Иргэн Х: Сайхан явсан миний аав бидэндээ зураг болон үлдлээ

Д.Тулга / Хууль

Өнгөрсөн 12-р сард зам гарч яваад нэгэн иргэн автобусанд дайруулж амиа алдсан хэрэг гарч байсан билээ. Тодруулбал 2014 оны 12 сарын 10-ны өдөр иргэн Т зүүн дөрвөн зам дээр зам хөндлөн гарч яваад жуковоос 13-р хороолол орох гэж явсан том оврын 2605 УНЭ дугаартай Тэнүүн дэлгэр ХХК-ны автобусанд дайруулан алтан амиа газар дээрээ алдаж, ар гэрийхэнд нь нөхөж баршгүй том хохирол учирсан билээ.

Харин энэ хэрэг өдийг хүртэл шийдвэрлэгдээгүй, тухайн автобусыг барьж явсан жолооч Т ажлаа хийгээд явж байгаа талаарх гомдол мэдээллийг манай сайтад өгсөн юм. Бид талийгаач Т-ийн охин Х-тэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Та бүхэн ямар шалтгааны улмаас хэвлэлд хандахаар шийдэв?

-Би золгүй ослоор амиа алдсан Г.Түмэнбаяр талийгаачийн охин. Манай аав бол эрүүл саруул биетэй, ганц ч удаа эмнэлэгт хэвтэж үзээгүй, архи тамхи огт хэрэглэдэггүй хүн байсан. Энд хүний зөв бурууг шүүхдээ биш гол нь цаашид энэ мэт хайртай дотны хүмүүсээ алдсан хэрэг дахин бүү давтагдаасай, өөр хайран сайхан гэр бүлүүд бүү хохироосой, над шиг хэн нэгэн хүү, охиноо өнчин битгий үлдээгээсэй гэсэндээ энэхүү хэргийн талаар дэлгэж байна.

-Хэргийг шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдахгүй байгаа гэж та үзэж байгаа юм уу?

-Энэ хэрэг дээр анхнаасаа л хүчин мөхөсдөж байсан нь үнэн ч зөв шийдэх байх гэж итгэсэндээ өдийг хүртэл явлаа. Гэвч энэ бол худлаа байдаг юм байна. Урд нь ийм хэргийн талаар ямар ч ойлголт байгаагүй хүмүүст дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч нь л боллоо. Дайрсан жолооч Т нь сар гаруйн дараа ганц удаа уулзаад “Санамсаргүй юм болчихлоо. Ах нь одоо хууль дүрмийнх нь дагуу явна” гэсэн юм яриад л өнгөрсөн. Бид энэ бүгдэд маш хүлээцтэй хандсан. Гэхдээ үнэхээр л хүн чанартай, сэтгэлтэй хүн байсан бол ажил явдалд нь тус болоод л наагуур цаагуур нь явж болно шүү дээ. Одоо хүний амь нас хороочихоод хэдхэн сар болж байхад ямар ч хариуцлага хүлээлгүй ажлаа хийж явна.Байцаагч нь хэргийг ганцхан шинжээчийн дүгнэлтээр л шийдээд хэргийг хэрэгсэхгүй болгох гээд прокурор луу шилжүүлсэн байна.

-Тухайн үед яг юу болсон юм бол. Талийгаач гарцгүй газраар гарч явсан юм уу?

-Тийм ээ. Зүүн дөрвөн замын хяналтын камерын бичлэгийг харахад хэрэг болох үед японы элчингийн хамгаалалтай машинууд нэг минутын өмнө явж өнгөрсөн бөгөөд тэр үед зам ямарч саадгүй чөлөөтэй байсан. Автобус 9м тоормослож аавыг минь 5м шидсэн байдалтай олдсон. Гэтэл шинжээч автобусыг 28 км/ц хурдтай явж байсан гэж дүгнэлт хийсэн. Байцаагчийн дүгнэлтээр төв зам дээр болсон хэргийг харсан ганц ч гэрч байхгүй, дээр нь камерын бичлэг байхгүй гээд гурван сар өнгөрсний дараа бичлэг устахыг хүлээж байгаад дахин бичлэг шалгах хүсэлтийг явуулсан байсан. Автобусан дотор 35 зорчигч байсан гэсэн боловч тэр хүмүүсээс дуудаж гэрчийн мэдүүлэг аваагүй. Энэ маягаар их хүн хохирсон байх гэж бодохоор л хайран санагдаад байх юм. Хүний алтан амь гэдэг нөхөж баршгүй үнэ цэнэтэй. Гэтэл одоо хууль тогтоох байгууллагууд хүний амийг өчүүхэн ч төдий бодохоо больжээ. Яагаад өнөөдөр сайхан явсан миний аав зурагнаас өөр юмгүй болчихсон юм бол. Гэхдээ би хэн нэгэн хүний буруутайг тогтоож торны цаана оруулах гэсэндээ биш. Гарсан хэрэг нь үнэн зөв шийдэгдэхээ больчихсонд л гайхаж байна.

-ХЭРГИЙГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ-

Харин бид энэ талаар Цагдаагийн байгуулагын албаны эх сурвалжаас тодруулахад: “ Хөдөлгөөнд оролцогч гэдэг нь замаар яваа жолооч, явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчигчийг хэлнэ. Явган зорчигч нь жолоочийн нэгэн адил замын хөдөлгөөнд оролцогч юм.Тэгэхээр бүгдэд нь замын хөдөлгөөний дүрэм үйлчлэх ёстой.

Машинтай хүн л дүрэм мөрдөнө. Бусад нь дүрэм мөрдөхгүй гэсэн ойлголт буруу. Жишээ нь тээврийн хэрэслээр явж байгаа жолооч эргэдэггүй газраар эргэх юм бол торгуулна. Харин явган зорчигч дуртай газраараа гарч л байхад торгодоггүй сонин тогтолцоо манайд үйлчилж байна.

Явган зорчигч улайм цайм гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлж гэмтэж бэртэж, амь насаараа хохирвол явган зорчигчийн буруу гээд хуулиндаа заасан байгаа. Харин мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч нь гарцаагүй саад тохиолдсон үед тухайн тээврийн хэрэслийг зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 11.4-т хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй саад замд тохиолдсон үед түүнийг арилгах, өөрөө арилгах бололцоогүй бол холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх гэсний дагуу энэ үүргээ биелүүлээгүй бол харицлага хүлээнэ. Замын хөдөлгөөний осол гэмтэл нь санамсар болгоомжгүй үйлдэгдэг болохоор хөнгөн нөхцөл байдлаар авч хэлэлцэгддэг. Дээрх хэргийн хувьд хэргийг нь ор тас хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй.” гэх хариулт өглөө.

Б.ЦЭЛМЭГ



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.