САНАЛ ДЭВШҮҮЛЬЕ: Машин ачихаасаа өмнө утсаар ярьж анхааруулдаг болъё!

Д.Тулга / Нийгэм

-АМДАЖ ЗОГСОЖ БАЙГААД Л АЧААД ЯВЧИХНА-

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд зогсохыг хориглосон газарт зогссон автомашиныг ачиж, журамладаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Тус журам хэрэгжиж эхэлснээр эерэг үр дүн нэлээдгүй гарч буй. Гэсэн хэдий ч уг ажил өнөөг хүртэл иргэдийн уур бухимдлыг барж, хэл ам таталсан хэвээр байна.

Жолооч нар машин ачиж, түгжих явдал орлогын төлөө хэт их улайрах үйлдэл болж байгаад ихэд бухимдах болжээ. “Машиныг чинь ачлаа” гэсэн алгын чинээ цаасыг ойр хавийн хашаа, байшин гээд юунд ч хамаагүй тогтоочихдог. Нөгөөдөх нь салхинд хийсээд алга болчихно. Гараад ирэхэд машин ч үгүй, цаас ч үгүй. Хэн аваад явсныг нь бүү мэд. Хулгайч нь аваад явсан уу, ачигч нь чирээд явчихав уу алийг нь мэдэлгүй хоцорно. Ингээд бөөн эрэл сурал болсны эцэст арай гэж машиныхаа сураг чимээг гаргадаг. Дээр нь машинаа олж авах гэж хагас өдрийн ажил болдог. Ийм л нэг хачин байдал олон хүний уур уцаар, цаг завыг барсаар байх юм.

-ГУДАМЖИНД ЗОГСОЖ БАЙСАН МАШИНЫГ ХҮРТЭЛ АЧИЖ БАЙНА-

Тээврийн хэрэгсэл ачих ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гадна зургаан компани хийдэг. Машин ачих, түгжих үйлчилгээг албаны жолооч, техникийн ажилчдад тухайн тээврийн хэрэгслийг зогссон газраас ачих эрх байдаггүй аж. Тэд үүргийн дагуу хуваарилж өгсөн газруудаар явж, зөөж тээвэрлэх ажлыг гүйцэтгэдэг. Гэтэл сүүлийн үед ачих, түгжих үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд хэт мөнгөний төлөө улайрч хаа хамаагүй газраас дур зоргоороо иргэдийн машиныг ачих болжээ. Бүр гудамжинд гэрийнхээ үүдэнд зогсож байсан машиныг хүртэл ачаад явсан тохиолдол гарсан байна. Энэ байдал жолооч нарын зүрхэнд оржээ.

Яаруу сандруу ажилтай эмнэлгийн үүдэнд түр зогсохыг бүр андахаа байсан аж. Тиймээс жолооч нар яарч сандарсан үед хүмүүсийн зовлонгоор далимдуулж дээрэмдэж байна гэж бухимдах нь арга ч үгүй биз ээ.

Олон нийтийн цахим хуудсаар ачуулаад явж байгаа машиныхаа араас гүйж буй, өмнө нь явуулахгүй гээд алдлаад зогсож байгаа жолооч нарын олон зургийг харсан байх. Хамгийн сүүлд гэхэд нэг бүсгүй төв “Голомт” банкны үүдэнд ачуулсан машинаа авуулахгүй гээд өмнө нь уйлаад сууж байсан. Хүнд юу ч тохиолдож болно. Яаруу сандруу, аминд тулсан ажилтай явсан ч юм билүү.

-ӨНГӨРСӨН ОНД ТОРГУУЛИАС ОЛОХ ОРЛОГО НЭМЭГДЖЭЭ-

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өдөрт 40-50 машин ачдаг гэдэг. Гэвч бодит байдал дээр нэг дүүргээс ийм тооны машин ачиж байна хэмээн жолоочид хэлэх юм. Машин ачих үйлчилгээний тариф үнэтэй байна гэсэн иргэдийн гомдлын дагуу 55 мянган төгрөг болгон бууруулж, мөн арай хямд буюу 20 мянган төгрөгийн үнэтэй түгжих үйлчилгээ хүртэл бий болгосон.

Иргэд журамлуулсан машинаа хааш нь авч явсныг мэдэхийн тулд 1800- 1200 дугаар залгаж мөнгөө хийх дансны дугаар болон машинаа аль журмын хашаанд байгаа талаар бүх мэдээллийг авдаг. Машин ачих, журамлах үйлчилгээний шат дамжлага бүр иргэдийн халаас руу “гараа дүрж” байна гэж жолооч нар бухимдаж байна. Өнгөрсөн онд улсын төсвийн татвараас орох орлого буурч, эсрэгээрээ торгуулиас орох орлого нэмэгджээ.

-АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГӨӨ ТООЦУУЛДАГ БОЛЪЁ-

Алдагдсан боломжийн өртөг гэдэг нь одоо хийж байгаа зүйлийнхээ оронд өөр зүйл хийх боломж байсан бөгөөд түүнийгээ хийсэн бол хэр их ашиг олох тухай ойлголт юм. Жолооч машинаа журамлуулсан бол араас нь давхиж очоод, мөнгөө бэлнээр төлөөд ч машинаа авч болохгүй. Заавал Төрийн банкны .......... тоот бүхий дансанд тушаана.

Банкны оочер дараалал гээд наадаж 10-20 минутыг тэнд зарна. Үүний дараа гурвалжингийн гүүр даваад байрлах “Хөсөг трейд”, эсвэл ЗЦГ-ын зүүн талын болон Чулуун овоо дахь журмын хашааг зорино. Замын түгжрэл энэ тэр гээд энэ бүх цаг хугацааг тооцоолвол явж өгч байгаа юм. Тэгэхээр жолоочид хэр их хүндрэл саад учруулж байна түүнийхээ хэрээр алдагдсан боломжийн өртгийг нь тооцож, нөхөн олговор олгодог болъёгэсэн саналыг дэвшүүлмээр байна.

-АЧИХЫНХАА ӨМНӨ УТСААР ХЭЛЖ АНХААРУУЛДАГ БАЙВАЛ ЯАСАН ЮМ БЭ-

Машин ачих, түгжих журмыг эсэргүүцсэнгүй. Харин Замын хөдөлгөөний удирдлагын төв болон тээврийн хэрэгсэл ачих ажлыг компаниуд, тэдний хамтын ажиллагаа дутмагаас уу, эсвэл мөнгө олох гэж яардагаас нь болдог уу тун богино хугацаанд машиныг ачаад явдаг дутагдалын талаар ойлгуулахыг хичээлээ.

Үгүй ядаж жолооч нарт утсаар 1-2 минутын анхааруулга, сануулга өгч болно шүү дээ. Тухайлбал “Нэгээс хоёр минутанд гарч ирэхгүй бол машиныг чинь ачлаа” гэх ч юм уу. Манайд чинь зогсоол талбайн асуудал бэрхтэй. Ийм байхад үүн дээр нь дөрөөлж ингэж болохгүй санагдана. Мөн уг журмыг тойрсон эмх замбараагүй олон асуудлыг нэг мөр цэгцлэхгүй бол жолооч нарт хашаан доторхи машинаа ачуулахгүй гэх баталгаа алга.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:43


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.