Сурагчид машин угсарч байна

Д.Тулга / Орон нутаг

Монголчууд автомашин сонирхогч, хэрэглэгч төдий байхаа больж, угсарч, тоноглоод зогсохгүй дэлхийд чадвараа гайхуулаад эхэлжээ. Саяхан Японы Нагоя хотод болсон “Auto tuning 2015” шоунд монгол инженерүүдийн тоноглосон машин VIP төрөлд гранпри шагнал хүртсэн таатай мэдээлэл байна. Үүнтэй зэрэгцэн ахлах ангийн сурагчид машин угсарч байна гэх мэдээлэл дуулдлаа. Энэ мэдээллийн дагуу сурагчдын бүтээлийг сурвалжлахаар “Монгол тэмүүлэл” олон улсын лаборатори сургуулийг зорьсон юм.

“Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн үүдээр оруут хар өнгөтэй, хоёр хүний суудалтай жижгэвтэр машиныг үүдний хэсэгтээ байрлуулжээ. Түүгээр өнгөрөх бага ангийн сурагчид машиныг ихэд сонирхох бөгөөд зарим нь бүр хүний нүд хариулж байгаад сууж үзчихээд хар хурдаараа анги руугаа гүйх нь хөөрхөн.

Боловсрол соёл шинжлэх ухааны яамны харъяа “Монгол тэмүүлэл” олон улсын лаборатори сургууль нь сурагчдадаа техникийн мэдлэг, чадвар суулгах үүднээс “Төсөлт хичээл” хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Энэ жилийн хувьд автомашин бүтээх төсөл шалгарснаар сурагчид бэлэн эд ангиудыг ашиглаж, өөрсдийн хүссэн загвар, хэмжээгээр, хүссэн үзүүлэлтээр машин бүтээсэн нь энэ юм байна. Сурагчид 660 см3 багтаамжтай, гурван цилендэртэй, дөрвөн дугуй нь зэрэг мааждаг уг машиныг багш нарынхаа удирдлага дор 45 хонгийн дотор угсарч, бүтээжээ.

Төсөлт хичээлд хамрагдсанаар сурагчид шинжлэх ухааны хичээлүүдээр үзсэн мэдлэг, чадвараа бодитой бүтээл болгох явцдаа юмыг задлан шинжилж, анализ хийх, нэгтгэн дүгнэх, бүтээх зэрэг танин мэдэхүйн үе шатуудыг эзэмшдэг аж. Тиймээс жил бүр сурагчдаар ямар нэгэн зүйл бүтээлгэдэг уламжлал тогтдог болсон талаар тус сургуулийн захирал Д.Төмөрчөдөр онцолж байлаа. Тэрээр цаашид бусдыгаа үлгэрлэн манлайлан суралцсан хүүхдүүдийг, зориултын тусгай зам талбайд жолоодлогын анхан шатны хичээлүүдийг энэ машин дээрээ дадлага болгож явуулах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан юм.

Машин бүтээхэд тус сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид оролцжээ. Тэд эх бие, тэнхлэгийн баг, хөдөлгүүр, явах эд ангийн баг гэх мэт таван баг болон хуваагдаж ажилласан байна. Ингээд машиныг хийлцсэн сурагчдын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.

-МАШИНЫГ ЗҮГЭЭР НЭГ УНАХ БИШ ЯАЖ АЖИЛЛАДГИЙГ МЭДЭХ НЬ ЧУХАЛ БАЙСАН-

11 А ангийн сурагч Э.Тамир: -Машин хийх нь өмнөх төслүүдээс илүү сонирхолтой, мэдлэг шаардсан төсөл байлаа. Өмнө нь бид жижиг үзүүлэнгийн монгол гэр хийж байсан юм. Тэгэхдээ ямар ч хадаас ашиглаагүй зангидаж, чагталж хийсэн. Энэ удаа ч мөн баг болж хуваагдан хуучин машины рам ашиглан гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу машинаа угсарлаа. Хийж байх явцдаа машиныг зүгээр нэг унах биш, ямар эд анги ямар үүрэг гүйцэтгэдэг, тэр нь яаж ажилладаг гэдгийг мэдэж авсан нь хамгийн чухал байсан.

Бид машины гадна талыг металиар хийхээр хүнддэх гээд тохирохгүй байсан учраас дизайны багийнхан ямар материалаар хийх вэ гэж ярилцаж, судалгаа хийсний үндсэн дээр шилэн даавуу болон тусгай цавуу, барьцалдуулагч ашиглан хийхээр болсон. Үүнийг судлаад үзэхээр дакарт уралддаг машинуудын бас ингэж хийдэг юм билээ. Хөнгөхөн бас тэгээд бат бөх.

-МАШИНАА УНААД УУЛ ӨӨД ӨГСӨЖ БАЙХДАА ӨӨРСДӨӨРӨӨ БАХАРХСАН-

10 Б ангийн сурагч Д.Хангай: -Бид машиныхаа 80 хувийг сургууль дээрээ угсарч үлдсэн хэсгийг “Найрамдал” зуслан дээр хийсэн. Тэгээд тэндээ дуусгаад туршиж унаж үзсэн юм. Өөрийхөө хийлцсэн юмыг унаад явах үнэхээр сайхан байсан.

Уул өөд хүчтэй өгсөж байгааг нь хараад өөрсдөөрөө бахархах сэтгэл төрсөн. Анх эхлээд машин хийнэ гэхэд итгэж өгөхгүй байсан. Тэгээд хийгээд эхэлсэн чинь сонирхолтой санагдаад, нэг мэдсэн дуусчихсан. Одоо машин маань ямар ч замд явахад бэлэн харин гаднах тоноглол, салон гээд нэмэрлэх юм бий. Ойрдоо шалгалтай байгаа болохоор амжихгүй байгаа. Яваандаа бүр гоё болгоно. Бүхээгтэй ч болгочихож магадгүй. Одоогоор бидний бүтээлийг сургуулийн үүдэнд үзүүлэн маягаар байрлуулсан байгаа. Тэр хавиар явахаар бага ангийн дүү нар яаж үүнийг хийсэн юм, яаж ажилладгийн гээд л зөндөө их юм асуудаг. Тэгээд тэдэнд тайлбарлаж өгдөг дөө.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:11

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:10


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.