Монгол, Япон хоёр улсын Эдийн засгийн түншлэлийн шинэ үе эхэллээ

Д.Тулга / Улстөр

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-нд Япон улсын Токио хотноо айлчилж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй гурван жил орчим үргэлжилсэн хэлэлцээний дүнд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан билээ.

-ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛД 36 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛ ОЛГОНО-

Улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам сайжруулах үүднээс энэ удаагийн айлчлалд хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцжээ. Нэн тэргүүнд Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын төсөлд Монголын талын хүсэлтийг үндэслэн 36 тэрбум 850 сая иений зээл нэмж олгохоор болсон. Мөн байгаль орчныг хамгаалах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хоёр шатны хөтөлбөр хэрэгжсэн, энэ төслийн гуравдугаар шатны хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон юм.

Өнгөрсөн даваа гаригт УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад айлчлахаар мордсон. Тэрээр өчигдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай Ерөнхий сайдын өргөөнд уулзалт хийв. Япон улстай бид Эдийн засгийн түншлэлийн гэрээ хийх асуудлыг 2009 оноос хойш ярилцаж байгаа. Төдийлөн шинэ шатанд хүрч чадаагүй хамтын ажиллагаа энэ удаад шинэ үеийг авчирч байна гэхэд болно.

Ч.САЙХАНБИЛЭГ: ЗЭЭЛ БҮРИЙГ ӨР ГЭЖ БИТГИЙ ХАРААСАЙ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус айлчлалыг дүгнэн Эдийн засгийн түншлэлийн талаар өгсөн ярилцлагадаа “Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд Японы том зах зээл, үйлдвэрлэлийн сүлжээнд хөнгөлөлттэй, татваргүй нийлүүлэгдэх бололцоо гарч ирж байна. Үүнийгээ бид 100 хувь ашиглах хэрэгтэй. 1000 илүү хуудастай энэ хэлэлцээрт байгаа олон боломжийг монголчууд бүрэн дүүрэн ашиглах чиглэлд бид ажиллах хэрэгтэй. Эдийн засгийн хэлэлцээр амьдралд хэрэгжих нөхцөл бэлэн боллоо.

Хөшигийн хөндийн нэмэлт зээлийн санхүүжилт авснаар өрийн босго ДНБ-ий 58.3 хувиас өснө гээд асууж байна. Нэмэгдэх шаардлагатай байна, тэгээд одоо яах вэ. Хөшигийн хөндийд барьсан нисэх буудлын барилгад 250 сая доллар зарцуулчихаад, дараагийн 350 сая ам.долларыг авахгүйгээр Яармагийн хүүхдийн эмнэлгийн барилга шиг балгас хэвээр нь үлдээх үү, шийдвэр гаргахаас аргагүй.

Эгийн голын усан цахилгаан станц байна. Өөрөө зардлаа нөхсөн тохиолдолд 1 квт  нь 1.4 центээр эрчим хүч үйлдвэрлэдэг манай эрчим хүчний салбарыг бүтэн болгох төсөл. Энэ төслөө санхүүжүүлэхгүй 58.3 хувь гээд зүгээр сууж байх уу. Засгийн газар ч гэсэн зээл авч бий болсон өр төлбөрөө хурдан хугацаанд төлж, эдийн засгаа тэлээд явах нь хөгжлийн зөв гарц гэж үзэж байгаа. Хэт нэг талыг барьж битгий яриасай.

Зээл бүрийг өр гэж битгий хараасай. Орж ирж байгаа зээлийг яаж зөв зүйлд зарцуулах вэ, зээлийн нэг долларыг яаж гурван доллар болгох вэ гэсэн тохиолдолд  зээл  зөв хөрөнгө оруулалт болно. Гэхдээ мэдээж дан ганц зээлээр явж болохгүй, хөрөнгийн зах зээл, санхүүгийн хоёр дахь зах зээл,  бусад аргуудаар мөнгө босгох, энэ бүх зүйлүүдээ хийнэ. Үгүйсгэлийн үгүйсгэлээр явж болохгүй. Хаана боломж бололцоо байна, тэр бүхний араас Засгийн газар, бизнес эрхлэгчид маань явахаас аргагүй” гэв.

З.ЭНХБОЛД: ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ БҮХ  НООЛУУРАА ЯПОНЫ ТЕХНОЛОГИОР БОЛОВСРУУЛЖ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЬЕ

УИХ-ын дарга З.Энхболд айлчалын үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-д хэлсэн үгэндээ “Монголын зүүн бүсийн төмөр замын төсөлд оролцох хүсэлтэй Японы компаниудад дэмжлэг үзүүлэхийг хүсээд, Ниппон стиль компани нь рельс төмрийг нийлүүлэхэд бэлэн болохоо бидэнд илэрхийлсэн байгаа. Дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг Монголд үйлдвэрлэж байна. Зөвхөн 10 хувийг боловсруулж байгаа тул цаашид Япон улстай хамтран танай улсын технологийг нэвтрүүлж, үйлдвэрлэж буй бүх ноолуурыг боловсруулан зах зээлд нийлүүлэх хүсэлтэй” байдгаа уулзалтын үеэр онцлов.

Т.БАТСҮРЭН

 


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.