С.Эрдэнэ гишүүний өрөөгөөр зочиллоо

Д.Тулга / Улстөр

“Гишүүдийн өрөөгөөр зочилъё” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ уригдан оролцлоо.

Тэрээр Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг учраас Төрийн ордон дахь гишүүний өрөөндөө ирэн очин байдаг гэлээ. “Долоо хоногийн гурван өдөр УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийдэг. Долоо хоногийн дөрөвдэх, тавдахь өдрүүдэд их хурлын нэгдсэн чуулгантай байдаг. Өглөө цагтаа ирээд тэр өдрийн ажил маань эхэлдэг. Нэгдэхээс гуравдахь өдрүүдэд байнгын хороод, намын бүлэг хуралддаг. Тэр үед гишүүнийхээ өрөөнд ажиллаж байнгын хорооны хуралдаанд оролцдог” гэв. Түүний өрөөнд өмнө нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай суудаг байжээ.

-НЭГ ИХ НОВШ ЦУГЛУУЛАХ ДУРГҮЙ-

Монгол Улсын Төрийн далбаа болон Ардчилсан намынхаа тугийг хоймортоо залжээ. Ажлын ширээн дээр нь гэр бүлийнхний зураг болон хуулийн төслүүд, номнууд харагдав. Тэрээр “байнга уншдаг, унших дуртай номнууд, хуулийн төсөл, тухайн өдөр хэрэглэх шаардлагатай зүйлүүдээ ширээн дээрээ байлгадаг. Нэг их новш цуглуулах дургүй. Дор, дор нь аваад багасгаад явдаг юм. Учиргүй их бичиг цаас хураасан хүмүүс байдаг. Хэтэрхий бичиг цаас овоолохоор замбараагүй харагдаад байдаг” гэлээ.

Ширээнхий зүүн буланд шонхор шувуу байрлуулжээ. “Өвөг дээдэс мннь хэдэн зуун жил шүтэж, тахиж ирсэн шонхор шувууны бэлэгдэл байгаа юм. 2220-иод он, Модун Шанью хааны үеэс эхлээд шонхорыг монголчууд шүтэж, дээдэлж ирсэн түүхтэй. Сүүлд эзэн Чингис хаан цагаан шонхор шувууг бэлэгдлээ болгож шүтэж ирсэн түүхтэй” хэмээн тайлбарлав.

Мөн ханандаа 14 дүгээр Далай ламаас адис авч буй зургийг өлгөжээ. “Би өөрөө бурхны шашинтай. Сардаа гайгүй өдөр судар харж байгаад Гандантэгчинлэн хийдээр ороод Жанрайсаг бурхандаа мөргөж, зул өргөдөг юм. Сарын өмнө Далай багшид бараалхах завшаан олдсон. Далай багш надад адис хүртээж 20 гаруй минут сэтгэлийн үгээ ярилцаж суусан. Надад их ховор завшаан тохиолдсон гэж бодож байгаа” гэлээ.

-ДАЛАЙ БАГШ МОНГОЛЧУУД ГЭГЭЭРЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭЖ ХЭЛСЭН-

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ном унших дуртай аж. Тэрээр ном цуглуулж, хүүхэд байхын л ном их уншдаг талаараа бидэнд ярьсан юм. “Бидний үе, бидний өмнөх үеийнхэн маш их ном уншдаг байсан. Намайг 10 жилд байхад манай сургуулийнхан хоорондоо ном сольж уншдаг, улаан хоббитой байлаа. Би шөнө орондоо ном уншиж байгаад аав, ээждээ загнуулдаг байсан. Гэрэл унтраагаад гарахаар нь хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд гар чийдэн тусгаад ном уншдаг байсан” хэмээн хуучиллаа.

“Ном их унших нь хүнд зөв, төлөвшил хүмүүжлийг олгодог. Хүүхдүүд, залуу үеийнхэндээ ном унш, ном хүнд ухаарал, гэгээрэл, сайн сайхныг авчирдаг юм гэдгийг байнга хэлдэг гэлээ.

Тэрээр Далай багштай уулзахад надад нэг зүйл хэлсэн. “Монголчууд архиа багасгасан нь их сайшаалтай. Гэхдээ монголчууд гэгээрэх хэрэгтэй байна. Хэтэрхий их харанхуй байна. тийм учраас монголчууд гэгээрэх нь маш чухал байна” гэсэн. Би тэрэнтэй 100 хувь санал нийлсэн. Өнөөдөр энэ нийгэм хэтэрхий их хар талаас нь харж байна. Бие, биенийгээ гүтгэж, доромжилж, шүүмжилж байна. Сайн юм хийсэн ч заавал муу талаас нь харлуулах гэж оролдож байна. Магадгүй улс төрийн ч юм уу, сонирхолын зөрчлүүд байж болно. Гэхдээ улс орноо, “Амны билгээс, ашдын билэг” гэж билэг дэмбэрэлээ бодсон ч аливаа юманд сайн, сайхнаар хандаж байх ёстой. Би хувьдаа номноос их сайхан гэгээлэг зүйлийг олж авдаг. Тиймээс залуучууд маань ном их уншиж байх хэрэгтэй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мөн морь, заан цуглуулах хоббитой гэдгээ бидэнд ярьсан юм.

-ХАДБААТАР АВАРГЫГ ХҮНДЭЛЖ, ДЭМЖИЖ ЯВДАГ БАЙСАН ДАА-

Баруун талын ханандаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нартай хамт авахуулсан зургаа өлгөжээ. Мөн Хадбаатар аваргын зургийг өлгөсөн нь түүнийг хүндэлж явдагийнх байлаа. Тэрээр “бөхөө дээдэлдэггүй монгол хүн гэж юу байхав. Гэхдээ би Хадбаатар аваргыг хүндэлж, харж, дэмжиж, үнэлж явдаг байсан. Хадаа аваргатай их танил ойр байсан. Гүндүүгүй их гоё хүн л дээ. Зургийг нь байнга авч явдаг юм” хэмээн дурсав.

Мөн “Бурхан халдун уулын зураг байгаа. Нууртай гэдгийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Бурхан халдун уулын дунд хэсэгт нь энэ нуур байдаг. Энэ их ховор зураг” гэлээ.

“Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бид хоёр 2007 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд нуурын эрэг дээр авахуулсан. Их энгийн зураг л даа. Тухайн үеийн Ардчилсан намын аймаг, орон нутгийн семинарь сургалт болсон. Харин энэ Үндсэн хууль батлагдсаны 15 жилийн ойгоор тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяраас төрийн дээд шагнал Алтангадас одон авч байсан юм. Үндсэн хууль батлах үед тухайн үеийн оролцогч гол намуудын нэг Монголын Ардчилсан намын ажлын хэсэгт нь орж ажиллаж байлаа. Тэр утгаараа энэ шагналыг авсан. Энэ бол Баяр наадмын үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайтай авахуулсан зураг” хэмээн тайлбарлав.

Харин энэ Бат-Үүлийг баатраа аваад байхад нь авахуулж байжээ. Манай бүлгийн дарга байсан Д.Эрдэнэбат /Аж үйлдвэрийн сайд/ байна гэлээ. Мөн Үндсэн хууль батлалцсан хүмүүс 15 жилийн ойгоор авахуулсан зургийг мөн өлгөжээ.

-ИРЭХ ОНД АЗИЙН ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН САГСАНБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛ БОЛНО-

Харин доод ширээн дээр нь дурсгалын зүйлс өрөөтэй байв. Бразилд болсон хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дурсгалын цом, шонхор шувууны бэлэгдэл, Азийн оюутны спортын холбооноос дурсгасан дурсгалын цом зэргийг эгнүүлэн тавьжээ.

Тэрээр “ирэх 2016 онд анх удаа Монгол Улсад багийн спорт буюу сагсан бөмбөгийн Азийн оюутан, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн зохиогдохоор болсон. Сая Азийн оюутны спортын холбооны удирдлагын зөвлөлийн хурал Монголд болсон. Тэр хурлаас энэ шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарсанд маш их баяртай байна. Удирдлагууд нь манай Үндэсний сагсанбөмбөгийн холбооны шинэ ордонд зочилж, танилцсан. Азийн оюутан, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд явуулах бүрэн боломжтой юм байна гэж дүгнэсэн. Монголд ирэх онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно” гэсэн таатай мэдээг дуулгав.

Мөн саяхан Үндэсний сагсанбөмбөгийн холбооны шинэ ордонд нээлтээ хийсэн билээ. Том, жижиг хоёр заалтай бөгөөд нэг нь 2400 хүний суудалтай, жижиг заал нь 500 орчим хүний суудалтай юм байна. Хоёр зааланд зэрэг тоглолт явах боломжтой. Мөн 80 ортой тамирчдын Олимп зочид буудал, нөгөө талдаа Олимп зочид буудлын хоёрдугаар байр, доороо дулаан граж, машины талбай бүхий жилийн дөрвөн улиралд үйл аижллагаа явуулдаг цогцолборыг ашиглалтад оруулсан гэлээ. Монголд сүүлийн үед хийгдээгүй маш том хөрөнгө оруулалт болсон гэж маш олон хүн үнэлсэн байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ морин хуурыг өрөөндөө залжээ. Тэрээр “морин хуураа дээдэлдэг монгол ёс байна. Морин хуурын хөг аялгуу дуугарч байгаа газар чөтгөр тогтдоггүй гэж өвөг дээдсүүд маань ярьдаг. Энэ утгаараа байх ёстой зүйлийн нэг гэж бодож өрөөндөө залсан” гэлээ.

-ПАРЛАМЕНТЫН ШИНЭ ОРДОН БАРИГДАНА-

Мөн Парламентын шинэ ордны зураг төслийг байрлуулжээ. “Би өөрөө Парламентын шинэ ордны ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Би Монгол Кувейтын парламентын бүлгэмийн даргаар ажилладаг. Бүлгэмийн даргын хувьд Кувейтэд албан ёсны айлчлал хийсэн. Кувейтын Их хурлын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд Кувейтын хөгжлийн сангийн захирал гээд бүх хүмүүстэй нь уулзсан. Хамгийн гол зорилго бол Кувейтээс Монголд үзүүлж байгаа парламентын ордон барих санхүүгийн дэмжлэг байгаа юм. 12 сая долларын эрх нээгдчихсэн. Тэрийг нэмэгдүүлэх парламентын ордноо чанартай сайн барихад санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой очсон. Уулзалт хоосон өнгөрөөгүй. Одоо ч гэсэн уулзалт, яриа үргэлжилж байгаа” гэлээ.

Мөн 2012 онд сонгогдсон УИХ-ын гишүүд, УИХ-ын даргатай хамт авахуулсан зураг болон Шог зураач Бат-Эрдэнийн зургийг ханандаа өлгөжээ. Энэ шог зураг “надаас их л өөр зураад тавьчихсан байгаа юм даа” хэмээн хошигнов. Түүнчлэн Ардчилсан хүчний холбооны хоёрдугаар их хурлын төлөөлөгчдийн зураг болон Шийдлийн засгийн газрын сайд нар, Гурван сая дахь иргэнийг тодруулсан үеийн зурагнуудыг өлгажээ. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын үед сайдаар томилогдоод Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас тамгаа гардаж авч байгаа зургаа байрлуулжээ.

Монголчуудын байлдаж эзэлж байсан газрын зургийг ханандаа өлгөсөн байв. “Энэ зурганд их дуртай. Хаа явсан газраа авч явдаг” гэлээ.

Мөн Ардчиллын сүлд дуу гэгддэг Хонхны дуугаа ханандаа өлгөжээ. Баянгол дүүрэгт Ардчиллын өндөрлөг нэртэй Хонхны дууг зохиосн Цогтсайханд зориулсан цогцолбор барьж байгаа гэлээ. Энэ долоо хоногоос ашиглалтад өгөхөд бэлэн болж байгаа юм байна. Улаанбаатарт байдаг ховорхон хөшөө цогцолборуудын нэг болно хэмээн тодотгов.

Түүнчлэн Тэрэлжид Баянгол дүүргийн Хүүхдийн зуслан баригдаж байгаа аж. 250 хүүхдийн хүчин чадалтай энэ зуслан ирэх намар гэхэд ашиглалтад орох юм байна. “Манай баянгол дүүрэг дөрвөн дүүргийн дунд байдаг учраас газар багатай. Өвлийн улиралд агаарын бохирдол өндөртэй бүс нутаг. Тийм учраас зориуд хүүхдүүддээ зориулж цэвэр агаартай газар зуслан барьж байна” гэлээ.

Мөн “2012 оны сонгуульд орохоос өмнө Баянгол дүүрэг маань “Баянхог” дүүрэг болтлоо хогондоо дарагдчихсан байсан. Яагаад тэгсэн гэхээр Тохижилт үйлчилгээний компани нь хувьчлагдсан байсан. Тэр нь дүүргийн ажил хийх сонирхол байдаггүй. Хувийн ажлаа илүүд үздэг. Хог ачилтын ээлж хувиар нь алдагдчихсан, хогны менежмент байхгүй болчихсон байсан. Тэгээд “Баянгол Шинэ өргөө” гэдэг орон нутгийн өмчит компанийг шинээр байгуулаад шинээр контор, талбай, 50 машины дулаан граж, 1200 тн-ын багтаамжтай агуулах гээд бүх зүйлийг барьж өгсөн. Одоо баянгол дүүрэгт хогны тухай асуудал байхгүй болсон” гэв.

Баянгол дүүргийн зургадугаар хороонд мөн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн шинэ барилгыг эхлүүлж байгаа гэлээ. Шинээр гэр бүл болж байгаа залуучуудын ёслолыг хийх, шинээр төрсөн хүүхдэд гэрчилгээг нь ёслол төгөлдөр гардуулах, гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээ явуулах ийм барилыг барьж байгаа гэв. Мөн Ахмадын хөгжлийн төвийн барилга энэ намар ашиглалтад орохоор төлөвлөж байгаа зэрэг сонгогдсон дүүрэгтэй олон ажил амжуулж байгаагаа дуулгасан юм.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний ажлыг давхар гүйцэтгэдэг учраас чөлөөт цаг зав тэр бүр гардаггүй гэж байлаа. Цаг зав гарвал долоо хоногт хоёроос доошгүй удаа дугуй унадаг байна. Тэрээр “би дугуйн спортоор 10 гаруй жил хичээллэсэн. Дугуй унаж хөдөлгөөний дутагдлыг нөхөх, нөгөө талдаа дугуй унах маань амралт болдог. Зун загас, жараахайд явдаг байсан. Сүүлийн үед зав ч гарахаа байлаа. Зав гарвал аль нэг аймаг орон нутгаар амжиж очих, иргэдтэй уулзах, аймаг болгонд салбарын харьяа гурван хэлтэс байдаг. Хөдөө эрүүл агаарт, байгалийн сайхан үзээд явах нэг талдаа амралт болдог доо” гэлээ. Биднийг ярилцаж дууссаны дараа яаман дээр хурал зарласан учраас явахгүй бол болохгүй нь гээд яаран гарч явсан юм.

Ж.ГАНЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.