С.Бямбацогт: Манай нам аль болох мажоритар тогтолцоо руу тэмүүлнэ

Д.Тулга / Улстөр

Byambatsogt*

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын байр суурийг сонслоо.

-Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлуудад МАН-ын бүлэг ямар байр суурьтай оролцох вэ?

-Сая УИХ-ын дарга “Хаврын чуулганаар нийгэм, эдийн засагт хэрэгтэй олон хуулийн төслийг хэлэлцэнэ” гэж хэлсэн. Үүнд, Ирээдүйн өв, сангуудийн тухай хууль, Тэтгэврийн шинэчлэл, Хүн амын бодлого зэрэг нийгмийн шинэчлэлтэй холбоотой томоохон хуулиудыг хэлэлцэнэ. Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, баримт бичиг, Улс төрийн намуудын тухай хууль зэргийг хэлэлцэнэ. Мөн үүнээс гадна Аж, үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Худалдааны тухай хууль, Үйлдвэрлэлийн тухай хуулийг хэлэлцэнэ. Таван толгой, Оюутолгой гэх ажлыг эрчимжүүлнэ. Үүн дээр ард иргэдийнхээ санал бодлыг сонссон. Ялангуяа Сонгуулийн тухай хуультай холбогдуулж аймаг, сумдад амьдарч байгаа иргэдийн санаа бодлыг сонссон учраас тодорхой зарчмын байр суурьтай оролцоно.

-Тодорхой зарчим гэдэг нь?

-Сонгуулийн тогтолцоон дээр хоёр намын Засгийн газарт хамтарсан гэрээнд заасан. Манай нам аль болох мажоритар тогтолцоо руу тэмүүлнэ. Мөн сонгуулийн саналыг хар машинаар биш гараар тоолно гэж тусгасан. Тиймээс гэрээнд заасан заалтуудаа хэрэгжүүлнэ гэж бодож байна.

-Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг УИХ нь томилдог байя гэсэн өөрчлөлт орж магадгүй тухай яригдаж байна. Энэ тал дээр ямар нэгэн тохиролцоонд хүрсэн үү?

-Ямар нэгэн тохиролцоонд хүрсэн зүйл байхгүй. Тодорхой асуудлыг ажлын хэсэг УИХ-д оруулж ирж танилцуулаад бүлгүүд хуралдаж байр сууриа нэгтгэнэ.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой. Өнөөдөр Төрийн бодлогыг тогтвортой явуулахын тулд тодорхой өөрчлөлтүүдийг хийх ёстой гэдэгтэй санал нэг байна.

-2000 оны дордуулсан долоон өөрчлөлт гэдгээс өөрөөр ямар байж болох вэ?

-Парламентад суудалтай намуудын гишүүд оролцсон ажлын хэсэг гарсан. Сая чуулганы завсарлагаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг эрчимтэй ажилласан. Яг тодорхой ямар чиглэлүүдээр өөрчлөлт орох нь бидэнд танилцуулагдаагүй байна.

-Таван толгойн асуудалд МАН-ын бүлэг ямар байр сууринаас хандах вэ?

-Бидэнд материал ирээгүй байна. Эхлээд материалтай нь танилцаж байж байр сууриа илэрхийлнэ. Тавантолгойн хэлэлцээр нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцсэн байхаас гадна ард иргэдэд амалсан 1072 хувьцааг амь оруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

-УИХ-ээр хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа юу?

-Мэдээж энэ стратегийн ач холбогдолтой асуудал. Тиймээс УИХ-ын хараа хяналтан дор байх ёстой. Өмнөх батлагдсан хууль тогтоомжинд нийцсэн байх хэрэгтэй. Энэ асуудлыг УИХ-аар оруулж шийдэх нь улс орны эрх ашигт нийцнэ.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.