С.Дангаасүрэн: “Эрдэнэт” үйлдвэр нөөц ашигласны төлбөрт 10 гаруй тэрбум төгрөг төлдөг

Д.Тулга / Эдийн засаг

Орхон аймгийн удирдлагууд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2013-2017 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, түүний дагуу ажлын төлөвлөгөө батлан бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байгаа аж. Энэ талаар Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр Засагш даргын албанд томилогдоод удаагүй байгаа билээ.

-“Эрдэнэт” үйлдвэр Орхон аймгийнхныг тэжээдэг. Энэ үйлдвэртэй хамтарч өнгөрсөн жилүүдэд ямар, ямар ажил хийсэн бэ?

-Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй Орхон аймгийн ЗДТГ хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хамтын ажиллагаа 2013-2017 оны хооронд хэрэгжих юм. Манайд зургаан хороолол байдаг. Нэмэлтээр хорооллууд баригдаж байгаа. Өнгөрсөн жил “Эрдэнэт” үйлдвэр нэг хороолллын автозамыг өргөтгөх, сайжруулах, гэрэлтүүлгийн ажил, зогсоолууд хийж өгсөн. Мөн гуравдугаар хорооллын зам дээр тэрбум 200 сая төгрөгөөр гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай байгуулж, автозамын асуудлыг шийдэж өгсөн. Нийгэм, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр аймагтаа хамтарч олон үйл ажиллагаа явуулж байна. Аймгийнхаа ахмадуудыг “Эрдэнэт” үйлдвэрийнхээ сувилалд амруулах, сурагчид, залуучуудаа олон улсын тэмцээнд оролцоход дэмжиж тусладаг.

-Энэ онд хийх ажлын төлөвлөгөө гарсан уу?

-2015 онд манайд нэлээдгүй ажлыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Нэгдүгээрт, гэр хорооллын хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх, амьдрах нөхцлийг нь сайжруулах зорилгоор цэвэр усны инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж эхэлж байна. Мөн орон сууцны төвийн зургаан хороооллын 3-4 хорооллын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор фасадны ажлыг Эрдэнэт үйлдвэр хийж өгнө. Энэ ажилд 3-4 тэрбум төгрөг зарцуулна. Манай аймгаас мөн зохих ёсны мөнгө гаргаад хамтарч ажиллана.

-Нөөц ашигласны төлбөр гэж хичнээн төгрөг төсөвт төвлөрүүлдэг вэ?

-Нөөц ашигласны төлбөр гэж манайд 10 гаруй тэрбум төгрөг төлдөг. Манай аймаг улсын татаасгүй цөөхөн аймгийн нэг шүү дээ.

-Танай аймагт бүтээн байгуулалтын ажил хэр өрнөж байна?

-Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн жил 800 айлын орон сууц ашиглалтад орсон. Энэ жил ТОСК-ын хэмжээнд 316 айлын орон сууц ашиглалтад орно. Хувийн хэвшлийн олон байгууллага олон барилга ашиглалтад оруулах байх. Чех, Монголын хамтарсан гэрээгээр манайд төсөл хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил 80 айлын орон сууц ашиглалтад орсон. Энэ жил төслөө үргэлжлүүлээд орон сууцныхаа барилгыг бариад явна. Бид 2012 онд 200 айлын амины орон сууцанд инженерийн шугам татсан. Манай аймаг хоёр сумтай. Жаргалант суманд 100 айлын инженерийн шугам татаж, хувийн орон сууц ашиглалтад оруулсан.

-Эрдэнэт үйлдвэрт газар олгож барилга бариулдаг уу?

-Манайх Эрдэнэт үйлдвэрт 400 га газар өгсөн. Энэ газар дээр Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд инженерийн шугам сүлжээгээ тавьж орон сууцны ажлаа эхлэх байх. Манайх хувийн орон сууц чиглэлдээ нэлээд түлхүү ажиллаж байна.

-Таны хувьд Засаг даргаар томилогдоод удаагүй байгаа. Аймаг дангаараа ямар бүтээн байгуулалтыг энэ онд хийх вэ?

-Гэр хорооллын 11 баг байдаг. Энд бүх гэрэлтүүлгийг хийсэн. Тйимээс энэ жил үлдсэн гэр хорооллын гурван баг дээр гэрэлтүүлгийн ажил хийнэ. Өнгөрсөн жил авто замд 10-аад тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил бараг тэр хэмжээний мөнгө зарцуулах байх.

-Хаалтын менежментийн талаар тодруулахгүй юу?

-Герман улс, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр хамтарч хамтын ажиллагааны хүрээнд нэг төсөл хийж байгаа. Том үйлдвэр зогссоны дараа энэ үйлдвэрлэлээ үргэлжлүүлээд, 100 мянган хүн яаж амьдрах вэ гэсэн төсөл байгаа юм.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.