Уул уурхайн компаниуд юуны талаар ярих дургүй вэ?

Д.Тулга / Эдийн засаг

uurhaiУул уурхайн компаниуд нь хэдэн ажлын байр бий болгож буй, хичнээн тонн бүтээгдэхүүн экспортлож буй, хэдэн төгрөгний татвар төлсөн зэрэг мэдээллийг өгөх дуртай байдаг ч уул уурхайн үр нөлөөлөл, ашиг орлого, бусад салбарт үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаараа аль болох ярьдаггүй. Уул уурхайн компаниуд төлсөн татвараа тухайн орон нутагт оруулж буй хувь нэмэр хэмээн өөрсдийгөө дөвийлгөх дуртай. Гэсэн хирнээ хэдий хэр ашиг орлого олж байгаагаа ярих дургүй. Хатуу чанга хуультай, өндөр татвартай Австрали улсад 2010 оны байдлаар уул уурхайн салбарынхны цэвэр ашиг 35% илүү гарч байсан ба Монголын нөхцөлд бүр хамаагүй илүү ашигтай байх магадлалтай юм. Тиймдээ ч энэ томоохон, үндэстэн дамнасан уул уурхайн компаниуд шилжилтийн үедээ байгаа эсвэл залуу ардчилалтай, эсвэл уул уурхайн туршлага багатай, эсвэл хөгжиж буй буурай орон, эсвэл хууль эрх зүйн орчин нь учир дутагдалтай, эсвэл авилгал хээль хахууль өндөр орнуудыг ангуучилж тэндээ юу дуртайгаа тулгаж, стандарт бус хэлбэрээр ажиллаж богино хугацаанд их ашиг олох зарчмаар ажилладаг байна. Оюу Толгойн хувьд 100% гадаад менежменттэй (гадаад хяналттай гэсэн үг) компанийн хувьд ашиг орлогоо хэрхэн хувиарлах, яаж тайлагнах зэрэг нь өөрсдийнх нь хяналтан дор байгаа цагт ашиг орлого Монголчуудад очихоосоо илүү офшор буюу гадаадад суугаа хувь эзэмшигч нарт очих нь гарцаагүй. Тухайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр огцом өсөөд байхад тухайн байгалийн нөөцийг ашиглах төлбөр нь өсөхгүй хэвээрэй байгаа нь шударга биш гэхээсээ илүү бидний ухаалаг бус алхам юм. Үүнийг Монголын Засгийн газар эргэж нэг харах цаг нь болсон. Бид энд нэг зүйлийг анхаарах ёстой. 2010 онд Австрали улсад уул уурхайн компаниудын цэвэр ашиг 51 тэрбум доллар давсан байсан бол ирэх 10 жилд энэхүү цэвэр ашиг нь 600 тэрбум доллар хол давахаар тооцоо гарчээ. Ийм тооцоог Монголд хийгээгүй байдаг тул Австралийн жишээг энд авлаа. Эндээс харахад байгалийн нөөцийн үнэ буурах биш өсөх хандлагатай тул бид өнөөдөр байгалийн нөөцөө болсон болоогүй, ашигтай ашиггүй байдлаар стратегийн орд газруудаа ашиглуулж байснаас хойч үедээ үлдээсэн нь дээр мэт. Ер нь тогтвортой хөгжил гэж юу юм бэ? Үүний гол концепц нь ирээдүйн хойч үеэ бодож өнөөдрийн үйлдэлээ хийхэд оршдог. Гэтэл бид өнөөдөр хойч ирээдүйдээ ямархуу газар нутаг, ямархуу байгаль орчин, ямархуу нөөц (хүн, ус г.м) үлдээж байна вэ? Эргэцүүлэн бодоцгооё.

Хэрэв 2009 онд Гэнэтийн ашгийн татварыг тэглээгүй байсан бол өнөөдөр бид Оюу Толгойгоос хэдий хэр татвар авч улс эх орондоо оруулах байсан бэ? Тухайн үед зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 4,000 ам.доллар байсан бол өнөөдөр 8,000 ам.доллар хол давсан байдалтай байна. Харамсалтай нь энэ хуулийг хүчингүй болгож Монгол улсад орох ашгийг бууруулж чадсан байна. Оюу Толгой компани нь өөрийгөө “Монголын уул уурхайн компани” хэмээн сурталчилдаг. Гэтэл бодит байдал дээр энэ нь 100% гадаад менежменттэй, гадаад компани. Ийм нөхцөлд ингэж рекламдах нь утгагүй боловч тэд бидний нэг болж харагдах гэсэн хичээл зүтгэл нь хэвээр.“Бид ирээдүйг бүтээж байна” гэх тэдний реклам нь жирийн Монгол иргэн, дэлхийд томд тооцогдох гадаадын менежменттэй компани хоорондын сэтгэл санааны холбоосыг ойртуулах гэсэн оролдлого гэлтэй. Аливаа нэг ажилтныхаа талаар рекламдах эсвэл орон нутгийн иргэдэд их хувь нэмэр үзүүлж байна гэж рекламдах нь алсуураа хэрэв та нар уул уурхайн компанийг хохироовол эдгээр жирийн Монгол иргэд ч бас хохироно шүү гэсэн санааг агуулж байна уу гэлтэй. Нэг үгээр хэлбэл, “та өөрийгөө хохироолгүйгээр уул уурхайн компанийг хохироож чадахгүй” гэсэн үг юм.

Бид Оюу Толгойн үнэтэй, том том рекламны самбарууд дээр гадаадын эзэмшлийн талаар, гадаад менежментийн талаар гарсан байхыг ер нь харж байсан уу?Монголын татвар төлөгчид уул уурхайн салбарынханд ихээхэн тус дэм өгч байгаа нь аливаа санхүүгийн туслалцаа, татварын хөнгөлөлт, нийтийн зам, тээврээ ашиглуулах, цахилгаан, усаа хямд ашиглуулах, элэгдэл хорогдол зэрэг байдлаар илэрдэг. Үүн дээр нэмээд Засгийн газрын зүгээс уул уурхайн салбарын судалгааг хийж, геологийн газрын зураг зэргийг хийж өгдөг байна. Энэ бүгд уул уурхайн салбарынханд үзүүлж байгаа дэмжлэг, туслалцаа юм. Эдийн засгийн түрээс гэж нэгэн ойлголт байдаг. Энэ нь нэг ёсны супер ашиг гэж тайлбарлагддаг. Аливаа уул уурхайн компани нь ашигт малтмал олборлохдоо маш бага зардал гаргаад түүнийг дэлхийн зах зээл дээр маш өндөр үнээр зарах хоёрын хооронд үүссэн ялгааг супер ашиг буюу эдийн засгийн түрээс гэдэг юм байна. Үүнийг уул уурхайн компанийн хэвийн ашигтай ашиллах хэмжээнээс хэт давуу орж ирэх ашиг орлого ч гэж ойлгож болно.

Бид уул уурхайн компанийн хэвийн ашигтай ажиллах хэмжээ гэж юу болохыг бас зөвөөр ойлгох нь чухал. Олоны улсын судалгаагаар 10%ийн ашигтай байх нь хэвийн гэж тооцогддог байна. Гэтэл Рио Тинто, Айвенхоу Майнз нар 66%ийн ашигтай бөгөөд энэ нь дэндсэн хэм хэмжээ гэж ойлгогдож байна. Тэгэхээр уул уурхайн компаниуд нь эдийн засагт, орон нутагт оруулж буй хувь нэмрээ л яриад байхаас бус тухайн улсынхаа татвар төлөгчдөөс ямархуу хэмжээний дэм тус авч байгааг огт дурьдаггүй байна.

С.ГАНТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.