Долоон настай эгчийнхээ ачаар амьд үлдсэн охиныг бүрэн эдгээчих юмсан

Д.Тулга / Эрүүл мэнд

-ӨНГӨРСӨН САР ШИНИЙН БАЯРЫН ӨМНӨ ДОЛООН НАСТАЙ ОХИН ДҮҮГЭЭ АВРААД ӨӨРӨӨ АМЬ ЭРСЭДСЭН ЮМ-

Билгийн тооллоор өдийд юм даа. Сар шинийн өмнө гэсэн үг. “Хоёр жаахан охин гэрээсээ төөрч, нэг нь амиа алджээ” гэдэг харамсалтай мэдээ манай сонины редакцид ирсэн. Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч дүү хоёр төөрч, нэг нь осгож амиа алдсан юм. Саахалтынхаа айлд сар шинийн буузыг нь чимхэлцэхээр явсан аав, ээжийнхээ араас бэдэрсэн долоо, таван настай хоёр охин гэрээсээ гурван км-ийн зайд төөрч, цасан шуурганд осгосон. Эгч нь малгайгаа тайлж дүүгийнх дээрээ давхарлан, дараа нь хүзүүнийхээ ороолтоор давхар ороосон байсан. Сүүлд нь хөвөнтэй майк, дотортой өмд, дээл гээд өмсөж явсан бүх хувцсаа дүүдээ давхарлаж өгөөд салхин талд нь бондойтол сууж байгаад бурхан болсон байсан юм. Эгчийнхээ хувцсыг давхарлаж өмссөн дүү нь яг хэвтүүлсэн газарт, талийгаачийн нөмөрт ухаан алдсан байсныг эрлийн баг олсон. Эгч нь дүүгээ аврахын тулд голоо тасартал тэмцсэн нь цасан шуурган дунд ганц дан нимгэн цамцтай үлдсэнээс нь илэрхий байсан. Дүү нь ч эгчийнхээ төлөө дээлийг нь сарвайж байгаад жаварт алгадуулж ухаан алдсан бололтой хоёр охины дунд жижигхэн дээл цасан дээр хэвтэж байсныг эрлийн багийнхан нулимс дуслуулан ярьж байв. Талийгаач охины баатарлаг үйлсийн талаар “Өдрийн сонин” өнгөрсөн оны гуравдугаар сард “Долоон настай охин дүүгээ аврахын тулд голоо тасартал тэмцжээ” цуврал нийтлэл хүргэж байсан билээ. Уг нийтлэлийн мөрөөр эгчийнхээ ачаар амьд үлдсэн охинд олон хүн тусалсан. УГЖ С.Жавхлан хандивын тоглолт хийж орлогоо охины эмчилгээнд хандивлаж байлаа. “Нэг ардчилал клуб”-ийн залуус, “Төрийн тусгай хамгаалалтын газар”-ын албан хаагчдаас эхлээд дунд сургуулийн нэг ангийнхан хүртэл сэтгэлийн дэм өргөж, охины эмчилгээнд мөнгөн тусламж үзүүлснийг манай сонин тухай бүрт нь мэдээлж байсан. Олон түмний дэмээр, эмч нарын буянаар охин дөрвөн удаа мэс засалд орж хөл дээрээ босч чадсан. Одоо сургуулийн сурагч болсон. Гэхдээ охины баруун хөлийн тавхай, баруун гарын хурууг тайрахаас аргагүй байсан юм. Мэс засал хийж байхад нөхөгдөх магадлалтай гэж байсан ч охины гар, хөл нь мухар болжээ. Өнгөрсөн зун Солонгосын эмч нар ирээд “Нөхөн сэргээх мэс засал хийх боломжтой, хиймэл хуруу хийдэг. Хүүхэд битгий хэл том хүний гар хөлийг бүтэн болгосон туршлага бий” гээд буцжээ. Нөхөн сэргээх мэс заслын өртөг нэлээд өндөр гэдгийг ч учирласан байна. Охинд туслахаар БНСУ-ын Хүмүүнлэгийн Сарангбат хэмээх байгууллага солонгос иргэдээс хандив цуглуулж эхэлжээ. Ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл хандиваа өргөж болох юм байна. Одоогоор таван сая шахам вон цугласан байгаа мэдээ ирлээ. Монгол охины төлөөх солонгосчуудын сайхан сэтгэлийг дурьдалгүй өнгөрч болохгүй. Долоон настай эгчийнхээ ачаар амьд үлдсэн охиныг бүрэн эдгээчих юмсан гэсэн сэтгэл монголчуудад ч бий. Тиймээс бид охины аав ээжтэй холбоо барилаа.

-ХЭДЭН МАЛАА ТУУЖ ИРЭЭД ХОТЫН ЗАХАД ТӨВХНӨЧИХӨЖ-

С.Хонгорзулыг өнгөрсөн жил эмнэлэгт хоёр сар гаруй эмчлүүлж байхад холбоотой байсны хувьд аавынх нь утас руу залгалаа. Аав З.Сансарбаяр нь “Охиноо эмнэлэг, сургуультай ойр байлгая гээд хотод нүүгээд ирчихсэн. Манайхыг олох болов уу даа, Баянзүрх уулын энгэрт өвөлжиж байна. Айлын хашаанд байгаа болохоор хаягийг нь мэдэхгүй юм. Баянзүрхийн товчоогоор гараад “Ногоон зоорь”-ны ойролцоо ирээд яриарай” гэлээ. Заасан газарт нь очоод утас руу нь хэд, хэд залгалаа. Гэрийнх нь тэнд утасны сүлжээ сайн барьдаггүй болохоор салж, нийлээд сандаргалаа. Хайсаар очвол юуных нь хашаа байх вэ, Баянзүрх хайрханы энгэрт гурван айл өвөлжөөнд байгаа юм шиг буучихаж. Харин малын хашаа зассан байна лээ. З.Сансарбаярынх том гэрээ төлөг, борлонгийн “пин” болгожээ. Бог малаа хашаанд хашдаг гэнэ. Гэрийнхээ гадна жаахан мод овоолчихож. Хэдэн борлон гэр нөмөрлөнө. Тээр хол хотны нохойгоо уячихаж.

Гэрийн эзэнтэй мэнд мэдэлцэж ойр зуурын яриа өрнүүллээ. Тэр зуурт С.Хонгорзул охин зүүн орон дээрээ цомцойн сууна. Зүүн гараараа баруун гараа тас атгачихаж. Ер тавихгүй юм. Ээж нь “Миний охин аяга аваад өг” гэхтэй зэрэгцэн ухасхийж хоёр аяга угаагаад өглөө. Аягыг мухар гараараа эвлэгхэн барьж байгаад угаачих юм. Аав нь “Охин бид хоёр өнгөрсөн цагаан сараас хойш хотод, эмнэлэгт хаваржсан шүү дээ. Олныхоо дэмээр охиноо хөл дээр нь босгоод тавдугаар сард харьсан. Хариад хэдэн ямаагаа самнаж аваад хот руу дөхье гэж шийдсэн хэрэг. Хөдөө байхаар талийгаач охиндоо харамсаад барахгүй юм билээ. Үлдсэн муу охиноо, түүнийхээ ах эгчийг хот газар бараадуулъя гээд хэдэн малаа туугаад ирсэн. Малтай айл хотод амьдрах хэцүү юм. Хамаатныхыгаа бараадаад хүүхдийн сургуульд ойр гээд энд төвхнөсөн. Ирснийхээ дараа гурван үхрээ хулгайд алдчихсан. Одоо хэдэн богоо хариулаад болж л байна” гэж ярилаа.

Тэднийх гурван хүүхэдтэй. Том охин нь 18 настай. Коллеж төгссөнийхөө дараа цэцэрлэгийн туслах багшийн сургалтад суусан гэнэ. “Ядаж энийгээ ажилд оруулчихвал нэмэртэй юм. Гэтэл цэцэрлэгийн туслах багшийн ажил олддоггүй. Бид гурав, гурвуулаа ажилгүй. Яваандаа хотод дасах биз ээ” гэж гэрийн эзэгтэй ярианд оролцов. Удаах хүү нь долоон настай. Өнгөрсөн жил сургуульд оруулсан ч С.Хонгорзулыг олон сар эмчлүүлэхэд бүлгүйдээд гаргачихсан гэнэ. Тиймээс одоо С.Хонгорзултай хамт нэгдүгээр ангид сурч байгаа. Тэр хоёр “Баянзүрх цогцолбор бага сургууль”-д сурдаг юм байна. Гэрээсээ хоёр, гурван км алхаж байж сургуульдаа хүрдэг бололтой юм.

С.Хонгорзул: БАРУУН ГАРААРАА БИЧМЭЭР САНАГДДАГ

С.Хонгорзул тун дуу цөөнтэй юм. Ээж нь “Олон хүн ирэхээр дуугаа хураачихдаг юм. Гэрийнхэн дундаа бол сэргэлэн, яриа хөөрөө сайтай” гэлээ. С.Хонгорзул бид хоёрын дунд ийм яриа өрнөлөө.

-Сургуулийн сурагч болчихож ээ. Хамгийн сүүлд ямар үсэг үзсэн бэ. Их гоё бичдэг юм байна.

-Шаазгай гэдэг үгэнд ордог Ш үсэг үзсэн. Багш намайг зүүн гараараа бичиж сур гээд байгаа. Би зүүн гараараа бичиж сурч л байгаа. Гэхдээ баруун гараараа бичмээр санагдаад байдаг юм. Балаа эрхий хуруу, гар хоёрынхоо дунд хавчуулаад бичиж чадна. Танд бичиж үзүүлэх үү (Ингэж хэлээд мухар гараараа эвлэгхэн гэдэг нь Ш үсэг бичиж үзүүллээ).

-Мундаг охин байна. Миний дүү ямар мэргэжилтэй болох вэ?

-Эмч болно. Гэхдээ хүүхдийн эмч.

-Яагаад?

-Намайг эмчилсэн Эрболд, Бат-Эрдэнэ хоёр ах шигээ мундаг эмч болно (Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн их эмч). Тэгээд тэр хоёр шиг олон хүүхдийг эмчилнэ. Бас Эрболд, Бат-Эрдэнэ хоёр эмчдээ баярлалаа гэв. Ингэж ярьсныхаа дараа Хонгороо бидэнд сургуульд сурсан дуугаа дуулж, шүлгээ уншиж өглөө.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

www.DNN.MN


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:56

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:56


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.