Аналоги системийн нэвтрүүлэгч станцуудыг унтраана гэв
-ТООН ТЕЛЕВИЗИЙН ХУВИРГАГЧ ТӨХӨӨРӨМЖИЙГ АЙЛ ӨРХҮҮД 50-70 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВНА-
Өнөөдөр мэдээллийн технологийн салбар өдөр, цаг, минут тутам асар хурдтай хувьсан өөрчлөгдөж, хөгжиж байна. Энэхүү хурдацтай хөгжлийг дагаад Монгол Улсын радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) болон Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас (МТШХХГ) санаачлан эхлүүлсэн. Мөн орон даяар суурилуулсан 371 тоон телевизийн дахин дамжуулах станцыг ашиглалтад хүлээн авчээ.
Монгол Улсын нийт өрхийн 35 хувь буюу нийслэлд 74 мянга гаруй айл өрх, орон нутагт 96 мянга гаруй айл өрх энэхүү тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах нэмэлт төхөөрөмж худалдан авах шаардлагатай байгаа аж. Харин олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлэг дахин дамжуулах үйлчилгээ эрхлэгчидтэй байгуулсан гэрээний үндсэн дээр сар бүр төлбөр төлж интернет телевиз (IPTV), кабелийн телевиз, агаарын олон сувгийн телевиз болон хиймэл дагуулын телевизийг хүлээн авч үзэж буй айл өрхүүдэд нэмэлт төхөөрөмж худалдаж авах шаардлага гарахгүй.
Тоон телевизийн хувиргагч төхөөрөмжийг долоон аж ахуйн нэгж худалдаалах зөвшөөрөл авчээ. Энэ төхөөрөмж нь техникийн боломж, үзүүлэлтээсээ шалтгаалан зах зээлд 50-70 мянган төгрөгийн үнэтэй зарагдах хандлагатай байна. 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр аналог нэвтрүүлэгчийг унтраах аж.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:09
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:09