Ж.Эрдэнэбат: Хувийн хэвшлээ дэмжих замаар эдийн засгийн хүндрэлээс гарна

Д.Тулга / Эдийн засаг

erdenebat

Өнөөдөр Засгийн газрын “Сайдын цаг”-т Сангийн сайд Ж.Эрдэнэбат оролцож эдийн засгийн асуудлаар болон энэ онд эдийн засгийн хүндрэл үргэлжлэх эсэх зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

- ИМПОРТ БУУРСАН Ч ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ АЛДАГДАЛТАЙ ГАРСАН-

Өнгөрсөн онтой харьцуулахад импорт 1.1 тэрбум ам.доллараар буурчээ. Энэ нь эргээд гадаад худалдааны тэнцлийг ашигтай байлгах нөхцөлийг бүрдүүлжээ. Төлбөрийн тэнцэл харин алдагдалтай хэвээр байгаа аж. Өнгөрсөн онд төлбөрийн тэнцлийн алдагдал 470 сая ам.доллар хүрчээ. Ирэх оны төсөөллөөр төлбөрийн тэнцлийг 1.4 тэрбум орчим төгрөгийн тэнцлийн алдагдал хүлээхээр тооцжээ. Эдийн засгийн өсөлт саарсан, зээлийн өсөлт буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ багассан зэрэг төлбөрийн тэнцэлд нөлөөлдөг гол хүчин зүйлүүд дандаа сөрөг үзүүлэлтэй байгаа учраас цаашдаа ч байдал энэ хэвээр үргэлжлэх төлөвтэй байна.

- ЭНЭ ОНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЗОГСОХГҮЙ-

-Энэ оны төсвийн тодотголыг өргөн барихад эдийн засгийн дээрх нөхцөл байдлыг бодит төвшинд нь үнэлэн боловсруулжээ. Гэхдээ алдаатай бодлогыг нэг жилийн дотор засч, залруулж амжихгүй. Цаашдаа хоёр гурван жилийн хугацаа шаардана. Эхний ээлжинд нэг их наяд орчим төгрөгөөр төсвийн орлого, зарлагыг бууруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Тиймээс 900 орчим тэрбум төгрөгийн орлого, зарлага бууруулах төсөв өргөн барьсан. Төсвийн орлогыг 520 орчим тэрбум төгрөгөөр баталсан. Төсвөөс эргэн төлөгдөж байгаа төслүүдийг улсын төсөвт тусгасан учир зарлага, санхүүжилт өссөн. Үндсэн төсвийн алдагдлыг хоёр хувь дээр барьж байгаа. Хөгжлийн банкнаас санхүүжиж байгаа төсөл арга хэмжээнд санхүүжих хөрөнгийн хэмжээгээр төсвийн алдагдал 5 хувьд байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтыг шинээр хийхийг тэвчих зарчим баримталсан. Мөн 2015 онд 37 цэцэрлэгийн, 21 эмнэлгийн барилга, 15 соёлын төвийн, 7 спорын заалын, 10 дотуур байрны, 13 сургуулийн барилга тус тус шинээр ашиглалтад орно. Цахилгаан дамжуулах агаарын 35 киловаттын 49.5 км шугам ашиглалт орно.

- ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙ ТӨСЛҮҮДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ-

Ажилгүйдлийн төвшин 10 хувиас дээшилж, экспортын хэмжээ 5 тэрбум ам.доллараас доошлох зураглал бий. Иймээс иргэддээ дарамт багатайгаар хувийн хэвшлээ дэмжих замаар эдийн засгийн хүндрэлээс гарна. Уг хөтөлбөрийн хүрээнд төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлж, хариуцлагыг сайжруулахаар төлөвлөжээ. Халамжийн бодлогыг зөвхөн зорилтот бүлэгт нь чиглүүлэхийг зорьж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд үр дүн гарсан хэдий ч их хэмжээний валютыг гадагшлах урсгалыг дэмжсэн зүйл болжээ. Тиймээс уг хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхгүй. Оюутолгой, Тавантолгойн төслийг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Төсвийн нэгдмэл ил тод, хяналтын бодлогыг хэрэгжүүлнэ, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, мөнгөний бодлогоор эдийн засгийн гадаад тэнцлийг дэмжих, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдээ эхлүүлэх зэрэг зорилтыг уг хөтөлбөрт тусгасан.

- ТАТВАРЫН ХЭД ХЭДЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИАД БАЙГАА-

Татварын эрхзүйн орчныг шинэчлэх багц хуулиудыг өргөн барихаар төлөвлөөд байгаа. Татварын орчныг шинэчлэхдээ бизнес хөрөнгө оруулалтаа дэмжсэн, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн, хууль хоорондын хийдэл зөрчилгүй байх ёстой гэсэн дөрвөн зарчмыг баримталжээ. Нийтдээ татварын 12 хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулахаар боловсруулж байгаа аж. Манай улс татварын хувь хэмжээгээрээ дэлхийн улс орноос 154 дүгээрт жагсдаг байна. Энэ нь татварын бага хэмжээтэй улсын тоонд багтдаг аж. ААНОАТ-ын хувь хэмжээгээрээ 135 дугаарт жагсдаг. НӨАТ-ын, ААНОАТ-ын, Хөрөнгийн албан татварын , Нийслэл хотын албан татварын хуулийн төслийг өргөн бариад байгаа аж. Харин Татварын ерөнхий хуулийн, ХХАОТ-ын, Байгаль орчин бохирдуулсны төлбөрийн, Ашигт малтмал газрын тосны төлбөрийн, Онцгой гаалийн тарифын зэрэг хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байгаа гэнэ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.