Ж.Төмөрбаатар: “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн саналыг авч болно

Д.Тулга / Эдийн засаг

tumurbaatarТөрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Төмөрбаатараас Тавантолгой тойрсон цөөн асуултад хариулт авлаа.

-“Эрдэнэс-Тавантолгой” төрийн өмчит компани учир Төрийн өмчийн хороонд ямар нэг байдлаар хамааралтай гэж үзэж болох байх. Тэгэхээр одоо үүсээд байгаа нөхцөл байдалд ямар байр суурьтай байгаа вэ?

- “Тавантолгойн гэрээнд Төрийн өмчийн хорооны оролцоо огт байхгүй тул хорооны байр суурь гэсэн тайлбар өгч болохгүй. Харин хувь хүнийхээ байр суурийг хэлж болох юм.

-Хувь хүний байр суурь гэдгээ тодруулахгүй юу?

-Гэрээний талаарх миний мэдээлэл, ойлголт та бүхэнтэй адилхан хэвлэл мэдээллээс авч байгаа. Сая УИХ-ын сайт дээр гэрээг ил гаргаж тавьсан нь мэдээлэл авах боломж олгох шиг боллоо.

-УИХ-аар хэлэлцэх ер нь зөв гэж бодож байна уу, эсвэл Засгийн газар бие даагаад шийдэх хэрэгтэй юм болов уу?

-Гэрээг заавал УИХ хэлэлцэхээр өмнө нь хууль гаргачихсан учраас хэлэлцэж таарна. Монгол Улс эрх зүйт төрийг байгуулж, хөгжүүлж байгаа учраас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг хэрэгжүүлэх нь УИХ-ын үүрэг, бүрэн эрх гэж ойлгож байгаа. Тавантолгойг урагшлуулах асуудал дээр монголчууд бүгд санал нэгтэй байгаа байх. Харин хуулийн дагуу хэрэгжүүлэх нь чухал гэж харж байна.

-Сая УИХ-аас бичиг баримтын бүрдэл дутуу гэж үзээд гэрээний төслийг буцаасан. Үүнийг юу гэж үзэж байна?

-Манайд Компанийн тухай хууль гэж байгаа. Тэр хуульд ямар ч компанид хөрөнгө оруулалт хийх эсэх тухай асуудлыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн тохиолдолд, эсвэл Хувьцаа эзэмшигчдийн хурлаар санал хураалгаж шийдүүлэхээр тусгасан байгаа. Иймд энэ асуудал нь байхгүй учраас УИХ буцаасан гэж ойлгож байна.

-Тэгэхээр Монгол Улсын хоёр сая гаруй иргэнээс санал асууж таарах гээд байна уу?

-Тэгж л ойлгоод байна. Энэ ажлыг зохион байгуулах үүргийг хуулиараа компани өөрөө хүлээх ёстой л доо. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс-Тавантолгой” компани энэ ажлыг зохион байгуулах, холбогдох зардлыг гаргах үүрэгтэй.

-Хэрхэн зохион байгуулахаа мэдэхгүй байгаа юм биш үү?

-Үгүй байх аа. Хуульд тодорхой бичээд өгчихсөн зүйлийг ойлгохгүй байна гэж байхгүй байх. Харин хэрхэн богино хугацаанд зохион байгуулах вэ гэдэг аргачлал дээрээ л төвөгшөөгөөд байгаа байх. Үүнийг хялбархан шийдэж болно гэж би харж байгаа. Сонгуулиар санал тоолдог “хар машин”-аараа тоолуулчихаж болно шүү дээ. Эсвэл “Эрдэнэс-Тавантолгой” компани брокерын компаниудаар дамжуулан саналын хуудсаа тараалгаад саналаа авах боломжтой. Авсан саналаа дээрх аргачлалаар тоолуулчих хэрэгтэй байхгүй юу. Тэгвэл нэг сумаар хоёр туулай буудчих боломжтой. Яагаад гэвэл МАН болон бусад нам санал тоолдог машинд итгэхгүй байгаа. Энийг давхар шалгачих боломжтой.

-Брокерын компаниар дамжуулан саналын хуудас тарааж “санал авах” ажлыг хийхэд заавал Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд данстай байх ёстой юу?

-Одоогоор данстай хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн тоо нэг сая орчим (971’217) байгаа байх. Үлдсэн сая гаруй (1’120’285) иргэн дансаа нээлгээгүй ч хувьцаа эзэмших эрх нь нээгдчихсэн байгаа. Тэд ч мөн хувьцаа эзэмшигч мөн. Данстай иргэдийн хувьд брокерын компаниар дамжуулаад саналаа өгчих боломжтой бол дансгүй иргэдийн бүртгэлийг нь гаргаж болно. Манай улс чинь бүх иргэнээ бүртгэж хаягжуулсан биз дээ. Тийм учраас аль аймаг, аль дүүрэг суманд байгаагаар нь мэдээллээ гаргаад тухайн орон нутгийн брокероор нь дамжуулаад санал авах бүрэн боломжтой.

-Манай улс энэ хөрөнгө оруулалтын гэрээг хурдан батлахгүй бол хүнд байдалд орохоор байна гэж зарим судлаач, улстөрч ярих болсон. Та юу гэж харж байна вэ?

-Арай ч дампуурах дээрээ тулаагүй байх. Ер нь бол хөрөнгө оруулалтын гэрээг хийх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Гэхдээ заавал Монгол Улсын хууль эрх зүйн орчныг үймүүлсэн байдлаар хийх шаардлага бий юу гэвэл үгүй л дээ. Бид чинь хуулийн хүрээнд ажлаа хийх ёстой. Дээр нь хөрөнгө оруулагчдыг ялгаварласан байдлаар гэрээ байгуулж болохгүй.

-Хуульд нийцүүлэх гэж хугацаа алдсаар байтал хөрөнгө оруулагч тал нь итгэл алдрах болов уу?

-Тэр юу л бол. Гэрээг сайн харвал “Энержи ресурс” компани л хөрөнгө оруулалт хийх гээд байгаа биз дээ. Тэр компанийн хувьцааны ихэнхийг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр манай Монголын хэдхэн хувь хүн, компани эзэмшдэг юм билээ. Тэр компани (MMC) нь богино хугацаат өрийн асуудалд орчихоод хувьцааны үнэ ханш унаад байгаа юм шиг байна лээ.

Б.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.