Людмила Константиновнагийн семинар

Д.Тулга / Боловсрол

medee

1990 он. Ардчилал, чөлөөт сэтгэлгээ, хүний эрх. Бас анархизм. Энэ бол монголын түүхийн нэгэн онцгой он цаг, эргэлтийн цэг гарцаагүй мөн. Бидний хувьд энэ он бол огт өөр хоёр ертөнцийн зааг үе, үзэл санаа итгэл үнэмшлийн тэс өмнөө тулгуурыг гарт атгуулсан, энэ чиг баримжаандаа одоо ч төдийлөн дасаж чадахгүй л байгаа нь бас үнэн. Ийм эргэлт тухайн нийгмээ бүхий л бүтцээр нь хөдөлгөөнд оруулж, сууриар нь ганхуулж, урьд өмнө байгаагүй шинэ орон зай, өөр уур амьсгал, нөхцөл орчинд дасан зохицохыг тайлбаргүйгээр тулгадаг.

Харин уран зохиолын ертөнцөд ямар нөхцөл байдал үүссэн билээ ингэхэд. Аливаа шинэ үзэл санаа, орчин нөхцөлд эсрэг хариу үйлдэл үзүүлдэг консерватив хандлага, нөгөө талд нь дасан зохицох, шууд хүлээж авдаг прагматик шинж үндсэндээ ажиглагдсаныг бид мэднэ. Ялангуяа 1990-ээд оны эхний хагаст ямар ч хууль, үзэл санааны тулгуур үйлчлэхгүй, сэтгэлгээний ядуу төвшинд тааруулсан бэлэн хоол борлуулах, сонирхол шохоорхлоор изм, бүлгэм, тунхаг чанга дуугаар зарлах, хэнд ч ямар ч боломж байгаа мэт сэтгэгдэл хөөсрөлийг орчин тойрондоо тараасан нь яваандаа илүүтэй анархи байдалруу түлхсэн байдаг. Ийм үзэгдлийг нийгмийн шинжилгээний салбарынхан шилжилтийн үе, түүнд тохиолдох бараг л мөнхийн дагуул нь хэмээн нотолдог. Хувьсгалыг ухаантнууд бодож олж, зоригтнууд гардан гүйцэтгэж, адгийн шаарууд үр шимийг нь хүртдэг гэсэн афоризм зүгээр ч нэг гарчихаагүй. Харин энэ үед хамгийн бага эрсдэл амсаж, нэг үгээр хэлэхэд үндсээрээ ганхаж түүхийн хогоороо дуудуулахад хүрээгүй үлдсэн салбар нь уран зохиол судлалын салбар л байлаа. Шүүмжлэлт сэтгэлгээ нь нөгөө талд бараг л зогсонги байдалд орж, хэний зөв, юуны буруу, аль замаар явах, ямарт нь итгэхээ ч мэдэхгүй, хонгилын үзүүрт ямар ч гэрэл байтугай юм харагдахгүй тийм үе ирээд байсныг санацгааж байгаа. Ийм үед чухам яах ёстой вэ, сэтгэлгээний төвшин, үзэл санааны шилжилт хөдөлгөөн бол мэдээж өөрийнхөө голдрилоороо явдаг энд адаглаад л хугацаа шаардагддаг, харин үүнийг аль нэг талаар дэмжих, үгүйдээ садаа болохгүй байхын тулд хэрхэн оролцох, ямар чиг бодлого баримтлах нь зохистой тухай асуудал нээлттэй байсаан.

Чухам ийм хөрс өөрөө Герасимович, Байгалсайхан, уран зохиол, судлал шүүмж, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг гэсэн үгсийг нэгэн утгын дор нэгдэхэд түлхэж, шалтаг шалтгаан нь болсон байна. Анх орос мэргэжилтнүүдийн хүүхдийг сургах дунд сургуулийн зориулалтаар баригдаад хожим 1992 онд Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн санаачлагаар шинжлэх ухаан тэргүүлэх салбар мөн, харин түүнийг тусгайлан залуу боловсон хүчнээр хангах нь зүйтэй гэсэн үүднээс байгуулсан сургууль болсон, тухайн үеийн Улаанбаатарын их сургуулийн хурлын танхимд 1997 оны хавар оюутнуудын дунд эрдэм шинжилгээний нэгэн “даруухан” хурал болжээ. Нэр нь “ГЕРАСИМОВИЧИЙН СЕМИНАР”.

Гадаад болон дотоод нийгмийн олон шалтгааны улмаас Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны судалгаа 1950-иад оноос идэвхжиж ирсэн бөгөөд үүнд ялангуяа монголын орчин үеийн уран зохиолын түүхийн судалгаа тухайн үеийн орос зөвлөлтийн эрдэмтдийн санаачлага оролцоотойгоор үүсэн хөгжсөн байдаг. 1955 онд Г.И.Михайловын “Монголын орчин үеийн уран зохиолын түүхэн найруулал” тойм шинжтэй анхны бүтээл гарсан бол дараа нь 1965 онд “БНМАУ-ын утга зохиол” номыг Людмила Константиновна Герасимович гаргасан нь олон талаар онцлогтой болсон байдаг. 1970 онд Английн Лидсийн Их сургууль англи хэлээр орчуулан гаргаж өрнөдөд монголын орчин үеийн уран зохиолын тухай ойлголтыг анх удаа нэлээд ул үндэстэйгээр өгч байсан уг бүтээлд монголын шинэ уран зохиолын ангилал, төрөл зүйлийг үүсэл хөгжлийн төвшинд нь авч үзсэн, төлөөлөгч болгон авахдаа тухайн үед төдийлөн яригддаггүй байсан, эсэргүү болж хэлмэгдсэн зохиолчдыг гарган ирж зохиол бүтээлээр нь жишээлэн, судалгааны хүрээг баяжуулсан зэрэг үнэ цэнэтэй ололттой талыг нь хожмын судлаачид тэмдэглэн, судалгааны тулгуур болгосоор байна.

1990-1994 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын их сургуулийн аспирантурт суралцан мөнөөхөн монголч эрдэмтэн Л.К.Герасимовичийн удирдлагад монголын үргэлжилсэн үгийн том хэлбэр романы төрөл зүйлийн хөгжлийн асуудлаар судалгааны ажил хийж, эрдэмтэн болж ирсэн нэгэн шавь нь өдгөө МУИС-ийн Улаанбаатар сургуулийн захирал, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбарын эрхлэгч, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбооны тэргүүнээр ажиллаж буй хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор, Эрдэмтэн-зохиолч С.Байгалсайхан юм. Багш хүний бахархал шавь нь байдаг гэдэг. Тэгвэл өөрийнх нь сургасан ухааныг цааш үргэлжлүүлэн авч, өөрийн болгон эзэмшиж, шинжлэх ухааны салбарт бүтээлээ гаргаж, үнэлүүлж яваа шавиараа өөрөөр хэлбэл өөрийн сургасан, итгэсэн, цаг заваа зориулсан хүн нь, ажил нь талаар болоогүйг хараад бүр ч их талархлын сэтгэл төрөх нь зүй биз ээ.

Нэг талаас багшдаа талархсан сэтгэлээ бодож, нөгөө талаас шинжлэх ухааны зарчим, монголын шинэ үеийн уран зохиолын судлалын хөгжилд оруулсан хувь нэмэр, бүтээсэн оюуны ажил, зүтгэсэн үнэн сэтгэлийг бодсон ч ийм хурлыг түүний нэрээр нэрлэх эрх нь ч, үүрэг нь ч мөн биз ээ.

Алив зүйлд учрал тохиол, шалтгаан үр, ерөөл билиг байдагчлан “ГЕРАСИМОВИЧИЙН СЕМИНАР” хэмээх өнөөх даруухан эхэлж байсан хэлэлцүүлэг, хурал ч мөн дээрх тохиол, шалтгааны үр болон бүрэлдсэн хэрэг.

Тухайн үед утга зохиолын чиглэлээр сургалт эрхэлж, мэргэжилтэн бэлтгэдэг улсын хувийн бүхий л их дээд сургуулиуд, түүний салбар нэгж, эрдэмтэн багш нарт хандаж тэдний халуун дэмжлэгтэйгээр анхны хурлаа хийж байснаас хойш өнөөдөр 16 дахь хавартайгаа золгох гэж байна. Анхны хуралд оюутны ширээнээс оролцож илтгэл хэлэлцүүлэн шалгарч байсан Д.Бум-Очир өнөөдөр өөрийн сонирхон судалсан судалгааны чигтэй болж, ном бүтээлээ хэвлүүлж, эрдмийн зэрэг хамгаалаад байгаа нь уг хурал эхнээсээ л үр дүнтэй ажил байсны илэрхийлэл даруй мөн юм. Уг хэлэлцүүлгийн үр өгөөж, ач холбогдлыг олон талаас нь харж болно. Тухайлахад судалгааны төв, сургалтын байгууллагууд, түүний холбогдох салбар нэгж, эрдэмтэн багш нар оюутан сурагчдыг удирдаж, судалгааны арга барилтай танилцуулахын зэрэгцээ хэлэлцүүлэгт ирж тухайн асуудлаар санал солилцон, сонирхолтой ярилцлага өрнүүлж, үзэл бодлоо хуваалцаж ирсэн нь утга зохиол сонирхогч оюутан залууст олон талын ач холбогдолтой зүйл болсоор иржээ. Х.Сампилдэндэв (академич), Д.Цэрэнсодном (академич), С.Байгалсайхан (доктор /Sc.D/, профессор), Л.Г.Скородумова (доктор /Sc.D/, профессор), Л.Хүрэлбаатар (доктор /Sc.D/, профессор), Д.Цэдэв (доктор /Sc.D/, профессор), Ван Мандуга (доктор /Sc.D/, профессор), С.Дулам (доктор /Sc.D/, профессор), Д.Оюунбадрах (доктор /Sc.D/, профессор), Ш.Цэнд-Аюуш (доктор /Sc.D/, профессор), Ч.Билигсайхан (доктор /Sc.D/, профессор), Д.Галбаатар (доктор /Sc.D/, профессор), Ш.Сонинбаяр (гавж, доктор / Ph.D /, профессор), Ч.Дагвадорж (доктор /Ph.D/, профессор), Р.Нарантуяа (доктор /Ph.D/, профессор), С.Хөвсгөл (доктор /Sc.D/, профессор) нарын эрдэмтэн багш нартаа энэ бүх л хугацаанд хамтран ажиллаж дэмжиж, оюутан сурагчдаа удирдаж, шүүн хэлэлцэж, санал зөвлөгөө өгч, үзэл бодлоо илэрхийлж, мэдлэг мэдээллээ хуваалцаж, уран зохиолын чөлөөт индрийн өвөрмөц орчин үүсгэж ирснийг тэмдэглэн, бүхий л шавь нар, үе үеийн оюутан сурагчдын өмнөөс халуун талархал илэрхийлж байна.

Нөгөө талаас нь харвал уг санаачлага, хэлэлцүүлэг зохион байгуулсан явдал нь монголын уран зохиолын судлал шүүмжлэлийн салбар, ялангуяа шүүмжлэлт сэтгэлгээний орчин мухардалд орж, зогсонги байдалтай байсан, түүнд сонирхон оролцогч залуу үе төдийлөн байхгүй байсан, залгамж холбоо зарим талаар алдагдахад хүрээд байсан нөхцөлд чухам зөв алхам, цагаа олсон ажил байсан нь түүний цар хүрээ, үр дүнгээс харагддаг бөгөөд тухайн чиглэлээр сургалт эрхэлдэг бүхий л их дээд сургуулиуд, судалгааны төвүүдийн эрдэмтэн багш нар аман зохиол, монголын эртний болон орчин үеийн уран зохиолын түүх, судлал шүүмжийн олон талтай асуудлаар оюутан сурагчдаа удирдан чиглүүлж, судлгааны арга барил, шинжлэх ухааны мэдлэгт хөтлөн, түүнийх нь үр дүнд оюутан сурагчид нь өөрсдийн хийсэн судалгааны ажлаа хэлэлцүүлж, нээлттэй бүтээлч маргаан өрнүүлдэг нь уг хурлын уур амьсгалыг илүү бүтээлч, амьд уур амьсгалтай болгож чаддаг байна.

Тус хуралд оюутны ширээнээс илтгэл хэлэлцүүлэн, амжилттай оролцож, цаашид судалгааны ажлаа үргэлжлүүлэн, өөрийн сонирхсон чиглэлээр мэргэшин, ном бүтээлээ хэвлүүлэн олны хүртээл болгож, эрдмийн зэрэг цол хүртэж, гадаад дотоодын хурал семинарт оролцож, эрдмийн их замд жолоо залснаас нь нэрлэхэд Д.Бум-Очир, Т.Баясгалан, А.Мөнх-Оргил, П.Бадрал, Д.Цэвээндорж, Э.Батжавхлан, Абиру Михо нарыг дурдаж болох юм. Эдгээр залуус судалгааны төв, их дээд сургуулиудад өөрийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлж, оюутан сурагчдад лекц уншиж, семинар удирдаж байгаа нь уг хурал цагаа олж судлаач, шүүмжлэгчдийн залуу халааг бэлтгэхэд өөрийн үүргээ хэдийнэ гүйцэтгэх болсыг нь харуулж байна.

Монголын үе үеийн зохиолчдын бүтээсэн оюуны их өв, түүнийг судлан шинжилж, ухааран нээх их ажилд амьдралаа зориулсан Людмила Константиновна Герасимович, түүний эрдэм ухаанаас суралцан багш шавийн журмыг үүтгэсэн С.Байгалсайхан, түүний санаачлан хэрэгжүүлсэн “ГЕРАСИМОВИЧИЙН СЕМИНАР” оюутны эрдэм шинжилгээний хурал, түүнээс төрөн гарсан залуу эрдэмтэн судлаачид, шавийн шавь нар, ирээдүйд төрөн гарах шинжлэх ухааны мэргэдийн хэлхээ холбоо аль нэгнээс нь салгаж үзэхийн аргагүйгээр нөхцөлдөж, шалтгаан үрийн хууль жамын нэгээхэн илэрхийлэл болж байна гэдэгтэй маргахгүй биз ээ.

Монголын их уран зохиолын, үе үеийн үгийн дархцуулын, номын шавийнхаа, эрдмээс нь суралцсан олон үеийнхний их сэтгэлийг хүлээсэн, өдгөө ерэн насны босгыг алхаж буй Людмила Константиновна Герасимович авгайг шавийн шавь болсон бидний хэдэн залуус багшаа хэмээн хүндлэн дуудах эрх бий гэж бодном.

А.Мөнх-Оргил

/Монгол улс. Улаанбаатарын Их Сургууль.

Доктор (Ph.D), дэд профессор/


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.