Монгол хэлний цахим тайлбар толийн эхний хувилбар бэлэн болжээ

Д.Тулга / Боловсрол

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, түүний үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтран гүйцэтгэж буй Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбар бэлэн болсныг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Монгол хэлний цахим их тайлбар толь бүтээх ажлын явцын талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд танилцууллаа. Тэрээр уг толийн талаар танилцуулахдаа “Эх сайхан монгол хэл үе үеийн туршид монгол түмнийг минь нэгтгэж, хөгжлийг маань хурдасгадаг гол хүчин зүйл болсоор ирсэн билээ. Иймээс монгол хэлний тайлбар болон орчуулгын толь, нэр томъёоны толийг зохион боловсруулж нийтийн хэрэглээнд гаргах нь манай хэл бичгийн эрдэмтдийн анхаарлын төвд байсан юм. Даяаршлын орчинд эх сайхан монгол хэлээ авч үлдэж, хойч үедээ өвлүүлэх давхар хариуцлага хүлээж байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар бид Монгол хэлний цахим их тайлбар толь бүтээх ажлыг эхлүүлээд байна.

Энэ толийг цахим хэлбэрээр гаргаж байгаа нь эх хэлээ гэсэн хүн бүхэн орж, толь бүтээх ажилд бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагийн илрэл юм. Та бүхэн үгсийн утгыг нэмэн дэлгэрүүлэх, өөрийн нутгийн аялгууны өвөрмөц нандин үгс, холбогдох мэргэжлийн нэр томьёо, нийгмийн олон талт хөгжлийг даган гарч буй шинэ үгийн утгын тайлбарыг жишээ, зургийн хамтаар толийн санд нэмж оруулах бүрэн боломжтой юм. Уг толийг бүтээснээр бид монгол хэлээ шинжлэх ухааны үндэстэйгээр нийгмийн үүргийг нь өндөржүүлж, олон түмэнд хүргэх давхар давхар зорилгыг агуулж байна” гэлээ.

Эхний байдлаар цахим тольд 60 гаруй мянган толгой үг, 80 гаруй мянган хоршоо, холбоо үг, хэвшмэл хэллэгийг багтаасан байна. Цаашдаа “Монгол уран зохиолын дээж” 108 ботийн үг хэллэг, өдөр тутмын тогтмол хэвлэлийн болон улс төр, шинжлэх ухааны үг хэллэгийг дэлгэрэнгүй оруулахаар болжээ. Танилцуулгын дараа цахим толийн бүтэц, зохиомжийн талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Пүрэвсүрэн тайлбарлав.

Монгол хэлний цахим их тайлбар толийг бүтээх ажил 2014 оын 12 дугаар сарын 17-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг төсөл төлөвлөгөөний дагуу 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бэлэн болох юм.

Энэ цаг мөчөөс эхлэн уг толийг дэлхийн хаанаас ч www.mongoltoli.mn, www.монголтоль.мон гэсэн цахим хаягуудаар орж үзэх боломжтой бөгөөд хүссэн хүн бүхэн нутгийн аялгуу, ажил мэргэжлийн онцлог үгийг кирил, монгол үсгээр, боломжтой бол тайлбар, жишээ, зургийн хамт байршуулж баяжуулж болох юм байна. Үгийн хайлтыг кирил, монгол бичгийн аль алиар нь хийж болох боломжийг бүрдүүлжээ. Хэрэглэгчид уг цахим хуудаст зочилсноор сонирхсон үг болон тухайн үгийнхээ утгыг нэмэн тодруулсан утга зохиолын жишээ, монгол бичгийн бичлэгийг харж, утга зохиолын хэлний зөв дуудах зүйд нийцсэн дуудлагыг сонсох юм. Толь бичиг бэлэн болсны дараа ч олон нийтийн оролцоотойгоор цаашид улам бүр өргөжин хөгжсөөр байх нь уг бүтээлийн онцлог юм.
Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.