Сайд Л.Пүрэвсүрэн 43 дипломат ажилтныг “Өөрсдийн зардлаар ирж шалгалт өг” хэмээжээ

Д.Тулга / Улстөр

Хилийн чандад суугаа монголчуудын асуудлыг Гадаад хэргийн яамны Консулын газар зохицуулж чадахгүй байгаа тухай эх сурвалж хэлэв. Учир нь энэ алба 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, гадаадад амьдарч буй монгол иргэдийнхээ асуудлыг Элчин сайдын яамдаараа дамжуулан шийдвэрлэдэг. Гэтэл Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн яамандаа цомхотгол хийх үеэрээ тус газрын найман ажилтныг халснаас төрийн ажил удаашрах, доголдоход хүрээд буйг тус яамны ажилтан ярьсан юм. Консулын газар нь өнөөдөр долоо хүний бүрэлдэхүүнтэй ажлаа явуулж байгаа юм байна. Найман хүний орон тоо байгаа атлаа эзэнгүй байна. Тэр эзгүй найман хүний ажил хаягдаж, байгаа долоон ажилтан нь ачааллаа дийлдэггүй. Улс орнуудад суугаа Элчин сайдын яаманд аудитын шалгалт хийхэд санхүүгийн зөрчил гаргасан гэх нэрийдлээр хэд хэдэн консулын ажилтанг эргүүлэн татах болсон. Энэ мэт шалтгаанууд нь Гадаад хэргийн яамны өдөр тутмын үйл ажиллагааг доголдуулахад хүргээд буйг хэлэх хүн олон байна. Төрийн ажлыг алдагдуулж буй хүн нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн. Тэрбээр өмнөх сайдынхаа хүмүүсийг “цэвэрлэх” нэрийдлээр төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон халж байна” гэх шүүмжлэлийг дагуулж байгаа нь нууц биш юм. Тэрбээр яамныхаа төрийн жинхэнэ албан хаагчдыг халаад зогсохгүй, Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудаар оролдож эхэлсэн гэнэ. Тухайлбал саяхан БНХАУ-д суугаа Монголын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга, зөвлөх О.Энхтөрийг гурван ажилтны хамт томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн дуудсан гэдгээ мэдэгдэж байв.

ВИЗИЙГ БӨӨНӨӨР НЬ ОЛГОЖ, ӨНДӨР ҮНЭЭР ЗАРСАН ГЭЖ БУРУУТГАЖЭЭ

Консулын ажилтнууд найдвартай хэмээн үзсэн нэгээс хоёр өвөр монгол хүнийг дороо ажиллуулан хятад иргэдийн визний материалыг бөөнөөр нь авч, тэдэнд өндөр үнээр яаралтай виз гаргаж өгнө хэмээн мөнгө олгодог байсан гэнэ. Монголын дипломатууд визний наймаа хамтран хийдэг өвөр монголчуудаар орчуулга хийлгэдэг. Монголоос ирсэн хүмүүст үйлчлүүлэх, орчуулга хийлгэх зэргээр визнээс гадна давхар мөнгө олцгоож, ашгаа хуваадаг. Энэ бүхэн нь баримтаар илэрч, холбогдох хүмүүсийг шалгаад эхэлсэн гэж буй. Гэвч өнөөдөр консулуудтай холбоотой ямар ч хэргийг хуулийн байгууллага шалгаагүй гэдгийг бид олж мэдсэн юм. Дээрх зөрчлийг Гадаад хэргийн яамнаас нийт Дипломат төлөөлөгчдийн газарт ээлжит болон ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалт хийх үеэр илэрсэн хэмээн тайлбарлаж байгаа. Гэвч Элчин сайдын яамдад шалгалт хийхэд энэ мэт зөрчил гардаг. Хэн нэгнийг буруутгая гэж бодвол визний асуудлыг томруулж болдог зүйл хэмээн хэлэх хүн байгаа юм. Гэвч хэвлэлд өгсөн мэдээллээр БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга, зөвлөхийг гурван ажилтантай нь дуудаад зогсохгүй өөр улсад суугаа консулын ажилтнуудыг ч дуудсан гэнэ.

БУСДЫГ ЗОДОЖ БЭРТЭЭСЭН КОНСУЛЫГ ЭРГҮҮЛЭН ТАТАНА

Тэдний нэг нь ОХУ-ын Кызыл хотод суугаа манай консул Д.Ганболд. Түүнийг эргүүлэн татах шийдвэр гарсан талаар хэвлэлүүд шуугиж байна. Гэхдээ энэ мэдээллээс харвал Гадаад хэргийн яамтай холбоогүй бололтой. Учир нь консулын зүй бус авираас үүдсэн аж. Тэрбээр консулын газрынхаа алба хаагчдад гар хүрэх, үг хэлээр доромжпох явдал хэд хэдэн удаа өмнө нь гаргаж байсан гэнэ. Д.Ганболд архи ууж, ажилтнуудаа дарамтлан жолоочийнхоо эхнэрийг зодож, өөрийн эхнэртэй гар хүрсэн гэх мэдээлэл Кызылээс ирэв. Бусармаг авир гаргасан түүний гарт өртсөн жолоочийнх нь эхнэр бэртэж, хуруу нь мултарсан гэнэ. Түүний жолооч энэ талаар Гадаад хэргийн яаманд гомдол гаргасан бололтой. Иймд тус яамныхан энэ асуудлыг шалгуулж, уг консулыг татаж, хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт хандсан аж. Д.Ганболд нь өнгөрсөн хоёрдугаар сард консулын газрын албаны машинаар долоон хайрцаг архи ачиж, хил гаргах гэж байгаад Увс аймгийн гаалийн газарт баригдаж байсан удаатай гэнэ.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМАНД ТӨРИЙН АПБАНЫ МЭРГЭШСЭН БАЙХ ЗАРЧИМ АЛДАГДЛАА

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн гадаадаас дуудаж буй хүмүүс нь зөвхөн дээрх ажилтнууд биш юм. Тэрбээр саяхан 43 дипломат ажилтныг “Өөрсдийн зардлаар ирж шалгалт өг, эсвэл ажлаа өг” хэмээн шаардсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Дипломат албаны тухай хуульд ийм шаардлага огт байдаггүйг учир мэдэх хүмүүс хэлж буй юм. Л.Пүрэвсүрэнгээс өмнө энэ салбарын сайд хийж байсан хүмүүс ч ийн дураараа авирлаж байгаагүй. Гадаадад томилогдож байгаа ажилтнуудыг Дипломат албаны хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцээд л Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилдог дүрэмтэй. Гэвч салбарын сайдын энэ үйлдлийг буруутгах хүн олон байна. Тэд “Төрийн албаны өөрөө мэргэшсэн байх зарчим алдагдууллаа. Тэр тусмаа Гадаад хэргийн сайд дураараа авирлаж, бүхэл бүтэн яамыг сүйрүүлж байна” гэв. Иймд тэдний зарим нь УИХ-ын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Төрийн албаны зөвлөлд нэр бүхий хүмүүс гомдол гаргасан байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хууль бус энэ үйлдэл анхных нь биш. Өмнө нь яамны ажилчдаа хоморголон халсан нь өнөөдөр Төрийн албаны зөвлөлд хууль зөрчсөн гэдгийг нь нотолсон албан бичиг болон хүрчээ.

НИЙТ 38 ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧ ХАЛАГДЖЭЭ

Энэ нь 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр буюу шинэ жилийн өмнөх орой, Гадаад хэргийн яам байгуулагдсан ойгоо тэмдэглэж байсан тэр үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар яамныхаа 142 ажилтныг бүгдийг нь ажлаас чөлөөлсөн аж. Энэ тушаалынхаа дараа дээрх халсан хүмүүсээ эргээд ажилд томилсон тушаал гаргасан байна. Ингэхдээ зүгээр ч нэг буцаан томилоогүй бөгөөд мэргэшсэн олон жил ажилласан, мэргэжилтнүүдийг мэргэшсэн чиглэлээс нь хольж сольсон шийдвэр гаргасан. аж. Бүх ажилтнаа чөлөөлөх, буцааж томилох энэ хоёр тушаалын хооронд 32 хүн ажилгүй болж хасагджээ. Халагдсан, хасагдсан ажилчид Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан нь энэ аж. Тэдний зарим нь ийн ярив.

ЭНЭ ЧИНЬ НАМ ДОТОРХ ФРАКЦЫН ТЭМЦЭЛ

-Төрийн албаны зөвлөлд энэ талаар мэдэгдсэн байна. Энэ асуудал юу болов?

- Юутай ч бид гомдол гаргасан Төрийн албаны зөвлөл асуудлыг хүлээж аваад Төрийн албаны болон Үндсэн хуулийн хэд хэдэн заалтуудыг зөрчжээ гэж үзсэн. Хууль бусаар халсан байна. Ажилд нь буцааж ав гэсэн шийдвэр гаргана биз. Харамсалтай нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлдэггүй шүү дээ.

-Тэгвэл шүүхэд хандаж болдоггүй юм уу?

-Шүүхэд хандаж болно. Гэхдээ энэ бол намын нэр хүндтэй холбоотой асуудал. Бид ярилцаад хэсэгтээ байж байя гэсэн шийдвэр гаргасан. Учир нь АН-ын нэр хүндийг бодож байна. Түүнээс Л.Пүрэвсүрэн гэдэг хүн сонин биш.

-Сайд Л.Пүрэвсүрэн өөрөө АН-ын хүн байж намынхаа хүмүүсийг халж байна. Тэгэхээр хэвлэлээр дуугарч тэмцэх ёстой биш үү?

-Цаг нь болохоор нэрээ гаргаад ил тодоор энэ тухай ярина гэж бодож байгаа Гэвч өнөөдөр намаасаа томилогдсон сайд өөрийн намынхаа хүмүүсийг халаад байна. Үүнийг бид тэвчихгүй байгаа ч намынхаа рейтингийг бодоод чимээгүй явна.

-Юунаас болоод ийм утгагүй халаа сэлгээ явуулаад байгаа юм бол?

-Нам доторх фракц хоорондын тэмцэл. Үүнийг өөр юу гэх вэ. МАН-ынхан халаа сэлгээ хийж байна. Хоморголон халлаа л гэж байна. Гэтэл яагаад АН-ынхан засгийн эрхийг барьж байж өөрийн намын гаралтай хүмүүсийг халаад байна вэ. Энэ чинь нам доторх фракцын тэмцэл гэдэг нь ойлгомжтой. Үүнээс болж олон хүн халагдаж байна. Гадаад хэргийн яамныхан гэж хөл толгой нь мэдэгдэхгүй байна. Зүгээр нэг хувийн компанидаа ирээд цомхотгол хийж байгаа биш шүү дээ. Мэргэшсэн төрийн албан хаагчдыг хольж сольж чиглэлийг нь өөрчилж томилох эрх сайдад байхгүй.

-Гадаад хэргийн яамыг “татан буулгаж” байна гэж их ярих боллоо?

-Энэ бол үнэн гэдгийг хэлье. Өөрөөр хэлбэл, тэр өдөр буюу 142 ажилтны бүгдийг нь ажлаас чөлөөлсөн. Тэр өдөр Гадаад яаманд сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гурав л эрх зүйн чадамжтай үлдсэн. Харин Монгол Улсын Гадаад хэргийн яам үндсэндээ татан буугдчихсан байсан. Энэ явдлын хууль зүйн үр дагавар маш ноцтойгоор яригдах зүйл болсон.

Д.МАРГАД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.