Ч.Чимэдсүрэн: Шийдлийн Засгийн газар Алтанбулагийн чөлөөт бүсийг 100 хувь дэмжинэ гэсэн

Д.Тулга / Улстөр

Алтанбулаг худалдааны чөлөөт бүс 2015 онд ямар ажил хийх юм бэ цаашид Монгол Улсад худалдааны чөлөөт бүс хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэдэг асуудлаар Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.

-"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд хэрхэн богино хугацаанд хөрөнгө оруулалтыг татаж, улс орны экспортын чадавхи, валютын орлогыг нэмэгдүүлэх боломжтой вэ?

-Монгол Улсын Засгийн газар болон УИХ-аас “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг асар богино хугацаанд эргэлтэд оруулах үүднээс Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдрийн байдлаар байнгын хороодоор хэлэлцэгдэж байна. Хамгийн авууштай зүйл, заалт нь тэнд төрөлжсөн банк ажиллуулах тухай юм. Ингэснээр тодорхой хэмжээгээр Монгол Улсын санхүүгийн зах зээлд эргэлт оруулж, гаргах боломжтой. Нөгөөтэйгүүр чөлөөт бүсийнхээ эдийн засгийн эргэлтийг сайжруулахын тулд банк, санхүүгийнхээ хаалгыг нээж өгөх ёстой. Улмаар мөнгөн хөрөнгө төвлөрч, хөрөнгө оруулалт ч нэмэгдэнэ.

-Шинэчлэлийн Засгийн газар чөлөөт бүсийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн. Гэтэл дэмжиж ажиллах Засгийн газар нь тарчихлаа. Энэ асуудалд цаашид шийдлийн Засгийн газар хамтарч ажиллахаа мэдэгдсэн үү?

-Шинэчлэлийн Засгийн газрын 153 дугаар тогтоол гарсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ тогтоол нь ямар ч гэсэн чөлөөт бүсээ нээе, ажиллуулья, туршилтын хугацаандаа хөгжүүлэх чиглэлээр дараа дараагийн шат арга хэмжээгээ авья гэх утгатай тогтоол байсан. Энэхүү туршилтын хугацаа маань амжилттай болсон. Тиймээс одоогийн Засгийн газар чөлөөт бүсийг 100 хувь дэмжиж ажиллахаа албан ёсоор илэрхийлсэн.

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэр өгөөжтэй байж ирсэн бэ?

-Саяхан Концессын тухай хууль батлагдсан. Одоо чөлөөт бүс дээр үлдсэн бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил, чөлөөт бүс доторх зам талбай, төмөр зам, онгоцны буудал, дулааны цахилгаан станц гэсэн томоохон бүтээн байгуулалт хийх зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд чөлөөт бүс доторх зам талбай, төмөр зам, онгоцны буудалд хөрөнгө оруулалт хийх гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа холбогдсон. Тэгэхээр тухайн хөрөнгө оруулагчийг зуучилж оруулж ирсэн чөлөөт бүсийн бүртгэлтэй манай улсын бүртгэлтэй хөрөнгө оруулагчид бий. Тэдэнтэй уялдаа холбоотой ажилласнаар төр, хувийн хэвшлийн үр өгөөж гарна.

-“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс өөрөө хөрөнгө оруулагчдыг татах замаар гадаад худалдааг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх цаашлаад улсын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх гээд асар том зорилготой. Харамсалтай нь бизнесийн аль ч салбарт эрхзүй, бизнесийн таатай орчин бүрдээгүй гэх шалтгаанаар хөрөнгө оруулагчид “дайжиж” байгаа нь нууц биш. Энэ асуудлыг хэр шийдэх вэ?

-Дэлхийд Монгол Улс эрхзүйн тогтвортой байдлаараа нэлээн хойгуур байр суурь эзэлдэг. Цаашид эдийн засгийн чадавхаа нэмэгдүүлэхийн тулд уул уурхайгаас илүү чөлөөт бүсийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал одоогийн эдийн засгийн хувьд хөгжингүй орнуудтай энэ зэрэгцэнэ.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид нь олон улсын хууль тогтоомжоороо эрсдэлгүй үйл ажиллагаагаа явуулах аваас хөгжих бүрэн боломжтой. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд олон улсын хууль үйлчлэх үү, Монгол Улсын чөлөөт бүсийн хууль үйлчлэх үү гэдэг нь тодорхойгүй байна.

–Зөв зохион байгуулвал чөлөөт худалдааны бүсүүдэд ирээдүй бий гэж хүмүүс үздэг. Бодлогын ямар асуудлыг чөлөөт бүсийн холбогдох хууль эрхзүйд багтааж өгөх шаардлагатай байна вэ?

-Нэгдүгээрт мөнгөнийхөө урсгалыг нээх. Өөрөөр хэлбэл банк санхүүгийнх нь зах зээлийг нээх асуудал. Ингэх аваас өөрөө чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт орж ирнэ. Нэгэнт хөрөнгө оруулалт ороод ирсэн тохиолдолд асар богино хугацаанд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал. Дэлхийн томчуудыг цуглуулахын тулд банкыг нь нээж өгөх ёстой. Дараа нь тэр хүнийг тайван амгалан зорчиж ирээд амраад бизнесээ хийж болох боломж нөхцлийг нь бүрдүүлэх ёстой. Ингэж чадвал асар хурдан хөгжих боломжтой.

-Ингэхийн тулд яах ёстой вэ?

-Хамгийн эхэнд бага оврын онгоцны буудалтай болох хэрэгтэй. Төмөр зам шаардлагатай. Бас бүтээн байгуулалт шаардлагатай. Энэ асуудлыг шийдэх аваас боломжтой.

-Чөлөөт бүс хэр урагштай байгааг орон нутгийн хөгжил нь харуулдаг. Харин худалдааны чөлөөт бүстэй холбоотойгоор Алтанбулагийн тохижилтын асуудлыг зогсоочихоод байгаа тухай яриа байдаг.Орон нутгийн хөгжлийг чөлөөт бүс маань дэмжих ёстой байтал тушаад байгаа юм биш биз?

-Орон нутгийн засаг захиргаа хуулиараа явдаг. Чөлөөт бүс бол босоо тогтолцоотой Засгийн газрын агентлаг. Тиймээс заавал орон нутагтайгаа тодорхой зүйл дээр хамтарч ажиллана. Алтанбулаг чөлөөт бүс хөгжсөнөөр сум орон нутаг хөгжинө. 40 гаруй ажлын байр бий болсон.

Б.БУРМАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:53


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.