С.Ганбаатар: Тавантолгойг Оюутолгойн араас оруулмааргүй байна

Д.Тулга / Улстөр

ganbaatarУИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Тавантолгойн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тавантолгойн хэлэлцээр хэдэн сар үргэлжилсэн. Сайн, муу олон зүйл яригдаж байна. Таны байр суурь ямар байна вэ?

-Тавантолгойг Оюутолгойн араас оруулмааргүй байна. Нефть, газрын тос, зэсийн баяжмал, нүүрсний ордоос эдийн засаг цаашид хөгжих үү, үндэсний үйлдвэрлэгчид босох уу гэдэг шалтгаална. Газрын тос хүнд байна. Тэнд монголчуудын мэдэл байхгүй. Зэсийн орд дээр үндсэндээ хяналтаа алдчихсан. Одоо ганцхан нүүрсний орд л байна. Үүн дээр УИХ-ын 36 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоол, шийдвэрүүдээс үзэхэд Стратегийн орд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн орд. Энэ утгаараа 51 хувь нь Монголын талд байна гэж байгаа. Гэтэл энэ зөрчигдөж байна. Зөрчигдөж байгаа үндэслэлүүдээ Ерөнхий сайд руу албан бичгээр явуулсан. Хоёрдугаарт энэ дотор олборлолтын үйл ажиллагааг гадаад, дотоодын хамтарсан консорциум сонгон шалгаруулалтаар өгнө гэсэн. Гэтэл өнөөдөр олборлохоос илүү бүх үүрэг функцүүдээ өгчихсөн. Гуравдугаарт төмөр зам дээр монголчуудын мэдэл байхгүй болсон. Төмөр замын талаар УИХ-аас гарсан шийдвэрүүдийг зөрчсөн. Энэ зүйлүүдээ эргэж хараач. Тавантолгойг явуулах уу үгүй юу гэж ярьж болохгүй. Бүгд явуулахыг хүсч байгаа. Харин явуулахдаа Монголын талд ашигтай явуулах уу. УИХ-аар гарсан шийдвэр тогтоолуудын дагуу явуулах ёстой. Үүнийг зөрчиж явуулахын бол УИХ-ын тогтоол шийдвэр, Үндэсний аюулгүй байдлын тогтоол шийдвэрүүдээ эхлээд өөрчил. Тэгж байж явуулах хэрэг гарна шүү дээ. Ийм л энгийн байр суурийг хэлж байгаа.

-Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэж ойлгож болох уу?

-Тавантолгойн талаар мэдээлэл дутуу байна, ил тод биш байна. Монголын ард түмний хувь заяаг шийдэх, цаашид 100 жилд нөлөөлөхүйц ийм том ордын талаар ил тод, нээлттэй, хөндлөнгийн эрдэмтэн мэргэдийн дүгнэлтийг гаргуулж байж УИХ дээр ярилцаж байж шийдэх ёстой. Тавантолгойг Оюутолгойн араас оруулмааргүй байна. Бид үүнийг ашиглаасай гэж хүсч байна. Бидэнд ашиггүй ч гэлээ явуулахын төлөө биш. Яаж ашигтай байлгахын төлөө ажиллах ёстой.

-Тавантолгойн гэрээг байгуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн зөвлөгөө аваагүй гэж УИХ үзэж байгаа. Харин М.Энхсайхан сайд хуулийн зөвлөгөө авсан. Ажлын хэсгүүд дээр ч мэргэжлийн хүмүүс ажилласан гэдгийг хэлж байгаа?

-Оюутолгой дээр ч гэсэн мэргэжлийн хүмүүс ажилласан л гэдэг. Яагаад энийгээ ил тод хэлж болдоггүй юм бэ. Атомын бөмбөгийн тухай яриагүй шүү дээ. Аюултай юм хийчихсэн юм шиг яагаад нуугаад байгаа юм. Энд нүүрсний ордын тухай ярьж байна. Тэр мэргэжилтэн нь дөнгөж сургууль төгсөж ирсэн хүү байгаа юм уу. Үнэхээр нүүрсний салбарт олон жил ажиллаад нүүрсний салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрэдэмтэн байгаа юм уу гэдэг нь сонин байна. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй.

-Иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгүй гэж байсан. Үүнийг ер нь хэрхэн яаж эргэлтэд оруулбал зүйтэй гэж үзэж байна вэ?

-УИХ-ын дарга З.Энхболдын энэ тал дээр илэрхийлсэн байр суурийг дэмжиж байгаа. Үнэхээр манай Монгол орны ард түмний эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа тохиолдолд гадаадын үндэстэн дамнасан корпариацуудын санхүүжилтээр санхүүжигдсэн аймшигтай нийтлэлчдийн сөрөг компанит ажлын өөдөөс бид чин үнэнээ ярих л ёстой.

-Та гэрээний төслийг үзсэн үү?

-Гэрээний хувилбарыг би хараагүй. Гэрээнд юу, юу орсон бэ гэж асуулга асуусан. Надад хариулсан. Их бөөрөнхий юм хариулсан байна лээ. Гэрээний загвар гэхээсээ илүү УИХ-ын 16 гишүүний гарын үсэг бүхий асуулга явуулсан. Энэ хариун дээр дүгнэж өөрийнхөө дүгнэлтүүдийг гаргаж байгаа. Гэрээн дээр баримтлах тооцоонуудаа надад ирүүлсэн. Түүн дээр нь тулгуурлаж би энэ мэдэгдлүүдийг хийж байгаа.

-Тэр гэрээний төслийг УИХ-ын дарга олон нийтэд ил болгосон. Харин М.Энхсайхан сайд өнгөрсөн хоёрдугаар сарын гэрээ гэх утгатай зүйл ярьж байна лээ?

-Ингэж тататунгадаж ярьсаар байгаад Оюутолгойг яалаа. Тавантолгойг Оюутолгой болгохгүйн тулд ил тод байл даа. Үүнийг яагаад ил тод болохгүй байгаа юм бэ. Монголчуудын өмчийг яагаад нуугаад байгаа юм бэ.

-Газрыг эзэмших эрхийг 60 жилийн хугацаатайгаар олгож, хугацааг нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сунгана гэсэн заалт нэлээд шүүмжлэл дагуулж байна?

-Надад ирсэн хариултан дээр яг ийм утга санаатай зүйл байсан. Тэрийг би Ерөнхий сайдад явуулсан асуулга дээр дурдсан байгаа.

-Ийм хариуцлагагүй гэрээнд гарын үсэг зурсан сайд нарт арга хэмжээ авна гэдгийг УИХ-ын дарга мэдэгдсэн. Та юу гэж үзэж байна вэ?

-Их хурлын дарга үүн дээр ёстой Их хурлын дарга шиг ярьсан. Энэ бол маш чухал. Ийм арчаагүй, Улс орны эрх ашгийг уландаа гишгэж, нууц, ил тод биш байдлаар асуудлыг ярихаар бол энэ сайд нар биеэ үнэлсэн гэж үзэхээс аргагүй байдалд бид орно.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.