Шүүх О.Баасанхүүг олохгүй байхад жирийн иргэн би яаж олох юм бэ

Д.Тулга / Хууль

batbayarЭмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

-Та УИХ-ын гишүүн О.Баасанхүүг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан гэх юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хааччихаад эрэн сурвалжлах болчихсон юм бэ?

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай процесстой холбоотой асуудал. Шүүх тэр хүнийг олохгүй, хаяг дээрээ байхгүй байна гээд миний үйлчлүүлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгочихсон. Тиймээс би хуулийн дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Ийм мэдээлэл авсан хүмүүс л О.Баасанхүү гишүүнийг олдохгүй байна гэж шуугьсан байх. Түүнээс хэн нэгэн хүнийг гутаах утга агуулаагүй. Тухайн хэргийн хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцоод өөрийнхеө гэм буруугүйг нотлоод явчих эрхтэй. Тэггэл шүүхийн үйл ажиллагаанд хүндрэл учруулаад очихгүй, “Миний одоо амьдарч байгаа хаягаар наад нэхэмжлэлээ авчир” гээд шүүхийн ажилтанг загнаад байдаг. Энэ бол тухайн хүний хүнд суртал л даа.

-Шүүх оршин суугаа хаягийг нь олохгүй байгаа юм уу?

-Нэхэмжлэл гаргасан тал хариуцагчийн оршин суугаа хаягийг шүүхэд гаргаж өгдөг. Бидэнд албан ёсны хаягийг нь олж өгсөн. Гэтэл хорооных нь Засаг дарга энэ хаяг дээр байдаггүй гээд тодорхойлолт бичээд өгчихөж. Хэрвээ тэр хаягаас шилжсэн бол хорооноос хасалт хийсэн бүртгэл байх ёстой. Гэтэл хорооны Засаг дарга тэр бүртгэлээ гаргаж өгеөгүйгээрээ шүүхэд хуурамч баримт бүрдүүлж байгаа хэрэг. Эсвэл хорооны Засаг дарга тухайн этгээдийн шилжсэн хөдөлгөөнийг хийлгүй, албан үүрэгтээ хайнга хандсан байна.

-Таны үйлчлүүлэгч өөрөө О.Баасанхүү гишүүнтэй уулзах хүсэлт гаргасан гэдэг. О.Баасанхүү гишүүн хорих ангид таны үйлчлүүлэгчийг эргэж очихдоо доромжилсон, нэр хүндийг нь гутаасан гэж нэхэмжлэл гаргасан уу?

-Тэр хүн миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байх хугацаанд нь янхан, хар тамхичин гэдэг байдлаар анх олон нийтийн анхаарлын төвд оруулсан гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. О.Баасанхүүгээс болж миний алдар хүнд гутаан доромжлогдсон гэж үйлчлүүлэгч маань ярьдаг. Урьдчилан хорих төвд өнгөрсөн очиж миний үйлчлүүлэгчтэй уулзахдаа “Танай аавыг өмгөөлөгч чинь зодсон байна лээ. Чи Х.Тэмүүжинтэй дотно харьцаатай байсан гэдгээ хэлчих” зэргээр хов жив ярьж, УИХ-ын гишүүнд баймааргүй ёс зүйгүй үйлдэл гаргасан шүү дээ. Тэр хүн өөрийнх нь талаар УИХ-ын танхимд элдэв юм яриад, хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдар хүндийг нь гутаагаад байхаар нь Сарангэрэл уулзах хүсэлт гаргасан. Шоронд байгаа жирийн нэг охин уулзаач гэж хүссэн бол УИХ-ын эрхэм гишүүн гүйгээд очихгүй байсан. Хүсэлт дээрээ жич гэж байгаад “Х.Тэмүүжиний талаар ярина” гэчихээр давхиад оччихож байгаа хэрэг. Ерөөсөө л миний үйлчлүүлэгчийг улс төрийн өрсөлдөөнд ашигласан. Жирийн иргэнийг өндөр албан тушаалтан өөрт ашигтайгаар элдвээр хэлж, доромжилж болдоггүй. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгээр бусдыг айлган сүрдүүлж одоо бүр шүүхэд хүртэл хүндрэл учруулж байна. Энэ бол ёс зүйн хувьд байж болшгүй зүйл.

-УИХ-ын гишүүн Төрийн ордондоо байдаг биз дээ. Ажил дээр нь нэхэмжлэл аваачаад өгч болдоггүй юм уу?

-Би шүүх дээр очоод асуухаар бичиг хэргийн ажилтан нь “О.Баасанхүүтэй утсаар яриад байгаа. Телевизээр гарч байна лээ” гээд байдаг. Тэгсэн атлаа олж, нэхэмжлэлээ өгч чаддаггүй. Уг нь УИХ-ын гишүүн олон нийтэд ил байдаг, сонгогчдынхоо саналыг хүлээж авах ёстой гэдэг биз дээ. Гэтэл өөрөө шүүхэд дуудагдах болохоор зугтаад байдаг. Шүүх хүртэл процессын алдаа гаргахаас айгаад хөдөлж чадахгүй байна. Хуульд нэхэмжлэлийг өөрт нь гардуулна гээд заачихсан болохоор ажил дээр нь хүргээд өгч болно. Гэтэл гардуулж яах юм бэ, оршин суугаа хаягаар нь хүргэж өгне гэсээр байгаад хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Тиймээс гуравдугаар сарын 24-ний өдөр хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан шүүгчийн талаар дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Хорь хоногийн дотор хариу илрүүлэх байх. Уг нь шүүх хуулийн дагуу ажилласан бол О.Баасанхүүг олдохгүй байна гэж долоо хоногийн дотор надад мэдэгдэж, би эрэн сурвалжлуулах хүсэлтээ гаргачих байсан юм. Шүүх нь ажлаа хийхгүй байна уу, иргэн О.Баасанхүү шүүхийг хүндэтгэхгүй байна уу. Тэр хүн Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх байнгын хорооны дарга. Гэтэл өөрт нь холбогдох нэхэмжлэлээс зугтаад байгааг ойлгохгүй юм.

-Ёс зүйгүй байна гэж үзэж байгаа бол УИХ-ын Ёс зүйн хороо эсвэл өөрийнх нь хариуцаж байгаа байнгын хороонд хандаж өргөдөл гаргавал яадаг юм бэ?

-УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд 2014 оны зургадугаар сард гаргасан. М.Батчимэг гишүүнд хуваарилагдсан. Тэр хүн утсаа авдаггүй юм билээ. “Тухайн гишүүнд танилцуулсан. Тайлбараа өгөхгүй алга болчихлоо” гэдэг юм. Тухайн хүн хариу өгөхгүй байна гэдэг өргөдпийн агуулгыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн хууль зүйн тайлбар бий. Гэтэл ёс зүйн байнгын хороо өнөөдрийг хүртэл надад хариу өгөөгүй. Хуулиараа 45 хоногийн дотор асуудал шийдэгдэх байсан. Байнгын хороо хариу өгөөгүй учраас бид шүүхэд хандсан, юм шүүдээ. Тэрхүн өөрийгөө буруугүй гэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээж аваад шүүхэд буруугүйгээ нотол л доо.

-О.Баасанхүү гишүүн ч өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Ингэж шүүх, хэвлэл мэдээллээр нэгэн рүүгээ дайрч байхаар уулзаад учраа олж болдоггүй юм уу?

-О.Баасанхүү УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа гэдгээрээ өөрийнх нь дотоод итгэл үнэмшил ихэмсэг, бардам байдлыг бий болгочихоод болохгүй юм. Эвлэрэх эрх байгаа учраас тэр хүн ирээд учир зүйгээ олох боломж бий. Бид ихэрхээгүй. Шүүх нь тэр хүнийг олохгүй байхад жирийн иргэн би яаж олох юм бэ.

-Г.Сарангэрэл үйлдсэн хэрэгтээ зохих шийтгэлээ эдлээд суллагдах гэж байгаа. Г этэл дахиад нэг гишүүнтэй хэл ам хийгээд байна. Ер нь та нар бүгдээрээ тэр охиныг ашиглаад байгаа юм биш үү?

-Над руу чиглэсэн асуулт байна. Намайг мөнгөтэй хүнийг өмгөөлөхөөр бөгс долоогч гэдэг. Мөнгөгүй хүнийг өмгөөлөхөөр шоучин гэдэг. Энэ бүхнээс үл хамаараад би хуулиар хүлээсэн үүргээ л биелүүлж байна. Миний үйлчлүүлэгчийн хүсэл зориг учраас намайг юу гэж хэлэх нь хамаагүй. Үүнээс гадна тэр охин шоронгоос гарч ирээд тайван амьдрах боломжгүй болсон. Батлан даалтад гарч ирээд л хүнд зодуулсан шүү дээ.

Хорих ангид байхад нь ч “Х.Тэмүүжинтэй унтахад ямар байсан. Хаялага өндөр биз дээ” гэдэг. Х.Тэмүүжинтэй дотно учраас байртай, машинтай болчихсон гэдэг ойлголт хүмүүсийн дунд бий болчихсон. Гэтэл Г.Сарангэрэлийн аав ээж Баянхошуунд гэр хороололд амьдарч байгаа. Аав ээж нь охиноо эргэх мөнгөгүй уйлаад л сууж байгаа. Хүний алдар хүнд гэдэг нийгэмд үнэлэгдэх үнэлэмж, нэр төр өөрийгөө үнэлэх үнэлэмж. Гэтэл энэ хүнд алдар хүнд алга. Үүнээсээ болоод өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болчихсон. Нийгэмд үнэлэгдэх үнэлэмж нь хүмүүстэй ердийн харилцаанд оролцох, гадуур явах боломжгүй болгочихсон. Нэг байгууллага дээр очиж ажилд ороход л “Өнөөх алдартай Сарангэрэл манайд ирлээ” гэж ярина. Эрчүүд “Үүнтэй дотно харилцаа тогтоовол ямар байх бол" гэж ярина. Намайг хүртэл тэр охинтой дотно харилцаатай болсон уу, цаадах чинь ямар байна гэж асуудаг. Надад ийм байхад тэр охинд ямар байх нь ойлгомжтой.

-Ийм үед дахиад нэг хүнтэй заргалдаад байхаар эрх зүйн байдал нь улам дордоно гэж болгоомжлохгүй байна уу?

-Миний үйлчлүүлэгчийн алдар хүнд, нэр төр ийм хэмжээнд хүрэхэд О.Баасанхүү нөлөөлсөн. Тийм учраас хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тэр хүн одоо хууль тогтоогч, өмнө нь хууль хэрэгжүүлэгч байсан. Хүний нэр төр,алдар хүндийг гутаан доромжилвол ямар хариуцлага хүлээдгийг сайн мэдэж байгаа. Иргэн бүрт хууль тэгш үйлчлэх ёстой. О.Баасанхүүгийн үйлдлээс болж тэр хүн гарч ирээд нэрээ солих, царай зүсээ өөрчлөхөөс аргагүй болчихсон.

-Таны үйлчлүүлэгч нэрээ сольж, царайгаа өөрчлөх гэж байгаа юм уу?

-Тийм бодолтой байгаа. Тэгэхгүй бол нийгэм нь тэр хүний дайсан болчихсон.

-Энэ хэргийн нөгөө талд Х.Тэмүүжин гэдэг хүн бас бий. Иргэний хэргийг шүүх шийдэх бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гэрчээр дуудагдах уу?

-Гэрчээр дуудна. Г.Сарангэрэлийн тухай мэдээ гарах бүрт тэр хүний яс хавталздаг байх. Гэхдээ тэр хүний яс хавгталлзах бидэнд сонин биш. Шүүх дээр ирээд миний үйлчлүүлэгчтэй харилцаагүй байснаа гэрчлээд өгвөл сайн л байна.

Ц.ӨРНӨХ

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.