Цасан шуурганд төөрсөн хүүг эсэн мэнд олжээ

Д.Тулга / Нийгэм

shuurga

Өвөл орж шуураагүй цас хаврын эхэн сарын шинийн нэгний өдрөөс орж, нийт нутгаар цасаар шуурсан нь иргэдийг цочирдуулав. Гэнэт цочир хүйтэрч нүд чиггүй шуурсан цасан шуурганд олон хүн төөрчээ. Хөдөө гадаа малдаа ганц нэгээрээ явсан иргэд төөрч, олон машин цасанд суусан гэх дуудлага Онцгой байдлын газарт ирж эрэн хайх ажиллагаа энд, тэндгүй үргэлжлэв.

Шинийн нэгний өдрөөс баруун аймгаас эхэлж шуурсан шуурга шинийн 2, 3-нд зүүн болон говийн нутгуудыг тойрсонгүй. Шуурганд 14 настай хүү төөрсөн тохиолдол Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт энэ сарын 21-ний өдөр гарчээ. Тус сумын гуравдугаар багийн нутаг “Тал булгийн-Адаг” гэдэг газар нутагладаг малчин А-ын гэрээс 14 настай Д хүү оройн 18.00 цагийн үед гэр лүүгээ явахаар гарсан байна. Гэсэн ч хэдхэн минутын зайтай газар гэртээ очоогүй учраас гэрийнхэн нь айж, сандралдан хайж эхэлжээ.

Энэ үед цасан шуурга шуурч харанхуй болж эхэлсэн байна. Тиймээс ар гэрийнхэн нь 22:34 цагийн үед аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага өгчээ. Ингээд Онцгой байдлын газрын есөн албан хаагч, орон нутгийн 40 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Эрлийн багийнхан хүүг шөнөжин хайж, хоёрдугаар сарын 22-ны өдрийн 10:32 цагт тус сумын 3 дугаар багийн нутаг “Түнтгэрийн бууц” гэдэг газар нутагладаг малчин С-ын гэрээс эсэн мэнд олжээ.

Эх сурвалжийн мэдээллээр хариуцлагагүй хүмүүсээс болж хүү төөрсөн гэв. Учир нь хүүг морь унуулах гэж авч явсан ч эргээд хүүд анхаарал хандуулалгүй орхисноос хүү ганцаараа явж төөрсөн аж. Ямартай ч хүүг шуурхай хайж олсон бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэлээ.

Мөн Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн “Шивээт” гэдэг газар нутагладаг 41 настай малчин М шинийн 2 буюу энэ сарын 20-ны 23:00 цагт гэрээсээ гараад алга болжээ. Ар гэрийнхэн нь энэ тухай мэдээллийг маргааш өдрийн 12:40 цагт сумын төв рүү мэдэгджээ. Ингээд тус сумын хэсгийн төлөөлөгч ахмад н.Дашзэвэгээр ахлуулсан 14 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж бүтэн өдөржин хайсан байна. Хоёрдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагт Дөхөм багийн нутаг “Агьт” гэдэг газраас түүний цогцсыг олжээ. Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч цасаар шуурч байгаа учраас анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.