З.Энхболд: Иргэдийнхээ хувь заяаг 70 жилээр өгөөд явуулчихмааргүй байна

Д.Тулга / Улстөр

enhbold-СОНГУУЛЬ САХИЛГА БАТЫГ ШААРДДАГ-

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд өчигдөр “Өдрийн сонин”, “Ардчилал сонин”, “Мэдээ.мн”, “Ньюс.мн”, “Ikon.mn”, “Тв-5”, “Ийгл”, “UBS”, МҮОНРТ-ийн сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Тэрээр Ардчилсан намын даргынхаа хувиар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Түүний ярилцлагыг хүргье.

-Ардчилсан нам 25 жилийнхээ ойг тэмдэглэх үеэрээ фракцгүй болох тухайгаа мэдэгдсэн. Гэнэт ийм шийдвэр гаргах болсон шалтгаан юу байв?

-Фракц гэдэг бол хэсэг гэсэн үг. Нам намаараа л нэг хэсэг болж байгаа юм. Түүнээс Германы Социал демократ нам дотор, Христийн ардчилсан нам дотор янз бүрийн фракц байх нь утгагүй. Тиймээс бид дэлхийн улс төрийн жишгийг дагаж явах хэрэгтэй болчихоод байна. Хамгийн том зорилго нь намын жирийн гишүүдийн захиалга байсан. Тэгээд фракцгүй болсон. Цаашид би асуудалд фракцийн арга барилаар хандахгүй. Жилийн дараа нэр дэвших 76 хүнээ Үндэсний зөвлөлдөх хороо томилох ёстой. Тэгэхэд намын жирийн гишүүдээсээ хамгийн их санал авсан хүнийг л гаргана. Аль фракцийнх вэ гэдгийг нь огтхон ч сонирхохгүй. Хамгийн их амжилт гаргах хүнээ олж сонгохын тулд фракцгүй болж байгаа.

-Та Ардчилсан намыг фракцгүй болсон гэж итгэлтэй хэлээд байна. Нэг удаагийн уулзалтаар энэ асуудлыг шийдчихсэн гэхээр итгэл төрөхгүй байна?

-Фракциудыг урамшуулсан тогтолцоог Н.Алтанхуяг даргын үед явуулсан. Намайг дарга болох хүртэл фракциуд чөлөөтэй байж түүнийг ажлаа явуулах арга гэж үздэг байлаа. Намын дүрэмд фракцтай байна гэсэн зүйл байхгүй. Та бүхэн санаж байгаа бол 2006 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаас огцорч АН-ын дарга болж фракцгүй болно гээд сонгуульд тодорхой амжилт гаргаж байсан. Сонгууль дөхсөн үед фракциараа ялгарч болохгүй. Сонгууль сахилга бат шаарддаг. Гэтэл тав, зургаан групп болчихоод өөр өөр зүйл яриад байхаар сонгуульд амжилт олохгүй нь тодорхой. Фракцийг дуртай нь байгуулаад дуртай үедээ салгачихаж болдоггүй зүйл болохоор үүнийг дэмжихээ больё гэж байгаа юм.

-Үндэсний зөвлөлдөх хорооны ротац, намын Их хурлын тухай яриа их гардаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Улс төрийн намуудын тухай хууль гарахаар бүх намуудыг дүрмээ солихыг шаардана. Одоо намууд олон янзын бүтэцтэй байна. Ганц хүний нам хүртэл бий. Тэгэхээр улс төрийн гэрчилгээтэй л бол нэг дүрмээр, нэг хуулийн дагуу явъя. Бүх зүйлээ хуульдаа нийцүүл гэдэг үүрэг өгөх гээд байгаа юм. Жишээ нь, УИХ-д нэр дэвшигчдээ бүх нам жирийн гишүүдээсээ асууж, дотоод санал явуулах миний санал дэмжигдвэл ҮЗХ нь эцсийн шийдвэрийг гаргаж СЕХ-нд бичиг явуулна. Гэхдээ жирийн гишүүдээс хамгийн их санал авсан хүнийг сонгоно. Сүүлийн зургаан жил юу болсон бэ гэхээр намынхаа эв нэгдлийг хадгална гэдэг нэрээр дотоод бүх сонгуулиа зогсоочихоод байгаа. Сая дөрөвдүгээр сарын 7-ны баярын хурал дээр лоозон барьсан хэсэг залуу орж ирсэн. Тэд “Зургаан жил хаасан намынхаа хаалга цонхыг онгойлго. Бид ормоор байна” гэсэн. Тэднийг байж байг гэхэд хэдэн гишүүн очоод хөөчихсөн. УИХ-ын сонгууль, аймгийн ИТХ, нийслэлийн ИТХ-д дэвших гэсэн олон сайн боловсон хүчин байна. Гэтэл бид хаалга, цонхоо хаагаад байсан нь буруу байсан юм. Сая намын дарга болоод төрийн албанд шилжсэн хүмүүсийн оронд нөхөн сонгуулийг зөвшөөрсөн. Зөвшөөрөнгүүт сонгуульд ялагдсан гомдогсод нь суулт хийгээд эхэлсэн. Энэ бол намын төлөвшилд нөлөөлөөд байгаа юм. Аль ч улсын аль ч нам гишүүдээсээ асуудаг. Тэр дундаа ялагдсан нь ялсан хүндээ баяр хүргээд явдаг болохоос суулт зарлаж явдаггүй л юм билээ. Ийм улс төрийн соёл манай намд аяндаа төлөвшинө. Эхний юм болохоор будилаантай юм шиг харагдаж байж магадгүй. Бид хаалга, цонхоо нээж шинэ сайн хүмүүс орж ирэх замыг засах ажлаас ухрахгүй. Зургаан жил хаалга, цонхоо хаачихлаа гэдэг нь надад биш түрүүчийн намын удирдлагуудад хаяглагдсан үг байсан.

Тэр залуустай Эрхэмбаяр генсек уулзсан. Намын тухай хуулиар нэлээн олон асуудлыг бүх намд адилхан үүрэг болгох гээд байгаа юм. Тэгэхгүйгээр бид ҮЗХ-ны 228 хүн дотроос УИХ-д нэр дэвшүүлнэ гэвэл ялалт харагдахгүй л байгаа юм. Олон хүнтэй уулзаж үзсэн. Нэр дэвшээд гарах шаардлага хангахгүй байгаагаа ч хэлсэн хүмүүс бий. Лоозон барьсан Мөнх-Эрдэнэ гэж залуутай ганцаарчилж уулзаад гар бариад тохироод гарсан. Мөнх-Эрдэнэ Баянхонгор аймгийн уяачдын холбооны дарга. Өөрийгөө дараагийн УИХ-ын гишүүн гээд бодчихсон нөхөр. Баянхонгор аймагт Ганбат, Баттулга гэдэг хоёр гишүүнтэй, чамд боломж байхгүй гэж хэлсэн. Одоогийн УИХ-ын 35 гишүүн өрсөлдөгчгүй нэр дэвших эрхтэй. Энэ бол манай намын уламжлал болсон. 35 гишүүний тойрогт намын дотоод сонгууль зарлахгүй гэсэн үг. Тэгсэн “За ойлголоо” гээд гарсан. Гаруутаа “АН-ын дарга огцор, би нэр дэвшинэ” гээд байгаа. Баянхонгор аймагт очоод Баттулга, Ганбат гишүүнээс илүү рейтингтэй би нэр дэвшинэ гээд явж байгаа нөхөр. Энэ мэтчлэн намын доторхи сахилга батаа барих л ёстой. Ийм амбицаа дарах ёстой. Монгол Улсын хаана ч очоод нэр дэвших эрх Мөнх-Эрдэнэд байгаа юм. Гэтэл заавал Баянхонгор аймагт нэр дэвшинэ гээд яваад байгаа учраас үгүй гэж хэлэхээс өөр арга байхгүй. Энэ мэтээс болоод АН хагарч байна гээд байгаа юм.


enhbold-НАМ ШИЛЭН ДАНСТАЙ БАЙХГҮЙ БОЛ НАМУУДАД ИТГЭХ ИТГЭЛ АЛДАГДААД БАЙНА-

-Та “толгой компаниудаас хамааралтай намуудын санхүүжилтийн асуудлыг цэгцэлнэ” гэж ярьдаг. Тэгэхээр 2016 оны сонгуулийн санхүүжилтээ яаж бүрдүүлэх вэ. Улс төрийн намын, Сонгуулийн тухай хуульд яаж тусгах бол?

-Намын санхүүжилтийг шийдэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Намын дарга нар хамгийн их мэдэрч байна. Би урд нь намын дарга байгаагүй учраас асуудал хол байжээ. УИХ-д суудалтай намуудын даргатай яриад “Нам шилэн данстай байхгүй бол намуудад итгэх итгэл алдагдаад байна. Том компаниудын халаасанд орсон байна гэж шүүмжлээд байна. Энэ үнэн” гэдгийг ерөнхийдөө тохирсон. Үүнтэй холбоотой гурван хуулийн төсөл бэлдчихээд жил боллоо. Намын тухай, Намын санхүүжилтийн тухай, Улс төрийн сонгуулийн тухай гэж. Энэ гурван хуулиа ярьсаар эцэст нь нийлүүлж нэг болгох нь зүйтэй юм байна. Улс төрийн намын тухай хуулиа хүчингүй болгож, санхүүжилт нь тодорхой байлгах. Тэгээд улсын төсвөөс авдаг хэсгээ нэмье гэж байгаа. Тэгж байж том компаниудын халаасанд орохгүй байх бодлого хэрэгжинэ. Гэхдээ нам 100 хувь улсын төсөв дээр сууж болохгүй. Гишүүдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлэх ёстой юм байна. Санхүүжилтийнхээ 50 хувийг гишүүдээсээ авах нөхцөлийг тавьдаг юм билээ, Герман. 50 хувиа аваагүй бол улсаас өгөх мөнгийг багасгачихдаг.

-Нэр дэвшигчдээс мөнгө авах уу?

-Нэр дэвшигчдээс мөнгө авахыг тэглэх гэж байгаа. Урьд нь авдаг байсан 50 сая төгрөгийг чинь авахаа болино. Чи тойргийнхоо сонгогчдод наад мөнгөө зарцуул гэнэ. Намуудын гол бэрхшээл сонгуулийн үед гардаг. Тэрбумаар яригдах хөрөнгөөр сонгуульд ордог. АН хамгийн сүүлд хоёр тэрбум төгрөгийн тайлан СЕХ-нд бичиж өгсөн. Ирэх сонгуулиар ийм хэмжээний мөнгө гарах байх. Тиймд Сонгуулийн хуулиа мөнгө бага зарцуулахаар бодож өөрчлөлтүүдийг хийнэ. Миний ярьж байгаа яриа бүхэн удахгүй УИХ-аар хэлэлцэгдэж гарах гэж байгаа Сонгуулий тухай, Улс төрийн намын тухай, Намуудын санхүүжилтийн тухай хууль дээр тусгалаа олоод гарна.

-Энэ санаачлагатай зэрэгцээд АН-ынхан өрх тусгаарлах тухай яриа гарах боллоо. Фракцгүй болно гэдгээс дайжсан үйлдэл байж болох уу?

-Л.Гүндалайг хэлж байгаа бол байнга орж гарч байдаг болохоор сонин биш. Миний мэдэхээр хоёр дахь удаа АН-д орж, хоёр дахиа шинэ нам байгуулж байна уу. Тэгэхээр Л.Гүндалай шиг тогтворгүй хүмүүсээр АН дутахгүй. Л.Гүндалай “Шинэ засагт сайд болгохгүй бол АН-аас гарлаа” гэсэн. Тэгэхэд нь “Чамайг сайд болгохгүй ээ. Намаа байгуулна уу, өөрөө мэд” гэсэн. Ийм шантаажчингуудаар АН дутахгүй. Өөр хүмүүс нам байгуулна гэж байгаа тухай сонсоогүй.

-Намын төсөв гэдэг татвараас авна гэсэн үг. Үүнийг ард түмнээс асуух уу. Уул уурхайн хоёр том төслийг урагшлуулах, машины рулийг шийдэх гээд санал асуулга давамгайлдаг болсон байна?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын асуулга явуулсныг зөв, буруу гээд ярьж байгаа. Гэхдээ тэр асуулгын дүнд итгэхэд хэцүү. 10 жилийн сурагч хүүхдүүд баахан санал өгчихөж байгаа. Тэр утасны цаана хэн байгааг мэдэхгүйгээр асуух нь мөнгөний гарз болоод байгаа юм. Үнэхээр сонгогч бүхэн утасныхаа номерыг хэлж, албан ёсны бүртгэлтэй гэдгээ тодорхойлоод санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн тийм байдлаар асууж болно. Харин Намын санхүүжилтийн тухай та бүхэнд ярьж байгаа нь өөрөө “Та бүхнийг цааш нь түгээгээд өгөөч ээ” гэж байгаа хэрэг. Тэгээд УИХ-аар хэлэлцэх үеэр хэн дуртай нь саналаа хэлж, цаасаар ирүүлж болно.

-Танаас өмнө намын дарга хүн Ерөнхий сайдын албыг давхар хашиж ирсэн. Харин та УИХ-ын дарга. Үүнийг яаж хардаг вэ?

-Яагаад Ерөнхий сайд болоогүй вэ гэвэл намын дүрмээр АН 39 ба түүнээс дээш суудал авсан тохиолдолд дарга нь Ерөнхий сайд болох ёстой. Гэтэл өнгөрсөн сонгуулиар 31 суудал авсан. Явцын дунд Д.Батцогт, Д.Арвин Өвөрхангайн хоёр нэмэгдэж 35 суудалтай болсон. Тэгэхээр намын дарга Ерөнхий сайд болох дүрмийн шаардлага хангагдахгүй байгаа юм. Хоёрдугаар онцлог нь Засгийн газрыг байгуулахдаа эдийн засгийн хямралтай тэмцэх гэж байгуулсан. Аль ч нам олонхи, цөөнх болоогүй тохиолдолд намын дарга нь Ерөнхий сайд болох нь зохимжгүй гэж үзсэн. Мөн улстөржилтөөс эдийн засгаа хол байлгая гэсэн зорилгоор Ерөнхий сайдад аль нэг намын дарга бус хүнийг томилсон. Асуудалд улстөрийн өнцгөөр хандаж хийх ажлаа УИХ-ынхаа танхимд хязгаарлая, гүйцэтгэх засаглалд олон намын дарга орчихоор ажлаа хийхийн оронд манай нам илүү гэдэг байдлаар асуудалд хандахад хүргэдэг. Та бүхэн санаж байгаа бол С.Баяр Ерөнхий сайдын үед манай намын дарга тэргүүн шадар сайд байлаа. Сү.Батболд Ерөнхий сайдын үед бас байсан. Тэр үед С.Баяр, Сү.Батболд нар Н.Алтанхуягт үүрэг өгөхөд олон суудалтай намын дарга нь цөөн суудалтай намын даргадаа үүрэг даалгавар өгч байгаа юм шиг зохимжгүй зүйлүүд ажиглагдсан учраас бүх намын дарга нь УИХ-даа орцгоо гэсэн. МАХН, МҮАН-аас бусад бүх намын дарга нар УИХ-д байгаа.


-НЭГ ХҮН ДАХИАД ЖАГСААЛТАД ОРОХГҮЙ-

-Сонгуулийн тогтолцоогоо асууна гээд байгаа. АН ямар байр суурьтай байгаа вэ?

-Би үүнийг мөнгөний гарз гэж үзэж байгаа. Яагаад гэвэл жижиг 76 байх уу, 48:28 байх уу гэдэг нь зургаан тэрбум төгрөгийн үнэтэй асуулт биш. Бас Монголын ард түмний тусгаар тогтнолтой тэнцэхээр том асуудал уу гэдэг асуулт гарч ирж байгаа. 1945 оны анхны ард нийтийн санал асуулгаас өөрөөр монголчууд санал асуулга явуулж байгаагүй. Дөрвөн жил тутам явдаг сонгууль нь өөрөө хамгийн том санал асуулга. Үүгээр Монголын ард түмэн байр сууриа илэрхийлэх ёстой. Бидэнд сонгуулийн тухай хууль байна. Тиймээс АН дэмжихгүй.

-АН ямар тогтолцоог дэмжиж байгаа гэсэн үг вэ?

-Жижиг 76 тойргоор яагаад сүүлийн хоёр сонгуулийг явуулаагүй юм бэ гэдгийг ярих ёстой. 2000 онд жижиг 76 тойргоор явуулсан. Үүний хамгийн том дутагдал бол 2000 онд МАХН нийт ард иргэдийн 51 хувийн санал авч чадаагүй. Бүх саналыг тоолоод үзвэл. 51 хувийн санал авч чадаагүй байж УИХ-ын 76 суудлын 72-ыг авсан. Үндсэндээ Монголын ард түмний 50 хувь нь МАХН-д санал өгөөгүй байхад парламентын суудлын 90 гаруй хувийг авч болж байна. Ийм учраас 2008, 2012 онд тойрог томсгож явуулсан юм. Жагсаалт бол хүмүүсийн саналыг байгаагаар нь тусгадаг арга. Намын нэрээр санал авбал АН-д 50 хувь нь, МАН-д 40 хувь нь ч юм уу саналаа өглөө гэж бодъё. Гэтэл тэр өгсөн саналаар парламентын суудлын 40, 50 хувь гээд хувааж авна. Ард түмний өгсөн санал тэр чигээрээ УИХ-д тусах ёстой болохоос намын жагсаалтын ард хэдэн хүн нуугдаад гишүүн болохыг хэлээгүй юм. Жижиг 76 руу оръё гэдэг нь улам муутгах гээд байгаа учраас зөвшөөрөхгүй байгаа юм. Жишээ нь, АН-ын дүрмээр бол 76*3=228 гэж тооцож ҮЗХ-ны гишүүдээ сонгодог. Нэг суудалд гурван хүн бэлтгэж байгаа гэсэн зорилгоор энэ тоог гаргасан. Тэр гурвын хамгийн сайн нь 76-д өрсөлдөнө. Дүрмээр 228 хүн бүгд нэр дэвших эрхтэй. Гэтэл 2012 онд намын жагсаалтыг гаргахдаа ямар алдаа хийсэн гэхээр хэзээ ч УИХ-ын гишүүн байгаагүй хүнийг жагсаалтад оруулсан. Тэр нь атаархал дагуулсан. Өмнө нь УИХ-ын гишүүн байгаагүй Р.Бурмаа, М.Батчимэг, Ш.Түвдэндорж, Д.Эрдэнэбат жагсаалтад ороод гишүүн болсон. Харин энэ удаагийн жагсаалтад УИХ-ын гишүүн байгаагүй хүнийг оруулахгүй. Зарчмуудаа 228 гишүүнтэй яриад эхэлсэн. Нэг хүн дахиад жагсаалтад орохгүй. Жишээ нь, би дахиад жагсаалтад орохгүй, аль нэг тойрогт өрсөлдөнө. Ийм байдлаар жагсаалтаа хариуцлагатай болгочихвол ард түмний намд итгэх итгэл сайжирна. Нөгөө атаархал алга болно. Чи жагсаалтад ормоор байвал УИХ-ын гишүүн байж үз. УИХ-д нэр дэвших бол дор хаяж сумын хурал, цаашлаад аймгийн, дүүргийн нийслэлийн хуралд төлөөлөгч бай. Ингэж шат дамжлагаа хийхгүй болохоор Баянхонгорын уяачдын холбооны тэргүүн шиг хаана ч сонгогдож үзээгүй мөртлөө шууд УИХ-ын гишүүн болохыг мөрөөдөөд байгаа. Ийм засаг захиргаагүй байдал хаана ч байж болохгүй. Энэ бол АН-ын дарга Энхболдын шалгуур биш. Ямар ч байсан ард түмний сонголтоор орж дараагийн шатанд явна.

-Тэгэхээр АН залуучууддаа улам л хаалттай болоод байгаа юм биш үү. 20-25 жилийн өмнө АН-ын удирдлагад байсан хүмүүс өнөөдөр хэвээрээ яваа?

-Залуу хүн эхлээд өөрийгөө засах хэрэгтэй. Жишээ нь, Мөнх-Эрдэнийг УИХ-ын гишүүн болох яагаа ч үгүй байна гэж харж байгаа. Эхлээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч болох хэрэгтэй. Бид дотроо ийм бодлого явуулах гэж байгаа. Ерөнхий сайд Сайханбилэг, АН-ын дарга Энхболд хоёр 1990 оны ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд байгаагүй. Бид Бат-Үүл, Элбэгдоржийн дараа гарч ирсэн шинэ үе. Тэгэхээр АН үеэ шинэчлээд явж байна. Үе солигдож байгаа үед оочер дайрах гэснийг зөвшөөрөхгүй. АН-ын дотоод ажилд хэрхэн оролцсон гээд оноо өгдөг тогтолцоо бий. Улс төрийн албан тушаал бол 1600-1700 багийн Засаг дарга, 330 сумын Засаг дарга, түүний орлогч, сайд, дэд сайд нар. АН 2016 оны сонгуульд бүтэн яллаа гэхэд бид ихдээ л 3000 орчим хүн солих эрхтэй. Үүнээс цааш Төрийн албаны хуулиар хориотой. Энэ 3000 дотор орсон байвал АН-ын үнэ цэнэ бүхий гишүүн. Гэхдээ тэр шалгуурыг бид тогтоохгүй. Өөрөө өрсөлдөөд багийн Засаг дарга болоод, сумын ИТХ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч болоод явах эрхийг бид нээж өгөх тоглоомын дүрмийг нээх гэж байгаа. Ирэх сонгуулиар 1950-аад онд төрсөн нь болиод 1960-аад онд төрсөн хүмүүс орно шүү гэж механик аргаар байж болохгүй. Маш олон сонгогдсон настай мөртлөө маш залуу сэтгэлгээтэй гишүүн ч бий. Залуу мөртлөө маш хуучинсаг сэтгэлгээтэй хүмүүс ч байна. Тэгэхээр энэ бол насны тухай асуудал биш юмаа.

-Сонгууль дөхөж намуудын рейтингийн судалгаа гарч эхэллээ. АН-ын рейтинг нэлээд унасан байна. Ирэх жилийн хугацаанд намынхаа нэр хүндийг сэргээх боломж байгаа гэж харж байна уу?

-Рейтинг гэдэг харьцангуй ойлголт. Өнөөдөр асуухад нэг өөр, маргааш асуухад бас өөр гардаг. Глобалчлал гэдэг зүйл явагдсанаас хойш дэлхий нийтэд төрд итгэх итгэл, улс төрийн намд итгэх итгэл тогтмол бууж байна. Энэ бол зөвхөн Монголын үзэгдэл биш болчихоод байгаа. Гэхдээ дараалал огт өөрчлөгдөхгүй байгаа. Тиймээс бид рейтингээ өсгөх бууруулахдаа биш ард түмний амин чухал асуудлыг шийдэхэд байх ёстой. Рейтинг яригдаад байдаг учраас 1960 оноос 2015 он хүртэлх Америкийн ард түмний төрдөө итгэх итгэлийн судалгаа та нарт үзүүлэхээр авч ирсэн. Кеннедиг Ерөнхийлөгч байхад буюу 1960 онд ард түмний 80 хувь нь төрдөө итгэдэг байсан бол 2015 онд 24 хувь болтлоо буурсан байгаа юм. Гэхдээ л энэ нь төр барьдаг хоёр намыг орхиж шинэ намыг гаргаж ирэх хүчин зүйл бас л болохгүй байдаг. Ингэж 55 жилийн турш төр, төрийг бүрдүүлдэг улс төрийн намын үүрэг роль өөрчлөгдөөд байна. Санаж байгаа бол 1990 онд намуудын нийлбэр рейтинг бараг 99 хувьтай байсан. Саяын судалгаагаар 50 хувьтай байна. Манайд 2012 оны сонгуульд “Шударга ёс” эвсэл бүлгийн босго давснаас хойш гурав дахь намын үүрэг гарч ирсэн. Энэ нь зөвхөн АН-ын асуудал биш бүх нам ард иргэдийнхээ төрд, улстөрд итгэх итгэлийг сэргээх тал дээр шинийг бодох шаардлага гарч ирснийг харуулж байгаа. Тийм учраас хуулиудад өөрчлөлт оруулж дансаа шилэн, хэнээс хандив авснаа ил болго гэж байна. Намынхаа гишүүдээр шийдвэр гаргуул. Ер нь АН намынхаа гишүүдээр шийдвэр гаргуулалгүй олон жил явлаа. Дунд нь төлөөллийн байгууллага бий болгочихоод байгаа юм. Аймгийн, сумын намын хороо гээд. Одоо намын жирийн гишүүдээсээ асуудаг руугаа яв. Тэнд гол асуудлаа шийдвэрлэж бай гэж. Магадгүй зовлонтой байх ч үүнээс өөр сайн арга бодож олоогүй байна. Итгэл бага байгаа нь Улс төрийн намын тухай хуулиа шинэчил гэсэн үг. Хуучин шигээ косметик засвар хийгээд явах боломжгүй болж байгаагийн илрэл.

-Боловсон хүчний тухайд ямар бодолтой байдаг вэ. Сонгуулиар хурган даргын цүнх барьж гүйж байгаад яам, тамгын газарт алба, хэлтэс удирддаг жишиг тогтчихлоо?

-Төрийн албаны тухай хуулийг та бүхэн мэднэ. Төрийн алба намаас хамаардаггүй. Гэхдээ намууд сонгуулиар ажилласан хүмүүсээ урамшуулахын тулд Төрийн албаны хуулийг зөрчдөг. Сая би чуулганы нээлтэд үг хэлэхдээ С.Чинзориг сайдын тушаалыг буруу, залруулах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайдад хэлсэн. Яагаад буруу вэ гэвэл сайд болуутаа өөрийнхөө намын хүнийг ажилд авах гэдэг өвчин бол зөвхөн С.Чинзоригийнх биш. Манай намынхан ч ийм. Хуучин Хөдөлмөрийн сайд ажилтнуудаа үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан алдаа бий. Тэр нь С.Чинзоригийн ажилтнуудаа халах үндэслэл байж болохгүй. МАН засагт орсон гэдгээрээ өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулах бодлогыг үүнээс хойш зогсооё. Төрийн алба намуудад хөтлөгдөж явдагийг буруу гэж үздэг. Ингээд биелүүлэхгүй бол сайдын ажилтай л ярина.

-Шантааж хийдэг УИХ-ын гишүүд ч байгаа. Тэгэхээр энэ улс төрөөс гарч чадна гэж та бодож байна уу. Шантаажны улс төрийг юу гэж харж байгаа вэ?

-Намын санхүүжилт, хэн ямар албан тушаалд дэвшиж байгаа гээд бүгдийг ил болгочих. Жирийн гишүүд, олон түмнээр шийдүүлсэн зүйл бол хэзээ ч алдахгүй. Хэдхэн хүн шийдсэн асуудалд алдаа мадаг гаргах аюултай. Тиймээс хаалга, цонхоо нээж өгье, гишүүдэд чөлөөтэй өрсөлдөх боломж олгоё, ард түмнээс ямар оноо авснаар чинь үнэлье. Ард түмнээс оноо авч чадаагүй бол АН-д үнэлэгдэхгүй. Улаанбаатарын нэг хорооны дарга болсон АН-ын гишүүн Дорж надад УИХ-ын хоёр гишүүнийг мөргөөд оронд нь дэвших гэж байгаа уяачдын холбооны даргаас илүү үнэлгээ авна. Яагаад гэвэл сонгуульд өрсөлдөж хороон дарга болсон хүн. Энэ мэтээр дэг журам тогтооно. Өөр шалгуур тогтоохоор буруудчихаад байх юм.


enhbold-НАМ ЕР НЬ ӨМЧГҮЙ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ-

-Намын өмчийг юу гэж үзэж байгаа вэ. Т.Хасбаатар гэхэд МАН-ын байрыг нэхээд яваад байгаа?

-Хасбаатар АН-ын гишүүн биш. Өвөрхангайн АН-аас хөөгдсөн. Тиймээс тэр талаар ямар нэг тайлбар хэлэхгүй. Нам ер нь өмчгүй байх нь зүйтэй. Хууль гарвал намынхаа энэ байшинг хүлээлгэж өгнө. Улсаас үнэгүй авсан учир буцаагаад өгнө. Нам гэдэг компаниудтай адил өмч хөрөнгөтэй биш. Улс орныг авч явах бодлого боловсруулдаг, сонгуулиар бодлогоо тайлбарлаж ард түмнээс санал авдаг байгууллага. Хуучин шилэн байшингаа зарчихсан. Энд барих гэж байгаа байшинд манайд нэг давхар ирнэ. Бидэнд өөр өмч хөрөнгө байхгүй.

-Жагсаалтад орсон гишүүддээ ямар хариуцлага ярих вэ?

-Үндсэн хуулийн дагуу жагсаалтаас байна уу, тойргоос сонгогдсон байна уу УИХ-ын гишүүдийн хооронд ямар нэг ялгаа байхгүй. Бүлгийнхээ гишүүдийг захиргаадаж кноп даруулах биш итгэл үнэмшлээр нь кноп даруулах намын, бүлгийн удирдлагын үүрэг. Тэр үед хэлж ч байсан. Бид ямар зорилгын төлөө явж байгаа. Санал зөрөлдөх зүйл байлгүй яахав. Ухамсаргүйгээр кноп дардаг байж болохгүй. Санал зөрөлдөөнөө дотроо шийддэг байх ёстой.

-Ард түмний саналаар намын жагсаалтыг эрэмбэлэх боломжтой юу?

-2012 онд Сонгуулийн хууль батлахдаа бид маш их ярьсан. Нам болгоны 28 популистыг гаргачих гээд байсан. Урдуур бичигдэхийн тулд үлдсэн 27-гоо муулаад, намайг дэмжээд өгөөч гэвэл улс орны эв нэгдэл гээд олон зүйлд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн. Ер нь, нээлттэй жагсаалт, хаалттай жагсаалт гэж бий. Энэ бол ярих ёстой асуудал. Сонгуулийн хуульд бүх нам хэлэлцэж байж гаргадаг. Хэрвээ намууд зөвшилцөлд хүрч чадахгүй бол хуучин хуулиараа явна. Сонгуулийн хуулийн маргааны шийдвэрлэх хэсэгт өөрчлөлт оруулахыг бүх нам дэмжиж байгаа.

-Намуудын хүлээлт бол таны хэлсэн гурван хууль дээр байна. Ардчилсан намын даргын хувьд энэ хуулиас юуг хүлээж байна.

-Нам бол одоогийн хуулиар хаалттай. Хаалга, цонхоо нээж өгдөггүй, оруулдаггүй. Лоозон барьсан хүмүүсийн заримтай нь санал нийлж байгаа. Улс төрийн бүх нам үндсэн шийдвэрүүдээ заавал гишүүдээсээ асуу гэдэг заалт шинэ заалт болно. Урьд нь Ардчилсан нам асуугаад Ардын нам асуудаггүй байсан учраас Ардчилсан нам дотроо хэрүүлтэй юм шиг харагдаж байсан. Төр байгуулагдахад ард түмнээсээ асуудаг биз дээ. Тэрнээс биш нам томилоод гишүүн болгочихдоггүй. Энэ бол зайлшгүй. Өмч бол хэрэггүй гэж үзэж байгаа. Энэ байшингуудаа хураалгачих. Тэртэй тэргүй улсаас үнэгүй авсан юмаа буцаагаад өгчих. Бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхдээ нам болгон нэг хуулиар явна. Өөр, өөр байж болохгүй. Нэг хуулиар гэдэг нь намын доторхи сонгуулийг яаж явахыг зааж өгнө гэсэн үг. Санхүүжилтийн хувьд улсаас авдаг мөнгөө өсгөнө. Өсгөж байгаа нь өөрөө том олигархи компаниудаас намуудыг хамааралгүй болгож байгаа юм. Тэглээ гээд нам замбараагүй том төсөвтэй байгууллага байж болохгүй. Ардчилсан намын дүрэм бол бие даасан 30 намын нэгдэл. Маш их эрхийг өгчихсөн төв намын оролцоогүй, ийм зорилготой. Зорилго нь юу гэхээр “чи тэр тойрогтой эрхээ аваад ажилла, гэхдээ та нарыг нэгтгэж байгаа нэг зүйл нь Ардчилсан намын дүрэм шүү” л гэж байгаа. Тэгэхээр цаашид сонгуулийн 100 хувь мажоратор тогтолцоо байх үед гарсан дүрэм л дээ. Намын жагсаалт ороод ирсэн үед хэтэрхий эвтэй тогтолцоо байх нь зарим өөрчлөлт орох байх гэж бодож байна. Өмч өөрөө санхүүжилт, намын доторхи ардчилал, ил тод байдал, гарсан бүх шийдвэр нь намын гишүүддээ ойлгомжтой байх гэх мэт үндсэн шалгуурууд нам болгоны дүрэмд зайлшгүй байх ёстой. Энэ шинэ хуулинд дүрмэнд нийцүүлээгүй намыг татан буулгана.

-Ардчилсан нам фракцаа хэзээ татан буулгах вэ. Л.Эрхэмбаяр генсек үүрэг гүйцэтгэгч гэж явж байгаа. Сунгаа явагдах уу?

-Генсекийн хувьд олон хүн оруулаад сонгодог систем байхгүй. Би ганцхан хүн нэрлээд тэр нь дэмжлэг авбал аваад, авахгүй бол авахгүй. Генсекийн хувьд сунгаа бол явагдахгүй.

-Их хурлаа хэзээ хуралдуулах вэ?

-Их хурлаа намын тухай хууль батлагдмагц хийнэ. Зөвхөн Ардчилсан нам биш бүх намууд хурлаа хийх ёстой.

-МАН, МАХН хоёр нэгдчихвэл танай намд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна уу. МАН хоёр хуваагдсанаас болж Ардчилсан намд боломж гарч ирсэн гэж яриа гараад байгаа?

-Өнгөрсөн сонгуулиудаар олсон амжилт бол энэ хоёр намын хуваагдалтай холбоотой. Бид сайн ажилласан гэхээсээ илүү санал хуваагч байсан учраас. Бид дараагийн сонгуулиар энэ хоёр нам нийлнэ үү, нийлэхгүй байна уу тэрнээс үл хамаарч урдах ажлаа хий гэж байгаа юм. Тэрийг таагаад л, тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гэхгүйгээр АН хийсэн ажлаа үнэлүүлэхээс биш нөгөө талдаа санал хуваагдсанаа үнэлэхгүй шүү дээ. Тийм учраас тэр намуудын юу ярьж байгаа нь сонин биш. Тэр л намуудын асуудал шүү дээ.


-ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ЭВ НАЙРТАЙ БАЙНА ГЭДЭГ НЬ НИЙЛЭЭД ХУУЛЬ ЗӨРЧИХИЙГ ХЭЛЖ БОЛОХГҮЙ-

-Засгийн газрын хэд хэдэн сайдыг Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурвал огцруулна гэж мэдэгдсэн. Өмнө нь илэрхийлж байсан таны байр суурьтай зөрчилдсөн мэт харагдаад байна?

-1960 оноос эхлээд 15 жил улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд тэр үед ашиглах гэж оролдоод хэд хэдэн шалтгаанаар чадаагүй орхисон. 1996 оны Ашигт малтмалын хуулиар хэн дуртай нь хүссэн лицензээ авч Сү.Батболдын компани Тавантолгойн лицензийг нь авсан. Тэгээд Сү.Батболдын авсан лицензийг улс хурааж аваад тэр үед төлсөн мөнгөнд нь Ухаахудагийг өгсөн. Нэг толгой болох Ухаа худагийг “Эм Си Эс” аваад явж байна. Үлдсэн дөрвөн толгойд хувьцаанаас компаниудад өгсөн. Тавантолгой гэдэг нь таван толгой байхыг хэлдэг. Ухаахудаг, Баруун цанх, Зүүн цанх, Бор толгой, Шар толгой гэж байдаг. Энэ дөрвөн толгойг яах вэ гэдэг дээр УИХ шийдвэрээ гаргасан. Үлдсэн дөрвөн толгой дээр хувьцааг ард түмэндээ өгнө. Нийт гурван сая хүнд хувьцаа өгснөөс хоёр сая нэг зуу орчим хувьцаа эзэмшигч байна. Тав орчим хувь нь компаниудад байгаа. Компаниуд бол мөнгө төлж авсан. Ард түмэн бол үнэгүй авсан.

Тавантолгой гэдэг чинь өөрөө 6.5 тэрбум тонн. Тав хуваахаар 800, 900 мянган тонн нүүрсээр тэгшхэн хуваагддаг. 6.5-аас 800, 900 мянган тонн нь Ухаахудагт очоод алга болчихсон. Үлдсэн хэдэн тонн дээр төрийн өмч 85 хувьтай, таван хувь нь компаниудын өмч, арав орчим хувь хоёр сая гаруй хүний хувьцаа.

М.Энхсайхан гэдэг хүн юу хийсэн гэхээр тэр үед надад зогсооохоос өөр арга байсангүй. УИХ-ын вэб хуудсан дээр байгаа тэр гэрээг зурах гэж байна гээд санал авахаар явуулсан. Пүрэвсүрэн сайд руу яриад чуулганд хэлэх үгээ Тавантолгойгээр бэлдчихсэн байсан. Гэтэл өглөө нь гэрээг нь аваад үзэхээр Монголын ард түмний эрх ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэрээ байсан. Нүүрсний үнэ одоогийнхоороо байна гэж бодоход Тавантолгой жилдээ 25 сая доллар авахаар. Тэрнийхээ хариуд хоёр хувийн тусгай рояалти өгөхөөр. Бүх эрх мэдлээ өгөөд лиценз эзэмших цааснаас өөр юмгүй компани болгочихсон. Мэдээж нөгөө компани нь татвараа төлөх байх л даа. Ард түмний Тавантолгойн 51 хувь нь "Энержи ресурс"-д, 49 хувь нь Хятад улсын "Шиньхуа" гэдэг төрийн өмчийн компанид очихоор 30 жил дээр нэмэх нь 20, 20 жилээр ингээд 70 жил дээр очихоор болгочихсон. Энэ 70 жилд Эрдэнэс Тавантолгой гэдэг компани хоёр хувиасаа илүү юм олж авахгүй. Үнэ өсвөл хоёр хувь нь гурав, дөрвөн хувь болохоор гэрээнүүд байгаа. Гэхдээ маш олон хууль зөрчсөн. Тухайлбал, өөрийнхөө талбай руу орох эрхгүй. Монголын төрийн оролцоогүйгээр, хоёр сая хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэрээн дээр гарын үсэг зурахад бэлэн байсан учраас би түүнийг зогсоохоос өөр арга байгаагүй.

Төрийн гурван өндөрлөг эв найртай байна гэдэг нь нийлээд хууль зөрчихийг хэлж болохгүй. Бүх юм хуулийн дагуу явахыг шаардаж байгаа. 2006 оноос хойш болсон бүх процесс бол ард түмэн Тавантолгойг яаж үр ашигтай ажиллуулах вэ гээд УИХ, Засгийн газар хангалттай олон шийдвэр гаргасан байдаг. Гэтэл М.Энхсайханы нууцаар байгуулах гэж байсан гэрээ тэр бүх шийдвэрийг байхгүй юм шиг шийдсэн байгаа юм. УИХ-аар оруулж шийдүүл гэсэн бичиг байхад би Энхсайханы хууль зөрчсөн гэрээг УИХ-аар оруулахгүй явах юм бол би өөрөө хэрэгт орно. Ийм учраас заавал оруулахаар бүгд тохиролцсон.

-Дараа нь жинхэн гэрээний төсөл байгаа гэдэг мэдэгдлийг М.Энхсайхан сайд хийсэн?

-Үүний дараа тэр чинь хуурамч гэрээ, жинхэнэ төсөл байгаа гэсэн яриа гаргаж ирсэн. Одоо та нар УИХ-ын вэб хуудас руу орох юм бол чуулганы өглөө байсан Хууль зүйн яам, гадаад харилцааны яамнаас санал авахаар явуулсан албан ёсны гэрээ байгаа. Тэрийг төсөл гэж үзэхгүй байгаа. Дараа нь жинхэнэ зурах гэж байсан гэрээг хоёуланг нь тавьсан байгаа. Та нар бүгдийг нь үзээд ялгааг нь олоорой. Би хоёр сая хүний хувьцааг яах вэ гэдэг хариуцлага хүлээсэн хүн учраас УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй М.Энхсайхан гэдэг сайдаар 2.1 сая хувьцаа эзэмшигчийнхээ хувь заяаг 70 жилээр өгөөд явуулчихмааргүй байгаа юм. Тийм учраас УИХ-аар заавал оруулах ёстой. Мэдээж том төслөө бүгд явуулья гэж байгаа. Гэхдээ хуулийн дагуу явуулах ёстой.

-14 хоногт амжиж хэлэлцэх үү?

-Орж ирээгүй юмыг ярьж болохгүй байна. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч бид гурав хамгийн сүүлд уулзаад “чи Оюутолгой дээр хийсэн алдаагаа хийж байнаа” гэж Ерөнхий сайдад хэлсэн. Олон хуудастай гэрээ байгуулаад заалт болгоноор нь ороогдоод байгаа. Тэгэхээр дахиж ийм алдаа гаргахгүйгээр хөрөнгө оруулалтын хуулиар гэрээ байгуулна, гэхдээ үндсэн дүрэм, татвараа тогтворжуулах эрх Засгийн газарт байгаа. Тэрнээс одоогийн М.Энхсайханы шинэ, хуучин гэрээнд маш ноцтой заалтууд байгаа. Ямар өртгөөр олборлох, хэнд зарах, ямар тарифаар тээвэрлэх энэ болгоноо өөрөө тогтооно гэж байгаа.

Гэтэл манай бусад хуулиар заавал зах зээлийн үнээр зарах, заавал монгол хүнийг 90 хувьд нь ажиллуулна. 10 хувьд нь гадаадын иргэн байж болно. 10 хувиасаа хэтрэх юм бол сарын нэг сая төгрөгийн цалин авдаг. Энэ бүгдийг мөрдөхгүйгээр өөрөө тохирчихсон байгаа нь аюултай. Тийм учраас яагаад ч ийм гэрээ байгуулж болохгүй.

-Баялгаа зарахгүйгээр өөр мөнгө олох боломж байна уу?

-Баялгаа зарахгүйгээр амьдарч болно ш дээ. Морио унаад, доллараар юм худалдаж авах болих хэрэгтэй. Бүх юмаа дотооддоо үйлдвэрлээд явах арга зам байна. 2012 онд Монголын ард түмэн санал өгөхдөө байгалийн баялгаа ашиглаад улс орноо хөгжилд хүргэ гэсэн. Тэр мандатынхаа дагуу явж байна. Тэр бодлоосоо УИХ буцахгүй. Энэ төслүүд явдагаараа явна. Гэхдээ буланд шахуулж байгаад 70 жилээр ашиггүй наймаа хийж болохгүй. Дараа нь биднийг бүгд хараана шүү дээ. Үлдсэн дөрвөн толгойг "Энержи Ресурс" 70 жилээр өгөөд, хамгийн ноцтой нь маргааш нь гэхэд "Шиньхуа"-д 100 хувь шилжүүлж өгөх бүх зам нь нээгдчихсэн байгаа. Тэгэхээр “олон мянган хуудастай гэрээг боль” гэдэг зөвлөгөөг Ерөнхийлөгч бид хоёр Ерөнхий сайдад өгсөн. Шүүх дээр очиход Монголын Засгийн газар хүлээсэн үүрэггүй л байх ёстой. Аж ахуйн нэгжүүд нь бизнесээ хийгээд нүүрсээ зараад мөнгөө олно л биз. Засгийн газар яахаараа зах зээлийн биш үнээр зарахыг зөвшөөрдөг юм.

–УИХ авч хэлэлцэхээр ямар үр дүн гарна гэж та харж байна вэ?

-УИХ хуульд нийцүүлэх гэж л байгаа. Хууль зөрчсөн заалтуудыг хүчингүй болгоно. Дээр нь хоёр сая иргэдийн эрх ашгийг хамгаалах газар бол УИХ болж байна. Засгийн газар лав биш юм байна. Засгийн газрын гарын үсэг зурахад бэлэн байгаа гэрээг хувьцаа эзэмшигч гэдэг үүднээс нэг хараарай. УИХ бол зөв шийдвэр гаргана.

-УИХ-аар хэлэлцүүлэхээр улстөрчдийн өгөөш болох гээд байна гэдэг зүйл яригдаж байна?

-Хоёр сая иргэн хувьцаагаа хогийн цаас болгохыг зөвшөөрвөл Их хурлаар явуулахгүй байж болно шүү дээ. Ямар ч асуудалгүй. Тэр сонголтын асуудал. Тавантолгойгоо үнэ төлбөргүй "Энержи ресурс", "Шиньхуа" хоёрт өгөөд явуулья гэж байгаа бол өгье, үгүй ээ энэ чинь үнэ цэнэтэй эд юм аа гэвэл тэр шийдвэрийг гаргана.

Ж.ГАНЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.