Л.Болдбаатар: Харж зогсож байгаад дүүгээ алдчихлаа

Д.Тулга / Хууль

kranӨнгөрсөн пүрэв гаригт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жагоб” ХХК-ийн хашаанд осол гарч, нэг хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тус компанийн “КАМАЗ” загварын автокранаар ачаа өргөж байх явцад автокраны сум хүрднээсээ мултарч, ачааны автомашин дээр унаж хүн дарагдаж нас барсан байна. Хүн дарагдаж нас барлаа гэх дуудлага онцгой байдлын газарт 2015.03.26-ны өдрийн 14:04 цагт ирж, Нийслэлийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч ажиллаж, 46 настай иргэн Б /эрэгтэй/ дарагдаж нас барсныг тогтоож, цогцсыг нь гаргаж дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн байна.

Осол өдрийн 14.00 цагт болсон бөгөөд хэргийн газар цагдаагийнхан болон онцгой байдлын алба хаагчдыг очиход залуу хэдийнэ амьсгал хураасан байжээ. Талийгаач Б төрсөн ах Болдбаатартайгаа хамтарч олон жилийн өмнөөс ачааны автомашинаар ачаа зөөж эхэлжээ. Тэр өдөр ч гэсэн хамтдаа “Жагоб” компанийн ачааг буулгах гээд зогсож байсан байна. Гэтэл нүд ирмэхийн зуурт краны сум их хүчтэй унах үед ах нь цохигдон газарт унаж, дүү нь краны суманд дарагдаж, газар дээрээ амиа алджээ. Түүний ах Л.Болдбаатар “Дүүгийнхээ амийг аврах ямар ч боломж байсангүй. Үнэхээр итгэж өгөхгүй байна” хэмээн доголон нулимстай бидэнтэй ярилаа.

-Дүүгээ алдсанд тань эмгэнэл илэрхийлж байна. Яг юу болчихов оо?

-Бид хоёр “Жагоб” гэх компанийн хоёр машин ачааг буулгахаар очсон байсан. Гэтэл эхний машин ачаагаа дөнгөж буулгаж эхлээд байтал ийм харамсалтай хэрэг болчихлоо. Биднийг очиход тэр хашаанд нэг кран зогсож байсан. Харваас даац багатай, жижиг кран. Тухайн үед дүү маань компанийн удирдлагууд болон краны жолооч залууд анхааруулж хэлсэн ч тоогоогүй. Дүү маань өнөөх жижиг краныг харчихаад “Бидний ачааг наад кран чинь даахгүй шүү. Өөр том кран авч ирсэн нь дээр байх” гэж хэлсэн юм л даа. Гэтэл үгийг нь хэн ч сонсоогүй. Эцсийн эцэст миний дүүгийн амиар золиос хийчихлээ.

-Тэгээд юу болсон бэ?

-Бид хоёр машиныхаа хажууд зогсож байсан. Гэтэл өнөөх краны жолооч шууд л тросс татаад өргөсөн. Өргөхдөө ачааныхаа тэнцвэрийг олоогүй. Бас даац хэтрүүлсэн. Үүнээс болж нүд ирмэхийн зуурт краны хүрд ханз үсрээд сум нь дээрээс унаад ирсэн. Сум нь унахдаа машины аравчинд хүчтэй цохиж, би нуруундаа цохигдоод газар унасан. Босоод хартал дүү маань краны доор хэвтэж байсан. Үнэхээр хэцүү байна. Харахад нүд халтирмаар байсан.

-Талийгаач яг ямар байдалтай байсан бэ?

-Дүү маань цаашаа үсрэх гэж байсан ч хөл нь тээглэсэн байх гэж бодож байна. Краны сум мөрөн дээр нь унахдаа нэг гарыг нь тасалж, цээжин хэсгийг нь хоёр хуваагаад хаячихсан байсан. Аврах ямар ч боломж байгаагүй. Газар дээрээ нас барсан.

-Кран ойролцоогоор хэдэн метрийн өндрөөс унасан бэ?

-Одоо бодоход 10 метр орчим өндрөөс унасан байх. Яаж ч бодсон тэр жижиг кран есөн тонн ачааг даахгүй.

-Осол гарсны дараа “Жагоб” ХХК болон краны жолооч залуутай уулзсан уу?

-Үгүй ээ, нэг ч холбогдоогүй, огт уулзаагүй. Краны жолооч 30 нас ч хүрээгүй жаахан хүүхэд харагдсан. Дээр нь мэргэжлийн бус гэдэг нь илт байсан. Олон жил том кран барьсан туршлагатай жолооч “Болохгүй шүү. Даахгүй” гэж хэлсээр байхад үг аваагүй. Яаж ч бодсон миний дүүгийн үхэлд краны жолооч буруутай. Яах вэ, хэн хэн нь мөнгө олохын тулд л яваа. Гэхдээ тэр жолооч краныхаа даацыг мэдсээр байж ачаа өргөсөн.

-Хэргийн газар ирсэн цагдаа нар таниас мэдүүлэг аваагүй гэсэн үү?

-Цагдаа нар хэнийг шалгаж, хэнээс мэдүүлэг авч байгааг нь мэдэхгүй байна. Тэд хэргийн газар дээр ирээд осол гарсан үед яг хажууд нь байсан надаас нэг ч мэдүүлэг, байцаалт аваагүй. Тэгсэн хэрнээ хэрэг гарах үед хажууд нь байгаагүй, гэртээ байсан хүнээс байцаалт, мэдүүлэг авсан байгаа юм. Үнэндээ дүүгийн маань хэрэгт холбогдуулж хэнийг шалгаж, хэнээс байцаалт авч байгааг мэдэхгүй л явна. Үнэхээр яах учраа олохгүй гомдолтой байна, ах нь.

Б.ЦЭЛМЭГ

kran

kran

kran

kran


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.