Ц.Мөнхчулуун “Everest Best Camp”-д дугуйтайгаа хүрсэн анхны монгол боллоо

Д.Тулга / Спорт

Гурван сарын өмнө Ч.Мөнгөндалай гэдэг залуу хэл, ярианы бэрхшээлтэй ч унадаг дугуйгаар Монгол орныхоо баруун аймгуудаар аялан, 6200 км замыг туулж, өөрийгөө ялан дийлэхийн гайхамшгийг харуулсан. Ч.Мөнгөндалайг аяллын тоосоо гөвж байх тэр үед бас нэгэн дугуйчин залуу дэлхийн дээвэрт дугуйтайгаа гарах эрхэм зорилго өвөрлөн, аяны жолоо залж байлаа. Түүний нэрийг Ц.Мөнхчулуун гэдэг. Тэр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 8-нд 11900 километр, 5400 метрийн өндөрт буюу “Алтай таван богд”, “Төвдийн өндөрлөг”, “Гималайн уулс”, “Эверест бэйст кэмп”-д хүрэх дугуйтай аялалдаа гарсан юм.

Анх уг аяллыг Горан Кропп хэмээх швед эр хийсэн байдаг. Горан Кропп 1996 онд Гималайн ноён оргил Эверест хүртэл дугуйтай аялж, 5400 метрийн өндөрт байрлах эхний баазад хөл тавьсан байдаг. Түүнээс хойш хэний ч аавын хүү хийж чадаагүй энэ түүхэн амжилтыг монгол залуу эвдлээ.

Ц.Мөнхчулуун өөрийн цахим хуудастаа бичихдээ “Би санаандгүй тохиолдлоор Катманду, Жири, Лукла, Намчэ баазаар хүртэл дугуйгаар явж ирлээ. Энэ нь хамгийн анхны тохиолдол болж албан ёсоор бүртгэгдэв. Үүнээс гадна Жири суурингаас Лукла хүртэл хэцүү бэрх замаар дугуйгаа үүрч, гурван өдөр явж дээд амжилт тогтоолоо. Ийм амжилт гаргасан анхны хүн нь би болж байна. Ямар ч байсан зорьсон зорилгоо биелүүлж дугуйтайгаа “Everest Best Camp”-д хүрсэн анхны монгол хүн боллоо. Намайг үргэлж дэмжиж байсан та бүхэндаа баярлалаа” гэжээ.

Дэлхийн дээвэр болсон Эверестийн оргилын дугуйтай хүрч болох хамгийн дээд цэгт хүрч, эх орныхоо алтан соёмбот далбааг мандууллаа. Тэвчээр шалгасан бүхнийг даван туулж, цаст Гималайн оронд монгол залуу дугуйтайгаа мөрөө үлдээж, зорьсондоо хүрлээ.

Ц.Мөнхчулуун одоо Катманду хот руу буцаж яваа ажээ. Түүнийг уулнаас бууж явахад BBС-гийн сэтгүүлч Бен Мартин ярилцлага авсан байна. Тэр ирэх долоо хоногт эр орондоо ирэхээр төлөвлөсөн бөгөөд ирсэн даруйдаа бас нэгэн аялалд оролцох юм байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.