь бол Монголбанк мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхдээ Засгийн газраас хараат бус байх ёстой. Гэхдээ нэг улс учраас төрийн бодлогын уялдаа холбоо нь ч байх ёстой. Хэрвээ энэ харилцан уялдаа холбоо нь хангалтгүй байгаа бол УИХ дээр дахиад ирэх хэрэгтэй. Хямралын үед хоёр тийшээ харж суух биш нийтээрээ нэг зүгт харж байж л урагшаа явна.

- Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт багтаж байж хямарлаас гарна гэж байхад Монголбанк “болохгүй, тэгвэл доллар 2060 төгрөгт хүрнэ” гэж мэдэгдэж байна л даа?

-Мөнгөний бодлогын талаар УИХ-аас Монголбанкинд тодорхой үүрэг даалгавар өгсөн байгаа. Үл ойлголцол нь сонголтын л асуудал юм билээ. 2008 онд дэлхий даяар хямрал болж байхад манай улс “Стэнд бай” гэдэг хөтөлбөр рүү орсон. Тэгэхэд 62 орон орж байсан юм билээ. Одоо энэ хөтөлбөрт хоёрхон орон байдаг. Монгол Улс гуравдахь нь болоод “Стэнд бай”-д ороход, “өө, Монгол руу битгий хөрөнгө оруулаарай, наадахь чинь тогтворгүй улс” гэсэн мессэж бий болно. Тэгэхээр заавал “Стэнд бай” шиг хатуу хөтөлбөр рүү яаран явж орох нь буруу. Тэрний оронд байгаа өөр боломжуудаа ашиглах хэрэгтэй. Валютын сан ч заавал “Стэнд бай” руу ор гэж шахаад байгаа юм байхгүй. Тэд биднийг бондын эхний 500 сая доллараа төлж чадах нь уу , үгүй юү гэдгийг л харж байгаа. Жишээ нь, бид Гацуурт шиг алтны хэд хэдэн ордыг хөдөлгөөнд оруулчихвал ямарч төвөггүйгээр өрөө дарчихна. Харин үүнийг ойлгохгүйгээр худлаа эх оронч болж популизм хийгээд явбал жинхэнээсээ өрийн хямралд орно.

-Монголбанктай холбогдуулж асуухад сүүлийн үед валютын нөөцийн талаар багассан, багасаагүй, бүр хасах руугаа орсон ороогүй гээд янз бүрийн мэдээлэл байна. Танд ямар мэдээлэл байна вэ?

-Мэдээж, нэг тэрбумаас дээшээ байгаа. Хасах руугаа орсон энэ тэр гэдэг огт худлаа. Тухайн улсын импортын 40 хоногийн хэрэгцээ л байхад хангалттай гэж үздэг. Одоо бол тэрнээсээ хамаагүй илүү нөөцтэй байгаа. Манай улсын валютын нөөц Батсүх гэж ерөнхийлөгчийн үед 40-50 сая долларт хүрч байсан тохиолдол бий. Тэр үетэй харьцуулахад гайгүй байгаа. Гэхдээ хүлээгдэж байгаа төлбөрүүдээ харвал бас амагүй байгаа.

Монголбанкинд тушаасан алтны татварыг 2.5 хувь болгосон хуулийн ачаар алт тушаалт 13 тонн болж нэмэгдсэн. УИХ энэ мэт зөв бодлого гаргаж өгөөд байвал “Алт хөтөлбөр”-өөр бид валютынхаа нөөцийг нэмэх, өр төлбөрөө төлөөд явах бололцоотой. Гадныхан ч бидэнд итгэж зээл өгнө.

-Эдийн засгийн хямралаас гарах, долларын ханшийг буулгахын тулд “Банк оф Чайна”-г оруулаад ирэхэд л болно гэх юм. Зарим нь болохгүй гэх. Таныхаар хөршийн энэ том банк Монголд ямар хэмжээ, хязгаар дотор байх ёстой вэ?

-Энэ бол цэвэр Монголбанкны өөрөө мэдэж шийдэх асуудал. Бүх эрсдлийг Монголбанк л тооцож үзэх хэрэгтэй. Оруулж ирж болно, хязгаарлагдмал хүрээнд нээж болно. Харин санхүүгийн бүх зах зээлээ нээчихсэн улс орон гэж дэлхийд байхгүй. Энд дотоодын хэдэн банкийг хамгаална гэхээсээ эдийн засгийн орчин, эрсдлээ тооцож байж ямар хязгаар дотор байж болохыг Монголбанк л шийдэх эрхтэй.

-Сүүлийн үед МҮОНРТВ-ийг тойрсон хэл ам их байна. Өмнөх захирал М.Наранбаатарыг таны оролцоотойгоор чөлөөлж, АН-ын генсек байсан Ц.Оюундарийг хүнийг томиллоо гэх юм. Миний бодлоор Ц.Оюундарь гэж хувь хүн нь үнэхээр оносон сонголт. Харин АН-ын генсек байсан хүнийг шууд томилно гэдэг бол буруу жишиг. Хараат бус байх ёстой ОНРТВ рүү улстөр хэт орж байна л даа.

-Сүүлээс нь эхэлж хариулъя. Оюундарь бол сэтгүүлч хүн. Олон жил мэргэжлийн ажлаа хийсэн энэ хүнийг хоёрхон жил АН-ын генсек байсны төлөө намын хүн гэж хаяг хадах нь буруу л даа. Энэ хүн “би мэргэжлийн ажлаа хийе” гээд өргөдлөө өгөөд гарсан. Ер нь намын гишүүн байсан гэдгээр хэн нэгнийг хүний тооноос хасч, ажил мэргэжлээ сонгох эрхэнд нь халдаж болохгүй л дээ. Оюундарь тэнд томилогдохоосоо өмнө намын ажил эрхэлдэггүй байх ёстой гэсэн шаардлагыг хангасан байсан. Процесс тэр дагуу л явсан. Ер нь тэнд улстөрийн намын гишүүн байгаагүй хүн хайвал бараг олдохгүй. Тэгж яривал Наранбаатар чинь манай намын ҮЗХ-ны гишүүн байсан. Наранбаатар гэдэг хүнийг би үүрэг өгч халуулсан юм ерөөсөө байхгүй. Харин удирдаж байсан ОНРТВ нь Монголд байгаа телевизүүдээс ч муу ажиллаж байсныг олон хүн хэлнэ. Жишээ нь, нийт дүнгээрээ 15 тэрбум төгрөгийн орлоготой айл. Гэтэл гаргаж байгаа нэвтрүүлэг нь үнэхээр муу. Тэнд ММ-ээс өөр үзэх юм бараг байхгүйг ганц би биш олон хүн шүүмжилдэг. Хувийн нэг телевизийн рекламны орлого жилдээ нэг тэрбум хүрэхгүй шүү дээ. Гэтэл тэднээс 15 дахин их мөнгөөр ийм муу нэвтрүүлгүүд үзүүлнэ гэдэг бол лав л үзэгч Энхболдын хүсэл, хүлээлт биш. Хувийн телевизүүд HD рүү шилжээд дуусч байна. UBS телевизийн гурван суваг 1.5 тэрбум төгрөгөөр HD рүү шилжсэн. Гэтэл Наранбаатарыг захирал байх үед HD рүү шилж гэж найман тэрбум төгрөг өглөө. Өнөөдөр ийм шинэчлэл хийсэн үү, хийгээгүй. Тийм учраас удирдах зөвлөлийг нь томилдогийн хувьд УИХ тухайн байгууллагын менежментийг сайжруул, ажлаа хий гэдэг шаардлагыг тавьсан. Шийдвэрийг Үндэсний зөвлөл нь гаргасан. Болсон процесс ердөө л энэ.

-Та чуулганы индэр дээрээс тэнд архидалт хэрээс хэтэрсэн гэж хэлсэн нь үнэнийг хэлэхэд нэг салйбарын бидэнд ч сайхан сонсогдоогүй л дээ. Тэгээд маргааш нь энэ үгнийхээ хамт олноос нь уучлалт гуйсан ч юмшиг, гуйгаагүй ч юмшиг үг хэлсэн. Хариуд нь Наранбаатар мэдэгдэл хийсэн зэргээс болоод л асуудал хүндэрчихсэн юм биш үү?

-Чуулганы танхимд хэлсэн миний үгийг нийт уран бүтээлчдэд хамаатуулж тайлбарласан нь буруу болж байгаа юм. Миний хувьд хэдэн дарга нарыг л хэлсэн. Хэрвээ би бүгдийг нь хавтгайруулж хэлсэн бол бид нар эфирээр өөр юм үзэж байх нь байна шүү дээ. Тэгэхээр би МҮОНРТ-ийн дарга нараас бусад хүнд хаяглаж хэлээгүй. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Мөнхтөрийн надад хэлснээр түүнийг дарга байхад энэ байгууллагын удирдлагын аппаратад 10-хан хүн ажилладаг байсан гэсэн. Наранбаатарыг дарга байх үед 150 болж өссөн. Ийм дампуу систем байж болохгүй.

-Одоо захирал байсан М.Наранбаатарыг яллагдагчаар татлаа гэх юм, хаанаас тэгж гомдол гаргаад байгаа юм бэ, та юу?

-Би гомдол гаргасан. Наранбаатар намайг “Энхболд C1, ETV гэж хувийн телевизтэй, тэрэндээ ОНРТВ-ийн төсвөөс хассан 3.5 тэрбумыг өгсөн” гэж хэлсэн. Мэдээж, тийм юм байхгүй учраас залруулга гарга гэсэн. Гэтэл гаргаагүй. Харин ч олон телевизээр энэ гүтгэлгээ цацсан. Тэгээд би нэр төрөө цэвэрлэж авахын тулд гомдол гаргасан. Одоо хуулийн байгууллагын өмнө намайг хувийн телевизтэйг, тэрэндээ 3.5 тэрбум төгрөг хуваарилсан гэдгийг тэр хүн нотлох ёстой. Би бол тэр хүнтэй хувийн ямарч харилцаа, асуудал байхгүй. Ажил хэрэгч шүүмжлэл хэлж, асуудал ярьсныхаа төлөө л “эвтэй, сэвтэй гэж нэвтрүүлэг гарга гэсэн” энэ тэр гээд баахан зохиол ярьсан, тэрийгээ ч бас батлах ёстой. Надад тэгж тэр хүнтэй хэрүүл хийж явах зав ч, цаг ч байхгүй. Гэхдээ хувь хүнийхээ хувьд ч гүтгүүлээд л дуугүй яваад байж болохгүй л дээ.

-Эцэст нь парламентын дарга, засаглаж байгаа намын даргын хувьд сонгуулийн бүрэн эрхийнхээ үлдэж хугацаанд ард түмэндээ та юу гэж амлаж чадах вэ?

-Ер нь бол энэ онд эдийн засаг сайжрахгүй. Дэлхийн эдийн засаг ч адил. Урд хөршийн эдийн засаг түүхэндээ хамгийн бага өсөлттэй жил. Нефтийн үнэ өсөхгүй. Тийм учраас энэ хямралыг бид боломж болгож ашиглаж чадах эсэх нь л бидний сонголт. Бид мөнгөтэй болхоороо тансаглаад цацчихдаг, бүх юмаа гаднаас зөөдөг байлаа. Одоо хагас хугасаас нь үйлдвэрлээд эхэлж байна. Ер нь хүнд биш, өөрөө өөртөө л найдаж явах хэрэгтэй. Түүхий эд дээр тулгуурласан эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөх ёстой. Зүгээр дээшээ харж сууж байгаад сайхан амьдардаг мөрөөдөл төгссөн. Одоо хөдөлмөрлөх л ёстой, хөдөлмөрлөцгөөе.

Г.Отгонбаяр

ЭХ СУРВАЛЖ: www.itoim.mn

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


Сэтгэгдэл

DR. ADITYA [102.89.43.167] 2024-02-21 13:33:20

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.