Үнэ чөлөөлж, үнээр дарамтлах уу?

Д.Тулга / Эдийн засаг

mongolbankЭдийн засгийн хямралыг макро төвшин буюу сайд дарга, захирлын хүрээн дэх ойлголт болгож ирлээ. Арга ч үгүй биз. Том тоогоор тоглодог хүмүүс их хэмжээний алдагдал хүлээх нь ойлгомжтой. Тиймээс хаа хаанаа эдийн засгийн хямрал нүүрлэж буйг тоочих болов. Харин сарын цалингаараа амьдардаг Батаа, Цэцгээгийн хувьд энэ хямрал гол хэрэглээгээр яригдах хоолойд тулсан асуудал. Харин үүнийг илэрхийлдэг математикийн аргачлал нь инфляци. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар, нөгөө талаас өргөн хэрэглээний барааны үнийг хэмждэг хэмжүүр. Тэгвэл инфляци өнгөрсөн оноос тогтворжиж ирлээ. Үүнээс гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиж ирснийг харж болно. Тухайлбал, мах, шатахууны үнийн өсөлт эрс буурч энэхүү бүлгийн жилийн инфляцад үзүүлэх нөлөө 2012 онд дунджаар 5.8 нэгж хувь байсан бол 2013 онд 1.8, өнгөрсөн онд 0.2 хувь болж тус тус буурчээ. Мөн энэ оны эхний улиралд Монгол Улсын инфляц 9.3 хувь байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэ нь өнгөрсөн онд эрх баригчдын зүгээс амлаад алдсан мөрөөдөл болсон тоо юм. Ихэнх судлаачид гол нэрийн барааны үнэ тогтвортой байгааг эрэлт буурсантай холбон тайлбарлаж байгаа. Гэхдээ үүнд Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр бодлогын төвшинд гол нөлөө үзүүлсэн. Хөрсөндөө ч буусан зорилтот хөтөлбөр болсон хэмээн дүгнэх судлаач ч бас цөөнгүй.

Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 онд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд дөрвөн дэд хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран баталж, хэрэгжүүлэхээр болсон. Эдгээр хөтөлбөрийг дурдвал, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах”, “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүд байна. Мөн үүн дээр “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах” дэд хөтөлбөр байв. Энэхүү зорилтот хөтөлбөр өнгөрсөн хугацаанд хэрхэн үр дүнгээ өгснийг харъя.

Хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэх зорилготой тус хөтөлбөр хэрэгжээгүй бол шатахууны үнэ хоёр мянган төгрөг гарах байсан талаар салбарынхан хэлдэг. Тодруулбал, ам.долларын ханш 1400-1900 болж огцом өссөн. Үүний нөлөөгөөр шатахууны үнэ ч мөн тогтворгүй, өсөх хандлага үүсч түүнийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ, цаашлаад инфляцыг нэмэгдүүлэх томоохон эрсдэл үүсэх нөхцөл байдал бүрэлдэх байжээ. Харин махны үнийн жилийн өсөлт 2012 онд дунджаар 60.6 хувь, 2013 онд дунджаар 5.6 хувь байсан бол өнгөрсөн онд дунджаар 1.0 хувь болж тогтворжсон.

Гэтэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд төсвөөс олон зуун тэрбум төгрөг зарж хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газраас үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс эрчим хүч, мах, бензиний үнийг үе шаттайгаар чөлөөлөх гэнэ. Тэгвэл дээрх зорилтот хөтөлбөр зогссоноор аль давхаргын иргэдэд хүнд тусах вэ. Хүн амын 80 хувь нь дундаж эсвэл түүнээс доогуур орлоготой Монгол Улсад гол нэрийн бараа бүтээгдэхүүн зөнд нь орхих үзүүлэлт биш юм. Дэлхийн банк туйлын ядуурлыг өдөрт нэг ам.доллараар амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр ам.доллароос доош өртгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог аж. Гэтэл зөвхөн нийслэлийн нийт өрхийн 40 орчим хувь ядуу амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Харин хөдөө орон нутгийн хувьд ажлын байр хомс учир ажилгүй, орлогогүй иргэд үүнээс олон хувьтай гардаг. Тиймээс гол хэрэглээний үнийг чөлөөлөх дээрх шийдвэр эдийн засгийн хямралын үед цагаа олсон гэдэгт эргэлзэх шалтгаан байгаа юм.

Энэ талаар Санхүү эдийн засгийн сургуулийн багш, судлаач Б.Мөнхзаяа байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй байгаа өнөө үед тэдгээр дэмжлэгийг зогсоох нь хамгийн түрүүнд иргэдийн амьжиргаа, цаашлаад бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай. Зөвхөн бензин шатахууны үнэ гэхэд л үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дүнд харьцангуй тогтвортой байж ирлээ. Энэ мэт хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх хугацаа нь болоогүй гэж харагдаж байна. Хэрэв энэ үед үнийг чөлөөлсөн тохиолдолд бизнес эрхлэгчид зохиомлоор үнээ хөөрөгдөх магадлалтай. Тэгвэл төрөөс хувийн хэвшлийн дотоод үйл ажиллагаанд оролцож чадахгүй. Зах зээлийн нийгмийн нэг зарчим бол үнэ чөлөөлөх. Гэхдээ бидний үндсэн хэрэгцээ буюу хүнсний бүтээгдэхүүн шатахуун зэргийг одоохондоо шууд чөлөөлөх нь цагаа олоогүй шийдвэр байх талтай" гэв. Харин олон судлаач амьжиргааны дундаж төвшний иргэдэд энэ нь давхар дарамт болно гэж үзэж байна. Энэ төвшний иргэдийн талаас илүү хувь нь ямар нэг хэмжээний зээлтэй байгаа гэсэн судалгаа гарчээ. Тиймээс энэ шийдвэр давхар үнийн дарамт болох гэнэ. Арилжааны банкнаас авсан нийт зээлийн 50 хувийг иргэд авсан дүн байгаа юм. Гэтэл өнгөрсөн сарын 31- ний байдлаар арилжааны банкуудаас аж ахуйн нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 93.5 тэрбум өнгөрсөн оны мөн үеэс 889.5 тэрбум төгрөг буюу 7.8 хувиар өссөн байна. Иймээс энэ үед иргэдэд үнийн дарамт үүсгэх магадлалтай гэнэ.

Дээр дурдсан хэдхэн шалтгаан нөгөө Батаа, Цэцгээгийн нуруунд хангалттай ачаа болж ирнэ. Өнгөрсөн хугацаанд ч ингэж ирсэн. Шатахууны үнэ нэмэгдээд маргааш нь өргөн хэрэглээний бүх барааны үнэ өсдөг. Өнөөдөр 900 төгрөгөөр авсан талхаа маргааш 1000 төгрөгөөр худалдан авдаг. Гэтэл иргэдийн гар дээрх мөнгө багассаар байгаа хямралын үед Засгийн газар гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх замаар хүн амынхаа 80 хувь болох бага, дунд орлоготой иргэдээ зөнд нь хаях уу.

Эх сурвалж: Үндэсий шуудан сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.