Чингисийн талбайд буудайтай жагсаал болж байна

Д.Тулга / Нийгэм

tarialanchid jagsaal

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооныхон болон тариаланчид Чингисийн талбайд жагсаж байна. Тариаланчид хөлс хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байгаадаа бухимдаж Чингисийн талбай дээр намрын ургацын буудайгаа асгаж бухимдлаа илэрхийллээ. Тэдний зүгээс "Монголын тариаланчид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах чадалтай болсон" гэдгээ мэдэгдэж буй бөгөөд Засгийн газраас импортоор улаанбуудай авах шийдвэр гаргасныг эсэргүүцэж, ийнхүү жагсаж байгаа юм. Мөн төр засгийн энэ шийдвэр нь зөвхөн гурил үйлдвэрлэгчдийн эрх ашгийн төлөө гаргасан шийдвэр гэдгийг хэлж байна.

Жагсагчид Чингисийн талбай дээр авчирсан техник хэрэгслийнхээ дохиог нэгэн зэрэг хангинуулж, төрийн өндөрлөгүүдийг гарч ирэхийг шаардав. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг гарч ирж хариу үг хэлтэл жагсаалаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан МҮОНТ-д ярилцлага өгөхдөө тариаланчдын үүсгээд байгаа энэ асуудал нь сэтгэл хөдлөлөө дараад харахад энгийн харагдаж байгааг хэлж байсан. Тухайлбал, одоо тариаланчдад 70 000 тонн буудай байна. Гурилын үйлдвэрүүдэд дараагийн ургац хүртэл 90-100 мянган тонн буудай хэрэгтэй.

Үйлдвэрүүд энэ 70 мянган тонн буудайн цавуулгийн хэмжээ нь хүрэхгүй байна. 20 мянган тонн цавуулаг өндөртэй буудай гаднаас оруулж ирээд энэ 70000 тонн буудайтайгаа холиод гурил хийвэл чанартай бүтээгдэхүүн гарах боломжтой. Гэтэл тариаланчид 20000 тонныг оруулж ирэхгүй гээд, үйлдвэрүүд 70000 тонн буудайг авахгүй гээд л суучихсан талаар тов тодорхой хэлсэн. Харин тариаланчид дээрх асуудлыг эрс үгүйсгэж байна. Харин ч “Монгол буудайн цавуулаг 26 хувь байдаг. Гэтэл цавуулагийн байвал зохих хэмжээ 23 хувь байдаг” гэж тайлбарлаж байлаа. Өнөөдрийн жагсаалийн талаар “Газар тариалан” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Тогтохдалайгаас зарим зүйлийг асууж тодрууллаа.

-Энэ удаагийн жагсаалаас ямар хариу хүлээж байна вэ?

-Бид энэ удаагийнхаа жагсаалаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байна. Учир нь энэ жил дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахуйц чанартай улаан буудай бэлдчихсэн байхад өндөр үнэтэй, их хэмжээний буудайг импортлож байгааг бид эсэргүүцэж байна. Тариаланчдын бүтэн жилийн хөдөлмөрийг үл тоож үнэгүй болгож байна гэж ойлгож байна. Тиймээс тариаланчдын энэ асуудлыг шийдэж өгнө гэж найдаж байна.

-Тариаланчид гурилын үйлдвэрүүдээс мөнгөө авч чадахгүй байгаа гэсэн. Тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Тариаланчид намраас хойш 300 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүдэд өгөөд байгаа. Харин одоо 70 мянган тонн буудай үлдчихээд байна. Төрөөс гурилын үйлдвэрүүдэд буудайн мөнгөө өг гэж 70 гаруй тэрбум төгрөг өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр тариаланчид мөнгөө авч чадахгүй дараа жилийнхээ ургацтай золгох гэж байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.