Ч.Сүрэнхорлоо: Одоо БОГДХАН төмөр замынхаа ТЭЗҮ-Г хийх багаа яаралтай сонгож ажлаа эхлэх хэрэгтэй

Д.Тулга / Эдийн засаг

surenhorlooБогдхан төмөр зам барих урьдчилсан ТЭЗҮ-г Засгийн газар энэ долоо хоногт баталсан. Богд уулыг тойруулан тавих 170 орчим километр шинэ төмөр замын талаар Төмөр замын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч доктор Ч.Сүрэнхорлоотой ярилцлаа.

-Засгийн газар энэ долоо хоногт баталсан Богдхан төмөр замын ТЭЗҮ-д тусгасан төмөр замын чигийг та тодорхой тайлбарлаж өгөөч?

-Энэ урьдчилсан ТЭЗҮ-д Богдхан төмөр замын чиг буюу трасс нь гурван хувилбараар хийгдсэн байгаа юм. Мандалаас Багахангай хүртэл нэг нь 150 километр, нэг нь 170 километр, нэг нь 165 километр гэсэн ийм гурван хувилбар байгаа. Явж байгаа чиг нь зарим нь даялаад уулан дундуур явсан байгаа. Зарим нь уулын урдуур яваад туннель хийхээр тооцсон ийм гурван хувилбар байгаа. Энэ гурван хувилбарыг одоо эцэслэн шийдвэрлэхийн тулд дахиж нарийвчилсан ТЭЗҮ хийх компани юм уу баг ажиллах ёстой. Урьдчилсан ТЭЗҮ-ээр бол ерөнхий чиг тавьсан. Одоо жинхэнэ мэргэжлийн улсууд бодож боловсруулаад аль нь хамгийн ашигтай байна гэдэг техникийн шийдлийг гаргахажил руу орох ёстой л доо. Тийм учраас хамгийн ашигтай чиглэлийг нь тогтоохын тулд ажлын ТЭЗҮ-ээ хийх багаа сонгон шалгаруулах ажлаа яаралтай эхлэх ёстой юм.

-Тэгэхээр ажлын ТЭЗҮ хийх багийг тодруулах тендер удахгүй зарлах байлгүй. Ер нь хэр удах бол?

-Аль болох хурдан хувилбарыг би сонгон шалгаруулах аргаар явах нь зөв гэж бодож байна. Үүнийг хийдэг компаниуд цөөхөн. Цэвэр мэргэжлийн баг бүрэлдэхүүн, олон жижиг компаниудыг нэгтгээд, Төмөр замын нэгдсэн холбоотой хамтраад Зам тээврийн яам яаралтай хамгийн оптимал хувилбарыг сонгосон тийм трассыг тогтоох ёстой юм. Одоо бол шууд энэ трассаар эцэслэнэ гэсэн юм байхгүй, Засгийн газрын хуралдаанаар бол Багахангай Мандал хоёрын хооронд энийг барьж болох юм байна гэдгийг л баталсан болохоос биш энэ уулын урдуур нь явах уу, хойгуур нь явах уу эсвэл Хөшигийн хөндийн урдуур орох уу, хойгуур нь орох уу, хэдэн километр салаалж яаж явах вэ гэдэг техникийн бүх шийдлийг хийхийн тулд төмөр Замын нэгдсэн холбоотой хамтраад мэргэжлийн инженерүүдийг цуглуулаад ажлаа яаралтай эхлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, замын зураг хийдэг, ТЭЗҮ хийдэг, трасс тогтоодог гадаад дотоодын олон компани байгаа. Энэ бүх компаниуд бүгдээрээ Төмөр замын нэгдсэн холбоонд нэгдэж байгаа. Тийм учраас нэгдсэн холбоогоороо дамжуулаад энэ ТЭЗҮ-г маш хурдан хугацаанд хийж болно. Тэгэхдээ инженерүүдийг өөрсдөөр нь сонгон шалгаруулаад ажлаа эхлүүлэх нь зөв. Түүнээс биш тендер зарлах шаардлагагүй.

-170, 165, 150 километрээр гараад ирчихсэн гурван хувилбарын хамгийн ашигтай, оновчтой нь таны харж байгаагаар аль нь вэ?

-Энэ гурван шийдлийн аль алинд нь давуутай сайн талууд бий. Ашигтай гэж тогтоосон трассууд байгаа. Тэр бүгдийг нийлүүлээд дөрөв дэх хувилбар гаргаж ажиллах ийм л мэргэжлийн баг одоо хэрэгтэй.

-Трассууд нь хоорондоо нэлээн зөрүүтэй харагдах юм. Хэр их зөрүүтэй байгаа юм бэ?

-Ердөө 20-хон километрийн зөрүү байгаа юм. Өнгөцхөн хараад энэ нь ашигтай юм байна гэж хандах нь буруу. Жишээ нь, нэг нь уулан дундуур туннель хийхээр трасс тогтоосон байхад жаахан тойроод явж байгаа нь туннелиэс зугтаагаад тал газраар явуулчихаар бага зэргийн тойруу боловчиг зардал багатай, ашигтай гэхчлэн давуу талууд байх жишээтэй. Туннель бол харуул хамгаалалтай байна, барьсны дараа ашиглалтын зардал аль нь өндөр байх вэ гэх жишээтэй яг инженерийн тооцоо шийдэл гарна. Ингэж нарийвчилсан ТЭЗҮ гарсны дараа төмөр замаа хэнээр бариулах вэ гэдэг асуудал гарна. Манай инженерүүд бол аль болохоор эгц шулуун явах нь ашигтай гэсэн байр суурьтай байгаа. Туннель дундуур явах нь ашигтай гэсэн үг.

-Гурван өөр трассыг яг тодорхой хэлж өгөхгүй юу?

-Эхнийх нь, төмөр замын Мандал өртөөнөөс гараад өгсөхгүйгээр тал дундуур явсаар Хөшигийн хөндий орж ирнэ. Хөшигийн хөндийд барьж байгаа нисэх онгоцны урдуур даялаад Төв аймгийн хойд талаар гараад Багахангай өртөөн дээр ирэх юм. Хоёр дахь хувилбараар, Мандал өртөөний наахнаас, Рашаант өртөөнөөс гараад мөн саяын маршрутаар яваад Багахангай өртөөн дээр хүрнэ. Энэ бол 150 километр. Гурав дахь хувилбар нь мөн Мандал өртөөнөөс Багахангай орох боловч арай дөтөлж уулан дундуур туннель гаргаад явсан маршрут байгаа. Энэ нь 160 киломер.

-Яг энэ төмөр зам дээр нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахад хэр хугацаа шаардлагатай вэ?

-Лав тав зургаан сар хийх байх. Хэрвээ 170 километрээр нь сонгоно, эсвэл 150-иар нь сонгоно гэвэл алдаа болно.

-Богдхан төмөр замыг барьсны дараа хуучин зам нь хэрэгцээнээс гарчихаар хот доторх авто хөдөлгөөнд ямар өөрчлөлт орох бол?

-Одоо бол Улаанбаатар хотын дундуур явж байгаа энэ ганц гол төмөр замаар тэсэрдэг дэлбэрдэг, шатдаг, хайлдаг аймшгийн хортой бүх аюултай ачааг тээж байна. Энэ бүх эрсдлийг нэгдүгээрт шийдэж байгаа юм. Хоёрдугаарт, бөглөрөл түгжрэл үүсгэж байгааг шийдэж байна. Энэ дээр чинь 1800 га талбай энэ төмөр замын салаа салбар өчнөөн зам байгаа шүү дээ. Толгойтоос Амгалангийн хооронд үйлдвэр аж ахуйн нэгж, компаниуд руу салсан нийт 50 километр салбар зам бий. Тэр бүх замууд байхгүй болж хот түгжрэлгүй болно.

Хөшигийн хөндийд байгуулах нисэх, төмөр зам, автозамын нэгдсэн том терминаль дээр төмөр замаар ирэх бүх том ачаанууд ирнэ. Тэрнийг авто замаараа тээвэрлэнэ үү, нисэхдээ ачна уу, эсвэл нисэхээс ирсэн ачаагаа авто замаараа тээвэрлэнэ үү, төмөр замаараа тээвэрлэнэ үү гэдэг боловсруулалт, хуваарилалтаа хийгээд тэр боловсруулсан ачаагаа хөнгөн тээврээр хурдны замаар хотынхоо төв рүү оруулаад хэрэглэгчдэдээ хүргэнэ. Ингэхээр хот дундуур төмөр зам явах ямар ч шаардлагагүй болж байгаа юм. Өчнөөн тоннын контейнер чирээд хот дотор явж байх шаардлагагүй болчихно. Хот доторх хөдөлгөөн бол асар ихээр хөнгөвчлөгдөнө. Зардал, цаг хэмнэнэ.

-Суудлын галт тэрэг нь хаагуур явах юм бэ?

-Туул голын урдаас үндсэн замаасаа салаалаад ТЭЦ-4, ТЭЦ-3-ын орчимд шинээр барих вокзал дээрээ ирнэ. Эндээ олон улсын суудал нь ирээд буцаад гарна. Богинохон. 12, 13-хан километр салаа байх юм. Дөрөв, гуравдугаар цахилгаан станц руу тээвэрлэх нүүрсээ мөн энэ замаараа тээвэрлэнэ. Энэ олон салаа замууд ямар ч хэрэг байхгүй. Харин хуучин төмөр зам дээгүүрээ хурдны зам тавьчих хэрэгтэй. Далан нь үлдэнэ ээ дээ. Тэрэн дээр нь хурдны зам тавьчих хэрэгтэй юм. Эцэст нь хэлэхэд, Улаанбаатар төмөр зам 16 мянган ажилчинтай. 477 инженер байна. Энэ бол маш том хүч. Үүнийг зөв зохион байгуулж зөв удирдаад ажлаа яаралтай эхлэх хэрэгтэй. Манайханд нэг нийтлэг бурууойлголт байдаг.Монголчууд чанаргүй хийдэг, хулхиддаг, бага цалинтай учраас чанаргүй муу юм хийнэ гэсэн буруу ойлголт. Төмөр замыг тэгж ойлгож болохгүй. Яагаад гэхээр тэр дээгүүр галт тэрэг хөдлөөд эхлэнгүүт л өөрийнхөө алдааг өөрөө амсдаг учраас алдаа гаргах ямар ч бололцоогүй.

Н.ПАГМА

www.DNN.MN


Сэтгэгдэл

Зочин [64.119.24.126] 2021-04-28 21:20:36

Давхар трасс


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.