Ц.Элбэгдорж: Монголын төр бүтээгчдээ өмөөрөхөөс ичих ёсгүй

Д.Тулга / Улстөр

elbeg

УИХ-ын үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр “манай малчид нэгдэл хувьчлагдсанаас хойш мал сүргийнхээ тоог анх удаа хоёр нугалж өсгөлөө, тариаланчид, ногоочид маань бахдам сайхан амжилт гаргалаа. Сүүлийн 17 жилд байгаагүй арвин ургац хурааж авлаа. Манай улсын худалдааны тэнцэл эерэг гарлаа. Үүнд эдийн засгийн агшилт, хөрөнгө оруулалтын бууралт нөлөөлсөн тал бий. Гэвч бид дотооддоо илүүтэй хийж, бүтээж үйлдвэрлэж эхэллээ. Эдийн засгийн хямралт байдлыг сөрж, Монголдоо хийж бүтээж, үйлдвэрлэж болох юм байна гэсэн итгэл иргэд, манай бизнес эрхлэгчдэд бий болж байна. Энэ бол их сайн мэдээ. Баялагаа боловсруулалгүй гаргавал хямралд бүтэн өртдөг, хагас боловсруулаад зарвал хагас хямардаг. Бүтэн боловсруулж чадвал хямралд бага өртдөг. Өөрсдөө үйлдвэрлэж, бүтээж, өөрийн болон бусдын хэрэгцээг хангаж чадвал хөгжил ирдэгийг бидний явж ирсэн зам, сургамж бэлээхэн нотолж байна. Гадаад бодлогын орчинд бид өнгөрсөн жил ахиц амжилттай байлаа. Хоёр хөрштэйгээ харилцах бидний харилцаа идэвхижиж, сэргэх бодитой эхлэл тавигдлаа. Манай хоёр хөршийн төрийн тэргүүн тус бүрийн айлчлалаа хийж тал, талын харилцаанд хүлээгдэж байсан олон асуудлыг дээд түвшинд хэлэлцэж шийдвэрлэж чадлаа” гэлээ. Түүний хэлсэн үгийг гол, гол ишлэлүүдийг онцолж байна.

-Хүн бүр хувь заяандаа эзэн байж, ажлаа сайн хийж чадвал энэ л манай орны өөдлөн дэвжихийн суурь болж байна.

-Монгол Улс хөгжин дэвжинэ гэдэгт би итгэлтэй байна.

-Эвлүүлэх хэцүү, эвдрэлцэх амархан болохыг бид хангалттай үзлээ.

-Бүтээх бүр хэцүү, нураах зогсоох хичнээн хялбар, бас хорлонтой болохыг амсахаараа нэг болж байна.

-Бид Монголын зовлонг нимгэлэхийн төлөө зүтгэх ёстой болохоос биш нэмэх ёсгүй.

-Бид алдсан цаг хугацаанаасаа, алдсан боломжоосоо сургамж авч байна гэсэн үг.

-Цаг хугацаа бол манай өнөөгийн нөхцөлд хамгийн чухал хөрөнгө оруулалт. Алдсан цагийн хором бүр гадаадын мөнгөн тэмдэгтийн тооноос ч үнэтэй бидэнд тусч байна. Энэ бүхний төлбөрийг манай иргэд дордсон амьдралаараа, мөнгөө алдаж, ажлаа алдаж, хөрөнгөө үнэгүйдүүлж, хүүхэд эхнэрээ нөмгөн гүйлгэж, нийтээрээ бухимдаж алдаж төлж байна. Үүнээс том сургамж яаж байх билээ.

-Эдийн засаг бол сонгуулийн амлалтаар хоосон уриа, цээжээ дэлдэлтээр биш мөнгөөр бодит хохирол, төлбөрөөр хэмжигддэг. Энэ бол том сануулга том сургамж, Бид алдаагаа давтахгүй байх ёстой.

-Бид хувь улс төрчийн болон бүлэглэлийн тоглолт балмад үйл ажиллагааг амжилт ололт гэж андуурч болохгүй. Харин мөнгөөр төлбөр нь үнэлэгдэж байгаа бүхнийг Монголын хохирол гэж тооцох ёстой.

-Улсаа, Монголоо хохироож болохгүй. Ийм зүйлд хэмжээ, хязгаар байх ёстой.

-Бид эвдрэлцсэн үедээ уруудаж, доройтож байсан. Харин эвлэсэн үедээ сэргэж, урагшилж байсан. Бид Их гүрнээс буурай улс болтлоо бууж үзсэн. Өнөөгийн бидэнд түүх цаг хугацаа нь бүтээх, шийдэх дээр нэгдэхээс өөр сонголтыг үлдээсэнгүй.

-УИХ-ын гишүүд бол Монголын их ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн. Та бүхний гаргаж байгаа шийдвэрээр Монголыг төсөөлдөг. УИХ, Засгийн газрын гишүүний хэлж буй үг, хийж буй үйлдлээр дамжуулж манай улсыг тольддог. Улсаа төлөөлж шийдвэр гаргах эрх бол чухал эрх. Тэр тусмаа манай Үндсэн хуулиар хууль тогтоох эрх бол зөвхөн УИХ-д л байдаг ганцхан хувь эрх юм. Монголын хувь заяаг шийдэлцэх эрх бол ховор эрх. Монголд ийм эрхтэй хүн УИХ, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчөө нэмээд 100 хүрэхгүй. Ийм эрхтэй төрийн албан хаагч бол зөвхөн улс орны дээд эрх ашигт үйлчлэх ёстой. Тэр бол ард түмний нийтлэг эрх ашиг. Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хөгжиж, дэвжих эрх ашиг гэж хардаг.

-Хувийн хэвшлийг хонь гэж хардагаа боль. Төр өөрөө чоно шиг аашилдагаа болих хэрэгтэй.

-Манай дарга нар тууз хайчлахдаа дуртай. Харин бүтээгчдийн хаалгыг хүлсэн хүлээсээ давхар хайчилж хаяач гэж тэд шаардаж байна.

-Бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжиж байж л төрийн байгуллага, төрийн албан тушаалтан оршихуйн ёс зүйтэй болдогийг мартаж болохгүй. Юм хийх бүтээх гэсэн иргэдээ Монголын төр хамгаалах ёстой.

-Монголын төр бүтээгчдээ өмөөрөхөөс ичих ёсгүй.

-Төрөө засахын тулд төрдөө хариуцлагыг авчрах ёстой.

-Монгол Улс нэр төртэй орон байя гэвэл хариуцлагатай улс болох ёстой. Бурханаа бүтээгээд шүншгийг нь хаяж болохгүй. Гэрээ бариад галаа мартаж болохгүй.

-Бүсээ дээрээсээ эхэлж чангалъя. Өрхийг оройгоос нь татдаг. Надаас эхлээд төсвөө таная. Ерөнхийлөгчийн, гишүүний, сайдын төсөв яаж тэлсэн, яаж хассан тийм хэмжээгээр бусдаас тэгэж шаардая.

-Ардчилсан нийгэм бол хуульгүй нийгэм биш. Харин албан тушаалтны алхаа гишгээ бүрийг хүртэл хуулиар тогтоосон хариуцлага тооцдог нийгэм. Ардчилал бол хэлбэрэлтгүй хэрэгждэг хууль, хэм хэмжээ, хариуцлага, хатуу сахилга бат, өндөр ёс зүй юм. Шинэчлэлийн хэцүү нь шинийг хийхэд биш, хуучнаасаа салахад байдаг.

-Сайн соёл, сайн үнэлэмж бол нийтийнх байдаг. Үнэт зүйлтэй хүн, нийгэм үнэ цэнтэй байдаг. Ардчилсан нийгэмд ганц хүн соёлыг бүтээх, гайхамшигийг цогцлоох боломжгүй. Манайхан ч “ганц хүн гал болдоггүй” гэж ярьдаг. Төрийн сайн соёл, олны сайн уламжлал бол цагийг эзэгнэн оршдог юм. Хувийн онцгойрсон тоглолт нээлттэй нийгэмд хувь хүнтэйгээ л дуусдаг. Нийгмээрээ бүтээсэн, нийтээрээ олсон ололтыг нээлттэй нийгмийн үнэт зүйлд тооцдог юм.

-Хамтарч Засгийн газраа байгуулсан намууд бусдын хатгаас, дарамт, саналаар нийлсэн эр эм хоёр шиг ааш гаргаад байж болохгүй. Сэтгэлээсээ улс орныхоо хүндрэлтэй асуудал, ард иргэдийн зовлонд хандах ёстой.

-Сайн сайхан ойрхон байдаг, муу муухайгаас салж болдог гэдэгт би итгэдэг. Та бүхнийг улс орноо эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс гаргаж, уруудал бууралтыг зогсоож, бас ололт амжилт, хөгжлийн урт удаан суурийг Засгийн газартайгаа хамтраад тавьж чадна, тийм шийдвэрүүдийг гаргаж чадна гэдэгт би итгэж байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.