Р.Жигжид: Хөрөнгө оруулагчид яг юу хүсч байгааг хэлэх боломжгүй байна -ТАВАНТОЛГОЙ

Д.Тулга / Улстөр

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан билээ. Энэ сарын 5-нд хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээ эхэлсэн. “Тавантолгойн хэлэлцээр эхэллээ” гэдэг нь манай улсаас гадны хөрөнгө оруулагчид, дэлхийн зах зээлд хүргэж буй зөв, сайн мэссэж гэдгийг Монгол Улсын сайд М.Энхсайхан онцолсон билээ. Хэлэлцээрт талууд “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтжээ.

“Хөрөнгө оруулагчаар шалгарсан компаниудад Тавантолгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж барих, 2.5 жилд нүүрсний орд газарт 30 сая тн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих санал өгсөн. Түүнээс гадна “Чалко”-гийн өрийг шийдвэрлэхэд оролцохоо илэрхийлсэн байна. “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компанийн ажилтан, ажилчдыг Тавантолгой төсөлд ажиллуулах, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх аж.

Одоогоор Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан талтай хэлэлцээ хийх ажил үргэлжилж байгаа юм. Ажлын хэсэг “Тавантолгойн уурхай, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа”, “Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам” гэсэн дэд хэсгүүдэд хуваагдан, хөрөнгө оруулагчаар шалгарсан консерциумын талтай уулзалт зохион байгуулсан юм.

Дэлхийн зах дээл дээр нефтийн үнэ буурч байгаатай холбоотойгоор манай улсад шатахууны үнэ буурах боломжтой эсэх талаар Уул уурхайн сайд Р.Жигжидээс тодрууллаа.

-Тавантолгойн хэлэлцээр ямар түвшинд явна вэ?

-Ид үргэлжилж байна. Энэ долоо хоногт хоёр талын танилцуулгыг сонссон. Энэ үеэр Эрдэнэс Тавантолгой, Тавантолгойн ордын өнөөгийн байдлаар “Монголын төмөр зам” компани төмөр замын ажлын явцынхаа талаар танилцуулаад, нөгөө талаасаа ерөнхийдөө хөрөнгө оруулалтын хэлэлцээр, концессын гэрээнийхээ ерөнхий нөхцөлийн талаар танилцуулга хийсэн. Үүний дараа ажлын хоёр дэд хэсэг байгуулагдаад, төмөр замын чиглэлээр болон ордын ашиглалтын чиглэлээр яриа хэлэлцээ явуулж байгаа. Одоогоор нэгтгэсэн мэдээллийг том ажлын хэсэг дээр хараахан сонсоогүй байна. Энэ төслийг Монгол Улсын сайд М.Энхсайхан удирдан явуулж байгаа. Удахгүй хурал зарлаж, ажлын хэсэг дээр яригдах байх.

-Хэлэлцээний үеэр Чалкогийн өрийг төлөх, 30 сая тонн нүүрс угааж гаргах зэрэг манай талаас гаргаж буй саналуудыг хүлээж авч байгаа гэсэн. Нөгөө талаас манайд ямар саналууд тавьж байгаа вэ?

-Өнгөрсөн жил Засгийн газрын 268 дугаар тогтоол гарсан. Тэр тогтоолд тодорхой заалтууд орсон. Жишээ нь, 2.5 жилд 30 сая тонн нүүрс угаах хүчин чадлыг бий болгоно. Төмөр замыг 31 жилийн дараа суурь бүтцийг нь төрийн өмчит компани 30, 51 хувиар эзэмшинэ. Чалкогийн өрийг шийдвэрлэх гэх мэт асуудлуудыг хүлээж авсан болохоор энэ консерциум гарч ирсэн гэж ойлгож байгаа. Анхнаасаа тендер зарлахдаа энэ нөхцөлүүдийг тавьсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг нөгөө тал хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Нөгөө талаас яг юу хүсч байгаа талаар нарийн зүйлүүд рүү орж амжаагүй, ярих боломжгүй байна. Одоо хөрөнгө оруулалтын ерөнхий төслийг аваад, манай дэд ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Эндээс гарсан санал дээр дээд ажлын хэсэг ажиллаад, саналаа нэгтгэсний дараа илүү тодорхой болох байх.

-Гадаадад газрын тосны үнэ унаж байхад Монгол Улсад бензиний үнэ буухгүй байна гэж яригдаж байна. Бензиний үнэ буух боломж байна уу?

-Бид газрын тосны хангалт, үнийг тогтвортой байлгах бодлого барьж ирсэн. Үндсэндээ хоёр жилийн хугацаанд тогтвортой байлаа. Хуучин хоёр жилийн өмнө дэлхийн зах зээл дээр бид 300-гаад долларын үнэтэй авч байсан юм билээ. Тэрийг яриа, хэлэлцээр явуулсны үндсэн дээр буулгаж чадсан. Зах зээлийн бодит үнэд тулгуурлаж авдаг болсон. Манайх нефть бүтээгдэхүүнээ 100 хувь гадаадаас авдаг болохоор аль болохоор үүнийг тогтвортой хангаж байх ёстой. Түүхий нефтийн үнийн бууралт гэдэг янз бүрийн учир шалтгаантай байж болзошгүй юм.

-Тодруулбал?

-Улс төрийн болон гадаад бодлоготой холбоотой. Тэр их савлагааг бид шууд хүлээгээд авах нь сайн биш. Тийм учраас аюулгүй байдал талаасаа аль болох тогтвортой байлгах бодолтой байгаа. Мэдээж хэрэг үнэ хямдраад ирэхээр татварын зохицуулалт хийдэг. Энэ утгаараа Монгол улсад, Монголын ард түмэнд хохиролгүй байхаар л зохицуулж яваа гэж бодож байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:54


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.