Монгол Улс заавал хуримтлалтай болох ёстой

Д.Тулга / Эдийн засаг

-Валютаар цангасан эдийн засагт их хэмжээний валют орох цаг үе ирэхэд бид 2010-2011 оных шиг нүцгэн, бэлтгэлгүй байж болохгүй-

Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Ерөнхий эдийн засагч С.Болдтой эдийн засгийн асуудлаар уулзаж ярилцлаа.

-Доллар өнөөдөр 2000 төгрөг хүрэхэд тун ойртлоо. Долларын ханшийг барихын тулд Мөнгөний бодлогыг чангаруулах ёстой гэх эдийн засагчид байна. Харин Монголбанк ямар байр суурьтай байгаа вэ. Бодлогын хүү ойрын хугацаанд өсөх болов уу.

-Инфляци жилийн 9.3 хувь, мөнгөний бодлогын хүү 13 хувь байгаа бөгөөд төгрөгийн бодит хүү +3.7 хувь байна. Инфляцийн хэтийн хандлага нь зорилтот түвшинтэй нийцтэй буюу буурахаар хүлээгдэж байгаа үед мөнгөний бодлогын хүүг дахин нэмэгдүүлж, мөнгөний бодлогыг хатууруулах шаардлагагүй гэж хувь хүнийхээ хувьд үзэж байна. Гэхдээ үүнийг нэг албан тушаалтан биш Мөнгөний бодлогын зөвлөл шийддэг.

-Ингэхэд долларын ханш буурах шинж ажиглагдаж байна уу?

-Эдийн засгийн суурь үзүүлэлт талаасаа валютын ханш огцом сулрах дарамт эрс буурсан. Монголбанкинд ч бодлогын арга хэрэгслээр зохицуулах нөөц, бололцоо байгаа. Гэхдээ валютын захын тогтвортой байдлыг хангах, ханшийг тогтворжуулах гол арга зам нь шинээр валютын эх үүсвэрийг эдийн засагт оруулж ирэх явдал хэвээр байсаар байна. Валютын ханш гэдэг нь төлбөрийн тэнцлийн үүсмэл үр дагавар. Валютын ханшаа засъя гэвэл төлбөрийн тэнцлээ валютын орох шинэ урсгал бий болгож засах учиртай.

-Монголбанкны зүгээс сүүлийн үед эдийн засаг зөөлөн газардсан гэж тайлбарлаад байгаа. Танай дэд ерөнхийлөгч Э.Батшугар “шүхрээр буусан” гэсэн ярилцлага өгсөн байсан. Тэгэхээр эдийн засаг өнөөдрийнхөөс илүү чанга унаж магадгүй байсан гэсэн үг үү?

-Төлбөрийн тэнцлийн хямралтай байсан сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт эдийн засаг огцом агшилгүй, харин зөөлөн газардалт хийсэн нь үнэн. Санхүү, эдийн засгийн хямралын эрсдэл өндөр байсан, эдийн засаг хатуу газардах магадлалтай байсан хамгийн хүнд үе нь 2013 он байсан. Нэг үгээр хэлбэл, хүнд үе ард хоцорсон гэсэн үг.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 50 хувиас таван хувь болж огцом буурахад валютын эрэлт хэрэгцээг тайлбарладаг эдийн засгийн суурь үзүүлэлт болох урсгал дансны алдагдлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ хасах 26 хувиас хасах найм хувь болж буураад байна. Гадаад худалдааны тэнцэл жилийн хасах хоёр тэрбум ам.долларын алдагдлаас нэмэх 0.6 тэрбум ам.долларын ашигтай болж, эерэг өөрчлөлт гарлаа. Эдийн засаг дахь нийт мөнгө одоо дөрвөн хувиар, банкны салбарын зээл есөн хувиар өсч, өсөлт нь эрс саарсан ч, мөнгө зээлийн голлох үзүүлэлтүүд хэзээ ч сөрөг утгатай болсонгүй. Зээлийн тасалдал ч үүссэнгүй. Гадаадаас авч хэрэглэдэг импортын барааны өртөг ихээхэн нэмэгдсэн ч, эдийн засаг дахь нийт ажлын байрныхаа 20 хувийг алдах байсан эрсдэлээс сэргийллээ. Инфляцийн бүтцэд зарчмын өөрчлөлт гарч, нийлүүлэлтийн гаралтай инфляци эрс буурсан. Энэ мэтээр макро эдийн засагт өнгөрсөн хугацаанд гарсан өөрчлөлт,тохиргоо хийгдэх явцад эдийн засгийн бодит өсөлт 2012 оны 12.3 хувиас 2013 онд огцом унасангүй, харин 11.6 хувь, өнгөрсөн онд 7.8 хувьтай гарсан гэж хэлж болно. Чухамхүү 2013-2014 онд хэрэгжсэн мөнгөний уламжлалт бус бодлого нь төлбөрийн тэнцлийн сөрөг нөлөөлөлд дасан зохицох хугацааг хувийн хэвшилд олгох, эдийн засгийг зөөлөн газардуулах өөрийн үүргээ гүйцэтгэлээ гэж дүгнэж байна.

-Тэгэхээр манай эдийн засаг эерэг үзүүлэлтүүд харагдаж эхэлсэн байна гэж ойлгож болох уу. Эдийн засгийн байдлыг илүү, дутуу тайлбаргүйгээр дүгнээч. Монголбанкны ерөнхий эдийн засагчаас биш С.Болд гэдэг хүнд энэ асуултыг тавимаар байна?

-Мэдээж, ДНБ-ий 7.8 хувийн бодит өсөлтөө бүтцээр нь харваас худалдаа, үйлчилгээний салбар хүндэрч, бүтээгдэхүүний цэвэр татвар буурсан байгаа. Энэ нь эдийн засаг тогтвортой өсч тэлэхэд шаардлагатай санхүүгийн шинэ эх үүсвэр нэн хэрэгцээтэй хэвээр байгааг, хэрвээ тэрхүү эх үүсвэрийг олж, оруулж ирж чадахгүй бол ДНБ-ий бодит өсөлт улам саарахыг харуулж байна. Манай эдийн засаг төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдалтайгаар гурав дахь жилдээ ингэж явж болохгүй. Мэргэжлийн хэллэгээр төлбөрийн тэнцлийн алдагдлыг бүрэн хэмжээгээр нь санхүүжүүлэх гадаад валютын эх үүсвэрийг шийдвэрлэж, эдийн засагт оруулж ирэх ёстой гэж ойлгож болно. Үүнийг хэр хэмжээгээр, хэзээ, ямар хэлбэрээр татаж оруулж ирэхээс эдийн засгийн 2015 он, цаашлаад дунд хугацааны хандлага ихээхэн хамаарна. Ер нь бол валют өөрөө орж ирэхийг хүлээх бус, валютыг өөрсдөө татаж авчрах шаардлага хэвээрээ л байгаа. Энэ ажлыг хэр зэрэг сайн хийхээс эдийн засгийн хүндрэлээс хэр хурдан гарах вэ гэдэг нь шалтгаална. Гэхдээ валют оруулж ирэх, түүгээр төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх боломж нэмэгдсэн байгааг хэлэх хэрэгтэй.

-Сангийн сайд мэдээлэл хийхдээ хэрэв валютын урсгал нэмэгдэхгүй бол энэ оны төлбөрийн тэнцлийн алдагдал 1.4 тэрбум долларт хүрч магадгүй тухай ярьсан. Мэдээж, энэ бол муугийн муу хувилбараар тооцсон төсөөлөл. Гэхдээ эерэг боломж байгаа юу?

-Хэрэв таны хэлдгээр хамгийн муугаар бодоход, макро бодлогод ямар ч өөрчлөлт гарахгүй, экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад зээллэгэд эерэг өөрчлөлт бий болохгүй гэх гутранги үзлээр төсөөлбөл төлбөрийн тэнцэл энэ онд 1-1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарч болзошгүй гэж сэрэмжлүүлсэн ОУВС-гийн ажлын хэсгийн дүгнэлт бий. Гэвч макро бодлогын өөрчлөлтийг нэгдсэн байдлаар амжилттай хэрэгжүүлбэл ийм зүйл тохиолдохгүй. Та бүхэн санаж байгаа бол 2013 онд төлбөрийн тэнцэл хасах 1.9орчимтэрбум ам.долларын, өнгөрсөн онд хасах 0.5 орчим тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Мэдээж алдагдлын хэмжээ 2014 онд ийнхүү буурсан нь эдийн засгийг зөөлөн газардуулсантай, урсгал дансны алдагдал жилд гурван тэрбум ам.доллар байсан нь нэг тэрбум ам.доллар болж буурсантай холбоотой. Харин энэ оны тухайд төлбөрийн тэнцлийг алдагдалгүй гаргах буюу Монголын эдийн засагт орох, эдийн засгаас гадагшлах гадаад валютын урсгалын цэвэр зөрүүг эерэг утгатай болгох ёстой байгаа. Ер нь эдийн засгийн хүндрэлээс гарах гол зангилаа нь төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгохоос эхтэй. Тийм учраас Засгийн газар, төрийн холбогдох байгууллагуудын макро бодлогын цогц өөрчлөлт, УИХ-аас битүүний өдөр баталсан 41-р тогтоол зэрэг нь төлбөрийн тэнцлийн алдагдалгүй болж эдийн засгийн хүндрэлээс гарахад чиглэж байна.

-Тэгвэл төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгох чиглэлд юу хийх ёстой гэж. Үнэндээ мөнгө олж ирэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах талаар Засгийн газар дорвитойхон ажил хийхгүй байгаа юм шиг санагддаг?

-Хэд хэдэн прагматик арга хэмжээ авах хэрэгтэй болов уу. Нэгд, УИХ-ын 2015 оны 41, 2014 оны 34 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллах. Хоёрт, Өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаар шинээр үүсч буй улсын болон хувийн хэвшлийн гадаад зээллэгийн боломжуудыг зохистой ашиглах. Гуравт, алтны томоохон орд тойрсон асуудлыг шийдвэрлэж, алт олборлолт, Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлэх. Дөрөвт, Тавантолгой, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг эхлүүлэх. Тавд, ашигт малтмалын салбарын хууль, эрх зүйн орчинтой холбоотой тодорхой бус байдлыг бүрэн арилгах. Зургаад, концессийн төслүүдийн хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд эхлүүлэх, Долоод, олон улсын санхүүгийн байгууллагуудын хөгжлийн бодлогын зээлийн боломжуудыг судалж ашиглах, Наймд, Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн гэрээний хүрээнд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, худалдааны эргэлт нэмэгдэх учиртай тул Японы талтай тодорхой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, санхүүжилтийг нь эхлүүлэх. Есөд, улирлын нөлөөлөл бүхий зарим импорт, тухайлбал, худалдааны санхүүжилтийн арга хэрэгслүүдийг ашиглах замаар түлш шатахууны импортын төлбөрүүдийг тодорхой хугацаагаар хойшлуулах. Аравт, төсвийн илүү зохистой бодлого хэрэгжүүлэх замаар Хөгжлийн банкны зарцуулалтыг оруулсан төсвийн нийт алдагдлыг 2015 онд 4-5 хувиас хэтрүүлэхгүй байлгах, улмаар дунд хугацаанд алдагдалгүй төсөвтэй болох гэх мэт арга хэмжээ авч болно.

-УИХ-ын намрын чуулганы хаалтын өдөр хэд, хэдэн хуулийг бөөндсөн. Үүний нэг нь Өрийн удирдлагын тухай хууль байлаа. Чоно борооноор гэгчээр баяраар далимдуулж баахан хууль бөөндлөө гэх хүмүүс байгаа бол энэ хуулиар хоёр тэрбум долларын боломж харагдаж байгаа гэж үзэх хүн ч байна. Чухам ямар боломжууд харагдаж байгаа вэ. Энэ боломжийг яаж ашиглах хэрэгтэй гэж та үзэж байна?

-Өрийн удирдлагын тухай хуульгүй байх үед Засгийн газрын гадаадаас зээл авах боломж, чадавхи “өрийн тааз” гэх хүлээсэндээ баригдаад тэг түвшинд байлаа. Гаднаас валютын эх үүсвэр оруулж ирэх чадамжгүй Засгийн газар гэсэн зах зээлийн сөрөг хандлага улсын болон хувийн секторыг шинээр эх үүсвэр оруулж ирэхэд болон валютын зах зээлийн хүлээлтэд туйлын сөрөг нөлөөтэй байсан нь ойлгомжтой. Харин Өрийн удирдлагын тухай хуультай болсноор өмнө нь үүсгэсэн болон шинээр үүсгэх өрийг удирдах, зохицуулах бодлоготой болж, тэр нь зах зээлд эерэг дохио болж байгаа. Засгийн газрын өөрийнх нь гадаадаас нэмж зээл авах боломж 600 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн гэдгийг Сангийн яам мэдэгдэж байна лээ. Түүнчлэн Засгийн газрын дотоодын зах зээлд гаргасан үнэт цаасыг эзэмшиж буй банкууд гаднаас дунд, урт хугацааны валютын эх үүсвэр оруулж ирэх боломж ч бүрдсэн. Засгийн газрын гаргасан үнэт цаасны үлдэгдэл 2.9 их наяд төгрөг байгаа. Энэ нь одоогийн ханшаар хамгийн ихдээ 1.4-1.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц гадаад валютын шинэ эх үүсвэр юм. Тэрхүү үнэт цаасыг эзэмшиж буй этгээдүүд ийм хэмжээний валют оруулж ирэх боломж нээгдсэн гэсэн үг. Энэ нь Засгийн газрын өмнөх жилүүдэд үүсгэсэн өрийн бүтэц доторх өөрчлөлт болох учир Засгийн газрын одоогийн өрийг нэмэгдүүлэхгүй. Тийм учраас ийм эерэг боломж үүссэн байгааг цаг алдалгүй, зөв зохистой ашиглах нь зүйтэй. Ингэхдээ эдийн засагт шинээр орж ирэх гадаад валютыг валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлын зарим хэсгийг нөхөх, тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэлийг дэмжих гэсэн гурван чиглэлд зарцуулах нь зүйтэй болов уу.

-Аргаа ядвал “Станд бай” хөтөлбөрт шилжиж магадгүй гэсэн яриа эдийн засаг, улс төрийн хүрээнийхний дунд байгаа. Гэхдээ ашиглаж чадвал эдийн засагт багагүй боломж байгааг дурдлаа. Хэрэв бид зөв гарц олж чадах юм бол “Станд бай” хөтөлбөрт хамрагдахгүй байж болох нь ээ?

-Эдийн засаг хүндрэлээс гарах боломж олон байгаа. Боломж байхгүй асуудал гэж байдаггүй. Миний бодлоор, макро бодлогын өөрчлөлтийг нэгдсэн байдлаар зөв, зохистой хийж, УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлснээр эдийн засгийн хүндрэлээс гарах боломжтой. Ер нь эдийн засгийн тохиргоог хийлгэхийн тулд бодлогын өөрчлөлтийг өөрсдөө хийх үү, өрөөл бусдаар хийлгэх үү гэсэн сонголттой улс орнууд тулгардаг л даа. Бидний тухайд эдийн засгийн суурь тохиргоо өнгөрсөн хоёр жилийн турш хийгдэж, зөөлөн газардлаа гэж үзэж байна. Мэдээж гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэхгүй, валютын орох урсгал сайжрахгүй, төлбөрийн тэнцлийн хөрөнгө, санхүүгийн данс туйлын сулхан үзүүлэлттэй хэвээр байгаа үед эдийн засгийн гадаад тэнцвэрийг төсөв, мөнгөний бодлогын аль алинаар нь дэмжих шаардлага үүссэн. Тэр чиглэлд макро бодлогын өөрчлөлтийг өнгөрсөн оны дунд үеэс эхлэн хийж байна. Мөн хүндрэлийг бий болгосон шалтгаан буюу валютын орох урсгал буурсан байгаагаа заавал засч, төлбөрийн тэнцлээ алдагдалгүй болгож байж асуудал бүрэн шийдэгдэнэ. Тэгэхээр ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай байнга зөвлөлдөж, санал бодлоо солилцож, макро үзүүлэлтүүдийн төсөөллөө шинэчилж, бодлогын зөвшилцөх уулзалтууд хийсний үндсэн дээр макро бодлогын өөрчлөлтийг бид өөрсдөө хийж байна гэж ойлгож болно. Заавал ОУВС-гийн албан ёсны хөтөлбөрт хамрагдах шаардлагагүй. Харин олон улсын санхүүгийн байгууллагуудтай хийх бодлогын зөвшилцөл бол зайлшгүй чухал зүйл. Бид бодлогын асуудлаар зөвлөлдөх чиглэлд ОУВС, Дэлхийн банктай маш ойр ажиллаж байгаа.

-Ингэхэд УИХ-ын зарим гишүүний хэлээд байгаа шиг манай улс “Станд бай”-д хамрагдах нь зөв үү. Эдийн засгаа тэлэх биш борцлох нөхцөл үүсэх юм биш биз?

-Олон улсын аливаа байгууллагын ямар нэг хөтөлбөрт орно, орохгүй, орох нь зөв, буруу гэсэн таамаг дэвшүүлж, ул суурьгүй мэдээлэл олон нийтэд тараах нь зохистой үйлдэл биш л дээ. Ялангуяа мэргэжлийн бус хүмүүс сэтгэлийн хөөрлөөр эсвэл сонгуулийн шоу маягаар асуудалд хандах ёсгүй байгаа юм. Иймэрхүү дам яриа зах зээлийг үймүүлж, хүлээлтэд сөргөөр нөлөөлж байдаг. Тийм учраас ОУВС-гийн хөтөлбөрийн талаар Засгийн газар, Төв банк зэрэг эрх бүхий байгууллагууд нь албан ёсоор мэдээлэл хийгээгүй тохиолдолд дам яриа, таамгаар спекуляци хийх нь зохистой зүйл ерөөсөө ч биш. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Монголбанкнаас ОУВС-гийн удирдлагууд, ажлын хэсэг, мэргэжлийн багуудтай бодлогын зөвлөлдөх уулзалтуудыг ОУВС-гийн дөрөвдүгээр дүрмийн хүрээнд олон удаа хийсэн. Гэхдээ ОУВС-тай албан ёсны хөтөлбөр, түүний нөхцөлүүдийн талаар ярьсан, хэлэлцсэн, хэлэлцээрт орсон, тохиролцсон зүйл байхгүй. Тэр асуудлаар талууд ярилцаагүй.

-Гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн. Монголд орж ирэх валютын нэг урсгал бол гадаадын хөрөнгө оруулалт. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхийн тулд хуулиа шинэчилж, итгэлцлийг бий болгохоор Засгийн газар багагүй ажиллаа. Харамсалтай нь хөрөнгө оруулалт огтсэргэсэнгүй. Яагаад вэ?

-Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий таван хувьтай тэнцэх хэмжээнд буюу 2009 оны эдийн засгийн хямралын үеэс ч доогуур түвшинд хүрлээ. Гэхдээ зарчмын ялгаатай тал нь эдийн засаг 2009 оных шиг хасах нэг хувиар агшсангүй, харин 7.8 хувиар өссөн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хүссэн хэмжээгээр орж ирэхгүй байгаа гадаад шалтгаан нь Азийн бүс нутаг, дэлхийн хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус байдал арилаагүй, Хятадаас хөгжиж байгаа орнуудад хийх хөрөнгө оруулалт огцом багассан, дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ буурах хандлагатай байгаагаас уул уурхайн салбарт хийх хөрөнгө оруулалтын эрсдэл нэмэгдсэн зэрэг явдал юм. Харин дотоод шалтгаан нь мэдээж хууль эрх зүйн орчин, зохицуулалт, хөрөнгө оруулагчдын итгэлтэй холбоотой асуудлууд, томоохон төслүүдийн хэрэгжилт удааширсантай холбоотой үүссэн хүлээлт зэргээр тайлбарлагдана. Хөрөнгө оруулалтын орчны хүлээлтийг эерэг болгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх хамгийн чухал арга хэмжээ нь хоёр том төслийн санхүүжилтийг эхлүүлэх, татварын шинэчлэлийг хийж, татварын орчны тодорхой бус байдал, үл ойлголцлыг арилгах, гадаад зээллэгээ хэлбэрээр Засгийн газрын татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд оновчтойгоор ашиглах явдал гэж бодож байна.

-“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг Засгийн газарт шилжүүлсэн гэж Сангийн сайд хэлсэн. Энэ хөтөлбөрийг Засгийн газар цааш нь үргэлжлүүлээд аваад явах боломж хэр байгаа бол. Хэрэв хөтөлбөрийг шууд зогсоовол эдийн засагт ямар эрсдэл гарч ирэх вэ?

-Энэ хөтөлбөр нь анхнаасаа дунд хугацааны хөтөлбөр байсан. Тэгэхээр 2015 оноос өмчлөл нь үндсэндээ Засгийн газарт шилжиж байна гэж ойлгож болно. Хөтөлбөр зорьсон үр дүндээ хүрсэн. Үүнийг зарим нэг үзүүлэлтээр илэрхийлье. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онд нийт инфляцийн дунджаар 33.4 хувийг эзэлдэг байсан бол 2013 онд 18 хувь, 2014 онд 4.5 хувь болж буурсан. Ингэж нийлүүлэлтийн гаралтай инфляци сүүлийн хоёр жилийн туршид нам, тогтвортой түвшинд байснаар бага, дундаж орлоготой иргэдийн бодит орлогод ирэх ачааллыг зөөлрүүлсэн. Хөтөлбөр нь нийт эдийн засгийг тогтворжуулах, зөөлөн газардуулах арга хэмжээний нэг хэсэг байснаараа эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг дэмжих, ажилгүйдэл нэмэгдэх эрсдлийг бууруулах, хөдөө аж ахуй, барилга, агуулахын үйл ажиллагааны салбарт ажлын байрыг хадгалахад эергээр нөлөөлөв. Нэг талаас хөтөлбөр үр дүнгээ өгсөн, нөгөө талаас УИХ-аас хөтөлбөрийн зээлийн үлдэгдлийг Засгийн газар шилжүүлж авахаар даалгасан учраас Монголбанк хөтөлбөрөөс үе шаттай гарч, харин Засгийн газар цаашид нийлүүлэлтийн гаралтай инфляцийг нам, тогтвортой түвшинд нь байлгах үүргээ шилжүүлж авч байна. Нэгэнт өнгөрсөн хоёр жилийн туршид тогтчихсон механизм учраас Засгийн газар зайлшгүй чухал гэж үзсэн дэд хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, цаашлаад мах, гурил, шатахууны үнийг огцом нэмэгдүүлэхгүй байлгах зах зээлийн зарчимд суурилсан суурь тогтолцоог үргэлжлүүлээд явах болов уу. Эрсдэлийн хувьд хөтөлбөрийг шууд зогсоож, зээлийн гэрээг цуцалж, мөнгийг нэг дор шууд татна гэвэл тэр нь бодит сектор, санхүүгийн салбарт сөрөг нөлөө, донсолгоо үүсгэх муу үр дагавартай учраас хөтөлбөрийн зээлүүдийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу эргэж төлүүлнэ.

-Сүүлийн үед олон нийтийн зүгээс хамгийн ихээр сонирхож байгаа зүйл бол орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгааг 10 хувь болгох уу гэдэг асуудал. Ер нь ийм боломж хэр байна? Үүний эрсдэл болоод эерэг тал нь юу байх бол?

-Урьдчилгаа төлбөрийг шууд 30 хувиас 10 хувь болгож бууруулна гэдэг боломжгүй. Учир нь, энэ нь зээлдэгчийн болон зээлдүүлэгчийн эрсдэлийг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд сөрөг нөлөөтэй, бодлогын нөлөөллийг сулруулсан үйлдэл болно. Харин орон сууцны зах зээл, барилгын салбарт үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор урьдчилгаа төлбөрийг 30 хувьд нь хэвээр байлгаад Засгийн газраас тодорхой зорилтот бүлэгт чиглэсэн бодлого хэрэгжүүлж, тэр дагуу зөрүү 20 хувийг нь тодорхой эх үүсвэрээс хариуцаж шийдвэрлэнэ гэсэн хувилбар байж болох юм.

-Эдийн засагт огцом өсч буурахаасаа илүү тогтвортой тэлэх нь илүү үр дүнтэй. Харин тогтвортой тэлэхийн тулд Засгийн газар, УИХ ямар бодлогоор ажиллах ёстой вэ?

-Ашигт малтмалын олборлолт, эрдэс түүхий эдийн экспортын орлого, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас манай орны төлбөрийн тэнцэл, улмаар нийт эдийн засаг хэтэрхий их хамааралтай явж ирсэн нь үнэн. Зүйрлэвэл энэ нь үндсэндээ архаг хууч өвчтэй, эмзэг биетэй байгаатай агаар нэг ойлголт юм. Ийм онцлогтой эдийн засгийн тухайд уул уурхайн салбарт уналт, сөрөг нөлөө үүсэхэд тэр нь нийт эдийн засгаа татаж унагах гээд байдаг. Үүнийг хамгийн сүүлд эдийн засгаа нэн хатуу газардуулж байсан 2009 оны хямралын сургамж бидэнд харуулсан байдаг. Тийм учраас эдийн засгаа тогтвортой, эрүүл хурдаар тэлж явахын тулд нэн тэргүүнд төлбөрийн тэнцлийн тогтвортой, эерэг орчинтой болох ёстой байна. Хоёрдугаарт, нийт эдийн засаг, санхүүгийн салбарт хуримтлалын тогтвортой тогтолцоо хэрэгтэй. Валютаар цангасан эдийн засагт их хэмжээний валют орох цаг үе ирэхэд бид 2010-2011 оных шиг нүцгэн, бэлтгэлгүй байж болохгүй. Их хэмжээний валютын урсгалыг хуримтлуулах сангууд хэрэгтэй бөгөөд тэдгээрийг үе шаттай дүүргэх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг хуримтлал болгодог загвар болох Баялгийн сан, Ирээдүйн өв сан, Тэтгэврийн сан, Төсвийн тогтворжуулалтын сангуудаа зөв зохистой бүрдүүлэх, хөрөнгөжүүлэх асуудал маш чухал байна. Гуравт, инфляцийг нам, тогтвортой түвшинд байнга байлгах, ашигт малтмалын бус салбарын дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн, эдийн засгийн бүтцээ илүү зохистой, дархлаатай, өрсөлдөх чадвартай болгох нь чухал юм. Эдгээр гурван чиглэлд хэрэгжүүлэх бодлогоо зөв тодорхойлж, тууштай хэрэгжүүлбэл эдийн засаг эрүүл хурдаар, тогтвортой өснө. Тогтвортой өсөх эдийн засагт өсөлтөд оролцох оролцоо, өсөлтөөс хүртэх хүртээмжийн талаар ярих боломжтой болно.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.