Хөлбөмбөгийн холбоонд төрийн төлөөлөл хэрэггүй гэв

Д.Тулга / Спорт

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны ээлжит Их хурал хоёрдугаар сарын 27-нд буюу энэ долоо хоногийн баасан гаригт болно. Энэ удаагийн Их хурлаар МХБХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгох бөгөөд Монголын хөлбөмбөгийн хөгжлийн хувьд шийдвэрлэх үйл явдал болох юм.

Тус холбооны өмнөх Ерөнхийлөгчтэй холбоотойгоор МХБХ-ны нэр хүнд FIFA (Олон улсын хөлбөмбөгийн холбоо) дээр унасан байгаа энэ цаг үед ээлжит сонгуулийг FIFA-raac хүлээн зөвшөөрөгдсөн дүрмийн дагуу шударга явуулж, зөв удирдлага, зөв багийг сонгохын төлөө “Хөлбөмбөгийг хөлбөмбөгчдөд” гэсэн уриан дор үе үеийн хөлбөмбөгчид нэгдэн ажиллаж байгаагаа зарлалаа.

Үүнтэй холбоотойгоор тус холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Мэдрээ, Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид болох Б.Буман-Учрал, Г.Ганхүү, Гүйцэтгэх хороонд нэр дэвшигчид Г.Мөнхчулуун, Д.Тэрбаатар, Ж.Хишигжаргал болон үе үеийн хөлбөмбөгчдийн төлөөлөл болох МХБХ-ны Хүндэт Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны доктор, профессор С.Жамц тэргүүтэй хөлбөмбөгчид МХБХ-ны одоогийн нөхцөл байдал, холбооны удирдлагуудын дүрэмдээ оруулсан хууль бус өөрчлөлтүүд болон их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн дунд улстөрийн албан тушаалтнууд байгаа талаар хэлсэн юм.

Тэдний хэлж буйгаар баасан гарагт болох Хөлбөмбөгийн холбооны их хуралд оролцох төлөөлөгчдийн дотор Ардчилсан намын хүмүүс нэлээд байгаа гэв. Баян-Өлгий, Булган, Дундговь, Өвөрхангай зэрэг аймгийн төлөөлөгч нар бүгд аймгийнхаа АН-ын дарга, нарийн бичгийн дарга, ҮЗХ-ны гишүүд юм байна. Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Даланзадгад хотын засаг дарга, Хөвсгөл, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга, Ховд аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга, Архангай аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга зэрэг улс төрийн албан тушаалтнууд байгаа аж. Эдгээр хүмүүс нь хөлбөмбөгийн спорттой ямар ч хамааралгүй зөвхөн нам, улс төрийн зорилгоор их хуралд оролцох гэж байгаа гэсэн юм. Мөн тэд хөлбөмбөгийн холбоонд төрийн төлөөлөл хэрэггүй гэж үзэж байгаагаа ч дуулгалаа. Их хуралд МХБХ-ноос шалгаруулсан 52 төлөөлөгчид нууц санал хураалтаар Ерөнхийлөгчөө сонгох юм байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.