Халтиргаатай замд хурд хэтрүүлсний улмаас залуус амиа алджээ

Д.Тулга / Нийгэм

mashin

Хэдхэн хоногийн өмнө орсон их цасны улмаас орон нутгийн замд халтиргаа үүсч, хүний амь эрсэдсэн тохиолдол цөөнгүй гарчээ. Энэ сарын 15-ны өдрийн оройн 21:00 цагийн орчим Улаанбаатар, Дундговийн 53 километр замд “Хонда сивик” маркийн автомашин осолдож, 18-19 насны хоёр хүний амь эрсдэж, хоёр хүн гэмтэж бэртсэн харамсалтай хэрэг гарсан байна. Төв аймгийн Цагдаагийн газраас мэдээлснээр, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй бөгөөд урьдчилсан байдлаар хур тунадас ихээр орж, замын нөхцөл байдал хүндэрсэн үед хамгаалалтын бүсээ зүүлгүй, хурдтай явсны улмаас осол гарсан байж болзошгүй гэсэн таамаг гарчээ.

Он гарсаар Төв аймгийн хэмжээнд авто осол 63 бүртгэгдсэн ба ослын улмаас гурван хүний амь эрсдэж, 13 хүн хүнд болон хөнгөн гэмтсэн байна. Иймд замын хөдөлгөөний дүрмээ баримталж, халтиргаа гулгаа үүссэн тохиолдолд хөдөө орон нутгийн замд хурдаа тохируулж, хамгаалалтын бүсээ зүүж, хэвшихийг тус цагдаагийн газрын ОНХА-ны ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Нансалмаа мэдээлжээ.  

Мөн энэ сарын 15-ны өдөр буюу өнгөрсөн амралтын өдөр Мандалговиос Улаанбаатарыг чиглэсэн авто замд хүний амь нас эрсэдсэн осол гарчээ. Тодруулбал, Мандалговиос Улаанбаатарын чиглэлд явсан “Приус” загварын автомашин хальтирч, хурд хэтрүүлсний улмаас замын хажуу руу унасан байна. Ослын улмаас жолооч болон нэг зорчигч газар дээрээ нас барж, хоёр зорчигч хүнд бэртэл гэмтэлтэйгээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Нас барсан болон хүнд гэмтэл авсан зорчигчид Өндөршил сумын ЗДТГ-т ажилладаг төрийн алба хаагчид байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, осолд өртсөн хүмүүсийн дийлэнх нь хамгаалалтын бүсээ хэрэглээгүй байсан аж.

Цагдаагийн албанаас мэдээлж буйгаар, хамгаалах бүсний хэрэглээ сүүлийн жилүүдэд багасчээ. Энэ нь осолд орсон хүмүүсийн хамгаалах бүс хэрэглэсэн эсэх судалгаа үзүүлэлтээс харагдаж байгаа аж. Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч, тээврийн хэрэгсэлээр зорчигч осолд өртөх тохиолдолд жолооч, автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард сууж явсан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг байна.

Манай улсад хамгаалах бүсний хэрэглээ хэвшээгүй, ач холбогдол, ослын үед эрсдлийг тодорхой хэмжээнд бууруулдаг талаар мэдээлэл өгч энэ талаарх мэдлэг, хандлага, дадлыг хэвшүүлэх нь чухал асуудлын нэг болж байгааг албаны эх сурвалжууд мэдээлж, иргэддээ замын хөдөлгөөнд оролцохдоо осол гэмтлээс урьдчилсан сэргийлэхийг анхааруулж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.