ОНИГООНД ОРОВ: Бөмбөрцөгийн хүмүүс биднийг харж байгаа шүү

Д.Тулга / Нийгэм

Зураг: Чингисийн талбайд бөөтэй жагсаал 2015 оны хоёрдугаар сарын 09

Гуравхан сая хүнтэй, газрын хэвлийдээ арвин их баялагтай Монгол улс гундуу, иргэдийнх нь дийлэнх дутуу гутуу амьдарч байна. Үргэлжийн стресс бухимдалд нүдүүлсэн, нэг их ааш уур омогтой хүмүүс хэлэх хэлэхгүй муухай хараал амнаасаа урсгана. Хүндлэл, хүлээц хэдийнэ үгүй болчихсон мэт. “Болно доо” гэх бодь сэтгэлийн “хүлээс”-тээ тайвшрах нэгэн байхад багтарч яваа нь түүнээс олон бөлгөө.

Амьдрал хүнд буйгаас аргаа барахдаа Чингисийн талбайдаа олон бөө цуглуулж, аврал эрлээ л гэцгээсэн. “Байгаль эх дэлхийнхээ төлөө” эвлэлдэн нэгдэж бөөлж, эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр арга байгаагүй гэх тэднийг хүмүүс дэмжиж, буруутган, үл ойшоож, бас үзэн ядав.

Моодноос гарсан “өлсгөлөн” одоо манай Монголд л үргэлжилж байна. Урь оруут иргэний хөдөлгөөнийхний дөвчигнөлийг алийг тэр гэх вэ гэхэд бас бодож тунгаах зүйлс ч олонтаа “чарлах” ч үр дүнд төдийлөн хүрдэггүй нь хяслантай.

Өглөгч хүн өөртөө хоосон гэж үнэн. Байгалийн асар их баялгийн эзэн монголчууд Оюутолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн биш өрөнд баригдсан. Түүн лүгээ Тавантолгойгоо ч бас гадныханд тавиад туучихсан байж мэдэх таагүй мэдээллүүд хөврөх болов. Төгрөгийн ханшийн уналт, валютын өсөлтийн гааралтаас улбаатай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн огцом нэмэгдэлтэд хяналт, хязгаар тавих бодлого алга.

Хөлсөө дуслуулан байж ургуулсан ариун тариагаа талбай дээр авчирч асгаад, хоол хүнсээрээ тоглосон хүн өөдлөнө гэдэг юу л бол.

Гадны доншууч нэгэн Монгол улсын хууль дүрмийг уландаа “гишгэлэв”. Түүнд долигонож манайхан элдэв мэдэгдэл, эсэргүүцэл илэрхийлсэн нь эрүүл харагдсангүй. Тэр ч бүү хэл хотын дарга эргэж очин дөвчигнөсөн нь элдвийн хардлага төрүүлээтхэв.

Эх орон газар шорооны төлөө тэмцсэн нэгэнтэй уулзаж санаа тавьж чадаагүй байж гадны гуйлгачинтай очиж уулзаад явдаг бялдууч, эх орноо худалдахаас ч буцахгүй болсон янзын нөхөр вэ. Шүүх шийдвэрээ гаргаад байхад эсгий хийх газар Үүл юу ч билээ хэмээн муучилна билээ...

Хөл толгойгоо мэдэхгүй болоод байгаа бидний үг хэл, үйлдэл бүрийг бөмбөрцгийн хүмүүс тольдон байгаа. Эсэргүүцэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэвч хаа хаанаа нэгийг бодож, нөгөөг тунгаан бодолтой байхад илүүдэхгүй биз ээ. Эс бөгөөс олз, ашиг хайгсдын хармаанд амархан гулсаад орчиж мэдэх.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Зураг: Чингисийн талбайд буудайтай жагсаал 2015 оны хоёрдугаар сарын 04

Зураг: Тавантолгой дээр үүсээд буй монгол улсын хувьцаа


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.