Олны үг ортой эсэхийг шалгалаа

Д.Тулга / Улстөр

baynselenge

-УИХ-ЫН ГИШҮҮН З.БАЯНСЭЛЭНГЭ ОДОО Ч ГЭР ХОРООЛОЛДОО АМЬДАРЧ БАЙНА-

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг гэр хороололд амьдардаг ганц гишүүн гэдэг. Сүүлийн үед түүнийг Зайсанд үнэтэй хауст орсон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Тиймээс “Олны үг ортой эсэхийг шалгалаа” булангаа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн гэрээс бэлтгэлээ.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ рүү утасдаж энэ талаар тодруулахад “Би одоог хүртэл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороондоо амьдарч байгаа. Хүсвэл манайд ирээрэй. Өнөөдөр би ажилтай байгаа учраас ээж минь гэрт байгаа. Очиж болно” гэв. Тэрээр “Та нарыг очно гээд ээжид хэлчихье” гэсэн юм.

Манай сурвалжлах баг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороог зорилоо. Хороон дээр нь очиж гэрийн хаягийг нь лавлахад хар замаараа км хүрэхгүй газар яваад, замын хажууд блокон хашаатай шар байшин байгаа. Андашгүй дээ” хэмээн тайлбарлав. Үнэхээр гэрийг олоход төвөггүй юм. Шар өнгөтэй шинэхэн байшин замын хажууд харагдаж байв. Блокоор хашаагаа босгож, кодтой төмөр хаалга хийжээ. Гадны хүн ирсэн чимээнээр хашаан доторхи хар нохой уяагаа чирэн боргоов. Нохой хуцах чимээнээр хашаан доторх жижиг байшингаас 50 гаруй насны эмэгтэй гарч хаалга тайлсан юм. Учир байдлаа түүнд хэлэхэд гэрийг нь заагаад “Эгч гэрт нь байгаа” гэв. Тэрээр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн нагац эгч бөгөөд тэдний хашаанд амьдардаг юм байна.

Биднийг ороход түүний ээж А.Норжинсүрэн гуай, “Сиси” нэртэй хав хоёр угтлаа. “Сэлэнгээ түрүүн утасдаж хүмүүс ирнэ шүү гэж надад хэлсэн” гэв. Цай уух зуураа бид цөөн хором ярилцлаа. “Хэвлэлийн хүүхдүүд их л ирэх юм. Бид ч ингэж л амьдардаг улс. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ингэж амьдардаг юм байна гээд зураг, хөргийг нь дараад л явдаг юм. Хүмүүс итгэдэггүй юм шиг байна. Үнэтэй байшин, хаусанд орчихсон байна гээд их бичих юм. Үнэхээр орчихсон байвал яах вэ, орчихжээ гээд бичихэд. Өвгөн бид хоёрын амьдардаг байсан байшинг нураагаад, суурин дээр нь энэ байшинг барьсан юм. Тохитой, тухтай байвал ажилд нь ч гэсэн нэмэртэй юм болов уу л гэж бодох юм. Гэтэл үгүй юм байна. Элдвээр л бичих юм. Хөгшин настай хүн охиныхоо талаар муу мэдээ дуулчихаар бие өвдөөд хэцүү юм. Хүүхдүүдэд хүртэл хэцүү тусах юм байна шүү дээ” хэмээн учирлав.

baynselenge

-ТЭДНИЙХ ТОМ ӨРӨӨТЭЙГЭЭ НИЙЛЭЭД ТАВАН ӨРӨӨ АЖ-

А.Норжинсүрэн гуай нас сүүдэр 70 гарч яваа бөгөөд сүүлийн үед бие нь тааруухан байгаа талаар хуучиллаа. Тэрээр бидэнд гэрээ танилцуулсан юм. Үүдээр оруут хоёр өрөө байх бөгөөд нэг нь хувцас солих өрөө аж. Халуун, хүйтэн ус, бохирын асуудлаа шийдэж дотроо угаалгын өрөө, ОО байгуулжээ. Мөн ээжийнхээ өрөөнд тусад нь угаалгын өрөө гаргаж өгчээ. Түүний өрөөгөөр дамжин тагтан дээр гарч салхилах боломжтой аж. Зун цагт эндээс уул харагдаад сайхан байдаг тухай ярьж байлаа. Хашаанд хэд, хэдэн гөлөг хөөцөлдөн тоглож байгаа харагдав.

“Танайх ч олон нохойтой айл юм аа” гэхэд “Өвгөнийг амьд сэрүүн байхад манайд нэг нохой урвачихсан юм. Тэр маань гөлөглөөд, ийм олон хөөрхөн гөлөгтэй болчихлоо. Нохой айлд урваж, тэжээх сайн л гэдэг юм” хэмээн тайлбарлав.

Тэднийх том өрөөтэйгээ нийлээд таван өрөө, гал тогоо, хоёр угаалгын өрөө, хувцас солих нэг өрөөтэй байшин барьжээ. Байшиндаа ороод гурван жил болох гэж байгаа аж. 3-4 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулжээ. З.Баянсэлэнгэ гишүүнийх хүү, охин хоёртой бөгөөд тус, тусад нь өрөө гаргаж тохижуулжээ. Одоогоор том хүү нь Төмөр замын дээд сургуульд сурч байгаа бол охин нь зургадугаар ангийн сурагч юм байна. Гэрийн эзэн Б.Түвшинжаргал болон хүүхдүүд нь ажил албандаа явцгаажээ.

З.Баянсэлэнгэ гишүүн унтлагын өрөөнийхөө ард ажлын өрөөгөө байгуулжээ. Номын тавиур, компьютерийн ширээнээс гадна намынхантайгаа авахуулсан зураг, МАХН-ын дарга Н.Энхбаярын зургийг байрлуулсан байв. Түүнчлэн шагнал урамшуулал, өргөмжлөл зэргийг ханандаа өлгөжээ. Мөн ханаа өөрийн гараар оёсон хатгамлуудаар гоёсон байна. УИХ-ын гишүүн болсноосоо хойш нэг морь оёж, дараа нь охиндоо төрсөн өдрөөр нь цэцэг оёж бэлэглэжээ.

-“БИД ЭНДЭЭ АМЬДАРСААР Л БАЙНА” ГЭВ

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хонх цуглуулах хоббитой хэмээн ээж нь ярив. Түүнд 50 гаруй орны хонхны цуглуулга бий аж. Хонх жингэнэх нь муу муухайг үргээж, сайн сайхныг уриалан дууддаг хэмээн ярьж байлаа. Норжинсүрэн гуай залуудаа заан цуглуулах хоббитой байснаа ярив. Одоо З.Баянсэлэнгэ гишүүн ээжийнхээ цуглуулгыг үргэлжлүүлж гадаад явахдаа заан авчирдаг болсон байна. Байшингийнхаа дээврийг дээш нь сунгаж дөрвөн талд нь цонх гаргажээ. “Байгалийн гэрэл тусч гэгээтэй сайхан байдаг юм” хэмээн ээж нь ярьж байв. Том өрөөнийхөө нэг буланд цомхон гал тогоогоо байгуулжээ.

Тэднийх байшингаа барих гэж газраа бага зэрэг ухаж тэгшилжээ. Шар өнгөөр будсан нь тэр хавьдаа л содон харагдах аж. Нам даралтын зуухаар байшингаа халааж, цаг тутамд галладаг юм байна. “Бид ингэж л амьдардаг улс даа” хэмээн ээж нь дахин, дахин хэлж “Бид эндээ амьдарсаар л байна” гэв. 2012 онд УИХ-ын гишүүн болсных нь дараа сонины сурвалжлагч нар гэрт нь очиход жижИгхэн байшингаа өөрөө галлаж аав, ээжтэйгээ хамт амьдардаг байсан тэрээр өнөөдөр хашаандаа саруулхан байшин бариад орчихжээ.

З.Баянсэлэнгэ цалингийн зээл авч хашаа, байшингаа барьсан хэмээн ярьж байсан бөгөөд “Гэр хороололд амьдардагтаа эмзэглэдэггүй. Харин ч ард түмнийхээ дунд, тэднийхээ санаа бодлыг сонсоод явж байгаа маань сайхан санагддаг” хэмээн ярьж байсан билээ.

Ж.ГАНАА

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН

baynselenge

baynselenge

baynselenge

baynselenge

baynselenge

baynselenge


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.