Мьянмарын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд СЕХ-нд зочлов

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Мьянмар Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Ерөнхийлөгчийн улс төр, хууль, эдийн засаг, эрүүл мэндийн бодлогын ахлах зөвлөх, зөвлөх нар, албаны дарга оржээ.

Уулзалтын эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн байгууллагынхаа бүтэц, бүрэлдэхүүн, эрх, үүргийнхээ талаар зочдод товч танилцуулаад 2016 онд парламентын, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох мөн Монгол Улсын Их Хурлаас Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа тухай мэдээллээ.

2008 онд Мьянмар Улс шинэ Үндсэн хуулиа баталж түүний дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. 2015 оны 10 дугаар сард тус улсад сонгууль болох бөгөөд одоо сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах зэргээр түүний бэлтгэлийг хангах ажил явагдаж байгаа талаар Мьянмар Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн албаны төлөөлөгчид танилцуулав.

Тэд сонгуулийн байгууллагынхаа эрх үүргийн талаар мэдээлэхдээ, Сонгуулийн Ерөнхий Хороо нь парламентын гишүүдийг бүрэн эрх нь дуусахаас өмнө эгүүлэн татах эрхтэй. Энэ эрхийг эдлэхдээ, тухайн сонгуулийн тойргийн сонгогчдын нэг хувиас доошгүй нь эгүүлэн татах хүсэлт, гомдол гаргасан тохиолдолд түүнийг авч хэлэлцэж зохих шийдвэр гаргадаг ажээ. Иргэдийн зүгээс парламентын гишүүдийг эгүүлэн татах талаар олон хүсэлт, гомдол ирдэг ч СЕХ нь энэ эрхээ эдэлсэн тохиолдол үгүй гэнэ.

Мьянмар Улсын Үндсэн хуульд иргэн сонгох, сонгогдох эрхтэйгээс гадна парламентын гишүүдийг эгүүлэн татах эрхтэй гэдгийг тунхагласан байдаг талаар тэд мөн танилцууллаа.

Ийм эрх Монголын сонгуулийн байгууллагад байдаг эсэх, парламентын гишүүдийг эгүүлэн татах эрхийг хэн эдэлдэг, ямар тохиолдолд ямар үндэслэлээр тэднийг эгүүлэн татдаг болон энэ асуудлын эрх зүйн зохицуулалтын талаар зочид СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс сонирхон асууж байлаа.

Уулзалтын дараа Мьянмар Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн албаны төлөөлөгчид Монгол Улсын сүүлийн сонгуулиудад ашигласан санал тоолох автоматжуулсан техник хэрэгслийг үзэж сонирхов.

Өмнө нь Мьянмар Улсын парламентын дарга Монгол Улсад айлчлахдаа, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд зочилж сонгууль зохион байгуулдаг арга туршлагатай нь танилцаж байсан билээ.

Өнөөдрийн уулзалтад Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц..Болдсайхан, ажлын албаны дарга Д.Баяндүүрэн болон Гадаад хэргийн яамны төлөөлөгчид байлцав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.