Мөнгөний нийгмийн залуурыг мөнгөтэй хүмүүсийнх нь гарт атгуулъя

Д.Тулга / Улстөр

Д.Жаргалсайханы “De facto” нэвтрүүлэгт Баабар ярилцлага өгөв. Баабар нэг зүйлд гайхаж байгаагаа хэлж байна. “Олон түмнээс оноо цуглуулахын тулд, үр уршгийг нь бодохгүйгээр популизм хийж байгаа улсуудыг сонгохгүй байж болно. Хувийн хэвшлийнхэн Монголын үндэсний нийт үйлдвэрлэлийн 80 хувийг хийдэг байлаа, сүүлийн үед төр баяжаад улсын юм олдоод л арай багассан байх л даа. Хувийн хэвшлийнхэн бүгдийг тэжээдэг шүү дээ.Гэтэл нөгөөдүүл нь өөрсдийг нь хорлоод бизнесийг нь явуулдаггүй. Тэгэхээр бизнес хийж байгаа хүмүүс мөнгөө нийлүүлж байгаад ч хамаагүй энэ нөхдүүдийг гаргахгүй байж болдоггүй юм уу. Энэ хүнийг битгий сонгоорой гээд тэмцэж болно. Оюу толгойд гэхэд л шууд хамтран ажилладаг гурван зуу гаруй компани байлаа. Туслан гүйцэтгэдэг 1200 гаруй компани байлаа. Тэнд хэдэн мянган хүн ажиллаж байлаа. Бүгд ажилгүй болсон. Хэдэн өвчтэй юмнаас болоод. Одоо тэр ажилгүй болсон улсууд яагаад юу ч хэлдэггүй юм. Цөмөөрөө нэгдээд яагаад жагсаалаа хийдэггүй юм” гэж Баабар ярина лээ. Хэдэн өвчтэй юмнууд гэдэг нь өнөөх популистуудыг хэлээд байгаа юм.

Тэд бүтээн байгуулалтын эсрэг зохион байгуулалттай, захиалгат ажиллагаа явуулж, хуурамч айдас бий болгож байдаг популистуудыг сонгуу­лиар гаргахгүй байж яагаад болохгүй гэж. Улстөрчдийг сонгох эрх нь бидэнд бий. Сонгож болсон юм сонгохгүй байж бас болно. Тэднийг дахин сонгуулахгүйн тулд бизнес эрхлэгчид хамтарч болно. Популизмын хор уршгийг нийгэмд ойлгуулахад тэд идэвх санаачилга гаргаж болно.

Нэрт нийтлэлч, сэтгэгч, Монголын оюун санааны удирдагчдын нэг Баабар энэ тухай маш зөв санаа хэлэв. Тэрээр популизм цаашилсаар дээрэм, луйвар болж байгааг, популистуудыг луйварчид гэж нэрлэж болохыг хэлэв.

Сүүлийн хорин жил Монголын нийгэм социалистч биш, капиталистч биш, юу нь мэдэгдэхгүй, дороо дэвхцсэн нийгэм болсон. Улстөрчид нь бүгд социализм байгуулах тухай ярьж эхлэв. Амнаас нь үг унавал социализмын үеийн жишээ татаж, дурсан санагалзах болов. Тэд баян хүнийг үнэн голоосоо үзэн ядна. Мөнгөтэй хөрөнгөтэй хүн байвал муусайн баячууд гээд өрөөсөн нүдээрээ харахгүй муулцгаана. Баян хүнийг гэмт хэрэгтэн, луйварчин, хулгайч гэлцэнэ. Нийгмээрээ үүнийг нь хошууран дагаж баян хүнийг үзэн ядах сэтгэлгээ тогтчихлоо. Гэтэл үнэндээ нийгмийг хөдөлгөж байдаг зүйл нь мөнгө. Капиталист нийгэмд мөнгө л бүхний хөдөлгүүр, хөдөлгөгч хүчин зүйл залуур нь байдаг. Тиймээс нийгмийн залах залуур удирдах жолоог бизнес эрхлэгч, мөнгө хийж баялаг бүтээгчдийн гарт атгуулах ёстой юм. Мөн чанартаа жинхэнэ луйварчид, уул овоо шиг том саад бол популистууд өөрсдөө юм.

Эхэндээ тэд баячуудыг муулж, үзэн ядах сэтгэлгээг дэвэргэж байсан бол яваандаа баячуудын хөрөнгийг хураах тухай ярих болж, хөрөнгийг нь хурааж аваад юу юугүй нийгэмчилье гээд байх болов. Үүнд улстөрчид бизнесийнхний зоригтой шийдмэг алхам чухал. Манай улстөрчдөд ч ямар юмны тийм зориг байх билээ. Тэдэнд ийм зориг дутдаг, айдаг. Хэрэв баячуудыг магтвал хамтрагч нь гээд буруудна. Популистуудыг муулж, яриад байгаагийнх нь эсрэг үйлдэл хийвэл тэднийг таалаад байгаа ард түмэн сонгуулиар өөрсдийнх нь эсрэг саналаа өгнө гэж айдаг. Угтаа тэр айлгаад ичээгээд байгаа зүйлээ нэг удаа хойш нь тавиад зоригтой шийдвэртэй алхам хийвэл эдийн засгийн үр ашиг гардаг. Хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүс дургүйцэж байсан ч түүнийг нь сөрж, нарийн царигаа тавьж, нүүрсээ зөө л дөө. Зарим нь ямар учиртайг нь ч мэдэхгүй, өргөн цариг тавих сонирхолтой, магадгүй даалгавартай хүмүүсийн пиар гээчид автаад л Монгол Улсын тусгаар тогтнол байхгүй болох нь гээд айчихаж байгаа юм. Айлгая гэвэл амархан. Арын уулны сүүдрийг мангас гээд барин тавин цуу тараахад итгэдэг л байхгүй юу. Популистууд Монголд бүтээн байгуулалт бий болгох оролдлого болгонд ийм айдсыг ард түмэнд суулгаж эхэлдэг. Энэ айдас дээр нь дөрөөлөн өөрсдийн санаснаа гүйцэлдүүлж, авран хамгаалагчийн дүрээр тодордог. Ард иргэд аврагч тэнгэр нь популистуудыг гэж ойлгоод бүтээн байгуулах гэж байгаа нөхдийг бол чөтгөр шулам гэж бодож эхэлдэг. Үр дүнд нь Монголд нэг ч бүтээн байгуулалт байхгүй үлдэж байгаа. Сүүлийн үед популистуудын тоглоомын хөзөр нь Ноён уул, Гацууртын орд, уул уурхай, төмөр зам, уран, нефтийн үйлдвэр, тавдугаар цахилгаан станц болоод байна. Эднийг бий болговол Монгол хөгжинө, эднийг үйл ажиллагаанд оруулбал монгол хүн баян болно. Гэтэл үгүй. Ээлж дараатай зохион байгуулалттай энэ бүгдийг тэд эсэргүүцэж байна. Энэ хэдэн жил бүтээх гэж санаачилсан болгон популистуудыг ард түмнийг төрийн өмнөөс турхируулж, тархи угаах ажилтай болж. Ихэнхэд нь эх орондоо хайртай болж таалагдав. Цаана нь Монгол Улс, иргэд ньл хохирлоо. Хамгийн сүүлийн жишээ. Эгийн голын усан цахилгаан станц. Хичнээн ч жил яриад явахгүй байсан ажил овоо дорвитой яваад эхэлмэгц зээл авч босгох гэлээ, өрөнд унагах нь гэжэсэргүүцээд эхэллээ. Монголд ер нь юу ч босгож бүтээж болохгүй юм байна, тэднийхээр бол.

Эсэргүүцсэн бүхэн баатар болж, бүтээн байгуулах гэсэн бүхэн дайсан болж байна. Нефть цахилгаан хараат биш болчихвол улс орны тусгаар тогтнолд хэрэгтэй бус уу. Үнэн хэрэгтээ бүх зүйл эсрэгээрээ байгаа шүү. Дээрх бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэж, бүтээх гэж яваа нь эх оронч, харин эсэргүүцэгчид бол гадны гар хөл бологсод гэж харахаар байна. Монголыг ядуу буурай байлгах гэсэн гадны бодлого, нефть цахилгаанаар хараат байлгах гэсэн үйл явцл яваад байна. Гэтэл манай улстөрчид гэх нөхөд энэ яриад байгаа популистуудыг ард түмэн дэмжиж байгаа учир тэдэнд таалагдахын тулд аясаар нь л намираад байдаг.

Дахин сонгогдохгүй байхаас айж байгаа болохоос улс орон хөгжихгүй болчих вий гэдгээс айхаа байж. Хамгийн амар хялбараар нь улс орны хамаг ачааг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхний эздийг шоронд явуулж, хөрөнгийг нь тарааж өгөх л дутуу байна. Энэ нь улс орон амиа хорлож байгаагаас ялгаа алга. Ингэж популизм хийдэг улстөрч нэртэй хорлон сүйтгэгчдээсээ Монголын төр салах хэрэгтэй. Капитализмын замыг бид нэгэнт сонгосон. Ухрах зам үгүй. Баабарын хэлдгээр аль нэг нам гэж хуваагдахгүй, хувийн хэвшлийнхэн нэгдэх хэрэгтэй. Ингэж эрчимтэй, шийдвэртэй арга хэмжээ авч ийм нөхдүүдийг Монголын төрд гаргахгүй байх нь улсын хөгжилд хэрэгтэй юм.

Бид социализмаар явж үзсэн. Бүтэшгүй нь гэдэг нь олон жил батлагдаад түүнээс өөр замыг сонгосон. Нэгэнт сонгосон капитализмаа жинхэнэ утгаар нь бий болгоё. Капитализмаар явж байгаагазрын диваажин, түмний мөрөөдөл Америкт баруун зүүн эргийг холбосон төмөр замыг цусан мөр татуулан байж босгосон. Улс төрийн эр зориг гаргаж байж Монгол хөгжинө. Америкийн ирээдүйг популистууд биш хэдхэн бизнесмэн л бий болгосон. Тэд хамтарч, өрсөлдөж, зорилгодоо хүрэх гэж тэмүүлсэн. Мэдээж саад тотгор, асар их бэрхшээлтэй тулгарсан. Эрсдэл ч их гарсан. Тэр эрсдэл нь нийгэмд учруулах хохирол нь бага, ашиг нь асар их байдаг. Америкт дэлхийд байхгүй том цахилгаан станц барихад дал гаруй хүн нас барж байж. Гэвч Америкийг тэр чигт нь цахилгаанаар хангаж чадах бүтээн байгуулалтыг хийж чадсан. Тухайн үед популистууд байж л байсан. Дээрх бүтээн байгуулалтад хохирол учруулж саад болж байсан. Тухайн үед компаниудыг төр нь дэмжсэн. Хэрэв популистуудын үгэнд орсон бол Америк ийм баян улс байж чадахгүй. Популистууд нийгэмд таалагдаж л байвал маргааш өвөл болоод хүн үхэх нь бидний хариуцлага хүлээх асуудал биш, төр хариуцлага хүлээнэ гэсэн сэтгэхүйгээр ханддаг. Тэд иргэд зовоод эхэлбэл нэр алдар олдог. Тэдний сэтгэхүйгээр дураараа тоглодог. Энэ нөхдийг дараа сонгуульд гаргаж ирэхгүй байя. Алс он жилүүдтэй үлдсэн социализмыг мөн бүрэн орхиё. Социализм, популизмаасаа салах улс төрийн зоримог алхам хийж байж л Монгол хөгжинө.

М.СҮЛД

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.