Э.Болд-Эрдэнэ: Мөрөөдлийнхөө төлөө тэмцэхийн тулд боловсрох ёстой…

Д.Тулга / Боловсрол

Эрдэнэбаатарын Болд-Эрдэнийг уншигч та бүхэнд танилцуулж байна. Тэрбээр “Эрдэнэбаатар Сан”-гийн тэргүүн, “Мy Dream гадаад хэл сургалтын төв”-ийн захирал , Монгол улсын шилдэг залуу багш , волейболын спортын дэд мастер , “Улс Төрд Шинэ Манлайлагч” төслийн шилдэг оролцогчдын нэг юм. Багануур дүүргийг төлөөлөн энэхүү төсөлд оролцож байгаа залуухан багштай хийсэн бидний ярилцлагын сэдэв боловсролын салбарын шинэчлэлийн талаар байлаа.

-Та энэ төсөлд ямар шийдэл санал болгон оролцсон бэ?

-Би “Боловсрол хөгжлийн эхлэл”гэсэн шийдэлтэй энэхүү төсөлд орсон.

-Та санал болгож байгаа шийдлийнхээ дагуу юу хийж байна?

-Би багш хүний хувьд нийтийн боловсролыг сайжруулах нь илүү чухал юм гэдгийг байнга анзаарч ирсэн. Монголын хөгжил боловсрол дээр тулгуурлаж, түүн дээр үндэслэн ирээдүйн хөгжил бий болно гэж боддог. Багануур дүүрэгтээ англи хэлний сургалт явуулдаг хэдий ч давхар Хүүхдүүдийг хөгжүүлэх, авьяасыг нь дэмжихээр иж бүрэн сургалт явуулахыг хичээн боловсролын цогц системийг нэвтрүүлж, хүүхэд өв тэгш хөгжих боломжийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байгаа.

-Та чухам яагаад хэлний сургалтын төв байгуулсан бэ? Өөр ийм боловсролын байгууллага үүсгэн байгуулах төлөвлөгөө бий юу?

-2009 онд энэ төвийг санаачлан байгуулсан. Мөрөөдлийнхөө төлөө тэмцэхэд боловсрох ёстой юм гэж үзээд “Миний мөрөөдөл” хэмээн сургалтын төвөө нэрлэсэн. Манай сургалтын төвийнхөн “Маster English” олимпиадад маш амжилттай оролцсон. Манай сурагч Отгонжаргал маань Оригана мужийн их сургуульд зуун хувийн тэтгэлэгтэй суралцах болсон. Багануур дүүргийнхээ залуучуудын хөгжил, боловсролд хөрөнгө оруулалт хийхийг зорьж буй сургалтын төв юм. Би арван жилдээ англи хэлдээ тийм сайн хүүхэд байсангүй. Тэгээд нэгэн сургалтанд өөрийгөө дайчилж суугаад тэндээсээ их зүйл ойлгож аваад өөрөө дэлгэрүүлэн цааш суралцсан. Ингээд англи хэлний 3-4 сургалтанд суусан . Үүний дараа American Institute –г төгсөөд дараа нь мэдсэнээ хүмүүст түгээж болох юм гэж бодсон. Хамгийн эхлээд дүү нартаа хичээл зааж, дараа нь гуравхан сурагчтай хичээллэж байлаа. Тэдний маань хэлний мэдлэг сайжирч, ангидаа хэлнийхээ мэдлэгээр тэргүүлээд зогсоогүй дүүргийнхээ олимпиадад эхний байруудад гурвуулаа орлоо. Энэ үед урамшаад миний хичээл заах чадвар хүүхдүүдэд хүрч болох юм гэж бодоод гэрээрээ хичээл заах болсон. Дараа нь нэг жижиг өрөөнд арваад хүүхдэд заах болсон. Ийнхүү өргөжсөөр сургалтын төв болон ажилласан юм. Төлөвлөгөө их л байна даа. Боловсролын системийг хэрхэн боловсронгуй болгох тал дээр л ажиллахыг хүсч байна.

-Та Монголын боловсролын системийг яаж өөрчлөхийг хүсч байна?

- Бид харь орны боловсролын системийг хуулахдаа маш хурдан боловч хэрэгжүүлэхдээ удаан байна. Өмнөх засгийн газраас Кембрижийн боловсролын хөтөлбөрийг гаргаж ирсэн. Үүний үр дүн яаж гарав? Яг үнэндээ Монголын хүүхдүүд Кембрижийн боловсролын хөтөлбөрийн дагуу хичээлээ англи хэл дээр хүлээж авахад бэлэн байна уу? гэдэг маш учир дутагдалтай байна. Бид суурийг нь сайтар бэлтгэж, бодож боловсруулсны үндсэн дээр ийм шинэ хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх нь зүйтэй болов уу. Азийн орнуудын нийтлэг жишгийг харвал хичээлийн хөтөлбөрийн 50 хувь нь онолын, үлдсэн тавин хувь нь хүүхэд рүү, хувь хүний хөгжил рүү чиглэсэн хичээл ордог. Өөрийгөө хөгжүүлэх болон авьяасыг нээж илрүүлэх, мөн биеийн тамирын волейбол, сагсан бөмбөг гэх мэт төрлүүд бүгд хичээлийн хөтөлбөрт багтдаг. Хүүхдүүд сонирхсон төрлөөрөө хичээлллэх боломжтой байдаг. Тийм л систем Монголд дутагдаад байна. Арван жилийн хүүхдүүд сургуулиа төгсөөд амьдрал дээр гарахад томъёо тэр бүр шаардагдах нь юу л бол . Харин хүүхэд бие даан өөрийгөө авч явах чадвар, бие хүний төлөвшил чухал. Тиймээс бид үүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхгүй бол Монголын хүүхдүүдийн сэтгэлгээ нь харийн орныг хуулбарлахаас өөр чадваргүй л болж байна. Тиймээс Томъёоны сурагчид биш үе тэнгийнхнийгээ манлайлдаг, авьяастай, спортоор хичээллэдэг, өв тэгш хүн болгон хөгжүүлэх, төлөвшүүлэх боловсролын тогтолцоо нэн чухал шаардлагатай байна. Боловсролын систем гэдэг бол дөрвөн жил тутам солигддог тоглоом биш.

-Багшийн мэргэжлийн нэг давуу тал нь өөрийн практик мэдлэгээр олж авсан шинэ санаачлагыг алхам тутамдаа хэрэгжүүлэх боломж илүү нээлттэй байдаг болов уу. Харин илүү олон хүүхдүүдэд ач тусаа өгөхүйц үр дүнтэй болгохын тулд боловсролын системийг шинэчилэхээр зорин энэ төсөлд та оржээ. Ямар, ямар шинэ санаа төрж байна?

Энэ төсөлд орж ирснээр хөгжиж, боловсорч байна. Өөрийнхөө хүрээг тэлж байна. Өөрийнхөө шийдлээ хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Боловсролын системийг боловсронгуй болгох арга замыг би дүүргээсээ эхэлж харж байгаа. Эргэж очоод би номын хэлэлцүүлгийн аян өрнүүлмээр байна. Энэ хэлэлцүүлгийг хэрхэн үр дүнтэй зохион байгуулж болох вэ гэдгийг би энэ төслөөс олж харсан. Хүүхэд бүрийн санаа, бодлыг мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлэн нээж, сонсох шинэ боломжуудыг харж суралцаж байна. Тиймээс надад улс төрд орох, улс төрийн карьер хөөх сонин биш. Харин улс эх орныхоо ирээдүйн төлөө хүүхдүүдийг хөгжүүлж явна хэмээн ирээдүйгээ харж байгаа.

-Та тэгвэл өөрийгөө ирээдүйд улс төрч болно гэж харж байна уу?

-Би ойрын хэдэн жилд өөрийгөө улс төрч гэж харахгүй байна. Хүн болгон улс төрч болох боломжтой. Монгол орныхоо төлөө сэтгэл зовоод өөр ямар нэгэн шийдлээр асуудлыг зохицуулах юмсан гэж хичээж, зүтгэж яваа бол тэр бүгд улс төрч. Улс төрийн зүтгэлтэн бол парламентад ороод бодлого хэрэгжүүлэн хүмүүсийн төлөө зовниж яваа хүнийг хэлэх болов уу. Өнөөдөр улс төрч гэдэг үгнээс хүн бүр урваж зугтаад ад үзээд байх шаардлагагүй. Хүн бүр амьдарч буй нийгэмдээ өөрийн гэсэн оролцоотой байх хэрэгтэй. Энэ эрх хүн бүхэнд нээлттэй. Тийм учраас эхлээд боловсорч өөрийгөө хөгжүүлье, тэгээд миний олж хараад байгаа шийдлийг хэрэгжүүлэх боломжтой санагдвал улс төрийн зүтгэлтэн болох хэцүү зүйл биш гэж би боддог. Олон талын салбар бүрийн мэдлэг хуримтлуулан асуудлыг өргөн хүрээнд харж чадах улс төрийн зүтгэлтэн болохыг хичээх болно. Би давхар эдийн засагч мэргэжилтэй ч дахин суралцах зүйл их байгаа Тиймээс ч би Эрүүл мэнд, Спорт, Эдийн засаг,Боловсрол,Хөдөө аж ахуй гэх мэтчилэн бүхий л салбарыг судалж суралцаж байна.

-Энэ төсөл танд ямар давуу тал, боломж олгож байна?

-Энэ төсөл залуусын чөлөөт индэр болж байгаа нь л чухал юм. Залуусыг боловсруулах, хөгжүүлэх олон нийтэд улс төрийн боловсрол олгож байгаагаараа үр дүнтэй нэвтрүүлэг. Би энэ нэвтрүүлгийг ямар нэг улс төрчдийг бэлтгэж байгаа нэвтрүүлэг гэж хувьдаа харахгүй байна.

-Багш хүн амьдрал дээр өөрөөрөө үлгэрлэгч, манлайлагч байдаг. Ирээдүйн боловсролтой, авьяастай, чадварлаг иргэнийг төлөвшүүлэхэд та бүхний үүрэг их. Та шавь нартаа юуг хамгаас илүү чухалчлан захьдаг вэ?

-Манай сургалтын төвөөс хичээлээ дундаас нь хаяж гардаггүй. Эцэг эхийн санал болгосноор эсвэл өөрийн хүслээр орж ирсэн үү гэдэг нь хүүхдийн нүднээс илт харагддаг. Шинээр ирж байгаа хүүхэд бүрт би сургалтаа эхлэхийн өмнө ярилцлага өрнүүлж, лекц уншдаг юм. Ингэснээр өөрийн дураар биш эцэг, эхийн шахалтаар орж ирсэн байсан ч тэр хүүхдүүдийг сэдэлжүүлж, сонирхлыг нь өдөөж байгаа юм. Өнөөдөр англи хэлийг хэрхэн сурах вэ? Шилдэг сурагч гэж хэн бэ? Хэрхэн ирээдүйгээ харах вэ? гээд хүүхдүүдэд хамааралтай асуудлыг сөхөн хамтран ярилцахад тэдний нүд улам сэргэдэг. Өглөөнөөс орой хүртэл вакум сургалтаар хичээллэдэг ч бид аль болох идэвхтэй чөлөөтэй хэлбэрээр сургалтаа явуулахыг эрхэмлэдэг. “Та нар намайг багш, тэр тусмаа эрэгтэй багш гэж харвал айгаад юм сурахгүй. Аль болохоор чөлөөтэй, нээлттэй байгаарай” хэмээн би сурагчиддаа хэлдэг. Багш хүн сурагч нэг бүрийг ойлгож таних нь хамгийн чухал гэж боддог.

-Та багшлахаас гадна спортоор хичээллдэг спортын төлөвшил гэж юу вэ ?

Миний хувьд волейболын спортын дэд мастер цолтой,туялзуур сэлэмээр хичээллдэг.Спорт гэдэг бол өөрийгөө нээж харах гайхалтай цонх гэж боддог.Спорт болгон өөр өөр төлөвшил олгодог жишээлбэл волейбол,сагсан бөмбөг баг хамт олонтой нийтэч,багаар ажиллаж сургадаг,туялзуур сэлэм бол хурдан сэтгэх,тэвчээртэй байдалд сургадаг, нум сум харвах бол тэвчээртэй байдал юманд буурьтай хандах авирт сургадаг, гэх мэтчилэн бүхий л спорт өөр өөрийн төлөвшил олгодог хамгийн гол нь энэ бүхний цаана зөв хүний төлөвшил явагдаж байдаг.Миний хувьд өөрийн дуртай бүхий л спортоор хичээллэж тэр болгоноосоо кайф авдаг. Хэдий завгүй байсан ч заал орох заваа зохицуулаад л явдаг даа /инээв/

-Таны ойрын болон хэтийн зорилго, мөрөөдөл тань юу вэ?

Би мөрөөдлийг материаллаг зүйлтэй холбодоггүй. Миний мөрөөдөл эцэг эхийнхээ ачийг хариулах . Аав маань гурван жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэр үед миний мөрөөдлийн тавин хувь нь алга болсон доо. Одоо миний мөрөөдөл бол ээж болон эмээ нарынхаа ачийг хариулах , удам угсаагаа нэр төртэй авч явах . Тиймээс би машинтай болох, мөнгөний төлөө ажиллах, гадаад руу явахыг чухалчилдаггүй.

-Төслийн дараа та өөрийгөө хэрхэн төсөөлж байна?

-Төслийн хувьд эцэст нь хүртэл явахыг хичээж байна. Төслийн хугацаанд өдөр бүр шинэ санаа хуримтлагдаж, олон шинэ зүйл хийх хүсэл төрсөөр төсөл дуусгаад хийх ажил маань ундарч байна. Тэр бүхнийг хийхээр яарч байна даа.

-Та багаасаа хэр зэрэг их нийгмийн идэвхтэй хүүхэд байсан бэ?

Миний хувьд нийгмийн зүтгэл гэхээсээ илүү өөрийгөө хөгжүүлэх тал дээр их анхаардаг хүүхэд байсан аав,ээж минь бас их анхаарал хандуулдаг байлаа. Харин одоо аавынхаа нэрээр Эрдэнэбаатар нэртэй Сан байгуулаад хүмүүнлэг буяны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл, жилдээ 50 настанд таяг олгодог. Амралт сувилалд явж чадаагүй 5 настанг сувилалд амруулдаг юм. Цагаан сараар настан буурлуудын сар шинийн бэлтгэл хангахад дэмжлэг үзүүлдэг. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцсаар тусладаг. Мөн төлбөрөө төлөөд сурах боломжгүй хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургалтандаа суралцуулдаг гэх мэтчилэн олон зүйл хийхийг хичээн бараан зүйлийг арилгаж сайхан амьдрал бий болоход дэм болох болов уу гэж боддог.

-Та залуу хүнийхээ хувьд үе тэнгийнхнийхээ талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Би залуусыг шүүмжлэхийг боддоггүй. Өөр орчинд өссөн өөр, өөр бодолтой, хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийнхээ хувьд ижилхэн байх боломжгүй гэж боддог. Хамгийн гол нь залуусыг нэгтгэх зүйл бол мөрөөдөл юм. Тэр мөрөөдлийнхөө төлөө тэмцэх эрч хүчтэй байгаасай гэж хүсдэг.

-Та хэрвээ Боловсролын яамыг тэргүүлэх болвол ямар асуудалд хамгийн гол анхаарлаа хандуулах вэ?

-Би боловсролын яаманд ажиллавал багш нарын цалин хөлсийг сайжруулахын төлөө явна. Багш нарт хандах анхаарал сул, үнэлэмж муу байна. Эх орны ирээдүй хүүхэд залуусыг хүмүүжүүлж, хөгжүүлж байгаа багш нарт анхаарах ёстой. Багш нар чин сэтгэлээсээ хичээлээ заана, хүүхдүүдэд илүү анхаарал хандуулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн боловсролын системийн шинэчлэлтийг хийнэ. Багш сурагчдыг хөгжүүлэх хөтөлбөр дээр ажиллах мөн багш нарын цалинг нэмж багш болох гэж байгаа хүмүүст өндөр шалгуур тавьж, хөгжүүлэх их л бодлого авч хэрэгжүүлэх байхдаа.

Баярлалаа. Танд амжилт хүсье!


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:53


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.