“Богдхан” төмөр зам, “Улаанбаатар” холимог тээврийн ложистик төвийг байгуулна

Д.Тулга / Эдийн засаг

munhtur

Засгийн газар өчигдөр хуралдаж хэд, хэдэн шийдвэр гаргасан байна. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Рашаант өртөөнөөс салбарлан Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор тойрон гарч Мааньт өртөөтэй холбогдох “Богдхан” төмөр замыг барих урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг бэлтгэжээ. Энэхүү төмөр замын шинэ шугамаар дамжин өнгөрөх болон бусад ачаа тээврийг явуулж, Улаанбаатар хотын дундуур өнгөрч байгаа төмөр замын одоогийн шугамаар зөвхөн олон улсын болон орон нутгийн зорчигчийн галт тэргийг явуулахаар төлөвлөсөн байна. Ачааны галт тэргийг хот дундуур явуулахгүй болсноор авто тээврийн хэрэгслүүд босоо тэнхлэгийн замуудаар саадгүй нэвтэрч, замын түгжрэл буурна гэж үзэж байгаа аж. Төмөр замаар бүх төрлийн хортой, тэсэрч дэлбэрэх аюултай, химийн хортой ачаанууд дайран өнгөрч, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа асуудал шийдэгдэх юм. Мөн зүтгүүрийн ажиллагаа, нүүрсний тээвэрлэлт зэргээс агаар болон хөрсөнд үүсгэдэг их хэмжээний бохирдлыг бууруулах аж.

Нийслэлийг дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг хотын зорчигч тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлснээр нийтийн тээврийн хоёр дахь урсгалыг бий болгох боломж бүрдэнэ. Төмөр замын зорчигч үйлчилгээний төвийг хотын захад шилжүүлж, төмөр зам, хөнгөн галт тэрэгний зангилаа дээр хот хоорондын авто тээврийн тээврийн зорчигчийн нэгдсэн терминал байгуулах боломжтой болох бөгөөд тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбоотой томоохон аж ахуйн нэгжүүдийн ачааны терминалуудыг хотоос гаргаснаар 1000 орчим га газар чөлөөлөгдөнө гэж тооцоолжээ. Мөн төмөр замын шугам Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны буудалтай холбогдсоноор Улаанбаатар холимог тээврийн ачааны нэгдсэн терминал төмөр зам, АН-3 хурдны авто зам баригдах юм. Улаанбаатар холимог тээврийн ачааны нэгдсэн терминалыг Хөшигийн хөндийд барьснаар ачааны урсгал нэмэгдэж, шинэ онгоцны буудал руу тавигдах хурдны замыг концессын гэрээгээр байгуулж, замын хураамжаараа хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой гэж тооцож байгаа аж.

“Богдхан” төмөр зам болон “Улаанбаатар” холимог тээврийн ложистик төвийг барьж байгуулах техник, эдийн засгийн үзүүлэлт, зураг төслийг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаатайгаар хийлгэх ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгаж, Ложистик төвийг барьж байгуулах хөрөнгийн асуудлыг Азийн хөгжлийн банктай эцэслэн тохиролцож шийдвэрлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгожээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.