Б.Билгүүндарь: Зардлаа олчихвол Азийн аваргад явмаар л байна

Д.Тулга / Спорт

Өнгөрсөн жил Казакстан улсад болсон даамын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэн, улмаар Беларусьд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан боловч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод явж чадаагүйд хүрээд буй Б.Билгүүндарь охинтой холбогдлоо.

Б.Билгүүндарь ирэх дөрөвдүгээр сарын 20-нд Узбекстанд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дэлхийн тавцанд өрсөлдөх чин хүсэлтэй байгаа боловч мөн л санхүүгийн асуудал хүндхэн байгаа аж. Тэднийх Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нэгдүгээр багийн нутаг “Хөх дэн” хэмээх газарт хаваржиж буй юм байна.

Түүнтэй холбогдохоор утас руу нь залгахад аав нь хонио хариулж яваа бололтой “Бэлчэээрт байна, үдээс хойш гэртээ хариад Б.Билгүүндарьтай яриулъя” гэсэн юм. Үдээс хойш Б.Билгүүндарьтай утсаар холбогдож цөөн хором ярилцлаа.

-АЗИЙН АВАРГЫН БЭЛТГЭЛЭЭ ДҮҮТЭЙГЭЭ, ГЭРТЭЭ ХИЙЖ БАЙНА-

Б.Билгүүндарь охин Баянцагаан сумын сургуулийн 7 дугаар ангид сурдаг аж. Мал төллөх үеэр орон нутгийн сургуулиуд амардаг учраас амралтаараа гэртээ харьжээ. Айлын том охин болоод ч тэр үү утсаар ярихад их хэрсүү охин шиг санагдав. Мал төллөх их ажлын хажуугаар дүүтэйгээ Азийн аваргын бэлтгэлээ базааж байгаа тухайгаа ярилаа. Охины ээж группт байдаг учраас түүнд гэрт гадаагүй хийх ажил их байдаг гэлээ. “Амралтын хэдэн хоногтоо ээждээ овоохон юм хийж өгөөд буцна даа” хэмээн ярьсан юм.

-Миний дүү даам тоглоод удаж байна уу?

-Бараг долоон жил тоглож байна.

-Анх даам тоглохыг хэн зааж өгөв?

-Аав дүү, бид хоёр хоёуланд нь даам зааж өгсөн. Дараа нь манай Г.Сүхбаатар багш зааж сургасан, спортын дэд мастер цолтой. Баянцагаан сумын сургуулийн даамын дугуйланг хичээллүүлдэг. Энэ жил бид багаараа улсын аваргад оролцоод сайн амжилт үзүүлсэн. Одоо багштайгаа бас нэг хүүхэдтэй гурвуулаа Узбекстан явах гэж байгаа.

-Шатар тоглодог уу?

-Тоглодог. Баянхонгор аймгийн шатрын аваргаас дөрвөн удаа мөнгөн медаль хүртэж байсан. Спортын III зэрэгтэй. Бас даамын дөрвөн удаагийн аварга, спортын I зэрэгтэй.

-Шатар, даамаас өөр спортоор хичээллэж байна уу. Урлагийн авьяастай юу?

-Би зураг зурах дуртай. Х.Баттулга гишүүний нэрэмжит “Мөрөөдлийн Баянхонгор” гар зургийн уралдаанд II байрт орж байсан.

Түүнтэй ярилцах зуур утасны сүлжээ унаад ярилцахад хүндрэлтэй байсан юм. Тэрээр бидэнд ярилцлага өгөхийн тулд сүлжээ сайн барьдаг тул уулан дээр гарчээ.

-МАШИНАА БАРЬЦААЛААД “МАЛЧНЫ ЗЭЭЛ” АВЪЯ ГЭЖ БОДОЖ БАЙНА-

Түүний ээж Ч.Бадамхандаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сайхан хаваржиж байна уу, та?

-Сайхан хаваржиж байна аа. Та нар сайхан хаваржиж байна уу.

-Сайхан сайхан. Мал төллөх үеэр хүүхдүүд амарчихсан их нэмэр болж байгаа байх?

-Өө бүр хэлэх юм биш. Гарын үзүүрт зарагдаад хоёр хүү минь зөндөө тус болж байна.

-Охин нь энэ жил Азийн аваргад орохоор болжээ. Аав ээжийнх нь хувьд охиноороо их бахархаж байгаа болов уу?

-Тэгэлгүй яахав. Миний охин чинь хөдөөний хүүхэд болоод тэр үү их дуу муутай бүрэг хүүхэд боловч нэг бариад авсан юмаа даацтай хийнэ шүү.

-Өнгөрсөн жил дэлхийн аваргын тэмцээнд хүч үзэх байсан боловч явж чадаагүй гэсэн?

-Тэгсээн. Өмнө нь Казакстанд болсон Азийн аваргын тэмцээнд явахад нь бид хоёр байсан хэдэн төгрөг дээрээ ах дүүгээсээ авч нэмэрлээд явуулсан юм. Нийт зардал нь зургаан сая төгрөг болсон. Охин маань ч амжилтай оролцоод хүрэл медаль аваад, ДАШТ-д оролцох эрхтэй болоод ирсэн. Тэгээд хоёр дахь удаад нь явуулж чадаагүй. Азийн аваргаас ч илүү зардал мөнгө хэрэгтэй болсон.

-Энэ жил бас Азийн аваргын тэмцээнд оролцох эрхтэй болжээ. Явуулах бодол байгаа биз дээ?

-Байлгүй яахав. Өөрөө ч явах сонирхол их байгаа. Энэ жил яаж ийж байгаад явуулъя гэж л манай хүн бид хоёр ярьж байна. Болохгүй бол машинаа барьцаалаад, малчны зээл аваад явуулдаг юм бил үү гэж бодож байна. Узбекстанд болох Азийн аваргын тэмцээнд ороод ирвэл 4.5 сая төгрөг хэрэгтэй болох юм шиг байна лээ. Харин тэр тэмцээний дараа Тайландад Азийн цомын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болох юм гэсэн. Дасгалжуулагч нь нэг мөсөн хоёуланд нь оруулвал зүгээр гээд л байгаа. Бид хоёр ч бас нэгэнт явуулж байгаа юм чинь тэр тэмцээнд нь ч гэсэн оруулчих юмсан гэсэн бодол байна. Тэгвэл нийтдээ найман сая төгрөг болох юм билээ.

-Охины замын зардалд тусалъя гэх хүмүүс хэр олон байна вэ?

-Манай нөхрийн дүү “Зар бичээд нэг юманд тавилаа” гээд утсаар ярьж байсан. Тэрнээс хойш нэлээд хэдэн хүн залгасан. Ноолуур арай гараагүй байхад мөнгө төгрөгийн хэрэг болох чинь бэрх юм аа гэснээр бидний яриа өндөрлөлөө.

Б.Билгүүндарь охинд энэ жил Азийн аварга болох, дараа нь дэлхийн аварга болох томоос том мөрөөдөл бий аж. Түүний энэ мөрөөдлийг биелүүлэхэд туслахыг хүсвэл “Хаан банк 5232053576 эзэмшигч аав Ц.Биндэръяа, 5232067205 данс эзэмшигч ээж Ч.Бадамханд дансанд” хандив өргөж болох юм.

Д.ТҮВШИН

Зургийн тайлбар: Б.Билгүүндарь "гурван жилийн өмнөх зураг"

Зургийн тайлбар:Улаан цамцтай нь багш Г.Сүхбат. Түүний баруун гар талд цэнхэр цамцтай нь Б.Билгүүндарь.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.