Насанд хүрэгчид зүрхний архаг дутагдлын үед уудаг эмийг хүүхдүүдэд өгсөн байжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

haldvart

ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүд ажилтнуудын хариуцлагагүй үйлдлээс болж өөр төрлийн эм хэрэглэж, хордлого авсан тохиолдол хэдхэн хоногийн өмнө гарсан. Уг асуудалд мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээллээ. Улмаар энэ нь цэвэр байгууллагын удирдах ажилтны хариуцлага, дотоод хяналт сул, ажил үүргээ хүлээж ажиллаж байгаа хүмүүсийн сахилга баттай холбоотой гэдгийг хэлсэн юм.

Тухайн өдөр юу болсныг сийрүүлбэл гуравдугаар сарын 19-ний өдөр ЭХЭМҮТ-д олгогдож байсан эмийн хэрэгцээ дуусч, гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлээд эм олгогч шууд эмийн агуулах руу утасдаж ланадоксон /худалдааны нэршлээр/ эмийг авъя гэж утсаар мэдэгдсэн гэж байгаа юм. Гэтэл ланасорбид гэх насанд хүрэгчид уух ёстой зүрхний архаг дутагдлын эм андуурагдаж ирсэн аж. Харин үүнийг нь тус эмнэлгийнхэн ажилдаа хариуцлагагүй хандаж хэрэгцээтэй тасагт тараасан байна.

МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга Н.Гансүх хэлэхдээ “Ер нь эмийн захиалга өгөхдөө утсаар мэдээлэх ёсгүй. Мөн мэргэжилтнүүд эмийг худалдааны нэршлээр бус олон улсын нэршлээр ярих ёстой. Цусны эмгэг судлалын тасагт хэвтэж байсан найман сартайгаас 15 настай найман хүүхэд 180 ширхэг эм хэрэглэсэн байсан. Эм хэрэглэж байсан хүүхдийн аав “энэ эм биш байна” гээд мэдсэн байгаа юм. Ингэж яаралтай арга хэмжээ авсны дүнд хүүхдийн амь насанд хохирол учирсангүй. Дөрвөн хүүхэд эмчлэгдэж гарсан. Дөрөв нь эмчлүүлж байна. Биеийн байдал гайгүй. Гэхдээ эмийн сөрөг нөлөө гарна.” гэсэн юм.

Мөн хуулийн дагуу байгууллагын удирдлагад хариуцлага тооцож, албан шаардлага өгч зөрчлийг арилгуулна гэдгээ тэд хэллээ. Мөнгөн дүнгээр бол дээрх хариуцлагагүй байдал гаргасан хүмүүст 4,6 сая төгрөгийн торгууль төлөх ёстой юм байна. Түүнчлэн МХЕГ-аас эмийн нэрийг буруу сонсон, өөр эм явуулсан "Монос"-ын ажилтныг буруутгах үндэслэл бий гэсэн. Тиймээс тус компанийн удирдлагад албан шаардлага хүргүүлж, мөнгөн торгууль ногдуулж, хуулийн дагуу хариуцлага алдсан хүнд арга хэмжээ тооцохоор болжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.