Таны машины толь хулгайчдын байрны түрээс болж байна

Д.Тулга / Хууль

Машинуудын гурвалжин шилийг хагалж, толийг нь 5-10 минутын дотор хулгайлдаг байсан хэмээн хэнэг ч үгүй ярин зогсох 19-21 насны гурван залуу “Тоёото приус-20” автомашины эд зүйлийн хулгайчид. Тодруулбал толь, хучлага, дугуй тэдний бай.

Нийслэл хотын хэмжээнд сүүлийн үед Япон улсад үйлдвэрлэсэн “Тоёота Приус” маркийн автомашин ихээр орж ирэх болсон. Үүнийг дагаад сэлбэг хэрэгсэл, эд ангиудын эрэлт хэрэгцээ ч нэмэгджээ. Харин энэ их эрэлт хэрэгцээг дагаж сэлбэг хэрэгслийн үнэ ханш өсч байгаа нь машины эд анги, түүний сэлбэг хулгайд алдагдах хэрэг ихээр үйлдэгдэх нөхцөл болоод байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Эзэнгүй гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2015 оны хоёрдугаар сарын 1-нээс 2015 оны гуравдугаар сарын 25-ны хооронд үйлдэгдэж, бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй “Приус-20” маркийн автомашины толь алдагдсан хэргүүдэд дүн шинжилгээ хийхэд зургаан дүүргийн нутаг дэвсгэрт нийт 66 “Приус-20” маркийн автомашины толь алдагдсан хэрэг гарч бүртгэгдсэн байна. Шалгалтын явцад эдгээр машинуудыг орон сууц, байрны гадаа ил зогсоолд хараа хяналтгүй байхад нь 19-21 насны О, Б, Д гэх гурван залуу зохион байгуулалттайгаар, шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдэж байсан болох нь тогтоогджээ. Тэд одоогоор 45 үйлдлээ хүлээгээд буй юм байна. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 50 гаруй үйлдэлтэй хоёр этгээдийг шалгаж эхэлжээ.

toli

СЭЖИГТЭН О: ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ БАРИГДАНА ГЭЖ МЭДЭЖ БАЙСАН

Бид тухайн гэмт этгээдүүдийг үйлдэл дээрээ баривчлагдаад байх үед нь уулзаж, сэжигтэн О-гоос цөөн асуултад хариулт авсан юм.

-Хэдэн настай, юу хийдэг вэ?

-20-той. Олон улсын гадаад худалдаа мэргэжлээр суралцдаг. Оюутан.

-Хэзээнээс хулгай хийж эхэлсэн бэ?

-“Приус” автомашины толины хулгайн хэргээр баригдсан. Толь, дугуй, хучлага л хулгайлдаг. Цагаан сарын өмнөхөн хулгай хийж эхэлсэн. Энд тэнд харанхуй, харуул хамгаалалтгүй газар тавьсан дэл сул машин л харж явдаг байсан.

-Хулгайлсан зүйлсээ яадаг вэ?

-Зардаг. Фэйсбүүкээр зарна гээд зар тавихад хүмүүс авчихдаг. Нэг толийг 300 мянгаар зардаг байсан. Бас ченжүүдэд хямд үнээр өгдөг.

-Хулгайн хэргээ машинаар явж хийдэг байсан юм уу?

-Тийм ээ. Шөнийн 02:00-06:00 цаг хүртэл, хүмүүсийг унтаж амрах цагаар хулгайлдаг байсан. Зарим өдөр гурван ч толь хулгайлдаг байсан.

-Ямар машинд та нар халдаж чаддаггүй вэ?

-Харуул хамгаалалттай, камертай, дохиололтой бол эд зүйлийг нь хулгайлж чадахгүй л дээ.

-Олсон мөнгөө юунд хэрэглэдэг вэ?

-Бид гурав байр түрээслэж амьдардаг. Олсон мөнгөө байрныхаа түрээсэнд өгөөд, үлдсэнийг нь аар саар хэрэгцээндээ зарцуулдаг. Хуримтлуулсан мөнгө байхгүй. Хулгайн замаар олсон мөнгө тогтдоггүй юм байна лээ. Одоо л ухаарч байна. Залуучууддаа хандаж хэлэхэд хөдөлмөрлөж, ажил хийж амьдраарай гэмээр байна.

-Хулгай хийж яваад баригдчихлаа. Юу бодогдож байна?

-Ер нь хулгай хийгээд ямар ч хүн сайн сайхан явахгүй л байх гэж бодогдож байна.

-Та нарт толио алдсан хүмүүс хөлс хүчээ шавхаж олсон мөнгөөрөө дахиад толь худалдаж авч байна. Тэр хүмүүст хэлэх үг байна уу. Бас хохирлыг нь яаж барагдуулах юм?

-Бүх хүмүүсээс уучлал гуйж байна. Хохирлыг нь яаж барагдуулахаа сайн мэдэхгүй байна.

-Нэг өглөө босоод ирэхэд чиний машины толь дугуйг аваад явчихсан байвал яах вэ?

-Хараах л байх даа.

-Баригдахгүй гэж бодож байсан уу?

-Хэзээ нэг цагт баригдана гэж мэдэж байсан.

toli

-ЧЕНЖҮҮД ХУЛГАЙН ТОЛИЙГ 100 МЯНГААР ХУДАЛДАН АВЧ БАЙНА-

Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Б.Баттөрөөс тодрууллаа.

-“Приус” автомашины хулгайн хэрэг газар авлаа. Та бүхэн үүний эсрэг ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Улаанбаатар хотын цагдаагийн газраас дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран автомашины толь болон эд анги ихээр хулгайд алдагдаж байгаатай холбогдуулан энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хулгайд алдагдсан эд зүйлийг худалдан авдаг ченж нарыг илрүүлэх зорилгоор "ТОЛЬ" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Энэ хүрээнд нийт 194 албан хаагч ажиллаж, 144 аж ахуйН нэгж байгууллагыг шалгасан. Ингээд машины эд зүйл зардаг аж ахуй нэгжүүд буюу ченжүүдээс “Приус” маркийн автомашины толь 41 ширхэг, их гэрэл нэг ширхэг, бусад машины толь 10 ширхэг, ямар машиных болох нь тодорхойгүй 12 толь гэх мэтчилэн эд зүйлс хураан авлаа. Хураан авсан учир нь ченж нар тухайн зарж байсан эд зүйлээ хаанаас авсан болохоо тодорхойлж өгөөгүйд байгаа юм. Тиймээс хулгайн эд зүйлс байж болзошгүй хэмээн хураан авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Хулгайч нар хулгайлсан толио ченжүүдэд хямд үнээр өгдөг гэж байна. Тухайлбал, хаанахын ченжүүдэд зардаг юм бэ?

-Шалгалтын явцад тээврийн хэрэгслийн эд анги зарж борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон авто худалдааны тевүүд болон Да хүрээ зах, Авто плаза 1-2, Хурд төвүүдийн ченж нарт өгч зардаг нь тогтоогдоод байгаа. “Приус-20” маркийн автомашины оригиналь толь 350.0 төгрөг, Хятадаас оруулж ирсэн толь дохиотой дохиогүйгээс хамаарч 250-300 мянган төгрөгөөр зарагддаг юм байна. Харин ченж нар ашиг хонжоо олох үүднээс хулгайн замаар орж ирсэн толийг 100 мянган төгрөгөөр худалдан авч сэлбэн цааш нь зарж борлуулж байна.

-Эдгээр ченжүүдэд ямар хариуцлага оногдуулах вэ?

-Тухайн машины эд зүйлийг хулгайнх гэдгийг мэдсээр байж үгсэн тохиролцож авсан бол Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155.1-д зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”. Түүнчлэн хулгайн эд зүйлийг нь хураан авч, хууль бусаар олсон орлогыг нь улсын орлого болгодог.

-Та иргэд, жолооч нарт хандаж юу хэлэх вэ?

-Жолооч нар өөрийн эд зүйл болох автомашинаа хулгайчийн олз болгохгүйн тулд харуул хамгаалалттай газар тавьж баймаар байна. Бүр боломжгүй бол дохиолол суурилуулах нь таны машинд хулгайчийн гар хүрэхээс сэргийлж чадна. Түүнчлэн иргэддээ хандаж хэлэхэд хэрвээ сэжиг бүхий эд зүйл зарж борлуулах гэж байгаа хүн байвал яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, иргэний үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.БУРМАА

toli

toli

toli


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.