Борис Немцовыг хөнөөсөн этгээдүүд хэргээ хүлээжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

russia-БАРИВЧИЛГААНЫ ҮЕЭР СЭЖИГТНҮҮДИЙН НЭГ БӨМБӨГ ДЭЛБЭЛЖ АМИА ХОРЛОЖЭЭ-

Өнгөрсөн бямба гаригт ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Борис Немцовыг хөнөөсөн хэрэгт хоёр этгээдийг сэжигтнээр татан баривчилсан талаар мэдээлсэн. Харин өчигдөр буюу ням гаригт ОХУ-ын Басманны шүүхээс Борис Немцовыг хөнөөсөн байж болзошгүй таван сэжигтнийг баривчлан саатуулсан гэж ИТАР ТАСС агентлаг мэдээлэв.

Өнгөрсөн бямба гаригт тус улсын Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александер Бортников “Б.Немцовын аллагад Анзор Губашев, Заур Дадаев гэх хоёр этгээдийг сэжигтнээр татан баривчиллаа. Тэднийг баривчилснаа Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдсэн” гэж мэдээлсэн билээ. Дээрх этгээдүүдийн хамт Хамзад Бахаев, Тамерлан Эскерханов ба Шагид Губашев нарыг саатуулан шалгаж эхэлжээ. Тэднийг ирэх сарын 28-ны өдөр хүртэл саатуулах шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Шүүхээс сэжигтнүүдийг мөрдөн байцаах ажиллагаанаас оргон зайлах, хэргийн ул мөрийг арилгахыг оролдох, баримт нотолгоог устгах болон хэрэгт холбогдолтой гэмтэй этгээдүүдтэй холбоо тогтоохыг оролдохыг таслан зогсоох болон мөрдөх ажиллагааны явцад саад учруулах зэргээс сэргийлэх үүднээс саатуулжээ.

Оросын зарим хэвлэлд мэдээлснээр, Чечений нийслэл Грозный хотноо тус улсын иргэн 30 настай Беслан Шаванов гэгч хүчнийхэнд бүслэгдээд байх үедээ өөрийн гэртээ гар бөмбөг дэлбэлж амиа хөнөөжээ. Хүчний байгууллагынхнаас азаар хүний амь эрсдээгүй байна.

russia-СЭЖИГТНҮҮДИЙН НЭГ НЕМЦОВ РУУ БУУДСАН, НӨГӨӨ НЬ ЖОЛОО БАРЬЖ ЯВСНАА ХҮЛЭЭСЭН БАЙНА-

Оросын сөрөг хүчний лидер Борис Немцовыг алсан хэрэгт таван хүн сэжиглэгдэж байгаагаас Тэд Заур Дадаев болон Анзор Губашев нарт албан ёсоор ялын тогтоол үйлдээд буй талаар Оросын телевизийн суваг уламжлав.

Хууль сахиулагчид гүүрэн дээр суурилуулсан хяналтын камерын бичлэг, алуурчдын сууж явсан машиныг хэд хоногийн турш мөрдсөний эцэст сэжигтнүүдийг баривчилж, Москва хотоос холгүй газар саатуулсан байна. Тусгай ажиллагааг холбооны аюулгүйн алба болон Дотоод хэргийн яам хамтран зохион байгуулжээ.

Мөрдөн байцаалтын явцад саатуулагдсан хүмүүсийн нэг Немцов руу буудсан, нөгөө нь алуурчны сууж явсан машиныг жолоодож явснаа хүлээсэн байна. Дээрх хэрэгт холбоотой хэмээн үзэж буй дөрвөн этгээд туслах үүрэг гүйцэтгэсэн байх магадлалтай гэж тус улсын албаны эх сурвалж мэдээлжээ.

Одоогоор уг хэргийг хэний захиалгаар үйлдсэн нь тодорхой болоогүй байна. Гэвч гүйцэтгэгчид нь мэргэжлийн алуурчид биш гэдгийг баталжээ. Саатуулагдан шалгагдаж буй Анзор Губашев, Заур Дадаев нарыг Москва дахь Лефортово урьдчилан хорих төвд хорьжээ. Заур Дадаев нь Грозный хотод байрлах "Север" батальоны цэргийн албан хаагч юм байна. 2010 онд "Эр зоригийн медаль"-иар шагнуулж байсан баримт нь олджээ. Харин Анзор Губашев нь Москва хотын нэгэн их дэлгүүрийн харуул хамгаалалтын албанд ажиллаж байжээ. Тэд Ингушетэд төрсөн аж. Хэргийн учгийг тайлахаар сэжигтнүүдийн төрөл төрөгсдийн дунд баривчилгаа явуулсан мэдээлэл байна.

Өнгөрсөн сарын 27-ны баасан гарагийн орой Москва хотноо, Кремлиэс холгүйхэн орших гүүрэн дээр алхаж байхдаа ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Б.Немцов буудуулан амиа алдсан. Түүнийг гуравдугаар сарын 3-нд Москвагийн Троекуровск оршуулгын газарт оршуулсан билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

nemtsowrussia


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.